Улаанбаатар 1c

Х.Баярмаа: Жүжигчин бүр өөрийн гэсэн богцтой байдаг

Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин, мисс, жүжигчин Х.Баярмаатай ярилцлаа. 

-Сайхан дурсамжаар яриагаа эхлүүлье гэж бодлоо. Бүх охидын нууцхан хүсэл титэм зүүж, гүнж болох, тайзан дээр гоо үзэсгэлэнгээ гайхуулан алхах байдаг. 2012 оны “Miss world” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан үеийн дурсамжаасаа хуваалцаач?
-Миний амьдралын хамгийн сайхан дурсамжийн нэг. Тэр жил ӨМӨЗО-ны Ордос хотод 162 орны эрч хүчтэй, гоо үзэсгэлэнт охид чуулсан. Эх орноо төлөөлөн нэр хүндтэй тэмцээнд оролцох боломж олдсонд маш их талархдаг. Намайг оролцуулах шийдвэр тэмцээн эхлэхээс ердөө долоо хоногийн өмнө гарсан. Ээж, аав минь надад урам өгч, зоригжуулсан. Наадмын үе таарсан учраас ихэнх худалдаа, үйлчилгээний газар хаачихсан байлаа. Ээж минь л бэлтгэлийн ихэнхийг нугалсан. Тэнд очоод маш их зүйл сурсан. Олон хүний дунд орохоор хүн өөрийгөө голдог юм билээ.

Өөрийгөө улам хөгжүүлэх, хэлний мэдлэгээ сайжруулах ёстойг ойлгосон. Өндөр хөгжилтэй орны  миссүүд баг бүрэлдэхүүнээрээ очдог. Харин би ганцаараа  явсан. Тухайн үед хэлний мэдлэг сайн биш байсан болохоор өвөрмонголчууд, тэнд ажиллаж, амьдардаг монголчуудтайгаа таарах шиг сайхан учрал байгаагүй. Сарын дараа сүүлийн шалгаруулалтыг аав маань ирж үзсэн. Аавынхаа баярлахыг харах, омогшлыг мэдрэх л сайхан байсан.

-Хүмүүс таныг мисс л гэж хүлээж авдаг. Мөн урлагийн хүн учраас үргэлж гоё, сайхан байх хэрэгтэй. Зарим үед өөрийнхөөрөө баймаар санагддаг уу. Үргэлж гоё, дэгжин явах заримдаа хэцүү санагддаг уу?
-Энэ бол миний сонгосон мэргэжил. Миний хүсдэг, таашаалт амьдрал. Тэгэхээр түүнийхээ шалгуурт тэнцэх, үргэлж гоё, сайхан байх нь миний хариуцлага. Хэчнээн ядарсан ч орой нүүрээ цэвэрлээд, маск тавьчихаад унтдаг. Өглөө нүүрээ мөсөөр арчих, ус уух гэх мэт энгийн зүйлийг өдөр тутам хийдэг байхад нэг их тээртэй  зүйлгүй л дээ. Гэнэтийн зураг авалт, уулзалттай боллоо гэхэд арьс, үс минь үргэлж бэлэн байна. Чи ямар амьдралыг сонгосон түүндээ цаг зав, сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй. Жишээлбэл, би өдөр бүр хийх зүйлээ жагсааж бичнэ. Орой нь хийсэн ажлаа тэмдэглэдэг. Өдөр бүрийг эмх цэгцтэй өнгөрүүлбэл аливаа асуудалд стресстэх шаардлагагүй болдог. 

-АНУ-д магистрын зэрэг хамгаалаад ирсэн. Гадаадад суралцах боломж хэрхэн  олдсон бэ?
-Би  АНУ-ын Missouri State University-д дөрвөн жил суралцаж, кино зохиолч, найруулагч, продюсер мэргэжлээр төгссөн. Манай сургуулийн гадаад оюутан хариуцсан Стивен захирал Монголд ирэх үеэр уулзах боломж тохиосон. Сургуулиасаа 100 хувийн тэтгэлэг авч сурсан.

-АНУ-д тэтгэлэгтэй суралцана гэхээр хэлний мэдлэг өндөр байжээ.  Залуус гадаадад суралцахыг хүсдэг ч хэлний бэрхшээлтэй тулгардаг шүү дээ. Англи хэлийг хэрхэн сурав? 
-Хүмүүс TOЕFL, IELTS-ийн  оноотой болчихвол болно гэж боддог. Би ч гэсэн тэгж боддог, шалгалт өгч, тодорхой хэмжээний оноо авч байсан. Гэхдээ  яг АНУ-ын их дээд сургуульд суралцана гэдэг маш өндөр шалгуур байдаг юм билээ. Хэлний бэлтгэлд ормогц түвшин тогтоох шалгалт авна. Өөрийн түвшиндээ сууж, түвшингээ ахиулах шалгалт өгнө.  Заримдаа шалгалтандаа унах ч үе байна. Гадаад оюутнууд байтугай америк оюутнууд хүртэл тав, зургаан удаа шалгалт өгч байж тэнцэх тохиолдол ч бий. Гэхдээ хувь хүний оролдлого маш чухал. Миний хувьд “Эрэл” сургуулийг төгссөн, унаган орос хэлтэй учраас арай дөхөм байсан. Орос, англи дуудлага өөр ч үгийн язгуур, утга ойролцоо. Ер нь хүн аль нэг хэлийг сурчихвал, дахин өөр хэл сурахад дөхөм юм шиг санагдсан. Мөн арван жилд байхдаа хятад хэл сурч байсан. Цаашдаа аль болох олон хэл сурмаар байна. 

-Дөрвөн жил өндөр хөгжилтэй оронд суралцаж, боловсролоо  ахиуллаа. Үүнээс гадна хувь хүнийхээ хувьд сурсан зүйл олон байх?
-Маш их. Өөрийнхөө суралцсан хугацааны туршлага, алдаа оноон дээр тулгуурлаад залууст зориулсан гарын авлага гаргах бодолтой байгаа. Америк оюутнаас суралцах зүйл маш их. Тэд 16 нас хүрмэгц эцэг, эхээсээ тусдаа гарч, бие даадаг.  Их, дээд сургуульд орсон бол өөрөө ажил хийж, мөнгө олно. Ингэснээр хувь хүн илүү бие даасан, хариуцлагатай болж төлөвшдөг юм билээ. Харин монголчууд нас биед хүрсэн ч, гэр бүл зохиосон ч ээж аавынхаа гараас гардаггүй. Энэ нь биднийг илүү дотно болгодог ч нөгөө талдаа амьдралд хариуцлага үүрэх чадваргүй болгоод байх шиг санагддаг. Хүн ямар ч мэргэжилтэй байсан санхүүгийн мэдлэгтэй байх ёстойг Америкт байхдаа ойлгосон.

-“Будаг нь ханхалсан” залуу уран бүтээлч эх орондоо ирээд юу хийхийг хүсэв?
-Би хүнд бэрхээс зугтаалгүй бүхий л төрөл жанрт өөрийгөө  сорихыг  хүссэн. Оюутан байхад “Өөрийгөө ялсан хүнийг баатар гэдэг” гэж Уртнасан багш маань хэлж байсан. Энэ үгийг сэтгэлдээ бодож явдаг. Мэдээж АНУ-аас тээж ирсэн бодол зөндөө бий. Би ингэнэ, тэгнэ гэж ярихаас илүүтэй хийж, хэрэгжүүлж, үйлдэл, уран бүтээлээрээ харуулахыг хүсэж байна. Түүнээс ч  юу ч хийгээгүй байж хоосон яриад  байх муухай. Гэхдээ эхлээд өөрийгөө хөгжүүлэх нь чухал гэж ойлгодог.  Монголын хошин урлагт илүү  гоё зүйл хийж, аав, ээжийнхээ насаараа хөдөлмөрлөж, босгосон бүхнийг улам хөгжүүлж, өргөжүүлэхийн төлөө ажиллана. Би хошин урлагийн жүжигчдийг хамгийн чадварлаг гэж боддог. Хүнийг инээлгэнэ гэдэг амархан ажил биш. 

-“Бурхны авралаар чи ирлээ” телевизийн шоу үзэгчдийг цэнхэр дэлгэцнээ “уялаа”.  Ямар ч бэлтгэлгүйгээр тайзан дээр гарах хүнд байв уу?
-“Боловсрол суваг” телевизээс санал тавьсны дагуу энэ  шоунд оролцсон. Энэ ташрамд, ийм сайхан боломж олгосонд баярлалаа гэж хэлье. Дэлхийн түвшний шоу учраас энэ баг бүрэлдэхүүнд багтсан хүн бүр хичээсэн. Бэлдээгүй хошигнол буюу тайзан дээр шууд гарах учраас жүжигчнээс асар их ур чадвар шаардах нь тодорхой. Гол дүргүйгээр бэлтгэл хийх бүр ч хэцүү. Ямар ч бэлтгэлгүй тайзан дээр гараад бие биенээ мэдрээд, тоглохоос өөр аргагүй. Алдсан ч зогсох боломжгүй. Оролцогчид маань мундаг, туршлагатай жүжигчид учраас ямар ч нөхцөлд өөрсдийгөө аваад явчихдаг юм билээ. Нөгөө бодсон, санасан дүр, дүрслэлийг маань орвонгоор нь эргүүлчихнэ. Тэгэхээр зөвхөн оролцогч биш, бид ч гэсэн ямар ч бэлтгэлгүй жүжиглэнэ гэсэн үг. Нийт 42 удаагийн үзүүлбэрийг амжилттай давж гарлаа. Энэ бол том сорилт байлаа.  

-Маш сайхан дуулдаг юм билээ. Бас чамгүй сайн бүжиглэдэг гэдгийг нь хошин урлагийн тайзнаас харсан. Тусгайлан бэлтгэл хийдэг үү?
-Би багаасаа л юм юм сонирхож, өөрийгөө сорих дуртай хүүхэд байсан. Урлагийн гэр бүлд төрж, өссөн маань нөлөөлдөг байх. 12 настайгаасаа бүжгээр хичээллэж эхэлсэн. Дууны тухайд багаасаа л дуулах дуртай. Жүжигчин хүн бүр өөрийн гэсэн богцтой байдаг гэж боддог. Түүнийгээ хэн илүү олон, сайн зүйлсээр дүүргэнэ, тэр хэрээр уран бүтээл нь баялаг, чанартай байдаг болов уу. Тиймээс өөрийнхөө богцыг сайн сайхан зүйлээр дүүргэхийг хичээдэг. Цаашид хөгжмийн мэдрэмжээ хөгжүүлэх бодолтой байна.

-Гаднын зах зээлд өрсөлдөх бодол бий юү. Ийм боломж хэр байдаг вэ?
-Наашаа ирэхийнхээ өмнөхөн Америк дахь азиудын дунд зохион байгуулдаг  “Miss Asia USA” тэмцээнд оролцоод “First Runner” шагнал хүртсэн. Түүгээр дамжуулан олон хүнтэй танилцаж, сайхан саналууд ч хүлээж авсан. Тэндээ ойрын хэдэн жил ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байлаа. Гэвч бизнесийн ажлаар Монголдоо  ирээд, коронавирусийн улмаас буцаж чадсангүй. Хорионы үед интернетээр хийх ёстой ажлаа амжуулж байна. 

-Оюутан байхаасаа л тайз, дэлгэцийн хэд хэдэн бүтээлд гол болон туслах дүр амилуулсан. Хамгийн хайртай дүрээ нэрлээч?
-Тоглож байгаа дүр болгондоо хайртай.  “Аюултай харилцаа” киноны эхнэрийн дүр их гоё санагддаг. Яагаад гэвэл, анх зохиолыг нь уншихад ойлгомжгүй мэт санагдсан. Ийм тохиолдлыг урлагийнхан “Дүр цэнхэртэнэ” гэж ярьдаг. Дүр цэнхэр байх тусмаа жүжигчнээс ур чадвар шаарддаг. Кино үзэгчдэд хүрсний дараа уран бүтээлч, шүүмжлэгчдээс нааштай үг сонссон учраас дүрээ аятайхан гаргачихсан юм болов уу гэж бодсон. Мөн “Замбуулин дуусах болоогүй” ОАК-ны Ягаан гэх бүсгүй, “Хүйтэн бороо” жүжгийн Алдармаагийн дүрдээ хайртай. 

-Ойрын үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-“Бурхны авралаар чи ирлээ” шоунаас гадна “Гал тогоо” шоунд оролцсон. Манай продакшн энэ зун кинонд гарахаар төлөвлөөд кино зохиол, хөрөнгө оруулалтаа шийдэхээр ажиллаж байна. Мөн өөрийн бизнестэй болсон. Түүнийгээ хөгжүүлэхэд анхаарч байна. Бие дааж уран бүтээл хийхийг зорьж явна. Ерөнхийдөө маш завгүй амьдарч байна. Завгүй, зорилго, тэмүүлэлтэй амьдрах сайхан.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид