Улаанбаатар 1c

Дээсэн дөрөөн дээрх эрх чөлөө

Хонконг өөртөө засах эрхээ алдаж байна

Бээжингээс баталсан Хонконг дахь Аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн зургадугаар сарын 30-нд хэрэгжиж эхэллээ. Их Британиас Бээжингийн мэдэлд хотыг шилжүүлэхдээ өөртөө засах засаглал, ардчилсан эрх чөлөөнд 50 жилийн хугацаанд “гар хүрэхгүй” гэсэн амлалт өдгөө зөрчигдөж, хонконгчуудын эрх чөлөө дээсэн дөрөөн дээр ирж байгааг гаднынхан онцолж буй. Одооноос эхлээд Бээжингийн тогтоосон хэв журмыг үл тоох, зөрчих хандлага, үйлдэл гаргасан хэн боловч Аюулгүй байдлын тухай хуулиар шийтгэл хүлээнэ. 1997 онд эдийн засгийн хувьд бэхжиж асан БНХАУ-ын мэдэлд мах цусных нь тасархай хот улс Британийн мэдлээс шилжин ирсэн нь Бээжингийн хувьд баярт үйл явдал байв. Мөн оны долдугаар сарын 1-нд 156 жилийн турш хотод мандсан Британийн тугийг буулгаж, Хятадын далбааг залахдаа хожим ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө Бээжингийн эсрэг гудамжинд гарч жагсана гэж хонконгчууд ч тааварлаагүй биз. 

Хоосон зайг нөхсөн нь 

Хотыг 99 жилийн хугацаагаар түрээслэхдээ британичууд нутгийн ард түмэнд ардчилсан хэм хэмжээ, хүний эрх, эрх чөлөө, өөртөө засах засаглал зэрэг цөөнгүй үнэт өв үлдээсэн. Дэлхийн санхүүгийн төвийн нэг, эдийн засгийн хувьд бэхжиж хөгжсөн хотын оршин суугчид эх газрынхныг бодвол энэ бүхнийг  эрхэмлэж сурчээ. Макаог буцааж авахдаа “Нэг улс, хоёр тогтолцоо” уриагаа Бээжин хонконгчуудад ч амалж, 50 жилийн турш буюу 2047 он хүртэл энэ хэвээр байлгана гэсэн. Гэвч эдийн засаг, бизнес, санхүүгийн хувьд асар чухал Хонконг бүх асуудлаа бие даан шийдэхийг Бээжин зөвшөөрсөнгүй. 1990 онд батлагдаж, Бээжингийн мэдэлд ирсний дараа хэрэгжсээр байсан Хонконгийн Үндсэн хуулийн 23-р бүлэг буюу Аюулгүй байдлын тухай зүйл заалтууд “хоосон”, тодорхойгүй зүйл олон байлаа. Эрх баригчид энэ бүлгийг засаж, зүйл заалтыг нь илүү нарийн тодорхой болгохоор төлөвлөөд хэрэгжүүлэлгүй өнөөг хүрсэн. 2003 онд Бээжинг дэмжигч парламент энэ оролдлогыг хийсэн ч хотыг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж, хуулийн төслийг хойшлуулсан билээ. Гэвч Бээжин хэнээс ч үл хамааран Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулийг баталж, хотыг эргүүлэн авсны 23 жилийн ойн “бэлэг” барив. Өнгөрсөн онд гудамжинд гарсан жагсагчид Хэрэгтэн солилцох хуулийн төслийг цуцлуулж, цаашлаад бүх нийтээр сонгох эрх, цагдаагийн хараат бус үйл ажиллагааг шаардаж эхэлсэн ч одоо үүнээс том асуудалтай нүүр туллаа. 

Аюулгүй байдлын тухай аюултай заалтууд

Ерөнхий зургаар нь харвал, энэ нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдлийг таслан зогсооход чиглэсэн хуулийн акт. Үүнд салан тусгаарлах үзлийн бүх илрэл ч багтана. Харин нарийвчлан үзвэл Хонконгийн автономит засаглал буюу өөртөө засах тогтолцоог үгүй хийсэн хууль гэж ажиглагчид үзэж байна. Хуулийн дагуу улсын аюулгүй байдлыг хариуцан ажиллах цагдаагийн албыг эх газрын мэргэжилтнүүд удирдана. Гэмт хэрэгтнүүдийн шүүх хурлыг тангарагтнуудгүй явуулна. Эрүүгийн хавтаст хэргийг шаардлагатай тохиолдолд Бээжингийн шүүгчид хянаж болно. Орон нутгийн эрх баригчид, Хятадын удирдлага болон Коммунист дэглэм, намын үзэл суртлыг үзэн ядах, эсэргүүцэхийг хориглоно. Салан тусгаарлах үйл ажиллагаа явуулбал гурван жилээс бүх насаар нь хорих хүртэл шийтгэл ногдуулна. Хорлон сүйтгэх, алан хядах ажиллагааг хатуу шийтгэнэ. Мөн гаднын хүчнийхэнтэй  хамтран гэмт хэрэг үйлдсэн, сүлбэлдсэн бол чанга шийтгэл онооно. Хуульчдын үзэж буйгаар Бээжингийн баталсан энэхүү хуулийн бараг бүх зүйл заалт Хонконгийн Үндсэн хуультай харшилдаж байгаа юм. 

Дэлхийн асуудал 

Энэ бүхэн гэвч зөвхөн эх газарт, эсвэл Хонконгт хамаатай асуудал биш. Хуулийн талаар АНУ ч, Их Британи ч дуугүй өнгөрсөнгүй. Өөрсдийнх нь мэдэлд байсан, өдгөө хавчигдсан хонконгчуудад бүгдэд нь иргэншил олгох талаар Их Британи “бодолцож” буй бол АНУ үүнийг Бээжинд шахалт үзүүлэх сайхан далим болгов. Энэ сарын 2-нд АНУ-ын Конгресс Хятадын эсрэг шинэ хориг баталж, Ерөнхийлөгчид өргөн барилаа. Шинэ хуульд гар бие оролцсон хүмүүст тавих хориг ч Хятадын хувьд асар чухал асуудлаас ухрах шалтгаан болохгүй. Нөгөө талаас Вашингтон эдийн засгийн хориг тавьсан тохиолдолд Бээжингээс илүү Хонконг л хохирол амсана. Үүний зэрэгцээ Хонконгийн захиргаа, тэр дундаа Кэрри Лам Үндсэн хуулийн цоорхойг нөхөж буй Үндэсний аюулгүй байдлын тухай хууль автономит засаглалд нь халдаагүйг онцлов. 

Хонконгчуудыг харин амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл шоронд өнгөрүүлж болзошгүй нөхцөл айлгасангүй. Долдугаар сарын 1-нд жагсагчид гудамжинд гарч, 370 гаруй хүн баривчлагдсаны 10 орчим нь шинэ хуулийн заалтыг зөрчсөн хэрэгт унав. Цаашид тэд хэрхэх вэ гэдэг асуудал бүрхэг хэвээр. 
Халаасандаа Британийн гадаад паспорттой 350 мянган иргэн энэ бүх нөхцөл байдлаас үүдэн гадаад руу цагаачлах боломж бий. Харин залуусын хувьд жагсаалаа зогсоож, цааш амьдрах, эсвэл мөн өөр орон руу явах сонголт бий. Гэвч энэ бүхэн Бээжинд бууж өгсөн хэрэг болно гэж үзэж буй идэвхтэн олон байгааг хүний эрхийн байгууллагууд онцолж байна. Хонконгчууд эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байсан ч тэдэнд нэгдсэн зохион байгуулалт, дэмжлэг дутаж байгааг өгүүлэх нь ч бий. Эцэстээ Бээжингийн эсрэг тэмцэгчид илүү хүнд, гэмт хэргийн хэлбэрт шилжиж ч болзошгүй. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид