Улаанбаатар 1c

Онлайнаар шатар тоглож, Азийн дэд аварга болсон Ж.Лхагва: Компьютерийн хулганаа буруу дарчихсанаас биш, би ч Азийн аварга л даа

Энэ сарын 14-21-нд болж өнгөрсөн Ази тивийн аварга шалгаруулах шатрын онлайн тэмцээний ахмад насны төрөлд Монгол Улсын зургаан удаагийн аварга, Дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва дэд байр эзэлсэн билээ. Бид “Шавь нарынхаа амжилтыг ярихаар сэтгэл хөнгөрөөд сайхан байдаг юм. Харин өөрийнхөө амжилтыг, өөрийгөө дөвийлгөх тун чиг дургүй хүн” хэмээн даруухан хүүрнэх Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Ж.Лхагва гэх эрхмийг  “ҮШ”-гийн зочиндоо урилаа. 

-Сайхан зусаж байна уу. Ази тивийн аварга шалгаруулах шатрын онлайн тэмцээнд дэд байр эзэлсэнд тань баяр хүргэе. Сүүлийн өрөг хүнд байв уу? 
-Баярлалаа. Та бүхэн  сайхан зусаж байна уу. Сайхан өрөг болсон. Одоо бодоход “Би чинь Азийн аварга шүү дээ” гээд инээд хүрч сууна. Тэрхэн үедээ ч нэг их тоосонгүй "Азийн аваргын дэд байр надад болно" маягтай юм бодоод байлаа. Одоо бодоход комьпютерийн хулганаа буруу дарчихсанаас биш, би ч Азийн аварга л даа. Бид чинь комьпютер дээр төдийлөн тоглодоггүй улс хулганаа залах, дарах гээд нэлээн сандарсан. Сандарч байж хамгийн сүүлийн өрөг дээр бэрсээ чирж амжилгүй айлын морины хөл дээр тавьчихгүй юу. Хэрэв тэр өрөг тэнцсэн бол үнэлгээ бодоход би түрүүлэх байсан юм. Хариуцлагагүй тоглолоо гэж өөртөө буруу өгч, харамсаж сууна. 

-Хариуцлага алдаагүй л бол Азийн аварга болох байж. Хэдий хугацаанд бэлтгэл хийсэн бэ? 
-Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь үзсэн хүн юугаа ч бэлдэх вэ дээ. Насаараа тоглосон болохоор уяан дээр ирээд явдаггүй, өөрийгөө сойдог хүлэг шиг шууд л давхиад орчихдог юм (инээв). Онолын хувьд би юу ч бэлдэх билээ дээ, сурсан зангаараа л тоглочихно. 

-Таны уугуул нутаг хаана вэ. Багаасаа шатрын спортоор хичээллэв үү? 
-Ах нь 1944 онд Дундговь аймгийн нутаг Зоогийн ус гэдэг газар төрсөн. Одоогийн Өндөршил сумын нутаг. Дөрөвдүгээр анги хүртлээ сумандаа сураад, Чойрын долоон жилийн сургуульд орсон. Тэр үеийн Дорноговь аймгийн Сүмбэр сум долоон жилийн сургуультай байлаа шүү дээ.  Дөрөвдүгээр анги төгсдөг жилээ нутгийн хөгшчүүдийн тоглож байхыг хараад шатар сурч байлаа. Хүссэн бүхэнд нь шатар олддоггүй цаг үе. Зургадугаар ангиа төгсөөд нутагтаа ирсэн жил шиг санагдана. Манай ээжийн үеийн н.Гүрцоо гэдэг хөгшин надад нэг жижигхэн, дөрвөлжин хайрцаг өгсөн юм.

Би эргүүлж тойруулж харж байгаад авч билээ. Сүүлд учрыг нь сонсоход тэр хүний ах нь номтой лам байж. Тэгээд дүүдээ “За, чи миний энэ шатрыг эзэнтэй болго. Зөв хүндээ өгөөрэй” гэсэн юм билээ. Намайг шатар тоглодог, нутгийн хүү гэж бодоод өгсөн байх.  Дээр үеийн лам нар шатар их тоглодог, шагай сайхан харвадаг байсан гэдэг. Тэр шатрыг аваад би зургадугаар ангидаа орос хэлний Нэмэхбаяр багштай нүүсээр байгаад нэлээд сайжирсан. Ирэх жил нь Дорноговь аймгийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байрт орлоо. Хачин их баярлав. Сургуулийн хүүхдэд бол анхны тэмцээн, том урам шүү дээ. 

-Таны амьдрал шатрын спорттой салшгүй холбоотой гэж шатарчид ярьдаг. Дасгалжуулагчаар хойд хөршид сурсан гэдэг байх аа? 
-Хүүхэд байхдаа шатар сонирхож байсан ч айхтар хичээллэж, том амжилт гаргаагүй. Цэрэгт явж ирээд, сүүлд 28 настайдаа ЗХУ-ын Москва хотын Биеийн тамирын дээд сургуулийн шатрын ангид элссэн. 1976 онд Шатрын спортын дасгалжуулагч, биеийн тамирын багш мэргэжилтэй болж, сургуулиа амжилттай дүүргэсэн. Энэ мэргэжилдээ тууштай зүтгэж, шатрын спортоор дагнаж ажилласаар байгаад 2004 онд тэтгэвэртээ суулаа даа. Хүн төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлээрээ л ажиллах ёстой. Энэ бодолдоо эзэн болж Монгол Улсад шатрын спортыг хөгжүүлэх, цаашлаад дэлхийн шатрын спортын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой ажиллаж ирсэн. 

-Тухайн үед гадаадын их, дээд сургууль төгссөн хүмүүс ихэвчлэн удирдах албан тушаал хашсан байдаг. Таны хувьд? 
-Төгсөж ирээд тэр үеийн Монголын Биеийн тамирын эвлэлийн төв зөвлөлд шатрын багш, дасгалжуулагчаар ажилд орсон. Удалгүй төв байгууллага маань Биеийн тамир, спортын улсын хороо болж өөрчлөгддөг юм байна. Тэр үед ОУХ-ний мастер, Гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн маань дасгалжуулагчаар томилогдож, би мэргэжилтэн болж байсан. Хуучнаар бол конторын ажилтан болж байгаа нь тэр.

Сонгуульт ажлын хувьд Шатрын холбооны нарийн бичгийн даргаар 20 жил ажилласан. Миний хийсэн гол ажил гэвэл 1983-1990 он хүртэл өөрийн орондоо олон улсын тэмцээнийг зохион байгуулсан. Улмаар Унгар, Польш, Герман, Румин, Хятад Улсын шатарчдыг оролцууллаа. Дандаа л холбоотны улсууд. Тэр үед манайд олон улсын цолтой гуравхан шатарчин байсан. Тиймээс олон улсын цолтой шатарчин олныг төрүүлэх зорилгоор  бодлогын чанартай наадам зохиогоод байгаа юм шүү дээ.  

-Энэ оны босгон дээр та Гавьяат дасгалжуулагч цолоор энгэрээ мялаасан. Төрийн дээд шагналын эзэн болтлоо тив, дэлхийн чансааны олон шавь төрүүлсэн байх? 
-Аль улсад, ямар тэмцээн уралдаан болох, түүнд хэнийг оролцуулах, Монголдоо хэрхэн тэмцээн зохион байгуулах зэрэг бодлогын чанартай ажилласан болохоор зав чөлөөгөөрөө цөөн хэдхэн шавьтай болсон. Миний анхны шавь Н.Төвсанаа 1999 оны УАШТ-нд түрүүлсэн, шатрын спортоор амжилттай хичээллэж, ОУХМ болсон. Одоо нас сүүдэр 50 гарсан багш, дасгалжуулагч эмэгтэй бий. Мөн миний шавь болсноосоо хойш УАШТ-нд таван удаа түрүүлж, ОУХМ болсон Б.Анхчимэг гэж охин бий. Наана нь хэлж буй нь энэ хоёр маань болохоос бусад нь ч ялгаагүй амжилттай яваа. 

-Улсад зургаан удаа түрүүлсэн хүнийг үнэмлэхүй аварга гэж болох байх. Таныг УАШТ-д хоёр жил дараалан түрүүлээд, нас 50 дээр гарсныхаа дараа дахин түрүүлсэн гэж сонссон? 
-Шавь нарынхаа амжилтыг ярихаар сэтгэл хөнгөрөөд сайхан байдаг юм. Харин өөрийнхөө амжилтыг дурсаад, өөрийгөө дөвийлгөөд байх тун чиг дургүй. Олон түмэн надад үнэлгээ өгөх ёстой. За яах вэ, асууж байгаа болохоор хэлье. 1963 онд 19 настайдаа Бүх ард түмний спартикадын аварга болж байлаа. Анх 1974 онд улсын аварга болсон. Москвад сурч байгаад ирж оролцоод, амжилт дүүрэн буцсан даа.

Амжилтаа бататгах зорилгоор 1976, 1977 оны УАШТ-д оролцож, дараалан түрүүлж байгаа юм. Түүнээс хойш мөнгө, хүрэл медаль хүртэж, заримдаа ч медальгүй үлдэж байлаа. Сүүлд 53 насандаа 1997 онд дахин улсад түрүүлсэн. Мөн 1994 онд Биеийн тамирын тэргүүний ажилтан болж, 1996 онд Алтангадас одонгоор шагнуулсан. Харин энэ жил Гавьяат дасгалжуулагч боллоо. 

-Та дэлхийн шатарчдын олимпиадад оролцож байсан тухайгаа хуучлахгүй юү? 
-Олимпиад гэдэг маань хоёр жилд нэг удаа болдог дэлхийн шатарчдын их наадам юм. Би тоглогчоор долоо, дасгалжуулагчаар гурван удаа дэлхийн олимпиадад оролцсон байдаг. 1968, 1970, 1974, 1980, 1982, 1992 онд оролцохдоо хамгийн ихдээ 60 хувь орчмын амжилт үзүүлж байсан. Тэр дундаа 1970 онд 21 өргөөс 11 хагас хожил авч, чамгүй сайн тоглосон шүү. Тухайн үед ахмад тамирчин Чалхаасүрэн, Төмөрбаатар, Пүрэвжав гуай нараас гадна үе тэнгийн ОУХМ, Гавьяат тамирчин Л.Мягмарсүрэн, Т.Үйтүмэн нартай бэлтгэл хийдэг байсан. Эрэмбээрээ энэ хоёрынхоо ард орж гуравдугаар ширээнд сууна.  

-Дэлхийд нэрээ данслахаас эхлээд шатрын спортын өгөөж их байх. Таны мэргэжлийн бахархал юу вэ? 
-Хүн ерөөсөө төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил хоёроороо бахархаж байх хэрэгтэй. Тэр бахархал яаж илрэх вэ гэхээр мэргэжлийнхээ дагуу сайн ажиллаж, олон түмэнд түгээхэд оршино. Аль ч мэргэжил ялгаагүй дээ. Жишээлбэл, барилгачид “Би Засгийн газрын ордныг барьсан шүү, энэ миний барьсан барилга” гэж  бахархаж ярьдаг. Одоогоор Монголд олон улсын Их мастер цолтой 12 шатарчин хүүхэд байгаа. Би бүгдтэй нь тоглосон, мөн сургалт, дасгалжуулагчийн ажил хийж байсан болохоор энэ ажлаараа цаг үргэлж бахархдаг. 

-Бөхчүүдэд дархан мэх гэж байдаг шиг шатарчин хүнд өөрийн гэсэн гараа, тоглолтын арга барил бий. Та аль төрлийн тоглолттой хүн бэ? 
-Хүн бүр өөрийн сурч, эзэмшснээрээ сэтгэхүйдээ тааруулсан арга барилтай байх. Шатрын спортод тактик буюу хурц, дайчин тоглох, стратеги буюу алсын хараатай, буйртай тоглох зэрэг арга барил бий. Миний хувьд тактикийн шатарчин. Тэр дундаа шатрын хэлээр бол гамбит нүүх дуртай. Өөрөөр хэлбэл, хүү, бодоо сул өгөөд довтлохыг бодно. Сурсан зүйлийг сураар боож болохгүй гэдэг шиг тоглолтын маань арга барил одоо ч тэр хэвээрээ. Энэ удаагийн Азийн аваргад ч шийдэмгий, довтолж тоглосноороо давамгайлж, хожсон. 

-Та Монголын төдийгүй дэлхийн томчуудтай цөөнгүй өрөг тоглосон. Хамгийн их бодогддог, санаанаас тань гардаггүй өргийг хэнтэй  нүүж байв? 
-Зарим нь толгойд байна, хэсэг нь мартагдаж. Монгол хүнтэй тоглосон өрөг гэвэл 1962 онд аравдугаар ангийн хүүхэд байхдаа УАШТ-нд ирж, хоёрдугаар байр эзэлж байсан. Тэр үед би Пионерийн ордны багш, 60 орчим настай н.Балдандорж гэдэг өвгөнтэй тоглохдоо  цагаанаар нүүгээд хожиж байсан. Би тэр өргийг одоо ч анхны нүүдлээсээ дуусах хүртэл нь харуулж чадна. Улсын аваргад тогтмол тоглодог, өндөр цолтой хүнийг анх удаа хожсон болохоор тийм сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Дэлхийн шатарчдаас олон улсын Их мастер цолтой олон хүнтэй тоглосон.

ДАШТ-д миний мөнхийн өрсөлдөгч байдаг. Сүүлд 1974 онд Франц Улсын олимпиадад таарч 40 гаруй нүүгээд хожигдсон. Би эхэндээ довтлох маягтай тоглож байгаад сүүлдээ дийлэхээ байсан. Аргагүй надаас илүү харж тоглодог байсан нь мэдэгдэж байгаа юм. Тэгээд тэр хүн “Та хэрвээ англи гараагаар тоглож байгаа бол миний тоглолтын өргийг үзээрэй. Англи гараа гэдэг маш чухал шүү” хэмээн нөхөрсөг зөвлөгөө өгч байсан. 

-Гавьяат дасгалжуулагчийн хувьд шатрын спорт сонирхогчдод зөвлөгөө өгөхгүй юү. Хүүхдийг хэдэн наснаас нь шатрын спортоор хичээллүүлэх нь зөв бэ? 
-Багш, дасгалжуулагчдын өөр, өөрийн арга барил, туршлага гэж бий. Гэвч нэгдсэн нэг системтэй. Эцэг, эхчүүд “Гурван настай хүүхдэд шатар заавал болох уу, хэдэн наснаас нь заасан нь дээр вэ” зэрэг олон зүйл асуудаг. Миний ажигласнаар шатар тоглож сурахад орчин их нөлөөлдөг байх гэж боддог. Ээж, аав, ах, эгч нь гэртээ тогтмол шатар тоглодог бол хүүхэд харж байгаад сурчихдаг. Гэтэл манайхан гараас нь хөтөлж аваачаад багшид өгчихдөг. Ер нь юмны учир ойлгож эхэлдэг 4-5 настай үед нь шатар заах нь  зүйтэй. Яг шинжлэх ухаанч өнцгөөс яривал анхнаас нь шатрын мэргэжилтэй хүнд шавь болгох нь зөв. Учир нь, буруу сурсан хүүхэд буруугаа мартаж, зөвөө сурах гэж хугацаа алддаг. Дууны ая буруу сурчихаад, солгой дуулаад байдагтай л ижил. Суурь ойлголтыг маш сайн өгөх хэрэгтэй. 

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
-Зорьж ирсэн та бүгдэд баярлалаа. Монголоос маань олон улсын Их мастер олон төрөх болтугай. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • D Halzan
    Эрхэм гавьяатдаа баяр хургэе Дараа жилийн наадам туруулээрэй Бид олон жил Санаа нийлэн ажилж волейбол шатрын телее их зуйл хийсэн шуу
    2020 оны 07 сарын 31 | Хариулах
  • B.Tsog-Ochir
    Bayar hurgie.Argaguil Aatai Avagrdaa.!!!Onlain bish baisan bol bersee sugeer ogchih Avarga bisheldee.
    2020 оны 07 сарын 28 | Хариулах
Нийтлэлчид