Улаанбаатар 1c

Үл нөхөгдөх үржил айсуй

Дэлхий:
NPost.mn
2020-07-08 09:57

Ирэх 40 жилийн хугацаанд дэлхийн хүн ам долоон тэрбумаас 9.1 тэрбум болж өснө гэсэн тооцоо бий. Гэхдээ энэ нь урьд хожид байгаагүй хачирхалтай өсөлт аж. Эл өсөлт шинээр мэндлэгсдийн бус ахимаг настнуудын “армиар” сэлбэгдэнэ. Өөрөөр хэлбэл, ирэх 25 жилийн дотор 65 ба түүнээс дээш насныхан 600 саяас 1.1 тэрбумд хүрч, хоёр дахин нэмэгдэх тооцоо гарчээ. Энэ нь дэлхийн хүн амын 13 хувь гэсэн үг. 2010 онд 25-64 насны 100 хүн тутамд 65 ба түүнээс дээш насны 16 хүн ногдож байсан нь 1980 оныхоос бараг өөрчлөгдөөгүй үзүүлэлт бол энэ тоо 2035 он гэхэд 26 болж нэмэгдэх төлөвтэй байна. 

Өндөр настнуудын тоо өсөж, төрөлт буурснаар дэлхий хүн ам нэгэнтээ хурдтай өссөн шигээ эргэн хурдтай уруудах нь тодорхой болжээ. ОХУ-ын хүн ам гэхэд л 1991 оныхоос даруй долоон саяар буурчихаад буй. Харин төрөх насны япон эмэгтэй дунджаар нэг хүүхэд төрүүлж байгаа нь цаашдаа өөрчлөгдөхгүй бол хорвоо дээрх сүүлчийн япон хүн 2959 онд төрнө гэсэн судалгаа байна.

Анх 1970-аад оны сүүлчээр Скандинавт тохиосон “үл нөхөгдөх үржил” хэмээх энэ үзэгдэл тун богино хугацаанд Европ, Орос болон Ази, Өмнөд Америк, Карибын орнуудад ажиглагдах болж Энэтхэг, Ливан, Марокко, Иран зэрэг улсыг хүртэл хамарсан байна. Өдгөө хүн ам нь тогтвортой өсөхөд шаардагдах үзүүлэлтүүд нь хамгийн сул гэгддэг 59 орны 18 нь НҮБ-ын тодорхойлолтоор хөгжиж буй улс аж. Үнэхээр ч хөгжиж байгаа орнуудыг тэргүүлэгч улсуудын хүн ам бүр ч хачирхалтай хурдаар цөөрчээ.

Ираныг жишээ татъя. Саяхан буюу 1970-аад оны сүүлчээр дундаж иран эмэгтэй долоон хүүхэдтэй байсан бол өдгөө энэ үзүүлэлт тодорхойгүй шалтгаанаар 1-2 болтлоо буурчээ. Уг нь тус улсын хүн амын тогтвортой өсөлтөд дор хаяж гурав гэсэн тоо хэрэгтэй юм. 60 ба түүнээс дээш настнууд иранчуудын 7.1 хувийг эзэлдэг үзүүлэлт 2010-2050 онд 28.1 хувь болон өсөх тооцоо бий. Энэ нь өнөөгийн Баруун Европ дахь 60 хол давсан настнуудаас ч олон гэсэн үг. 2050 он гэхэд хойд Европт ч гэсэн Ираны адил гэнэтийн насжилт ажиглагдана гэдэг. Гэхдээ баруун Европоос ялгаатай нь Куба, Хорват, Ливан зэрэг Иран шиг хөгжиж буй орнууд эдийн засгийн өсөлтөөс үл хамаарах гэнэтийн насжилттай тулгарчээ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг сайжирч, амьдралын баталгаа, эрүүл ахуй дээрдсэн зэрэг нь өрнийн орнуудад нэгэнтээ нөлөөлсөн шиг хөгжиж буй орнуудын хүн амын наслалтад нөлөө үзүүлээгүй байна. 

Үүний гол шалтгааны нэг нь хотжилт юм. Өдгөө дэлхийн хүн амын тэн хагас нь хот суурин газарт амьдарч буй. Хэдий ядуу тарчиг амьдралтай байлаа ч хотод амьдрагсдын амь нас илүү баталгаатай байдаг. Мөн тосгон юм уу, хязгаар нутагт амьдрахтай харьцуулахад ажлын байрны олдоц сайн. Энэ нь иргэдийн орлого, эрүүл мэнд зэрэгт сайнаар нөлөөлж, хүн ам өсөхөд хүргэнэ. Хачирхалтай нь, хүн амын өсөлтийг хянах олон арван төсөл хөтөлбөр дэлхийн дахины өнөөгийн хурдацтай насжилтад бараг нөлөөлөөгүй байна. Дорно зүгт байдал бүр ч дордсон гэж зарим судлаач үздэг. Азийн зуун айсуй тухай яригсад тус бүс нутгийн хүн амын “ангал”-ын тухай огт дурддаггүй. Хамгийн олуулаа атлаа азиуд хүн амын хорогдлын хамгийн хүчтэй цунамид өртөөд байна.

Хөгжингүй бүс нутаг дундаа Өмнөд Солонгос, Тайвань шиг төрөлтийн хувь нь хурдацтай буурсан улс үгүй. Эдгээр улсын хүн ам одоогийн эрчээр цөөрсөөр байвал ердөө 15-хан жилийн дотор хүн ам нь гуравны нэгээс гуравны хоёр хүртэлх хувиар буурах төлөвтэй байна. БНХАУ-ын хувьд одоохондоо хүн амын өсөлтөө хянаж чадсаныхаа үр дүнг эдийн засгийн ашиг шимээр хүртэж буй ч нэг хүүхдийн бодлого нь хүн ам зүйчдийн тодорхойлдогоор тус улсын хүн ам зүйн “шатлал”-ыг “4-2-1” гэсэн онцлогтой болгожээ. Энэ нь айлын ганц хүүхэд эцэг эхээсээ гадна хоёр эмээ, хоёр өвөөгөө асарч тэтгэнэ гэсэн үг. 

Атлантын далайн цаадтай ч өндөр настнуудын ирээдүй баргар байна. 50-64 насны америкчуудын 40 гаруй хувь нь 2-3 давхар өөд амралгүйгээр шатаар өгсөх, ганц км алхах зэрэг өдөр тутмын ердийн үйл хөдлөлд ч ядардаг гэнэ. Энэ нь ердөө арван жилийн өмнөхтэй харьцуулахад бараг 50 хувиар дордсон үзүүлэлт юм. Иймэрхүү дүр зураг хөгжингүй аль ч оронд ажиглагдана. Тэгэхээр шинэ үеийн өвөө, эмээ нар одоогийн тэтгэврийн настнуудтай харьцуулахад дорой буурай, идэвхгүй байна гэсэн үг. Мэдээж хэрэг, олон улс өндөр настнуудынхаа эрүүл мэндэд анхаарна, тэгэх ч учиртай. Гэвч тэр нь дэлхийн эдийн засагт хүнд ачаа болох нь тодорхой юм. Улс орнуудын төсвийн багагүй хэсэг зөвхөн тэтгэвэр тэтгэмжид зарцуулагдана. Залуусын эгнээ хумигдсанаар байр, орон сууцнаас эхлээд ахуйн бараа бүтээгдэхүүн худалдан авагчид цөөрч, тэр хэрээр дотоодын болон гадаадын зах зээлийн хүрээ хумигдана.

Гэхдээ хүн ам зүйчдийн дунд “Өндөр настнуудын амар амгалан” гэх нэгэн нэр томъёо бий. Энэ нь ганц хүүхэдтэй гэр бүл нэмэгдэж, тэр хэрээр цэрэг армийн хүч суларч, дайн дажин, үймээн самуун үгүй болохыг хэлдэг. Нийгмийн халамжид зарцуулах хөрөнгө мөнгөний хэмжээ өссөнөөр зэвсэгт хүчний төсөв ч дундарна гэж найддаг судлаачид бий. Гэвч энэхүү хялбархан дүр зургийг бодит байдал болгоход ноцтой бэрхшээл тулгарч байна. Юуны өмнө, хурдацтай насжиж буй орнууд ямар ч үед нийгмийг бусниулж чадах залуу үеийнхнийг төрүүлсээр байх болно. Мөн залуус цөөрөх нь олон нийтийн сэтгэхүйд хүчтэй нөлөөлөх нийгмийн сөрөг өөрчлөлтийг дагуулж мэдэх юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид