Улаанбаатар 1c

Н.Оргилмаа: Мотоцикл, охин хоёртойгоо Монгол орноороо аялчихаад, дэлхийг тойрно

Охинтойгоо хамт 500 километр замыг мотоциклээр туулсан эмэгтэйн тэмдэглэлийг олон нийтийн  сүлжээнээс олж уншсан юм. Адал явдалтай хэр нь хүч, тэсвэр, тэвчээр сорьсон энэ аялалд охиноо дагуулаад явсан эмэгтэйн тэмдэглэл миний сонирхлыг ихэд татсан. Тэрбээр “...Бид хоёрын зам тийм ч дардан байгаагүй. Гол ус, чулуу, шавар, элс зэрэг бартаа саад их байсан. Үүнийг бяцхан охин минь ажрахгүй туулаад ирлээ” хэмээн тэмдэглэсэн байв. “Эр зориг шаардсан спортод эргэж буцалтгүй орсон” гэх эмэгтэйтэй уулзахыг хүсэж, тэмдэглэл бичсэнээс сар орчмын дараа бид цаг товлолоо. Аялалд ойр ойрхон гарчихдаг учраас түүнтэй уулзаж завдахгүй байсан нь энэ. 

Том каскан малгай, өнгө алагласан хувцсаар охинтойгоо ижилссэн мотоциклтэй аялагчийг Н.Оргилмаа гэдэг. “Moto rent Mongolia” клубийн үүсгэн байгуулагч, мото спорт сонирхогч нэгэн. “Миний охиныг Т.Сарангуа гэдэг.Аав нь мото спортын тамирчин, ээж нь мотоциклтой аялагч. Мэдээ орсон цагаасаа л эр зоригийн спорттой ойр байсан” хэмээн тэрбээр гэр бүлээ танилцуулсан юм. “Мотоциклын спортыг амьдралынхаа салшгүй хэсэг болгосон” гэж шийдэмгий хэлсэн нь түүний энэ спортод дуртайг илтгэнэ. Турьхан, эмзэгхэн харагдавч өөртөө баймгүй дайчин охин Т.Сарангуа энэ жил бартаат замын анхны аялалдаа ээжтэйгээ хамт гарчээ. 

Тэрбээр “Намайг бага байхад ээж минь мотоцикл унаад аялалд явчихдаг байв. Ээжийн мотоцикл унаж байгаа нь надад маш сонирхолтой санагддаг байсан. Долоон нас хүртлээ би мотоцикл унаагүй. Долоон нас хүрэхэд надад хоёр дугуйтай “мини кросс” ээж, аав бэлэглэсэн. Ингээд л мотоцикл унаж эхэлсэн. Анх мотоциклээ ганцаараа унаад хөдөлж байхдаа их сандарч, айж байлаа. Гэхдээ хөлд минь таарсан жижигхэн болохоор эвтэйхэн байсан. Ээж надад яаж явахыг зааж, эхэлж шороон зам дээр унасан. Би уран гимнастикаар хичээллэж байгаад больчихсон. Мотоцикл унаад хөдөө аялах нь илүү сонирхолтой санагдсан учраас тэр. Том болоод мото спортын тамирчин болно. Ээж, аав хоёр маань мотоцикл сонирхдог учраас би багаасаа энэ спортод дурласан.

Миний насны хүүхдүүд эрсдэлтэй спорт сонирхдог хэрнээ хичээллэх нь ховор.  Хэцүү бэрхтэй нүүр тулж, түүнийгээ даваад гарсны дараа өөрөөрөө бахархдаг” хэмээн ярихдаа түүний нүд гялалзаж байв. “Мотоцикл, охин хоёртойгоо Монгол орноороо бүтэн тойрчихоод, дэлхийг тойрно. Энэ хүсэл минь цуцалтгүй үргэлжлэх байх” хэмээн Н.Оргилмаа яриагаа эхлүүлсэн юм.

-Эр зориг тэсвэр тэвчээр шаардсан энэ спортод эргэлт буцалтгүй орсон гэлээ. Та хэзээнээс энэ спортыг сонирхон хичээллэх болов?
-Би мото спорт сонирхоод 13 жил болсон байна. Тамирчин хүн биш ч гэлээ мото спортыг амьдралынхаа нэгээхэн хэсэг болгохоор зориг шулуудсан. Адал явдал, аялалд дуртай зан минь энэ спортыг сонирхоход нөлөөлсөн гэж хэлж болно. Анх хотын дуу чимээ, түгжрэлээс залхаад мотоцикл унаж эхэлсэн юм. Ингэхдээ “Мопет” буюу 50 CC мотортой мотоцикл унаж байв. Сүүлдээ мотороо бага багаар томруулж, 1000W мотортой “байк” унаж байгаад “Кросс”-ын төрөл рүү орсон. Хотын төвд мотоцикл унаад явахаас илүү “кросс” унаад аялалд явах нь сонирхолтой байдаг. Эрсдэл нь ч гэсэн бага шүү дээ. Хотын хөдөлгөөнд мотоцикл унана гэдэг аюултай. Охиндоо би “Чи мотоцикл унаж чаддаг байсан ч машин, техник унаж чаддаггүй хүмүүс бий. Тиймээс маш болгоомжтой бай” гэж захидаг.

-Анх мотоцикл унаж байхдаа айж байв уу?
-Эрсдэлтэй гэж айгаад байвал юу ч сурахгүй. Сүүлийн үед Монголдоо аялалд их гарах болсон. Хүний хөл хүрэхээргүй саад даваатай газруудад мотоциклтэй гараад зогсож байхад сайхан шүү дээ.

-Таныг анх мотоцикл сонирхож, унаж эхлэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Би Хэнтий аймгийн Галшар сумын уугуул. Хөдөө хурдан морь унаж өссөн хүүхэд л дээ. Иймдээ ч зорьмог шийдэмгий хүүхэд байсан. Анх хөдөө байхдаа мотоцикл унаж сурсан. Хотын хөдөлгөөнд бага мотортой, жижиг мотоцикл унадаг байсан учраас гэрийнхэн минь хүндээр хүлээж аваагүй. Аажмаар мотоциклээ томруулсан. Мотоцикл унаад сурчихсан учраас төдийлөн анзаараагүй болов уу. Сүүлийн үед мото спорт сонирхдог эмэгтэйчүүд олон болсон байна. Гэхдээ кроссын төрлөөр унадаг нь ховор.

-Охинтойгоо хамт аялалд яваад ирсэн гэсэн. Эмэгтэй хүүхдэд энэ спорт хэцүү биш үү?
-Би охинтойгоо аялалд явахаар долоон жилийн турш охиноо бэлдсэн. Одоо тэр минь 14 настай. Ингээд энэ жил анхны аялалдаа гарлаа. Аялалд гарахад хангалттай бэлтгэгдсэн гэж бодож байна. Одоо аяллаа үргэлжлүүлж, олон газар очихоор төлөвлөсөн.

-Охинтойгоо явсан анхны аялалдаа хоёулахнаа гарсан байна лээ. Яагаад ийм төрлийн спорт сонирхдог бусад хүнтэй нэгдээгүй юм бэ?
-Өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотоос 500 гаруй километрийн зайд байрлах Хэнтий аймгийн Хар зүрхний Хөх нуур руу мотоциклтэй аялалд яваад ирсэн. Хавар явсан болохоор цаг тийм ч сайн дулаараагүй байв. Ер нь би мотоциклтэй ганцаараа аялах дуртай. Өөрийгөө сорьж би хэн бэ, ямар хэмжээний тэсвэр тэвчээр, чадвартай хүн бэ гэдгийг мэдрэхийн тулд ганцаараа аялалд гарахаар шийдсэн.

Мото спортоор хичээллэснээсээ хойш ганцаараа аялалд гарна гэж байнга боддог байв. Ингээд анхны аяллаа өнгөрсөн жил эхлүүлсэн. Улаанбаатар хотоос 2000 гаруй километр мотоциклээр аялаад ирсэн. Энэ жил би 20 мянган километр газар аялах төлөвлөгөөтэй байгаа. Эхний аяллаа Монгол орныхоо баруун аймгаас эхэлнэ. Монгол Улсын байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж дуусахад охин минь насанд хүрчих байх. Үүний дараа охинтойгоо дэлхийг тойрох аялалд гарна.

-Охинтойгоо аялсан дурсамжаасаа хуваалцаач?
-Охинтойгоо аялалд гарахад ганцаараа аялахаас илүү түшигтэй байсан. Хээр гадаа унтах явдал ч цөөнгүй тохионо шүү дээ. Эхэндээ охиндоо маш их санаа зовдог байлаа. Өсвөр насны хүүхдийг хүч шаардсан аялалд дагуулаад гарсан учраас хааяа сэтгэл түгшинэ. Гэтэл  охин минь миний бодож байснаас илүү тэвчээртэй, зоригтой юм билээ. Унаж бэртэлгүй сайн яваад ирсэн. Үүнээс нь эрч хүч, авч дараагийн аяллуудаа төлөвлөөд байна. Мотоцикл унаад юу ч бодохгүй, урдах замаа хараад салхи татуулах мэдрэмж хамгийн сайхан байдаг. Эндээс үгээр хэлж, зүйрлэшгүй мэдрэмж авдаг. Бид аялахдаа зүгээр нэг мотоцикл унаад явах биш аль бартаатай замыг сонгож, тэндээсээ кайф авдаг. Бас өндөр уулын оргил руу гарах сонирхолтой шүү дээ. Хамгийн сүүлд хийсэн Хагийн хар нуурын аялал маш сонирхолтой байсан. Шавар шалбааг ихтэй, өндөр уулан дээгүүр хад асгатай газраар явсан. Энэ хүнд аяллын ард гараад урам зориг улам их төрсөн. Айдсаа дарсан гэж хэлж болно.

-Хамгийн өндөр оргил нь ямар уул вэ. Хэзээ гарч байв?
-Олон өндөр ууланд гарч байсан. Заримынх нь нэрийг сайн мэдэхгүй. Эмэгтэй хүн гарч болохгүй уул  гэж   байдаг. Явах болгондоо маш их туршлага хуримтлуулдаг.

-Шантарч байсан үе бий юү?
-Намар хүйтний урь орчихсон үед аялалд гарах эхэндээ хүнд санагддаг байв. Хүйтэнд голын ус захаараа хөлдчихсөн, мөсөн дээр халтирна. Голын ус гараад зогсчихвол мотоциклийн дугуй хөлдчихдөг. Гэхдээ ингэж хүйтэнд хөрж, халуунд халж явсаар зорьсон газраа хүрэхэд тэр бүх хэцүү зүйлс мартагдаж, өөрөөрөө бахархдаг даа.

-Ямар улиралд аялалд гарах дуртай вэ?
-Өвөл цас орсны дараа, эсвэл зун. Бартаа саад ихтэй замаар өвөл явахад мотоциклтэйгээ зууралдсаар байгаад даарахаа ч мэддэггүй. Гэхдээ би ганцаараа аялахдаа аяллын төлөвлөгөө гаргадаггүй. Шууд шийдэж, адал явдалтай явбал илүү сонирхолтой шүү дээ. Энэ жил охин минь  арай балчир байгаа учраас төлөвлөгөө гаргасан. Дараа жил бид хоёр газрын зураг дээр шоо шидээд хаашаа аялахаа шийднэ.

-Эмэгтэйчүүд аялалд гарна гэдэг хүнд биш үү. Мотоцикл эвдэрвэл засахаас эхлээд цаг агаарын нөхцөл байдал гэхчлэн саад бэрхшээл мундахгүй шүү дээ?
-Энэ бүх эрсдэлийг тооцоолсон. Аль болох мотоциклтэйгээ унахгүй байхыг хичээдэг. Бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Охины маань аав мото спортын тамирчин учраас мотоциклээ засах зэрэг бүх зүйлээ өөрөө хийдэг. Ингээд би хажууд нь багаж хэрэгслийг нь авч өгсөөр байгаад анхны мэдэгдэхүүнтэй болчихсон. Асуудал тулгарлаа гэхэд би ойр зуурын асуудлыг шийдэх мэдлэгтэй.

-Мото спортоор хичээллэхийн давуу тал юу вэ?
-Энэ спортоор хичээлсэн хүн маш их тэсвэр, тэвчээр, хатуужилтай, зөв хүн болж төлөвшдөг. Байгалийн гоё сайхныг мэдэрнэ. Эх дэлхийтэй илүү ойр байдаг учраас стресс, бухимдал багатай. Аливаа хорт зуршлаас ангид байлгадаг учраас залуус энэ спортыг сонирхоосой гэж боддог. Гэхдээ мото спорт маш их ур чадвар шаарддаг. Унаж бэртэлгүй бартаа саадыг давахаа үргэлж тооцоолно. Хөнгөн, хурдан хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Тиймээс би фитнессээр хичээллэж, биеэ чанга байлгахыг хичээдэг. Би нэг зүйл хүсдэг.

-Юу тэр вэ?
-Энэ спортоор охид илүү хичээллээсэй гэж боддог. Эмэгтэйчүүд маш их тэсвэр, тэвчээртэй. Үүнийг харуулж, энэ спортыг хөгжүүлэх сэн гэх нууцхан хүсэлтэй. Олон хүнд энэ спортын сайныг мэдрүүлмээр байна. Тиймдээ ч өөрөө клуб нээгээд аялал зохион байгуулж эхэлсэн.

-“Moto rent Mongolia” клубийнхээ үйл ажиллагааг танилцуулахгүй юү?
-Манай клуб үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг жил болж байна. Клубт маань ихэвчлэн мото спортын тамирчид ирж бэлтгэл сургуулилалт хийдэг. Манайх мото спортын сургалт явуулахаас гадна мотоциклтэй аялал зохион байгуулдаг. Зуны улирал эхэлчихсэн учраас аяллын хуваарь гаргачихсан, маш завгүй ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Ээгий
    Охинтойгоо хамт мотоциклоор ... гэе л дээ.
    2020 оны 07 сарын 27 | Хариулах
  • DR MAXWELL..
    Бөөр, Биеийн эрхтнүүдийг худалдаж авахыг хүсч байна уу, эсвэл бөөр, Биеийн эрхтэнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Орган бидэнтэй холбоо барина уу, имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL
    2020 оны 07 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН
    Эмэгтэй хүнд таардаг таардаггүй спорт, бас ажил гэж байна одоохондоо залуу болоод мэдэхгүй байх мэдээж дороосоо догилттой олон жил явах юм бол ямар сайн л байв гэж дээ бодох л хэрэгтэй.
    2020 оны 07 сарын 24 | Хариулах
  • Aylal sport 2 oo ylgaj yrij ylgaj bichmeer yum bn shuu
    2020 оны 07 сарын 24 | Хариулах
  • Анхных юм. Аялаад байждээ
    2020 оны 07 сарын 24 | Хариулах
  • angiin ohindoo amjilt
    2020 оны 07 сарын 23 | Хариулах
Нийтлэлчид