Улаанбаатар 1c

Ж.Оюунцэцэг: “Жи-Тайм”-ын хохирогчдын хохирлыг шүүгдэгчээс хураасан хөрөнгөөс хувь тэнцүүлэн барагдуулна

“Жи-Тайм” сүлжээний гэгдэх хэрэг буюу шүүгчдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 17-нд хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Шүүхийн шийдвэрийн талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэгээс тодрууллаа. 

-“Жи-Тайм” сүлжээний хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Шийдвэрийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцсэн. Уг хэргийн хохирогчийн тоо 11 мянга гаруй. Хохирогчид шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй учраас шүүхийн ил, тод нээлттэй байдлыг хангах үүднээс шүүх хуралдааныг www.zindaa.mn сайтаар шууд дамжуулан үзүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцлоо. Ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

-Хохирогчдын хохирлыг хэрхэн барагдуулах вэ? 
-Шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгээс 11.83 тэрбум, 906 иргэний хариуцагчаас 6.88 тэрбум төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, мөн Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7.89 тэрбум төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгуулахаар болсон. Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн зургаан автомашиныг худалдан борлуулж, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн.

-Хохирогчдын нэрсийн жагсаалтыг хаанаас үзэх боломжтой вэ?
-Уг хэрэг шүүхэд шилжиж ирсэний дараа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын http://www.bkhs-criminalcourt.gov.mn/ вэб сайтад байршуулсан. Мөн шүүх хуралдаантай холбоотой цаг үеийн мэдээллийг “Шүүхийн мэдээ” пэйж хуудсаар тухай бүр хүргэж байгаа. 

-906 иргэний хариуцагч гэдгийг тодруулахгүй юу?
-906 иргэний хариуцагчийн тухайд “Жи-Тайм” сүлжээний хөтөлбөрт хамрагдаж сүлжээнд оруулсан мөнгө болон урамшуулал авсан хүмүүсийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өгсөн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан хүмүүсээс 6.88 тэрбум төгрөгийг гаргуулж, хохирогч нарт олгуулахаар шийдвэрлээд байна.

-Шүүхийн шийдвэр хэзээ хүчин төгөлдөр болж, хохирогчдын хохирлыг барагдуулах бол?
-Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоол бичгийн хэлбэрээр гарч, хэргийн оролцогчид болох улсын яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч, иргэнийн нэхэмжлэгч, хариуцагч нарт гардуулдаг. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргахгүй бол тогтоол хүчин төгөлдөр болж тус шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдсэнээр хохирол гаргуулах ажиллагааг тус байгуулага гүйцэтгэнэ. 

-Хэрэв аль нэг тал гомдол гаргасан тохиолдолд яах вэ?
-Шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч (хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар) гомдол гаргах болон улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. Хэрэв гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тухайн шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл Баянгол дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын биелэлтийг түр түдгэлзүүлдэг. Энэ тохиолдолд хохирол гаргуулах, гүйцэтгэх хуудас бичигдэх ажиллагаа мөн хугацаагаар хойшилно гэсэн үг . 

-Хохирогчид шийтгэх тогтоол албажсаныг хэрхэн мэдэх вэ?
-Шийтгэх тогтоолыг хэргийн оролцогч нарт гардуулах ажлыг тус шүүхийн тамгын газраас зохион байгуулах бөгөөд үүнтэй холбоотой мэдээллийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн фэйсбүүк хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэргийн оролцогч нарт хүргэх болно. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид