Улаанбаатар 1c

Э.Цогбаяр: Сур, морь, бөхийг төр улсын оршин тогтнох үндэс хэмээн үздэг байсан

Дэлгэр Монголоороо дэнж хотойтол баярлах дэлхийд ганцхан монгол наадам асуй. Нараар наадаж, хураар аргадсан үзэгчгүй наадамд хаяанд ирлээ. Ард түмэн үндэсний хувцсаараа ижилсэн гоёж, уяан дээр шандаст хурдан хүлэг эргэцэн, хүчит бөхчүүд наадмын талбайдаа өрөхөөр, эрхий мэргэн харваачид цэц мэргээ сорихоор бэлэн болжээ.

Энэ цаг үед Хүннү гүрний тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлсэн Төв аймгийн Зуунмод сумын уугуул, “Зуун мэргэн” холбооны харваач, Монгол Улсын мэргэн, спортын мастер Энхтунгалагийн Цогбаяртай ярилцлаа.  Тэрбээр 40 сумнаас 39 онож цэц мэргэнээ гайхууллаа. Түүний энэ амжилт нь 1995 оны үндэсний их баяр наадамд даяар дуурсагдах мэргэн Ш.Даваахүүгийн 40 сумнаас 40 нь байгаа онож байсан түүхэн үеийг эргэн сануулсан гайхалтай амжилт байсан юм. 

-Энэ жилийн наадмын бэлтгэл хэр хангагдаж байна вэ. Наадмын бэлтгэлийн галд хаана гарав?
-Энэ жил хорио цээрийн дэглэм тогтоож, тэмцээн, уралдаан,  нэгдсэн бэлтгэл сургуулилалт хийхийг  хориглосон. Яг тогтвор суурьшилтай, нэгдсэн бэлтгэл, наадмын галд гараагүй. Хувиараа бэлтгэлээ базаалаа. Урьд өмнөх жилүүдийн хэмжээнд боломжийн бэлтгэлээ хангасан гэж бодож байна. Тэмцээн уралдаан болоогүй болохоор сэтгэл зүйн бэлтгэл  жаахан дутуу байгаа.

-Дэлхийн нийтээр хөл хорио тогтоосон үед наадам хийх нь  хэр зөв, оновчтой шийдэл вэ?
- Манай улс энэ айхтар өвчинг дотооддоо алдаагүй байгаа нь авууштай зүйл. Үзэгчгүй наадам хийх нь ард иргэдээ хамгаалсан зөв зүйтэй арга болсон гэж бодож байна. Хамгийн гол нь  хорио цээрийн дэглэмийн үед  дэг журамтай, нэгдсэн зохион байгуулалт, өндөр хяналтын дор наадмаа хийхэд болохгүй зүйл байхгүй. Монголын наадам бүр XIII зуун, Их Монгол Улсыг байгуулсан Чингис хаанаас ч өмнө Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан МЭӨ I-II зуунд, одоогоос 2230 гаруй жилийн өмнө үүссэн хэмээн эрдэмтэд тодорхойлдог.

Тухайн үед сур, морь, бөхийг тул төрт улсын оршин тогтнох, тусгаар байдлыг сахин хамгаалах үндэс хэмээн үздэг байсан. Учир нь газар нутаг, эх орноо хамгаалахад эр хүнд энэ гурван эрдэм чадвар хэрэг болох нь зайлшгүй гэж үздэг байжээ. Тухайлбал морийг гарамгай унахын сацуу, мориор хурдтай давхиж нумаа эвшээлгэн сум тавьж дайснаа устгана. Харин гардан байлдаанд оролцохдоо бөхийн мэх ашиглах шаардлагатай байсныг түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн нь бий. Хурдан, морь,  бөх, сур гурав нь Монголчуудын байнгын байлдааны бэлтгэл, бэлэн байдлыг хангах үндэс болно. Эр хүн бүхэн хурдан морьтой, хурц сэлэм, онч мэргэн нумтай,  гардан тулаан хийх чадвар, бөхийн мэх эзэмшсэн байж.

-Үзэгчгүй, хөгжөөн дэмжигчгүй  наадам болох нь харваачдын амжилтад эерэг, сөргөөр нөлөөлөх үү?
-Үндэсний сурын харваачид үзэгч, хөгжөөн дэмжигчидтэй болон үзэгчгүй ямар ч үед  харвах бүрэн чадвартай.  Харваачдын сэтгэл зүй, амжилтад  эерэг болон сөргөөр нөлөөлөх ямар ч зүйл байхгүй.

-Өнгөрсөн  жилийн наадмын түрүү авна гэдэгтээ  итгэлтэй байсан уу. Гол өрсөлдөөн ямар харваачдын дунд өрнөв. Хана болон хасаа харваанд хэд онож түрүүлэв ээ?
-Өнгөрсөн  жилийн наадамд  өндөр чансаатай 540 харваач цэц мэргээ сорьсон. Дархан мэргэн гурав, даяар дурсах мэргэн хоёр, даян мэргэн зургаа, улсын мэргэн 16. залуу мэргэн 64 харваач өрсөлдсөн. Эрэгтэй харваанд  360, эмэгтэй харваанд 180 харваач цэц мэргэнээ сорьсон. Харваачид хана , хасаа сур гэсэн хоёр шатыг давж шилдгүүдээ тодруулсан. Хана сур гэдэг нь эрэгтэй 75 метр, эмэгтэй 65 метрээс харвадаг уламжлалтай. Энэхүү төрөлд 60 ширхэг “байт сур” буюу харвах байг байрлуулна. Харин хасаа сурд 30 ширхэг “байт сур” өрдөг юм. Нэг хүн нэг босч харвахдаа дөрвөн сум тавина. Нийт 10 удаа босч эхний 20 сумаа хана сурд тавьж, дараагийн 20 сумыг хасаа сураар өрж нийт 40 сум тавьдаг журамтай. 

Түрүү жилийн наадмын бэлтгэл сайн байсан болохоор сайн харвана гэдэгтээ итгэлтэй байсан. Харин миний төсөөлснөөс өрсөлдөөн хурц ширүүн өрнөсөн. Харваачид бэлтгэлээ үнэхээр сайн базаасан нь харагдсан л даа. Тийм болохоор түрүүлэх талаар нэг их юм бодож, сэтгэлээ чилээгээгүй. Ямар ч  байсан боломжийн  хэмжээнд сайн харваж, хүчтэй өрсөлдөөн өрнүүлэн, дээгүүр байранд орохыг хичээсэн. Адаг өрөгт Орхон аймгийн  “Хангарьд” спорт хорооны харваач, Монгол Улсын “Даяар дуурсах  мэргэн” Л.Отгонбаяр,  Монгол Улсын “Гарамгай мэргэн” Э.Ганчулуун хоёр их сайхан харваж байлаа. Тэдний харвааг хараад,  хичээж байгаад  эхний гуравт орох юмсан  гэсэн бодол төрсөн. Хичээж харвасны эцэст нь түрүүлж чадсандаа баярласан.

-Энэ жил нар, хур тэгширсэн сайхан жил болж байна. Халуун нар, бороо, салхи гээд байгалийн хүчин зүйл сумны тусгалд нөлөөлнө биз?
-Үндэсний сурын харваачид  халуун нар, цас, бороо, хүйтэн, сэрүүн байгаль уурын ямар ч хүндрэлтэй үед харвадаг онцлогтой. Хэн сайн цаг агаарыг  мэдэрч, салхины чиглэлийг зөв тооцоолж чадсан нь түрүүлэх магадлал өндөртэй.

-Үндэсний сурын спортыг яагаад сонирхож хичээллэх болов. Сурынхан удам дамжсан харваачид байдаг. Танай удам сударт харваачид би юу?
-Би2008 онд 20 настай байхдаа  үндэсний сурын харваагаар сонирхож хичээллэсэн. Одоо 12 дахь жилдээ үндэсний сураар хичээллэж байна.  Анх найз  гоц мэргэн Өлзийсайханыг дагаж  сурын спортод хөл тавьж байлаа. Намайг энэ сайхан Монголын уламжлалт спорттой холбож өгсөн найздаа талархаж явдаг.
Өнгөрсөн жилийн  наадамд түрүүлсэн амжилт үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мөч байлаа. Дархан мэргэн Х.Оюунчимэг, Л.Сүхбат нарт баярлаж, талархаж байгаагаа дамжуулъя. Намайг өсгөсөн өвөөдөө баярлаж байна. Ээж болон найз С.Өлзийсайхандаа баярлалаа. Та бүхний хүчинд өнөөдрийн амжилтад хүрсэн юм шүү.

-Халх, Буриад, Урианхай нумын ялгаа, ялгарах онцлог  нь юу байдаг вэ. Нумын хүч, сумын тусгал өөр үү?
-Нумын хийц загвар өөр өөр онцлогтой байдаг. Харвах  зайны хэмжээ,  сумны булцуу, бай, хасаа  нь хүртэл өөр. Эртний уламжлалаа  дагаад  халх, буриад, урианхай сур өөр байдаг.  Энэ нь сайн, тэр нь хоцрогдсон харваа гэж хэлэх аргагүй. Бүгд л сайхан уламжлалаа хадгалж яваа харваанууд.

-Та ямар хийцийн нумаар харвадаг вэ. Харвааны техник, ур чадвараас гадна сурын нум, сум хэрэглэл их чухал биз?
-Тэгэлгүй яахав. Мэдээж нум, сум маш их чухал нөлөөтэй. Миний нумыг Баянхонгор аймгийн нум урлаач О.Эрдэнэбилэг ах урлаж өгсөн. Үнэхээр  мундаг гарийн уртай, сэтгэл гаргадаг сайхан хүндээ олон хүнийг сайн нумтай болгосон ах байгаа юм.

-Өвлийн улиралд бэлтгэл, сургуулилалтаа хаана, хэрхэн базаадаг вэ?
-Өвөлдөө нээх бэлтгэл хийж амжихгүй ажил гээд завгүй байдаг. Уг нь зав, чөлөөтэй бол заал, танхимд харваж, хүчний бэлтгэл болон хараа, шагайвар хийж болох л байх.

-Орчин үеийн техник, технологийн хөгжил, дэвшил үндэсний сурын спортод ямар нөлөө үзүүлж байгаа вэ?
-Мэдээж маш их хувь нэмэр болж байгаа.  Цаашдаа ч хэвлэл мэдээллээр ганц наадам гэлтгүй, бусад тэмцээнүүдийг үзэгч, олны хүртээл болгож байвал сайн байна. Үндэсний сурын спортын сурталчилгааг техник, технологийн дэвшлийг ашиглан зөв хийх нь хөгжлийг түвшинг ахиулах, сонирхож, хичээллэгчдийн тоог нэмэх ач холбогдолтой.

-Уламжлалт морьт харваагаар харваж үзсэн үү?
-Уламжлалт морьт харваагаар харваж үзээгүй.  Ер нь харваж үзэх санаа бол байгаа. Монгол хүн болгоны цусанд, генд байдаг чадвар болохоор болох болов уу гэж боддог. Бидэнд нум, сум, морь нь байна. Орчин нөхцөл нь байгаа. Тийм болохоор морьт харваа Монголд эрчимтэй хөгжих боломжтой спортын төрөл.

-Үндэсний баяр наадмын харваанд Монгол туургатан Өвөр Монгол, Буриад, Халимаг, Тува, Ойрдууд яагаад оролцож болдоггүй юм бол?
-Үндэсний сур харвааны тэмцээнд Монгол туургатнууд ирж  ордог. Өвөр Монголоос жил бүр ирж оролцож байгаа.

-Үндэсний спорт гэхээр монголчууд морь, бөх хоёроо яриад байдаг. Төр засгаас үндэсний сурын харваагаа хүүхэд, залуучуудад таниулах, мэдүүлэх тал дээр анхаарал хандуулахгүй байна уу?
-Тиймэрхүү хандлага байдаг. Сүүлийн жилүүдэд арай гайгүй болсон.  Харин хөдөө орон нутгуудад их анзаарагддаг. Ихэнх аймгууд үндэсний сурын спортыг дэмждэггүй. Дэмжлэг огт байхгүй байгаа. Наадам болохоор гэнэт санадаг. Бусад үед үндэсний сурыг ор тас мартчихдаг.  Уг нь эрийн гурван наадам гэдэг нь эр хүний гурван наадам гэсэн үг шүү дээ. Манай баяр наадмын морь, бөхийн бай шагнал өндөр.

Төрийн удирдах албаны хүмүүс ч энэ хоёр төрөлд гол анхаарлаа хандуулдаг тал бий. Үндэсний сурын харвааны бай шагнал жаахан тааруухан. Гэхдээ би морь, бөх хоёртой барьцаж байгаа юм биш шүү. Наадмын үндэсний сурын харваанд 500-600 гаруй харваач цэц мэргээ шалган өрсөлдөж байна. Үндэсний сурд цолны найраа гэж байхгүй. Бид элдэв бусын хүч, тамир оруулагч эм, тариа огт мэргэлдэггүй. Бидний хэрэглэж байгаа шөрмөсөн артай, эвэр нуманд ямар ч өөрчлөлт ороогүй. Эртний уламжлалт хэлбэрээ хадгалан яваа. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид