Улаанбаатар 1c

Төрийн наадамд зодоглох “Таванхан” дэвжээнийхэн бяртай, уртай байна

Бөхчүүд коронавирусийн шинжилгээ хийлгэхийн тулд 150 мянган төгрөг төлнө

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн их баяр наадам болоход ердөө гуравхан хоногийн хугацаа үлджээ. Бөх сонирхогчдынхоо мэлмийг мялаахаар Сэлэнгэ аймгийн “Таванхан” бөхийн дэвжээний галаар зочиллоо.

 “Таванхан” дэвжээний бөхчүүд Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр, Богдхан уулын Төр хурахын аманд бэлтгэлээ базааж байв. Халиурсан ногоон зүлэг халцарч, шарласан нь тэдний бэлтгэлээ хийдэг газар гэдгийг илтгэнэ. Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын Харцага Г.Элбэг, Г.Жаргалбаяр, улсын начин Н.Баярбаатар гээд улсын цолтой 20, нийт 70 орчим бөх гал болжээ.

“Таванхан” дэвжээнд арав орчим бөх улсын цол горилно

Бөхчүүдийн бэлтгэл сургуулилалтын талаар Монгол Улсын харцага Г.Элбэг “Төр хурахын аманд миний шавь, улсын аварга Г.Эрхэмбаяраар ахлуулсан Сэлэнгийн бөхчүүд анх бэлтгэлдээ гарч ирсэн. Би зургадугаар сарын 24-нөөс хэдэн хүүхэд аваад энд  бэлтгэлээ хийж эхэллээ. Түүнээс хойш бэлтгэл сургуулилалт сайн хийлээ. Бэлтгэл хэр чанартай, хангалттай хийсэн бэ гэдэгт наадмын зүлэг ногоон дэвжээнээ дүнгээ тавиулна. Улс, аймаг, сумын цолтой 70 орчим бөх бэлтгэл хийж, нэг гал болсон байгаа. Наадамд барилдах бөхийн бэлтгэл сургуулилалт гэдэг бүтэн жилийн хөдөлмөр. Энэ жилийн тухайд нэгдүгээр сараас хойш ямар ч барилдаан болоогүй учраас хаана, хэн ямар бэлтгэл хийж байгаа, хэр өнгөтэй байгааг мэдэх ямар ч боломж байсангүй.  

Манай галд улсын цолонд ойрхон аймгийн хурц арслан гурав, аймгийн арслан тав, зургаа байна. Нийтдээ арав орчим бөхөө улсын цол хүртчих болов уу гэж дээлийнх нь захыг мушгина. Энэ жил улс, аймаг, сумын наадам нэг өдөр болохоороо онцлог. Иймд аймаг, суманд барилдах бөхчүүд улсын наадамд барилдах бөхчүүдтэй ханатал бэлтгэл хийж байгаа. Түүнээс биш, өдийд сумынхаа наадамд зодоглох гээд буучихсан байдаг. Үндэсний бөхийн барилдаан гэдэг бусад спортоос өөр. Хугацаагүй, жингийн ялгаагүй барилддаг гэдгээрээ онцлог. Иймд би хүүхдүүдээ хэдэн цаг ч барилдсан аль болох ядраахгүй байх чиглэлээр анхаарч ажилладаг. Мөн хүчийг нь алдахгүй, барчихгүйхэн шиг барилдуулах сан гэж бодож байна.

Манай бөхчүүд өдөрт гурван удаагийн бэлтгэл хийдэг. Одоо наадам болоход цөөн хоног үлдсэн тул амралтын байдал руу шилжээд байна. Мөн энэ жил хөл хориотой байгаа ч төрийнхөө наадмыг хийхээр боллоо. Ардын хувьсгал ялснаас хойш үзэгчгүй, хөдөө талд наадам болж байгаагүй. Бөхчүүд энэ жил анх удаа хөдөө талд барилдах гэж байна. Мөн бөхчүүд үзэгчдийн уухайн түрлэгээр өөрийгөө хурцалж, урам авч барилддаг. Гэтэл энэ бүхэн байхгүй болов” хэмээн ярилаа. 

Бөх сонирхогчид өнгөрсөн өвлийн барилдаанд л эртэй, бяртай барилдсан бөхчүүдийг төрийн наадамд харж, тааварладаг уламжлалтай. Харин энэ жил коронавирусийн улмаас Цагаан сарын барилдаанаа ч хийгээгүй учир наадмын өнгийг тодорхойлох боломжгүй болжээ. Хамгийн сүүлд болсон Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдөр болон Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Улс тунхагласны 95 жилийн ойн баярын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Н.Баярбаатар түрүүлж, улсын начин Б.Орхонбаяр үзүүрлэсэн билээ. Бөх сонирхогчид наадмын өнгийг Сэлэнгэ аймгийн бөхчүүдээр тодорхойлж байгаа болов уу.

Улсын начин Н.Баярбаатар: Төр, түмнийхээ итгэлийг дааж, авсан цолондоо эзэн байх сан 

“Таванхан” дэвжээг зорьсон  бас нэгэн шалтгаан нь отгон начин Н.Баярбаатарыг наадмын өмнөхөн үзэгч түмэнтэйгээ уулзуулах байсан юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Отгон начинг үзэгчид цолоо ахиулж, төрийн наадамд өнгөтэй барилдах болов уу гээд хүлээж суугаа байх. Бэлтгэл сургуулилалт хэр хангагдсан бэ?
-Коронавирусийн халдварын улмаас улс даяар хөл хориотой байлаа. Харин манай улс дотооддоо халдвар алдаагүй учраас төрт ёсныхоо наадмыг хийхээр боллоо. Бөхчүүд бэлтгэлээ  өөрсдийнхөө хэмжээнд дор бүрнээ л хангасан байх. Миний хувьд ч ялгаагүй бэлтгэлээ өөрийнхөө хэмжээнд дэвжээнийхэнтэйгээ хамт хангалаа. Төр, түмнийхээ итгэлийг дааж, авсан цолондоо эзэн байхын тулд бүхий л хүчээ дайчилна. Цолоо ахиулж, цолоо бататгаж нутгийн зон олон, ард түмнээ баярлуулах юм сан гэсэн аминчхан хүсэл, мөрөөдөлтэй байна.

-Төрийн наадмын өнгийг хэрхэн харж байна вэ?
-Төрийнхөө баяр наадамд түрүүлэх хүн цаанаасаа л өөр байдаг. Хэн бэлтгэлээ сайн хангана, дээрээс нь тэр өдрийн аз од нь гийсэн хийморьтой аавын хүү л түрүүлдэг. Төрийн наадамд түрүүлэх хүний бүхий л зохилдлогоо нь бүрдсэн байдаг даа. Тэр, энэ гэж хэлэхэд хэцүү байна. Бүгд л жигдхэн, сайхан бэлтгэлтэй байгаа.

-Таны хувьд танай дэвжээнээс улсын цол хүртчих болов уу гэсэн хэдэн бөх байна  хүлээлттэй байна вэ ?
-Манай галд нутаг нутгийн хүчтнүүд цугларч бэлтгэл хангасан гэдгээрээ онцлог. Манай галаас гэхэд л улсын цолонд хүрч барилдах Э.Тулга тэргүүтэй хэдэн арслан байгаа. Мөн бидэнтэй хамт Элбэг, Эрдэнэбилэг багш нар бэлтгэл хийж байгаа. Эрдэнэбилэг багшийг маань дагаж шавь нар нь гарч ирсэн. Аймгийн хурц арслан Баттүвшин, Мөнхбаатар, Баасандорж зэрэг олон сайн бөх байна. Энэ жил манай гал өнгөтэй сайхан барилдах байх гэж бодож байгаа.

-Энэ жил наадам үзэгчгүй гэдгээрээ онцлог. Бөхчүүд та бүхний хувьд үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Увс аймгийн харьяат Мөнхбат аварга үзэгчгүй наадмын талаар сэтгэл дундуур байгаагаа ярьсан байна лээ. Миний хувьд ч ялгаагүй, Мөнхбат аваргатай санал нэг байгаа. Бид чинь ард түмнийхээ уухайн түрлэг дор хөглөгдөж, онгод орж, урам авч, бяр тэнхээ маань илүү гардаг гэж би боддог. Үзэгчгүй наадам гэхээр нэг бодлын сонин, содон байна. Мөн нөгөө талаараа аавын эзгүйд гэр эзгүйрээд гэдэг шиг ард түмэнгүй наадам эл хуль уйтгартай байх болов уу. Цаг үе нь ийм учраас төр засгийнхаа шийдвэрийг дагаад барилдахаас өөр сонголтгүй.

-Үзэгчдийн үзсэн хамгийн сүүлийн барилдаанд Сэлэнгийн хоёр бөх үзүүр, түрүү булаацалдсан. Бөх сонирхогдчын хувьд улсын начин Б.Орхонбаяр та хоёрыг өнгөтэй байгаа гэж бодож байгаа нь дамжиггүй?
- Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдөр болон Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Улс тунхагласны 95 жилийн ойн баярын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд Б.Орхонбаяр дүүтэйгээ үзүүр, түрүүнд үлдэж, түрүүлсэн. Бид хоёр чинь нэг жил улсын цол аваад, хамгийн сүүлийн үзэгчтэй барилдаанд үзүүр, түрүү булаацалдаж, нутгийнхаа ард түмнийг өндөлзүүлж, огшоосон. Энэ нь бидний хувьд бөх болсны гавьяа, бахархалт өдөр минь байсан. Зөвхөн тэр барилдаанаар бид хоёрын барилдаан дуусахгүй учраас илүү барилдах юм сан гэж бодож байгаа" гэв.   

Энэ жил улсын цолонд хүрч барилдах 10 орчим бөх энэ галд байгаа талаар дээр дурдсан билээ. Аймгийн арслан Э.Тулга улсын цолонд ойрхон байгаа бөхчүүдийн нэгээр зүй ёсоор тодроод байна. Галынх нь бөхчүүд түүнийг “Тулга арслан өнгөтэй байгаа” хэмээн төрийн наадамд сойж байна. Тэрбээр 2016 онд аймгийн арслан цол хүртэж байсан юм. Энэ жил улсын наадамд гурав дахь удаагаа зодоглож буй тэрбээр “Аймгийн арслан болсноосоо хойш хоёр жилийн хугацаанд гэмтэлтэй байлаа.Өвдөгнийхөө чагтан холбоосыг тасалж, түүнийгээ мэдэхгүй нэг жил барилдаж, бэртлээ хүндрүүлсэн. Харин бэртэл маань одоо бүрэн эдгэрч, бэлтгэлээ сайхан хангалаа. Одоогоор хүчний бэлтгэл дуусаж, бяраа нөөцлөх маягаар хөдөлгөөнөө хорьчихоод байна.

Цэргийн заан цол хүртэхэд миний муу аав олон түмний дундаас ганцаараа гараа өргөөд, баярлаж суусан. Энэ жил аавынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж, улсын цолонд хүрч барилдах юм сан гэж хичээж байна” гэлээ.  
“Таванхан” дэвжээнд сумын наадамд зодоглох олон залуу бөх бий. Түүний нэг нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат залуу бөх Б.Зориг. Тэрбээр “Гурав дахь жилдээ Г.Эрхэмбаяр аваргын удирдлага дор Төр хурахын аманд бэлтгэл хийж байна. Энэ жил миний хувьд бэлтгэл сургуулилалт сайн хангагдсан гэж бодож байгаа. Сумынхаа наадамд зодоглохоор бэлтгэж байна. Уг нь хуучнаараа аймаг, сумын наадам зөрсөн бол аймагтаа бас зодоглох байлаа. Сумынхаа наадамд дөрөв дахь удаагаа зодоглох гэж байна. Энэ жил цол авна гэж үзэж байгаа. Манай дэвжээний бөхчүүд өнгөтэй байна” гэв.

Энэ жилийн төрийн наадам хөдөө талд болж буйгаараа онцлог. Харин наадамд зодоглох бөхчүүд коронавирусийн шинжилгээ өгч байж барилдах эрхээ авах гэнэ. Ингэхдээ тэд баяр наадмын комисст нэг хүний 150 мянган төгрөг тушаах ёстой аж. Төрийн наадамд нийтдээ 512 бөх барилдана гэж бодохоор бөхчүүд шинжилгээ өгөхийн тулд 76.8 сая төгрөг тушаах нь ээ. Мөн 21 аймгийн бөхчүүд дунд 10 гэр олгоно гэж мэдэгдсэн байна. Тэгэхээр нэг гэрт 50 орчим бөх гурав хоног амьдрах бололтой. Мөн бөхчүүд хоол хүнсээ өөрсдөө зохицуулах гэнэ. Учир нь, наадам болох газарт хуушуур зарах гэрт эрх олгохгүй хэмээн тусгасан. Мөн бөхчүүд барилдах талбайгаа нүдээр ч үзээгүй гэнэ. "Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг XIII зуун цогцолборт болно" гэхээс өөр мэдээлэл тэдэнд алга.

Наадмын талаар хэзээ, хаана тодорхой мэдээлэл гарахыг бөхчүүд чих тавин хүлээж сууна. Төрийн наадмын ногоон дэвжээнд зодоглох бөхчүүдийн хувьд дээлийнх нь захыг мушгидаг  хүн хамгийн чухал. Энэ жил наадмын талбай руу зөвшөөрөлгүй хүнийг оруулахгүй гэсэн учир бөхчүүд дээлийнхээ захыг мушгиулах хүний эрэлд гарчээ. Тэр бүү хэл, бөхчүүдийн ойр дотнын хүмүүст өндөр төлбөртэй мандат авч, наадмын талбай руу нэвтрэх эрх олгоно гэх яриа ч гарчээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • нутаг нуга
    юу вэ нэг хүнээс 150 мянга авах ажил хотын захигаа, баяр наадах зохион байгуулах комисс гаргаж мөнгө угаах бодлого явуулж байна. үүнийг эсэргүүцэж байна, энэ хүмүүсээ шалгаач ээ
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • нутаг нуга
    Жаргалбаяр заан энэ жил түрүүлээсэй гэж төрийнхөө сүлдэнд зальбарч байна.
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
Нийтлэлчид