Улаанбаатар 1c

Б.Энхгэрэл: Гадаадад байгаа монголчууд онгоц, тусгаарлах байраа олсон ч УОК зөвшөөрөхгүй байна

Коронавирусийн улмаас олон мянган иргэн хилийн чанадад “түгжигдээд” буй. УОК-оос тусгай үүргийн онгоц хөөргөн, нэн тэргүүнд эх орондоо ирэх шаардлагатай иргэдийг авчирч буй ч энэ нь хангалтгүй байгаа юм. Иймээс гадаадад байгаа монголчууд эх орондоо ирэхийн тулд онгоц, тусгаарлах байр зэргээ олсон ч УОК хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Бид энэ талаар “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөл, Хөтөлбөр хөгжлийн хорооны дарга Б.Энхгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр мөн Энэтхэг Улс руу ажлаар явж, хил хааснаар тэнд 60 гаруй хоног амьдарсан байна. Мөн ирээд 35 гаруй хоног тусгаарлагджээ.

-Танай байгууллага хэдэн улсад байгаа монголчуудыг нэгтгэн үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манайх дэлхийн 60 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг монголчуудын 150 орчим төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага.

-Монголдоо ирэхгүй бол болохгүй хүнд нөхцөл байдалд орсон хэчнээн хүн танайд хандаад байна вэ?

-Нийт 3000 гаруй хүн бидэнд хандсан. Оюутнууд гэхэд сургууль нь хаалгаа барьж, дотуур байрнаасаа гаргачихсан байх жишээтэй. Цагийн ажил хийе гэхээр ажил олдохгүй хүнд нөхцөлд байна. Мөн гадаадад ажил хийдэг, эмчилгээ хийлгэж байгаа гэх мэт шалтгаантай хүмүүс эх орондоо ирэх шаардлагатай байгаагаа бидэнд уламжилсан. Гадаадад байгаа монголчууд маань хоорондоо нэгдэн, зохион байгуулалтад ороод ажиллаж байна. БНСУ-д л гэхэд тусгай үүргийн онгоцоор ирэх таван шаардлагыг хангаж байгаа 400 гаруй хүн бий. Энэ таван шаардлагад нийцэж байгаа 1000 гаруй хүний мэдээллийг бид цуглуулаад байна. Дээрх хүмүүсийн олонх нь тусгай үүргийн нислэгт багтаж чадаагүй. Энэ тоо нэмэгдэж байгаа.

 

Африкт нэг эмэгтэй ганцаараа гацчихаад байна

 

-Гадаадад байгаа оюутнуудын нөхцөл байдал ямар байна вэ. Унгарт байгаа оюутнууд хүнд байдалтай байгаа гэдэг үнэн үү?

-Унгарын Засгийн газрын тэтгэлгээр сурч төгссөн 78 оюутан тэтгэлэг нь зогссон болсон. Мөн нөхцөл байдлаа Унгарын Засгийн газарт уламжилж, тэтгэлгээ үргэлжлүүлэхийг хүссэн ч зөвшөөрөөгүй. Дотуур байрнаас нь гаргаж, оюутнуудын талаарх мэдээллийг Элчин сайдын яаманд мэдээлсэн. Амьдрах байргүй болсон оюутнуудын боломжтой хэд нь нийлж байр түрээсэлж байгаа гэсэн. Европ өртөг өндөр, мөн цар тахлаас үүдэлтэй ажлын байр хомсодсон. Дотоодынхоо иргэдийн ч ажлын байрыг хангаж чадахгүй байгаа учраас гадаадын иргэдийг ажилд авах сонирхолгүй байгаа. Иймээс ажил хийж ч чадахгүй байна. Ирэх хүсэлт гаргаад байгаа хүмүүс гадаадад урт хугацаагаар амьдардаг, тогтсон ажил, орон байртай хүмүүс биш. Эмчилгээ хийлгэж, сурах гэж, түр хугацаагаар ажил хийх гэж очсон хүмүүс байна. Манай улс гуравдугаар сараас хилээ хаасан. Тэгэхээр энэ хүмүүс байгаа газраа гацаж, санхүүгийн бэрхшээл маш их гарч байна. Хүнд өвчтэй, тухайн газраа хагалгаа хийлгэж, дараагийн олон сарын эмчилгээг тэр өндөр үнэтэй газар үргэлжлүүлэх боломжгүй хүмүүс ч бий. Зарим хүн эх орондоо ирсэн ч гэр бүлийнхэнтэйгээ ч уулзаж чадалгүй, нас барсан харамсалтай үйл явдал ч боллоо. Польшид мөн тэтгэлэг нь зогссоноос болж нэг залуу амиа хорлосон гэсэн. Гадаадад байгаа хүмүүс Монголоос өөр хаашаа явах юм бэ. Богино хугацаагаар төлөвлөж гадаад явсан хүмүүс энэ удаан хугацаанд тэр өндөр өртөгтэй оронд, таньж мэдэхгүй хүнтэй гацна гэдэг аймшигтай. Африкт нэг эмэгтэй ганцаараа гацчихаад байна гэсэн. Зүүн Өмнөд Азийн бүс нутаг буюу Малайз, Сингапур, Вьетнам, Тайланд зэрэг оронд байгаа хүмүүс хоорондоо холбогдож, Малайзын нисэх онгоцны компаниас онгоц авахаар болсон. Хэрвээ УОК онгоц хүрэлцэхгүй гэж байгаа бол бид өөрсдөө хямдхан онгоц олох боломжтой байна. Үүнийг УОК хүлээж авахгүй байгаа. Унгарын 78 оюутан тэнд ажиллаж, амьдардаг хүмүүс нийлээд 240 гаруй хүн Унгарын үндэсний агаарын тээврийн компани, мөн Бельги, Польшийн онгоцны компанитай холбогдсон. Онгоцны компаниудын нислэг зогссон учраас аль ч компани хүсэлтийг нааштай хүлээж авч байгаа. Мөн иргэд хэдэн хоногоор ч хамаагүй тусгаарлагдахад, түүнд шаардлагатай мөнгөө гаргахад бэлэн байгаа.

Европын бүсэд байгаа хүмүүс ч нислэгийн компанитай ярьсан. Эдгээр компанийн санал болгож байгаа нислэгийн үнэ манай Засгийн газрын үнээс хямд тусаж байгаа. Мөн тусгаарлах байрыг 2-3 ангилмаар байна. Арай боломжтой нь үнэтэйд нь, тэгээд дундаж, хямдхан гэх мэт байдлаар зохицуулах хэрэгтэй. Ямар ч төлөвлөгөө байхгүй, тэгсэн атлаа бүх зүйл нь нууцлалын зэрэгтэй. Юу болоод байгаа нь, цаашид энэ нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх нь мэдэгдэхгүй байна. Өвчтэй, настай хүмүүс, мөн үр хүүхдээ орхиод гадаадад ирчихсэн байгаа хүмүүс яах вэ. Түрүүчээсээ хүмүүс коронавирусийн халдвар авч, нас барж байна.

 

Хамгийн багадаа 4-4.5 сая төгрөг зарцуулж, эх орондоо ирж байна

-УОК ямар хариу өгдөг вэ?

-Гадаадад байгаа монголчууд Засгийн газар, УОК-т төрөл бүрийн аргаар хүсэлт тавьж байна. Гэхдээ гадаадаас онгоц хүлээж авахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн тусгаарлах байр, эмч хүрэлцэхгүй байна гэдэг. Мөн тэд ямар ч төлөвлөгөөгүй ажиллаж байна. Гуравдугаар сараас хойш хилээ хаасан хэрнээ энэ хугацаанд үлдсэн 10 мянга гаруй иргэнээ хэрхэн авах төлөвлөгөө байхгүй. Гал унтраах маягтай, хэсэгчилж нислэг үйлддэг. Нэг хүн хамгийн багадаа 4-4.5 сая төгрөг зарцуулж эх орондоо ирж байна. Үүнд, онгоцны хоёр талын тийзний мөнгө, тусгаарлах байрны нэг сая гаруй төгрөг, онгоцны буудлаас тусгаарлах байр хүргэх унааны зардал орно.

-Гадаадад байгаа иргэд тухайн орныхоо түүхийн дурсгалт газар үндэсний хувцсаа өмсөж, чимээгүй жагсаал хийж байгаа юм билээ. Хэчнээн улсад иргэд ийм байдлаар жагсаал хийгээд байна вэ?

-БНСУ-д иргэд Консулын газрын гадаа байрлаж, жагсаал хийж байгаа. АНУ-д, Унгарт байгаа монголчууд ЭСЯ-тайгаа холдбогдож, удаа дараа хүсэлт тавиад байна. Ер нь иргэд байгаа газраа дуу хоолойгоо хүргэж байгаа. Зарим нь олон улсын байгууллагад хандаад эхэлсэн. Гадаадад байгаа монголчууд хуулийн багтай болсон. Энд хүний эрх зөрчигдөж байна. Тиймээс хуулийн дагуу төр засагтаа хандахаар бэлдээд явж байгаа.

-Танайд гадаадад гацсан хэдэн иргэн байгаа талаарх судалгаа бий юү?

-Гадаадад гацсан иргэдийн фэйсбүүк групп гэж бий. Албан бусаар гадаадад  буй 12 мянга гаруй иргэн ирэх хүсэлтэй байгаа.

-Коронавирусийн улмаас амиа алдсан, эсвэл халдвар авсан хүний тухай мэдээлэл бий юү?

-Бий. Хоёр хүн нас барсан.

 

Тусгай үүргийн онгоцонд багтахын тулд мөнгө төлж байгаа талаарх мэдээлэл ирсэн

 

-Танай байгууллагын зүгээс иргэдийг эх оронд нь авчрахад хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” хил хааснаас хойш дуугарч эхэлсэн. БНСУ-д байгаа оюутнуудын асуудал, мөн энд ирсэн хойно нь хил хааснаар сургуулиа төгсөж чадахгүй болсон хүмүүсийн талаар Засгийн газар, УОК-т мэдээлэл хүргэсэн. Бид удаа дараа УОК-т төлөвлөгөө гаргаач, аливаа зүйлсээ баттай болгооч гэдэг хүсэлт гаргаж байгаа. Мөн гадаадад байгаа монголчуудад зориулан хандивын аян өрнүүллээ. Нэг хүн 10 мянган төгрөг гээд тодорхой хэмжээний мөнгө цуглуулсан. Үүнийг үнэхээр хүнд нөхцөлд байгаа, асуудал тулгарсан хүмүүст олгоод эхэлсэн.

-Тусгай үүргийн онгоцоор нисэх хүмүүст багтахын тулд мөнгө төлж байгаа талаарх мэдээлэл танайд ирсэн үү?

-Хэд хэдэн хүн ингэж хандсан. Гэхдээ нотлох баримт байхгүй байгаа учраас бид дэлгэж чадахгүй байна. Бид УОК-т үндсэн гурван шаардлага хүргүүлж байгаа. Сонгууль дууслаа, шинэ Засгийн газар бүрэлдлээ. Хэдий хүртэл энэ хүмүүсээ гадаадад түгжээтэй байлгах вэ. Нэгдүгээрт, УОК төлөвлөгөө гаргаач ээ. Байхгүй гэвэл гадаадад байгаа иргэдэд гаргасан шийдэл байна. Мөн Монголд буудлын хүрэлцээ байхгүй гэдэг. Гэтэл Зочид буудлын холбоотой холбогдохоор буудал байна. Ирэх гэж байгаа хүмүүс маань буудлаа хүртэл олоод ирж болж байна.Хоёрдугаарт, УОК-т иргэний байгууллагаас хяналт тавих иргэдийн төлөөллийг, гадаад байгаа иргэдийг оруулж, шилэн байлгах хэрэгтэй байна. Энэ хүмүүс бодит байдлыг ярина шүү дээ. Гадаадад нислэг ирэх зөвшөөрлийг олгооч гэж хүсье. Мөн зардлыг бага байхад анхаараач.

Монголчууд ази хүн гэдгээрээ гадуурхагдаж, хүнсээ авах боломжгүй болж байсан

 

-Та Энэтхэг Улсаас тусгай үүргийн онгоцоор ирсэн гэсэн. Энэтхэгт нөхцөл байдал ямар байсан бэ?

-Би хувийн ажлаар богино хугацаагаар Энэтхэг явсан. Уг нь нэг сар болох байсан ч хоёр сар болсон юм. Мөн ирээд 35 хоног тусгаарлалтад байлаа. Хүний нутагт хэзээ явах нь тодорхойгүй байна гэдэг хэцүү. Миний хувьд харьцангуй гайгүй нөхцөлд байсан. Гэтэл тэнд монголчууд ази хүн гэдгээрээ гадуурхагдаж, хоол хүнсээ авах боломжгүй болж байсан

 -Тусгай үүргийн онгоцоор ирэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байв. Тусгаарлах байрны нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Би зургадугаар сарын дундуур Монголд ирсэн. Онгоц зөвхөн Делигээс нислэг үйлдэнэ гэсэн. Жишээ нь, би Энэтхэгийн хамгийн урд талын хотод байсан. Тэгэхээр Дели рүү ирэх гэж хот хооронд явна, дээрээс нь энэ хугацаанд халдвар авах эрсдэлтэй болж байгаа юм. Түүнчлэн тусгай үүргийн онгоцны зардал хэт өндөр байна. Ажилгүй, хүний нутагт олон сар болсон хүнд зардал өндөр байхаар ирэхэд мөн л хүндрэлтэй болж байна.Энэтхэг дэх монголчууд маш сайн зохион байгуулалтад орсон. Бид нислэг ирэхгүй  юм байна гэж бодож байсан. Тэгээд хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж, Энэтхэгт нөхцөл байдал хүндэрснийг мэдээлсэн. Ингээд Энэтхэгт байгаа бүх хүнээ татахаар хоёр онгоц ирэхээр болсон. Мөн Энэтхэгийн ЭСЯ тусгай үүргийн нислэгт багтаж байгаа хүмүүсийн нэрийг хуудсан дээрээ нээлттэй тавьсан. Гэтэл бусад газраас ирж байгаа хүмүүсийн нэрсийг яагаад ил тавьж болохгүй байгаа юм бэ. Энэ мэдээлэл шилэн байх ёстой. Иргэдийг ялгамааргүй байна. Миний хувьд хотын төвд буудалд байрласан учраас нөхцөл байдал дажгүй байсан.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Яагаад уок зөвшөөрөхгүй байгаа юм бэ тэр учраа хэлээчээ яагаад онгоц байр нь бэлэН гэж бна ш дээ
    2020 оны 07 сарын 13 | Хариулах
Нийтлэлчид