Улаанбаатар 1c

Д.Манлайбаатар: Аавынхаа шалгаж байсан хүн амины хэргийг би 20 жилийн дараа илрүүлсэн

Цайны сүү залгадаг саалийн ганц үнээгээ алдаад, хар цай ууж суугаа эмээгийн төрхийг харах хэцүү 

Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ойн баяр тохиож буйтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Манлайбаатартай ярилцлаа. Тэрбээр Цагдаагийн Ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн анхны даргаар томилогдон ажиллаж байсан юм.
 
-Сайхан наадсан уу. Танд Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ойн баярын мэнд хүргэе? 
-Сайхан наадлаа. Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн алба, албан хаагчдын тэмдэглэлт ой тохиолоо.  Монгол Улсын өнцөг булан бүрт алба хааж байгаа мөрдэс нэгт нөхөддөө болон үе, үеийн хамтран ажиллаж байсан бие бүрэлдэхүүндээ Цагдаагийн байгууллагын 99 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монголын цагдаа энэ жил маш хүнд хэцүү үеийг даван туулж байна. Учир нь, хөдөө орон нутагт зуд, турхан боллоо. Суурин газруудад төвлөрсөн дэд бүтэц, эдийн засагт нөлөөлсөн цар тахал нүүрлэлээ, залгуулаад хавар цагт гол усны үер, гал түймэр их гарлаа. Энэ бүх цаг үед ямагт тэргүүн эгнээнд нь байж, хүнд хэцүүг давж чадсан цагдаагийн алба хаагчдаараа маш их бахархаж байна. 

-Цагдаагийн байгууллагад удирдах албан тушаал хашна гэдэг боловсролтой хүний хийх ажил. Таны боловсролын талаар яриагаа эхлье?
-Би Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул хүн. Улаанбаатар хотод төрж, өсөж, боловсрол эзэмшсэн. Одоогийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийг анхны аравдугаар ангийн төгссөн. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, удаах гурван жилд нь Цагдаагийн дээд сургуульд сурсан. Тухайн үеийн нийгэм, цаг үеийн шаардлагаар 1995 онд буюу жилийн өмнө төгслөө. Хүн боловсролдоо ханаж болохгүй гэж боддог болохоор 1999-2001 онд Удирдлагын академи, 2004 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академийн удирдах ажилтны түргэвчилсэн курсыг төгссөн. Гэвч нийгэм, цаг үеийн хөгжил дэвшлээс хоцрохгүйн тулд дахин боловсрол эзэмших шаардлага гарсан. Ингээд 2007 онд БИС-д нийгмийн чиглэлээр магистерийн зэрэг хамгаалсан.

-Цагдаагийн байгууллагад 29 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байгаа гэж сонссон. Ажлын гараагаа анх хаанаас эхэлж байв?
-Гарын арван хуруунд багтахааргүй олон газар ажилласан шүү. Тэр бүхнийг яривал бид хоёрын ярилцлагын ихэнх цагийг авна. Нийтдээ 16 газар төрийн томилгоо авч ажилласан байдаг. Үүнээс орон нутагт дөрвөн удаа томилогдон ажилласан. Ажлын гараагаа 1995-1996 онд тухайн үеийн Хүн амины гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр эхэлсэн. Баянзүрх дүүргийн эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгчөөр ажиллаж байлаа. Цагдаагийн алба хаагч өөрийн хүслээр хаана ажиллахаа шийддэггүй. Удирдах дээд байгууллага хаана томилно тэр газар нь ажиллана. Тухайлбал, би 2000-2003 онд Дорнод аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн ажил эрхэлсэн дэд дарга, 2003 онд БЗД-ийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, 2003-2005 он хүртэл Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын даргаар, 2005-2013 он хүртэл Дорнод аймгийн Цагдаагийн газрын даргаар ажилласан. 

-Цагаан зээр шиг нүүдэллэсэн байх нь ээ? 
-Ажил, мэргэжлийн минь онцлог юмдаа. Ингээд зогсохгүй 2013-2015 он хүртэл Эрүүгийн цагдаагийн газрын Эрэн сурвалжилах хэлтсийн дарга, Дорноговь аймгийн цагдаагийн газрын дарга, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга, Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн даргаар томилогдож байлаа. Мөн бахархууштай зүйл гэвэл, Цагдаагийн Ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн анхны даргаар ажиллаж байв. Одоогоор Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байна. Ингээд бодоход үе үеийн төр засгийн бодлого шийдвэр, ЦЕГ болон НЦГ-ын удирдлага дор, тэднээс дэвшүүлсэн зорилго зорилтыг хангахын хүрээнд өөрийн хүсэл эрмэлзэл, гэр бүл, найз нөхдийн дэмжлэгээр төрийн албыг цалгардуулалгүй энэ олон жил зүтгэсэн. Цаашид ч зүтгэсээр байх болно. 

-Ямар ч хүн томилолт авч ажлын байр өөрчлөгдөх бүрт гэр бүлийн асуудал хөндөгддөг. Олон жилийн нүүдэл суудал гэр бүлийн хүнд тань амаргүй байсан болов уу? 
-Миний хань Э.Адъяасүрэн эмэгтэйчүүдийн эмч. Бүх нийтийн амралт тохиож хүмүүс таван өдөр амарч байхад бид хоёр нэг өдөр нь л хоорондоо таарна даа. Би наадмын хамгаалалтад гарчихна эсвэл эхнэр маань жижүүр эмчээр ээлжтэй байна. Нэг нь эрүүлийн манаанд, нөгөө нь энхийн манаанд манай гэр бүл зүтгэж л байна. Бид хоёр сайхан охинтой. Идэр залуу насандаа газар сайгүй томилогдож байсан болохоор хүүхдүүд маань хэнз. Тодруулбал, том охин маань I-II ангидаа миний ажил солигдсоноос болж дөрвөн удаа сургуулиасаа шилжсэн. Дорнодоос Улаанбаатар, Улаанбаатараас Дорноговь, буцаад хот руу гэх мэт. Хичээлийн дундуур нааш, цаашаа шилжилт хөдөлгөөнд орно. Хотод ирэхээр өөрийн оршин суух хаяг тодорхой бус болохоор сургуульд оруулах асуудал хэцүү байлаа. Сүүлийн таван жил Улаанбаатар хотод тогтвортой суурьшиж, одоо л амьдрал цэгцэрч байна даа.  Энэ их ажлын хажуугаар хоёр охиндоо анхаарал хандуулж, намайг халамжилдаг ханьдаа үргэлж талархаж явдаг.

-Цагдаа, цэргийн хүмүүс ихэвчлэн үе дамждаг мэт санагддаг. Таны аав ч бас хурандаа хүн байсан гэж сонссон? 
-Миний аав цагдаагийн алтан сайхан мөрдэсөөр 45 жил чимсэн цагдаагийн хурандаа хүн байсан. Намайг цагдаа болоход аав маань тэр үеийн офицер суран бүс, морьтой хуучин сүлд хоёрыг өгөөд “Цагдаад ажиллая гэвэл ганцхан сэтгэлээ зориулах ёстой” гэж захиж байлаа. Энэ цөөхөн үг л магадгүй өнөөдрийн намайг бүтээсэн гэж боддог. Тэртээгээс өдий хүртэл, цаашид ч аавын минь энэ захиас ажлын маань чиг баримжаа болж явах болно. Аав маань миний 1999 онд илрүүлсэн гэмт хэргээр үргэлж бахархдаг байлаа. 

-Ямар хэрэг юм бол? 
-1979 онд хуучнаар ажилчны районы I хороо Улаан гүүр (одоогийн Маршалын гүүр)-ны хажууд Т.Ө гэгч хүн бусдад алуулсан хэрэг гарлаа. Аав маань анх энэ хэрэг дээр ажиллаж байсан. Аавынхаа нээж, шалгаж байсан хүн амины хэргийг би 20 жилийн дараа илрүүлсэн. Цагдаагийн ажил бол ганц хүний ажил биш. Энэ хэрэг дээр  хамт олон, гэрч, иргэдтэйгээ хамтарч ажилласны хүчинд илрүүлсэн гэж боддог. 

-Аавыгаа хөдөөлүүлснээс хойш төрсөн нутаг, уул усанд нь очиж чадалгүй долоон сар гаруй боллоо хэмээн харуусаж байхыг тань сонслоо. Цагдаагийн ажлын хүнд хэцүү, сайхан нь юундаа оршдог вэ? 
-Хүнд гэж бодсон бүхэн хүнд шүү дээ. Цагдаагийн алба гэдэг нь өөрөө хүнд алба. Яагаад гэвэл, цагдаад хэн ханддаг вэ. Дандаа хохирсон, гомдсон иргэд, байгууллагууд ханддаг. Цагдаагийн ажил амаргүй болохыг би Дорнод,Говь-Алтай аймагт ажиллаж байхдаа маш гүнзгий ойлгож, мэдэрсэн. Энэ албыг авч явахад найдвартай ар гэр,хамт олон, сэтгэл байх ёстой. Тухайлбал, Дорнод аймагт хил дамнасан малын хулгай маш их гарна. Тус гэмт хэрэгтэй тэмцэх гэж Дорнод Монголын буюу урд хилээр Хятад Улстай хиллэдэг хил орчмын бус нутгаар гурван алба хаагчтайгаа 22 хоног морины нуруун дээр хэрэг шалгаж, өдөр шөнөгүй явж байсан. Залуу насны эрч хүчээр л туулж өнгөрүүлсэн дээ. Мөн Говь-Алтай аймагт 2003-2004 онд дөрвөн хүний амь насыг хохироож, нийгмийг айдаст автуулсан Шаргын гэгдэх хэрэг, долоон хүний амь насыг хохироосон хэргүүдэд хамт олноо зохион байгуулж биeчлэн ажиллаж байлаа. Гэмт хэргийн хохирогч болж амиа алдсан иргэдийг харж зүрх шимшрэн зогсох тэр мөчид ажил мэргэжлийнхээ онцлог, хүнд хэцүүг хүлээн зөвшөөрдөг юм билээ. Тэр хэрээрээ хат сууж, ирлэгдсэн байх л даа.

-Зүрх шимшрэн зогсох мөчид мэргэжлийнхээ хүнд хэцүүг хүлээн зөвшөөрдөг гэлээ. Өр эмтрэм хагацал, хүн итгэмгүй гэмт хэрэгтэй олон таарсан байх. Уншигчдад сэрэмжлүүлэг болгох үүднээс жишээ хэлж болох уу? 
-Нийгэм тэр чигтээ хүн амины болон хүнд гэмт хэргүүдийг ярьж, цуурдаг. Гэхдээ цайны сүү залгадаг саалийн ганц үнээгээ алдаад, хар цай ууж суугаа эмээ, ус зөөдөг дөчийн бидоноо алдчихаад уух усгүй суугаа өрх толгойлсон эмэгтэйн дүр төрхийг харах хамгийн хэцүү.

-Цагдаагийн ажлыг нэг үгээр илэрхийлбэл? 
-Үндсэн хуульд “Шашин Төрөө хүндэтгэж, Төр шашнаа эрхэмлэнэ” гэсэн заалт байдаг. Гэмт хэрэг зөрчлийн улмаас хохирсон иргэдэд үйлчилгээ үзүүлдэг учраас би Цагдаагийн байгууллагыг “Төрийн хар лам” гэж боддог. 

-Ажиллаж байсан байгууллага бүр тань сайхан дурсамж үлдээсэн байх. Санаанаас гардаггүй хамт олон гэж байдаг даа. Тэднийхээ тухай дурсахгүй юу? 
-Тэгэлгүй яах вэ. Би эрүүгийн албанаас тэр дундаа онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшиж ажилласан. Гэнэт асуухад их тулгамддаг юм байна. Миний сэтгэлд үргэлж ойр хоёр газар бий. Эхнийх нь, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч хийж байсан цаг үе маань эргэн дурсахад их сайхан. Их сургуулийн нэг анги төгссөн 13 залуу хамт ажиллаж байлаа. Тэндээс л хамт олон гэж юу байдаг, удирдах албан тушаалыг хэрхэн хашдаг, ажлын “амт” ямар байдгийг мэдэрсэн. Мөн Дорнод аймгийн цагдаагийн газарт хамт олныг манлайлж, чиглүүлж үүрэг гүйцэтгэлийг ханган биелүүлэхэд юу шаардлагатай вэ гэдгийг бие, сэтгэлээрээ ойлгож авсан. 

-Хан-Уул хөл хөдөлгөөн ихтэй дүүрэг. Танай дүүрэгт гэмт хэргийн гаралт ямар түвшинд байна вэ? 
-Цар тахалтай холбогдуулан энэ оны дөрөв, тавдугаар сард олон улсын шинжээчдийн баг манай улсад ажилласан. Хүн амын хөдөлгөөний судалгаагаар “Хан-Уул дүүрэг нь нийгмийн харилцаанд орж буй хүн амын  хөдөлгөөн ихтэй дүүрэг юм” гэдэг дүгнэлт гарсан байна. Оршин суугаа хүн амын хувьд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргээс харьцангуй бага буюу 220 мянга орчим хүн амьдардаг. Богдхан уул, Туул голын сав газарт орших эко дүүрэг гэдгээрээ иргэдийн оршин суух сонирхлыг их татдаг. Мөн гадаад, дотоодын жуулчин, зочид төлөөлөгчдийг угтан авах эхний бүс нутаг. Тодруулбал, олон улсын галт тэрэг ирдэг төмөр зам, агаарын тээвэр хүлээж авах, нисэх онгоцны буудалтай гэдгээрээ хариуцлага өндөр. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар хоёр хэлтэстэй. Манай дүүрэгт залилах төрлийн буюу өмчийн эсрэг гэмт хэрэг их гардаг. Нисэх, Яармаг, Биокомбинат, Шувуун фабрик талруугаа ахуйн хүрээний гэмт хэрэг, малын хулгайн гэмт хэрэг цөөнгүй үйлдэгддэг. Манай бие бүрэлдэхүүн төр засаг, ЦЕГ, НЦУГ-аас гаргаж байгаа бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангахын тулд боломжит бүх хэлбэрээр буюу хуулиар зөвшөөрсөн бүхнийг гүйцэтгэн ажиллаж байна. 

-Сүүлийн жилүүдэд Цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх, нөлөөллийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна. Танай дүүрэгт бодит үр дүн гарч байгаа юу? 
-Гэмт хэрэгтэй тэмцэх гэдэг нь урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх гэсэн гурван үгний цогц юм. Хамгийн эхэнд хэлэгдэж буй урьдчилан сэргийлэх ажил төсөв хөрөнгө, хүн хүч бага зарцуулж, ард иргэдийн ухамсарт нөлөөлж буй хэлбэр. Энэ ч утгаараа ЦЕГ-аас олон контентийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Цагдаагийн байгууллага дангаараа биш олон салбар институдээс туслалцаа авч энэхүү ажиллагааг явуулсан. Мөн дотооддоо үйлдэгдсэн гэмт хэргээс дараагийн гэмт хэргийг таслан зогсоох тал дээр түргэн шуурхай хандах, таслан шийдвэрлэх, хохирлыг барагдуулах ажлыг үе шаттайгаар явуулсан. Үүний үр дүнд ХУД-ийн хэмжээнд гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 384 нэгж хэргээр буюу 25 орчим хувиар буурсан. 

-Хурандаа цолоор мөрдэсээ чимэх хүртэл чамгүй их хөлс урсгаж, олон гавьяа байгуулсан байх. Амжилтаасаа товч дурдвал? 
-Хурандаа эрхэм цол. Миний хувьд арван жилийн өмнө энэ цолоор шагнуулсан. Тухайн үедээ залуухан хурандаа нарын нэг гэдэг байлаа. Энэ цолыг хүртэхэд миний төдийгүй хамт олон, гэр бүлийн минь хүч хөдөлмөр шингэсэн. Тийм ч учраас хурандаа цолондоо хайртай. Энэ хүнд албанд бие сэтгэлээ зориулсан болохоор хайрлахаас ч өөр аргагүй. Амжилт гэвэл нэг жилийн хугацаанд 217 хэрэг илрүүлж, 1998 оны Эрүүгийн цагдаагийн газрын “Ажил мэргэжлийн аварга” болж байсан. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрыг удирдаж байхдаа Цагдаагийн салбарын улсын тэргүүний байгууллагаар шалгарч байсан. Дорнод аймгийн цагдаагийн газар 12 жил тасралтгүй амжилт гаргасан байдаг. Бие бүрэлдэхүүн хамт олны хувьд ийм байна. Хувь хүний зүгээс бол Цагдаагийн гавьяа, Цэргийн гавьяаны одон, Цэргийн гавьяаны Улаан тугийн одон зэрэг цагдаагийн алба хаагчийн авч болох шагналуудаас хүртсэн. Сонсогчоос хурандаа хүртэлх цолоо хугацаанаасаа өмнө авснаараа бахархдаг. 

-Ажил мэргэжил бүрт ёс зүй, хэм хэмжээ гэж бий. Цагдаагийн алба хаагчийн ёс зүйгээс илүүтэй цагдаа хүний мөн чанар ямар байх ёстой вэ? 
-Тухайн хийж буй ажилдаа хүндэтгэлтэй, чин сэтгэлээсээ хандах гэж боддог. Учир нь “Цагдаа” гэдэг нэр дор ёс зүй, дэг журам, сахилга бат бүхэлдээ багтаад ирдэг. 

-Тангараг өргөх, хүндэт цол тэмдгээр шагнуулж төрийн далбаа, сүлдэндээ ёслох тэр мэдрэмжийг хүн бүр мэдэрдэггүй. Тэр цаг мөчид юу бодогддог вэ? 
-Би хамгийн сүүлд 2018 оны долдугаар сарын 6-ны өдөр Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан. Тэр үед Есөн хөлт цагаан тугандаа сөгдөж, адис авсан. Ер нь цагдаагийн албан хаагчийг үргэлж төрийн сүлд ивээж, магнай дээр нь оршдог. Төрийн сүлдэнд мөргөнө, тангараг өргөнө гэдэг нь мөрдэс зүүсэн албан хаагч бүрт бахархал, омогшил төрүүлдэг байх. Ээж, хань хоёр маань намайг эрсдэлгүй, эсэн мэнд ажлаа хийгээд ирээсэй гэж бодож, сүүнийхээ дээжийг өргөдөг. Энэ ч утгаараа миний хувьд Төрийн их сүлдэнд мөргөхийг ижийнхээ ангир уурагтай адилтган боддог.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Монголын цагдаад энэ хүнийг хаана ч хүлээн зөвшөөрнө. Хэрэв хүчирхэг, цэвэр төртэй байя гэвэл энэ хүнээр цагдааг удирдуулах хэрэгтэй дээ. Ийм шударга, чадвартай удирдах ажилтан цагдаад ховордсон. Дандаа улс төр дагасан бөгс долоогч болсон доо
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
Нийтлэлчид