Улаанбаатар 1c

Сүхбаатар аймгийн уурхайд ажилладаг 1000 гаруй хүн хагас жил цалингүй амьдарч байна

Нийгэм:
NPost.mn
2020-07-09 18:10

Бичигт боомт хаагдаж хагас жил болсны улмаас Сүхбаатар аймагт ашигт малтмал олборлодог уул уурхайн компаниуд дампуурлын ирмэгт тулж, 1000 гаруй ажлын байр үгүй болох дээрээ хүрчээ. Тэнд ажилладаг энэ тооны хүн хагас жил цалингүй байгаа гэнэ. Тус боомт өнгөрсөн зургадугаар сараас эхлэн “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн газрын тосыг гаргаж буй хэрнээ нүүрс, жонш зэрэг бусад ашигт малтмал гаргах зөвшөөрлийг өгөхгүй байгаа гэнэ. “Ямар шалтгаанаар экспорт хийх зөвшөөрөл олгохгүй байгаагаа төрийн байгууллага тайлбарлахгүй, хариуцах төрийн алба олдохгүй байна” гэж Сүхбаатар аймгийн уул уурхайн компаниудын холбооныхон ярьж байна.   

Тус аймагт одоогоор 950 мянган тонн нүүрс, 31 мянган тонн жонш, 51 мянган тонн төмрийн хүдэр уурхай ачилтын талбай дээр ачигдахаа хүлээж буй бөгөөд нар салхинд хийсэж элэгдэн байгалийн баялаг үнэгүйдэж байна. Мөн 150 мянган тонн төмрийн хүдэр Бичигтийн боомтын хяналтын талбай дээр байгаа аж. Үүнээс болж  их хэмжээний нүүрс наранд халж, цогшиж 30 мянган тонн нүүрс шатсан байна. Энэ хэвээрээ удвал хээрийн түймэр үүсгэх аюул ойрхон байгаа гэнэ. Мөн эдгээр уурхайг дагаж орон нутгийн жижиг бизнесүүд, уурхайн ажилчдын гэр бүл орлогогүй олон сар болж байна.  

“УОК өнгөрөгч дөрөвдүгээр сард экспортын бүтээгдэхүүн тээвэрлэх түр журам гэж гаргасан боловч Сүхбаатар аймгийн Онцгой комисс, мэргэжлийн хяналтын байгууллагууд хөдлөхгүй хүнд суртал гаргаж байна” гэж “Наран мандах нутгийн уул” уул уурхайн баялаг бүтээгчдийн холбооныхон хэллээ. 
Сүхбаатар аймагт нүүрсний 15, хайлуур жоншны гурав, төмрийн хүдрийн хоёр компани болон таван тээврийн компани үйл ажиллагаа явуулдаг аж. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид