Улаанбаатар 1c

“Маск” продакшны жүжигчин Д.Бямбадорж: Өөрийгөө эвдсэн, эсрэг дүр бүтээхийг хүсдэг

Надаар тоглосон хайр, “Сүүлчийн бүжиг”, “Шилжилт-2”, “Франц үнсэлт” зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээсэн жүжигчин Д.Бямбадоржтой ярилцлаа. Тэрбээр хамгийн сүүлд “Боловсрол суваг” телевизийн бүтээл “Бүтэн амьдрал” олон ангит кинонд эгэл жирийн уурхайчин залуугийн дүр бүтээсэн билээ.

-Багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байв уу.  Хэр дэггүй хүү байсан бэ?
-Миний хүүхэд нас нэгдүгээр хороололд өнгөрсөн. “Ирээдүй” цогцолбор сургуульд сурдаг байлаа. Багадаа бусад хүүхдийн л адил цэрэг, цагдаагийн хүн болно гэж бодож явсан. Урлагийн үзлэгт хүний тоо бөглөж л ордог, даруухан хүү байсан. Түүнээс гойд авьяастай байгаагүй. IX ангид байхад найз маань “Хоёулаа нэг тийш хамт явъя” гэж гуйсан юм. Яваад очтол түүхэн киноны сонгон шалгаруулалт болж байсан.

Хамт очсон болохоор би бас шалгуулахаар болж, дээл өмсөөд, нас барсан ээжийнхээ араас харуусан уйлж буй дүр үзүүлсэн. Найруулагч нь намайг “Сайн байна” гэж урамшуулсан.  Тэр магтаал надад их нөлөөлсөн юм болов уу даа. Тэр үеэс жүжигчин болох шийдвэр гаргасан. X ангидаа нөгөө найзтайгаа хамтдаа Соёл урлагийн их сургуульд нэг ангид орсон. Найзыг маань Н.Цолмон гэдэг.

-Гэр бүлд нь урлагийн хүн бий юү?
-Манай гэр бүлд  урлагийн хүн байхгүй ээ. Жүжигчин болохоор шийдэхэд гэр бүлийнхэн маань айхтар няцаагаагүй ч бас их дэмжээгүй. Гэхдээ би өөр ямар нэг сургуульд, өөрийнхөө сонирхоогүй мэргэжлээр элссэн бол сурч чадахгүй байсан байх гэж боддог. Хүний хүсэл, сонирхол их чухал шүү дээ. Урлагаас хол байсан болохоор арван жилийн  ангийнхан намайг жүжигчин болсонд их гайхдаг.

-Оюутан байхаасаа ажлын гараагаа эхэлсэн үү?
-Тийм ээ. Хоёрдугаар курсээсээ ажиллаж эхэлсэн. Би оюутан болсныхоо дараа бүжиг сонирхоод, найзуудтайгаа нийлж брейк бүжгийн хамтлаг байгуулсан. Хичээлийнхээ зав зайгаар бэлтгэл хийсээр гайгүй бүжиглэдэг болчихсон. “Өнгөт инээд” продакшны тоглолтын эхлэл, төгсгөлд бүжиглэнэ. Оюутан байхаасаа ажил хийж, хамт олонтой болсондоо баярладаг.

-Яагаад хошин урлагийн жүжигчин болохоор шийдсэн бэ?
-Биднийг оюутан байхад хошин урлаг ид мандаж байлаа. Драмын театрт нэг түүхэн жүжгийг сарын хугацаанд тоглодог  гэж бодоход хошин урлаг бол нэг удаагийн тоглолтод таван өөр номер гарна. Тэр бүрт өөр дүр дээр ажиллана гэхээр  сонирхолтой санагддаг байсан. Тайзан дээр ямар ч алдаа мадаггүй ажиллах ёстой. Дэлгэцийн бүтээл бол нэг үг алдахад, дахиад бичиж болно. Гэтэл хүн инээлгэхээр тайзан дээр гарсан хүн ганцхан үг, үйлдэл буруу хийснээр тэр үзүүлбэрийг нурааж мэдэх тул маш хариуцлагатай ажил.

-Хамгийн анх тайзан дээр дүр бүтээх хэцүү байсан уу?
-Би 2008 онд  “Маск” продакшнд орж, гурван жил орчим бүжиглэсэн. Улмаар 2011 онд сургуулиа төгсөөд, хамтлагийнхаа  үндсэн жүжигчин болсон. Тэр үеэс жүжигчний хувьд тайзан дээр гарч эхэлсэн. Айхтар том дүр бүтээхгүй ч олны хэсэг болон жижиг дүр бүтээнэ. Өмнө нь тэр тайзан дээр бүжиглэдэг байсан болохоор дотно санагддаг юм билээ. Анхны дүр маань “Anemone” буюу  “Энэ мөн үү” хамтлагийн тухай үзүүлбэрт оролцсон  минь байсан.

-Монголын хошин урлагийн нүүр царай болсон “Маск” продакшны халуун ам бүлд багтана гэдэг азтай тохиол. Танай продакшн уран бүтээлийн чанар чансаанаас гадна, гишүүдийнхээ эв нэгдэлтэй байдлаар эрхгүй ялгардаг. Хамт олноосоо сурсан зүйлээ хуваалцвал?
-Маш их зүйл бий. Тоглолтын үеэр ах нарынхаа тайзан дээр биеэ авч яваа байдал, үг хэллэг, үзэгчдийг өөртөө татаж буй байдал гээд олон юм харж суралцдаг. Мөн хөдөө орон нутгаар тоглолтоор явахад ах нар өөрийнхөө дүрд залуу жүжигчдээс сонгож тоглуулдаг юм. Ялангуяа МС ах. Тэр үзүүлбэрийг авч яваа гол дүрдээ биднийг тоглуулна гэсэн үг. Түүнд нь сонгогдчих юм сан гэж их бодно. Хэдий хүний бэлдсэн үг хэл, өгөгдөл дээр гарч байгаа мэт боловч маш их зүйл сурдаг, урам зориг авдаг. Зөвхөн ажил мэргэжлийн хувьд ч биш амьдрал, хөгжил төлөвшлийн хувьд ч  их юм сурч байна даа.

-Өнгөрсөн хавар үзэгчдийг дэлгэцнээс уясан кино бол яах аргагүй “Бүтэн амьдрал” байлаа. Тус кинонд тоглох боломж хэрхэн олдов?
-“Маск” продакшн маань “Соёлын довтолгоо” киногоо  “Хүлэгү” пикчерстэй хамтран бүтээсэн. “Боловсрол суваг” телевизээс надад энэхүү кинонд тоглох санал тавьсан. Би ажил, амьдралынхаа гарааг эхэлж буй Очир гэх залуугийн дүрд тоглосон. Миний дүр бүтээсэн анхны олон ангит кино гэдгээрээ онцлог. 24 ангитай кино бүтээнэ гэдэг маш олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэл, асар их цаг хугацаа зарцуулдаг, хариуцлагатай ажил байдаг юм байна.

-Бүтээсэн дүрээр  нь дамжуулан  хүмүүс юуг ойлгоосой гэж хүсэж байна вэ?
-Очироо бол дөнгөж Мэргэжил сургалт үйлдвэрийн төв төгсөөд, ажил амьдралын  гараагаа эхэлж буй 18-24 насны  залуусын төлөөлөл. Ямар сургуульд сурах вэ, ямар мэргэжил эзэмших билээ гэдэг асуудал хүн бүхэнд тулгардаг. Энэ сонголтыг хэрхэн хийснээс шалтгаалан хүний амьдралд ихээхэн өөрчлөлт гарна. Үзэгчид санаж байгаа бол, эхэндээ ажил хийхийг нэг их  хүсэхгүй, найз нөхөдтэйгээ сэлгүүцсэн нөхөр байдаг. Тэгээд гэр бүлийнхнийхээ үгэнд орж, уул уурхайд очиж ажилласнаар, цалин мөнгөнд хүрч, хамт олонтой болж, түүнээсээ урам авдаг. Улмаар өөрийн гэсэн байртай ч  болдог.  Тиймээс хүн хичээвэл сайхан амьдарч болдгийг ойлгуулсан, залууст  урам зориг өгөх дүр.

-Уул уурхай талын мэдлэг нэлээд дээшилсэн байх. Мэдэхгүй, чадахгүй зүйл хэр их тулгарсан бэ. Онцгой салбар шүү дээ?
-Анх найруулагч маань “Чи Оюутолгой руу явна шүү. Чиний дүрийн зураг авалтын 60  хувь нь тэнд өрнөнө” гэж хэлсэн.  Үнэхээр ч Очир ихэвчлэн ажил дээрээ байгаагаар гардаг. Би уурхайд 14 хоног ажиллаж, амьдарсан. Уурхайн ажилтнуудтай цугтаа хооллож, зэрэг унтаж, сургалтад суусан. Яг л уурхайчин шиг  дүрэм журам мөрдөн ажиллаж, цагийн хуваарийг ягштал мөрдсөн. Уг нь очихоосоо өмнө гурав хоног сургалтад суусан юм. Очсон хойно хаашаа ч орсон, юу ч хийсэн заавал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, тус хэсэгт мөрдөх дүрэм журмыг танилцуулдаг юм билээ. Ерөөс уул уурхай бол дүрэм журам чангатай, хариуцлагатай ажил гэдгийг ойлгосон.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Дэлгэцийн уран бүтээлд түлхүү анхаарч байна. Хоёр найзтайгаа нийлж, “Риакшн” продакшн байгуулсан. Бид шинэ кино хийхээр хэд хэдэн кино зохиол дээр ажиллаж байна. Бусдаас арай содон, өөр зүйл хийхийг хичээнэ. Залуучуудын сэдэвтэй инээдмийн кино байх болов уу. Одоогоор судалгаа, зохиолын хэлэлцүүлгийн түвшинд явж  байна.

-Мэргэжил бүхэн сайхан. Гэхдээ таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?
-Жүжигчин байхын хамгийн сайхан нь үзэгчээс маш их энерги авдагт байдаг. Тайзан дээрээс үзэгчдийн алга ташилт, инээд хөөрийг мэдрэх сайхан. Мөн намайг  энд тэнд явж байхад заримдаа хүмүүс баяр хүргэн гар барьж,  амжилт хүсдэг. Түүнчлэн хошин урлаг бол хүний стрессийг тайлж, инээд хөөр бэлэглэдэг буянтай ажил. Олон хүний урам дэм, сайхан энергиэр бид аз жаргалтай байдаг.

-Ийм л дүрд тоглох юм сан гэсэн нууцхан хүсэл байдаг байх. Тэр нь хэний,  ямар дүр вэ?
-Би дандаа эерэг дүрд тоглосон байдаг. Сайн хүү, дурлалт залуу гэх мэт зөөлөн зан ааштай дүрүүд. Тиймээс өөрийгөө эвдсэн, эсрэг дүрд тоглож үзэхийг хүсэж байна.

-Өнгөрсөн хугацаанд тайз, дэлгэцийн чамгүй олон бүтээлд тогложээ. Уран бүтээлчийн хувьд цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Хамгийн ойрын зорилго гэвэл телевизийн олон ангит кино хийх бодол бий.

-Хүн бүрт амьдралдаа баримталдаг зарчим бий. Өөрийн зарчмаасаа хуваалцвал?
-Хамгийн чухал зүйл ч маш жижиг зүйлээс эхэлдэг болов уу. Тиймээс ийм, тийм байх ёстой гэж философи яримааргүй байна. Би ямар ч үед  цаг барих юм сан, хүний ажил алахгүй юм сан гэж хичээдэг. Хамтлагийнхаа ах нараас сурсан зан юм уу даа.  Бид таван минут хоцрох байсан ч утасдаж хэлдэг. Цаг барина гэдэг бол бусдыг хүндэтгэх, өөрийгөө илэрхийлэх чухал чадвар.

-Дотны эсвэл огт танихгүй хэн нэгний хэлсэн үг бүх амьдралын турш бодогдож явах нь бий. Харин танд?
-Оюутан байхад УГЗ Н.Ганхуяг багш маань “Урлагийн хүн болох гэж байгаа бол хүн чанартай бай” гэж захидаг байлаа. “Хүн бай” гэдэг хоёрхон  үгний ард хариуцлага, сэтгэл маш их зүйл багтдаг. Энэ үгний утга, мөн чанарыг ажил, амьдралд хөл тавиад илүү ойлгосон. Жишээ нь, олон хүн ажиллаж байхад утсаа салгаад алга болохгүй байх. Том, жижиг нь хамаагүй дүр дээрээ сэтгэл гаргаж ажиллах хэрэгтэй. Хэрвээ сэтгэл гаргахгүй, хичээхгүй бол дүр нь ч тодрохгүй шүү дээ.

-Та дургүйцэхгүй бол гэр бүлийнхээ  тухай яриач?
-Би гэр бүлийнхээ хүнтэй арван жил хамт байсан. Бид 2017 онд хуримаа хийсэн ч дараа жил нь  хоёр тийшээ болсон. Хэл амнаас хол байхыг хүссэн ч хүмүүс  маш их шуугисан. Биднийг салсны дараа сайтуудаар янз бүрийн юм бичээд их хэцүү байсан. Хувийн чатанд хүртэл өдөрт хэдэн зуун  мессэж  ирдэг байлаа. Үнэхээр төвөгтэй. Одоо харьцангуй нам жим болжээ. Цаашдаа ч хэл амнаас хол, амар тайван  амьдрахыг хүсэж  байна. Өмнө нь хувийн амьдралаа сошиалаар хэтэрхий их дэлгэдэг байжээ. Сүүлийн үед сошиалтай харилцах миний идэвх буурсан. Шинээр инстаграм, фэйсбүүк хаяг  нээж,  дотны танил, ажил хэргийн хамтрагчдаа л найзаар авсан. Мөн ойрын хугацаанд хэвлэл мэдээлэлд ч ярилцлага өгөөгүй юм байна.

-Хөөрхөн охинтой хосуудыг эргээд нийлсэн болов уу гэх таамаг дэвшүүлж суугаа хүн олон?
-Нийлээгүй ээ. Охин маань найман настай. Ээж, аавынхаа хэн хэн дээр байдаг. Ажлын онцлогоос хамаараад аав нь зав муутай байдаг учраас охиндоо зориулж, цаг гаргахыг хичээдэг.

-Охин нь аав, ээжийнхээ авьяасыг өвлөсөн болов уу?
-Одоогоор урлагийн авьяас илрээгүй л байна. Миний охин их мундаг, англиар маш сайн ярьдаг. Гэхдээ том болоод урлагийн хүн болмоор байна гэвэл дургүйцэхгүй. Охиныхоо сонирхлыг дэмжинэ. “Аав аа би гуталчин болмоор байна” гэвэл өө сайн гуталчин болоорой л гэнэ. Ер нь хүн гуталчин боллоо гээд муухай амьдрахгүй. Жүжигчин боллоо гээд сайхан амьдрахгүй. Охиноо хүмүүжүүлэхдээ тийм байх ёстой гэж хүчлэхээс илүү өөрийнхөөр нь байлгая л гэж боддог.

Хүн өөрөө үнэхээр хүсэж байвал ямар ч саад, бэрхшээлийг давдаг. Жишээ нь, би сүүлийн үед гитар тоглож сурч байгаа. Ямар нэг сургалтын төвд яваагүй, интернэтээс бичлэг хараад сурчихсан. Гар хуруу өвдсөн ч хэсэг гараа амрааж байгаад ахиад л гитараа бариад суудаг. Хэрвээ сонирхолгүй бол нэг, хоёр өдөр оролдоод хаячихна шүү дээ.

-Танд ямар эмэгтэй таалагддаг вэ?
-Яг ийм тийм байх ёстой гэх нь утгагүй. Гэхдээ надад элдэв маяггүй, даруухан эмэгтэй таалагддаг.

-Жүжигчин болох хүсэлтэй хүүхдэд, залууст хандаж зөвлөгөө өгөөч?
-Юун түрүүнд өөрийгөө сайн таньж, мэдэх хэрэгтэй. Чи үнэхээр чадах юм уу, үгүй юү гэдгээ мэдрэх нь чухал. Түүнээс хэдэн найзынхаа үгэнд ороод хоосон хөөрч болохгүй. Манайхан чинь арай марзан, хошин зантай нэгнийгээ “Чи ёстой жүжигчин болвол алах юм байна.

Соёл урлагийн их сургуульд орооч” гэж хөөрөгддөг. Ирээдүйгээ шийдэх чухал алхам учраас сэтгэл хөөрлөөр хандаж болохгүй. Хүсвэл эхлээд мэргэжлийн багшид шалгуулаад үзсэн ч болно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид