Улаанбаатар 1c

Хадлангийн трактор 7.5-90 сая төгрөгийн ханштай байна

Малчдад хөнгөлөлттэй үнээр олгох трактор байхгүй

Наадмын олон хоногийн амралт дуусаж, өвөлжилтийн бэлтгэл ажил эхэлж буй энэ үед хадлан хадах техник, хэрэгсэл, малчдад хөнгөлөлттэй үнээр олгогдож байгаа трактор, хадуур, тармуурын үнэ ханшийг сурвалжиллаа.

Бид малчдын хамгийн их үйлчлүүлдэг “Нарантуул” олон улсын худалдааны төвийн урд байрлах хөдөө аж ахуйн техник, хэрэгслийн дэлгүүрийг зорив. Эл хэсэгт хөдөө аж ахуйн техник, хэрэгсэл зардаг хоёр ч газар бий. Харин сэлбэг борлуулдаг хэд хэдэн лангуу байдаг гэнэ. Тракторын сэлбэг, хэрэгслийн үнэ судалсан малчин, техникийн захиалга авахаар зорьж буй худалдагч биднийг угтав. “Ногоон, улаан пад тракторын дугуй, чагтан холбоос, ремень байна уу” гэсэн хэд хэдэн худалдан авагч холхилдож байлаа. Тэд “Улаан тракторынх яг мөн үү. 

Өнгөрсөн жил зөөлөн холбоос авахад “Улаан тракторынх яг мөн” гэж хэлээд өгсөн. Гэтэл хоёр хуруу хэртэй багадаж байсан шүү. Энэ улаан трактор чинь зарим сэлбэг нь таарахгүй их зовлонтой юм. Үнийг нь хүчирдэг бол дахин ногоон трактор авахгүй юу. Сэлбэг нь олдоц сайтай амар байдаг юм” гэсээр худалдагчид учирлаж байв.

Тракторын сэлбэг 3-350 мянган төгрөгийн үнэтэй

Бид иргэдийн худалдан авалт болон техник, сэлбэгийн ханшийн талаар “Шинэ ундрах булаг трейдинг” компанийн захирал Ц.Энхмаагаас тодруулахад “Жилээс жилд хөдөө аж ахуйн техник, хэрэгслийн борлуулалт муудсан. Энэ жил ялангуяа хил хаалттай байгаа учир бид өнгөрсөн хоёрдугаар сард ганц л удаа сэлбэг захиалсан. Ингэхдээ олон тоо ширхгээр авчрах боломж байгаагүй. Урд хөршийн үйлдвэрүүд ажиллахгүй байгаатай холбоотой бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт багассан. Мөн иргэдийн хамгийн их авдаг хадлангийн ногоон тракторыг үйлдвэрлэхээ больчихсон. Үйлдвэрлэлээ гэхэд хамгийн багадаа дөрвөн ширхгийг захиалж байж үйлдвэрлэх юм билээ. Худалдан авалт буурсан учраас бидэнд дөрвөн трактор захиалах хүн олдохгүй байгаа тул энэ жил ганц ч тракторын захиалга аваагүй.

Анх 2012 онд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу 8000 гаруй бага оврын трактор, 250 орчим хадуур, тармуур, анжсыг урд хөршөөс авчирч, малчид болон тариаланчдад хөнгөлөлттэй үнээр худалдаалсан. Тус бага оврын тракторын үнэ нь таван сая төгрөг бөгөөд урьдчилгаа 20 хувь буюу нэг сая төгрөгийг төлөөд, үлдэгдэл дөрвөн саяыг дөрвөн жилийн хугацаанд хувааж өгөх боломж бүрдүүлсэн юм. Мөн хадуур,тармуур болон анжсыг нийтэд нь 1.5 сая төгрөг төлөөд авч байсан. Энэ үеэр манай компани тракторын сэлбэг хэрэгсэл худалдаж байлаа. Одоо бол трактор нь ч муудсан, сэлбэг нь ч үнэд орсон тул шинэчлэл хийх хэрэгтэй байгаа. Манайд борлуулж байгаа сэлбэгүүд 3-350 мянган төгрөгийн үнэтэй.

Тухайлбал, иргэдийн хамгийн их авдаг дугуйны шаариг 10-25 мянга, зөөлөн холбоо 15, том дугуй 350, жижиг нь 110 мянган төгрөгийн үнэтэй худалдаж байна. Мөн хадуурын ир 50 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Ийм үнээр худалдаж байсан ногоон пад тракторын үнэ одоо 10 сая, хадуур, тармуур 2.6 сая болсон. Тэгэхээр иргэд хадлангийн үед хэрэглэх техник хэрэгсэлтэй болохын тулд 12.6-13 сая төгрөг хэрэгтэй болж байгаа юм” гэлээ. Мөн тэрбээр “Өнгөрсөн жил хэд хэдэн тракторын захиалга авч байсан. Гэтэл энэ хавраас үнэ нь дийлдэхээ больсон. Харин цөөн тооны хадуур, тармуур оруулж ирж байгаа. Гэхдээ үнэ нь өнгөрсөн жилээс 250-500 мянган төгрөгөөр нэмэгдсэн учир иргэддээ боломж олгох үүднээс зээлээр өгөхөөр төлөвлөөд байна. Ирэх биш хэдэн малдаа өвс авахын тулд зээлээр ч болтугай авах байх” гэв. Тус компани нь хөдөө аж ахуйн техникийн захилга авч, 14 хоногт иргэдэд нийлүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, бэлэн худалдаж байгаа трактор, хадуур, тармуур байхгүй гэсэн үг.

Харин эл захад үйл ажиллагаа явуулдаг “Цагаан мөрөн” хөдөө аж ахуй, уул уурхай худалдааны төвийн гадна талд том оврын цэнхэр өнгийн трактор, 20 морины хүчин чадалтай улаан пад трактор байлаа. Том оврын тракторын үнэ 90 сая бол улаан өнгийн пад 7.5 сая гэж байв. Мөн улаан өнгийн пад трактор нь хоёр янз байдаг бөгөөд 20, 25 морины хүчин чадалтай гэдгээрээ ялгаатай аж. Тус дэлгүүрийн үйлчлүүлэгч Завхан аймгийн Түдэвтэй сумын малчин Г.Гансүх гуай трактортаа сэлбэг авахаар иржээ. Тэрбээр “Би “Нарантуул” захын урд байрлах “Шинэ ундрах булаг трейдинг” гээд дэлгүүрээс тракторын жижиг дугуй 110 мянган төгрөгөөр худалдаж авлаа. Үнэ нь  өөрчлөгдөөгүй л юм шиг байна.

Манайх таван жилийн өмнө ногоон пад трактор зээлээр авсан. Харин жил бүр л ойр зуурын том, жижиг дугуй, уян холбоос, шаариг зэрэг сэлбэг хэрэгтэй болж байна. Гэхдээ дугуйг тэр бүр солиод байхгүй. Мөн орон нутагт тракторын сэлбэг худалддаг газар байдаггүйгээс болоод заавал хадлангийн үеэр хот ирэх болдог. Одоо манай сумынхан хадлангаа бэлтгэх гээд техник хэрэгслээ сэлбэж, засаж байгаа. Наймдугаар сарын эхний долоо хоногт хадлангаа хадаж эхэлнэ. Харин энэ дэлгүүрийн гадаа байгаа тракторын үнийг сонирхохоор ирсэн юм. Нутаг сэлбэж буух санаатай, үнэ ханш нь давгүй байвал хүүдээ трактор авч өгдөг ч юм уу гэсэн бодолтой байлаа. Гэхдээ тракторын үнийг дийлмээргүй болж байгаа юм уу даа” гэв.

“Хөнгөлөлттэй үнээр трактор авах иргэдийн хүсэлтийг гуравдугаар сараас авч эхэлсэн. Харин тавдугаар сард Засгийн газрын 138 дугаар тогтоол гарч,тухайн сард нь хөнгөлөлттэй үнээр трактор олгосон. Тодруулбал, малчид, тариаланчдад зориулсан тракторыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоод дууслаа. 18 мянган ам.долларын тракторыг 50 хувь хөнгөлж, хөнгөлсөн төлбөрийг 100 хувь төлсөн малчин, тариаланчдад олгосон.

Улаанбаатар хотод хөдөө аж ахуйн сэлбэг, техник зардаг цөөхөн хэдэн компани байдаг гэнэ. Харин орон нутагт ховор. Бид  Дархан-Уул аймгийн “Хөдөө аж ахуй сэлбэг, тоног төхөөрөмж захиалгат худалдаа” дэлгүүрийн утсаар холбогдож орон нутагт техник, хэрэгслийн борлуулалт, захиалга ямар байгаа талаар тодруулахад “Баяр наадам дөнгөж дууссан учир хадлангийн бэлтгэл ажил одоогоор эхлээгүй байна. Мөн наадмын үеэр л бороо орж, ногоо ургаж эхэллээ. Иймд иргэд бэлтгэл ажилдаа төдийлөн яарахгүй байх шиг. Өнөөдөр (өчигдөр)-өөс л ганц, хоёр хүмүүс сэлбэг асууж эхэлж байна.

Манайх хятад трактор болон сэлбэг зардаггүй. Зөвхөн хойд хөршийн үйлдвэрийн техник хэрэгслийн захиалга авдаг. Зарим улсын техник хэрэгсэл сэлбэг олдох нь тун муу учраас иргэд олдоц сайтайгаар нь орос техник сонирхох нь ихэссэн. Энэ жил сэлбэгийн үнэ эрс нэмэгдсэн. Учир нь, өөрсдөө хойшоо яваад, сэлбэгээ аваад ирдэг байсан бол тийм боломжгүй боллоо. Захиалгаар авч байгаа болохоор үнэ нэмэгдсэн гэж ойлгож болно. Оросын хадланд зориулсан шинэ тракторын үнэ хамгийн доод тал нь 85 сая. Гэхдээ бас хэдэн морины хүчин чадалтайгаасаа хамаараад үнэ нь өөр. Харин хадуур, тармуурын үнийг сайн мэдэхгүй байна” гэлээ.

Малчид, тариаланчдад хөнгөлөлттэй үнээр трактор олгоод дуусжээ

Хадлангийн техник хэрэгслийг зээлийн нөхцөлгүйгээр зардаг аж ахуйн нэгжүүдийн хувьд ийм байна. Харин Хөдөө аж ахуйг дэмжих сангаас малчдад ямар тусламж үйлчилгээ явуулж байгаа талаар тус сангийн мэдээллийн ажилтнаас тодруулахад “Хөнгөлөлттэй үнээр трактор авах иргэдийн хүсэлтийг гуравдугаар сараас авч эхэлсэн. Харин тавдугаар сард Засгийн газрын 138 дугаар тогтоол гарч,тухайн сард нь хөнгөлөлттэй үнээр трактор олгосон. Тодруулбал, малчид, тариаланчдад зориулсан тракторыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоод дууслаа. 18 мянган ам.долларын тракторыг 50 хувь хөнгөлж, хөнгөлсөн төлбөрийг 100 хувь төлсөн малчин, тариаланчдад олгосон. Дандаа газар тариаланд зориулсан 50, 70, 80, 90 морины хүчин чадалтай трактор байсан.

Одоогийн байдлаар дахин трактор хөнгөлөлттэй үнээр олгох талаар мэдээлэл байхгүй. Бид трактор болон хөнгөлөлттэй үнээр олгох техник, хэрэгслийн мэдээллийг цаг тухай бүрт нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийн сайтдаа байршуулдаг. Иргэд тэндээс Хадлангийн техник гэсэн хэсгээс мэдээлэл авч, авах техник, хэрэгслийн хүсэлтээ өгдөг юм. Мөн Хятадын хадуур, тармуур хөнгөлөлттэй үнээр олгоод дууссан. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй үнээр олгох техник хэрэгсэл байхгүй. Харин үндсэн үнээрээ зарж байгаа Оросын хадуур, тармуур бий. Өмнө нь иргэдэд зээлээр олгосон ногоон өнгийн пад трактор одоогийн байдлаар орж ирээгүй байна. Ирэх эсэхийг ч мэдэхгүй” хэмээлээ.

Мөн "Өвөлжилтийн бэлтгэл ажил болон хадлангийн асуудалтай холбоотойгоор Засгийн газрын тогтоол гараагүй байна. Засгийн газрын төсөлд бид санал авч байгаа. Үүнд хадлангийн тухай асуудлыг тусгасан. Энэ долоо хоногтоо багтаад тогтоол гарах байх. Гэхдээ хадлангийн ажил эхлэх болоогүй байна” хэмээн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга  хэлэв. 

Худалдаачдын хувьд жилээс жилд иргэдийн худалдан авалт буурч байгаа талаар хэлж байсан бол иргэд техник, хэрэгслийн үнэ нэмэгдсэн талаар ярьж байлаа. Харин салбарын яам, дэмжих санд одоогийн байдлаар иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгох трактор, тармуур, хадуур байхгүй байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид