Улаанбаатар 1c

Зүтгэл нэхсэн намрын сар айсуй

Халиурсан шаргал талд трактор комбайн “сэлж”, бункерээ дүүртэл будаагаа хураах гоёмсог төрхийг юутай зүйрлэх билээ. Өвс хадланг бухал бухлаар нь ачаалж, тэнд энд залуусын дуу хадсан хөдөөгийн өргөн талд намар айсуй. 

Нар хуртай, аварга, начин, заан, харцага, арслантай, эрхий мэргэн харваачтай, хурдан хүлгүүд нь торгон жолоо өргүүлсэн, үзэгч, наадамчин олон нь гэрт, хөдөө амарч, аялсан онцгой нөхцөлд дэлхийд ганц Монгол наадам хаалттай бүсэд болж өндөрлөсөн. Энэ жилийн тухайд өмнөх жилүүд шиг энд тэндхийн Бэсрэг наадам, ой тохиосон баяр, уул овооны тахилга, бүсийн хурд зэрэг орон нутаг, хөдөөд сунжирдаг наадам болохгүй. Хундага тавилгүй найрлаж, хул тавилгүй айрагддаг найрын цаг энэ жил нам гүм, тэрүүхэн хөдөөдөө өрнөх нь ээ. Салбарын эмч нар коронавирусийн идэвхжлийн үеийг ирэх аравдугаар сар байж магадгүй гэсэн нь голгүй, хоосон таамаг яавч биш болов уу. 

Үүн дээр ядаж байхад цар тахлын халдвартай иргэд эдгээд гарсан ч эргэж өвчлөөд байгаа нь ирэх намар, өвөл яггүй хатуу цаг үе болохыг төвөггүй сануулна. Нэгэнт нөхцөл байдал буруу тийш эргэж болзошгүй байгаа учраас өнөөдрийг хүртэл 2020-2021 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэхгүй байх тухай боловсролын салбарынхан зөвшилцөж байна. Энэ мэт онцгой нөхцөлөөс үүдсэн бэрхшээл, асуудал, шийдэл, ажил хэрэг дүүрэн намар айсуй.  

Угтаа цаг сайхан, тайван байхад найр хурим, наадам, тахилгын зар ар араасаа нисч, хөдөөгийн харчууд гэртээ буух завгүй найрлаж цэнгэдэг байлаа. Энэчлэн уяж сойсон хүлгээ машинд ачаад л зун, намрын турш наадмаас наадмыг уяачид зорьдог байв. Зуны сар зургаа, намрын сар найм юм шиг наадаж, хот хүрээнийхэн дээр дооргүй багширч, ах дүүсээрээ шавалдаад, хөдөө, аймаг, сумдынхны нүдийг хужирлаж, сэтгэлийг хөвсөлзүүлэн сүлжилдээд, монголын хөдөө амь ордог байлаа. Найр наадам хэмээн ажил, амьдралаа мартан хөхиүн сайхан явтал нэг л өдөр хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсныг илтгэх шиг эрт харанхуй нөмөрч, дээл, цамцаа өмсөхгүй л бол орой, өглөөдөө сэрүүсчихсэн байдаг билээ. 

Дэлгэр зун, намрын налгар өдрүүдэд хадлан тэжээлээ базааж, өвлийн бэлтгэлээ хангах цаг хугацааг өнөөдрөөс гэж тоолбол ирэх өвлийг ажрахгүй давах цаг хугацаа бидэнд байна. 

Өнөө зун бороо хур ховор, төв болон зүүн бүс нутгаар нэлээд шаагив. Харин баруун аймгуудаар хавар эрт чийг унаагүйгээс газар хуурай байсны улмаас хэдэн өдөр дараалж орсон усан бороо гол шиг л үерлээд байв. Энэ байцаас харвал, ирэх өвөл баруун бүс нутгийнхан хатуухан өвлийг үзэх таагүйхэн дүр зураг харагдаад байгаа юм. Хувин хувингаар цутгаж орсон даруйдаа үер болж урсчихаад байгаа цаг агаарын нөхцөл байдлыг мэргэжлийнхэн ийнхүү үнэлж байна. Тодруулбал, ихэнх нутагт олон жилийн дунджаас халж, хур тунадасны хэмжээ багасчээ. Хаа нэг бороо орохдоо аадар асгаж, хөрсөнд шингэх шим болж чадахгүй байна.

Хэрэв цаг агаарын ийм таагүй байдал ирэх өдөр, саруудад ч үргэлжилбэл намрын сард буюу ургац хураалтын үеэр хөрсөн дээр огцом хөрч, нойтон цас орвол тариаланчид төдийгүй монголчууд талх, гурилгүй баларна. Тэгэхээр хуурай халуун агаартай, хур багатай жил олигтой өвс ургахгүй учир хадлан тэжээлээ ч эрт базаах шаардлага үүснэ. 
Энэ онд улсын хэмжээгээр 384.2 мянган га-д үр тариа, үүнээс 356.8 мянган га-д улаанбуудай, 38.2 мянган га-д малын тэжээл, 41 мянган га-д тосны ургамал, 14.9 мянган га-д төмс, 9.2 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн байна. Харамсалтай нь, өнөөдрийн байдлаар хаврын тариалалт улсын хэмжээгээр 73.4 хувьтай явагдаж байна гэсэн үзүүлэлт байна.

Улсын хэмжээнд үр тариа 83.6 хувь үүнээс улаанбуудай 87.8 хувь, төмс 87.4 хувь, хүнсний ногоо 56.7 хувь, малын тэжээл 20.1 хувь, тосны ургамал 40 хувьтай явагдаж байна. Улаанбуудайн тариалалт ихэнх нутгаар дуусаж, малын тэжээл, тосны ургамлын тариалалт газар тариалангийн бүс нутагт ид явагдаж байна. Төв аймгийн хувьд энэ жил үр тариа 87.7 мян.га, үүнээс улаанбуудай 78.5 мян.га, төмс 7.8 мян.га, хүнсний ногоо 1.6 мян.га, таримал тэжээлийн ургамал 11.5 мян.га, тосны ургамал 10.5 мян.га-д тариалахаар төлөвлөжээ. Энэ бол сар хүрэхгүй хугацааны өмнөх тооцоо шүү. Харин одоо юу болж байгаа бол.

Юутай ч нар буцаад, наадам өндөрлөөд, намар, өвлийн цаг наймдугаар сартай ханьсчихлаа. Өвлийн өвөлд бид зудад нэрвэгдэж, орон нутгийн малчдад тараасан Улсын нөөцийн өвс, тэжээл шавхагддаг болсоор удаж байна. Тиймээс Улсын нөөц бүрдүүлэхэд ч одооноос анхаарч, хэцүүдсэн цагт малчиддаа илгээх өвс, тэжээл хангалттай нөөцлөхгүй бол горьгүйдэг ээ. Нийслэлчүүдийн хувьд ч зам засвар, дулааны шугам сүлжээний шинэчлэлээ эрчимжүүлж, цахилгаан станцууд бэрх үед гал алдахгүйгээр нүүрсээ нөөцлөх, сайжруулсан түлшний хүртээмжийг нэмэгдүүүлэхэд анхаарах хэрэгтэй байгаа юм. Утаа бууруулах сайн талтай, сайжруулсан, шахмал түлшний нөөц муу, үйлдвэрийн процесс, дамжлага эрэлтээ гүйцэхгүй байснаас болж өнгөрсөн өвлийг нийслэлчүүд хэл амтайхан дуусгасан. Хэдийгээр цар тахлаас үүдэлтэй алив зах зээл хумигдсан ч энэ мэт наад захын асуудлаа шийдэхэд өнөөдрөөс хичээхгүй бол анхны цаснаар л сандарч, зам нь хагарч, дулааны шугамууд нь задрах аюултай.  

Тэгэхээр хот өвөлд бэлэн эсэхийг нийслэлийн оршин суугчид ч давхар хянаж байх нь чухал юм. Ерөөс хот суурин газрынхан дулаан, тохитой өвөлжих эсэх нь бусад хүнээс шалтгаалдаг бол хөдөөгийн малчид өөрсдөө бэлтгэлээ базааж чадвал ямар ч хатуу өвлийг өнчин ишигний гарзгүй давдаг шалгарсан үнэлгээ бий.  Найр наадам хэсч явсаар гаднаа чимх өвс, үмх тэжээлгүй намартай золгоход л тэр айл өвлийг яаж өнгөрүүлэх нь тодорхой болно. Ургац хураалт ч ялгаагүй. Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээг үл тоолгүй ургац хураалтдаа бэлтгэж, цагт нь ажлаа эхэлбэл нойтон цасанд ургацаа даруулахаас сэргийлж чадна. Халуун зунаар өвлийн бэлтгэл ярилаа гэж хачирхах хэрэггүй. Байгалийн гамшиг гэдэг хэлж бус хийсч ирдгийг харуулах сургамж бидэнд их бий.

Байгалийн гамшгаас гадна ирэх намар, өвөл дэлхийг чичрүүлсэн цар тахлын дэгдэлт намжаагүй байх цаг үе юм. Тиймээс л дайны хажуугаар дажинтайг ийнхүү өнөөдрөөс сануулж байна. Хүн хэлэхээс нааш гэж үг бий. Монголчууд бол асуудал нүүрний өмнө бус нүдний өмнө тулахад л сая нэг хүүе, хаая болж сэхээрдэг ард түмэн. Тэгэхээр тайван, уужуу энэ зангаа хойш тавьж, өвлийн бэлтгэл базаах, коронагийн идэвхжлийн үеийг хүний амины гарзгүй хэрхэн даван туулах ёстойг төлөвлөх их ажилд ханцуй шамлах хэрэгтэй байна. Бид "Наадмын маргааш намар"  хэмээдэг.

Энэ улирлын дарааллыг сануулсан хэрэг биш бөгөөд наадмын маргаашаас өвөлдөө бэлтгээрэй гэсэн сануулга үг билээ. Дэлгэр зун, намрын налгар өдрүүдэд хадлан тэжээлээ базааж, өвлийн бэлтгэлээ хангах цаг хугацааг өнөөдрөөс гэж тоолбол ирэх өвлийг ажрахгүй давах цаг хугацаа бидэнд байна. Харин түүнээс хойш тэнгэрийн ааш хэрхэн хувирч, өвлийн жавар хэдэн хэмээр тачигнахыг таашгүй. Тэгэхээр наадам хэснэ гэж нийтээрээ давлагаалахгүйгээс хойш намрын ажилдаа шамдах нь хамгийн зөв гарц аа. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид