Улаанбаатар 1c

Шинэ аварга П.Бүрэнтөгс түрүү бөхийн нэрэмжит “Тоёота" маркийн автомашиныг НЭМГ-т гардууллаа

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр ажилласан  “Тоёота мотор корпораци”-иас хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит “Тоёота” маркийн “Хиасе” автомашиныг өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгөв. Тус арга хэмжээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс нар оролцлоо.

 Энэхүү автомашин нь зорчигч тээврийн зориулалт бүхий 16 хүний суудалтай, албаны хэрэгцээнд ашиглахад нэн тохиромжтой бөгөөд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээг дэмжих, уялдаа холбоог сайжруулахад  ашиглах аж.

Ялангуяа “Ковид-19” халдварын үед нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нээсэн эрүүл мэндийн хяналт, гэрийн тусгаарлалт болон эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хариуцан ажиллаж буй энэ цаг үед чухал хэрэгцээтэй болохыг НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар онцлов. “Тоёота Сэйлс Монголиа” ХХК болон Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс нарт  эрүүл мэндийн байгууллагын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудынхаа өмнөөс талархал илэрхийлж байна хэмээн Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Тулга
    Маш их баярлалаа.
    2020 оны 07 сарын 13 | Хариулах
Нийтлэлчид