Улаанбаатар 1c

Төрийн наадмыг самарсан допингтой аваргын эрх сэргэжээ

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмын 512 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга болсон билээ. Гэвч  өнгөрсөн жилийн баяр наадамд түрүүлсэн шинэхэн аварга допинг хэрэглэсэн гэх таагүй асуудалд нэр холбогдсон. Үндэсний бөхийн салбар хорооноос Э.Оюунболдоос авсан шээсний шинжилгээнд  Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон эм, бэлдмэлийн жагсаалт 2019”-д багтсан  S-1. 1 A бүлгийн станзол, S-4 бүлгийн мелдониум, S-5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг зарласан билээ.

Шүүхийн шийдвэрийг үндэслэн Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргавал, Улсын баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнгөрсөн наадмаар допинг хэрэглэж барилдсан нь шинжилгээгээр илэрсэн Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарт унасан бөхчүүдэд цол, чимгийг нь олгох юм. Ийнхүү  өнгөрсөн жилийн наадмаар допингтой хоёр бөхөд унасан бөхчүүд цол нэмэхээр болбол Э.Оюунболдод өвдөг шороодон үзүүрлэсэн Н.Батсуурь даян аварга болох нь тодорхой. Мөн Д.Анар улсын заан, Б.Цэдэнсодном улсын харцага, Н.Мустафа начин цол хүртэнэ.

Улмаар Э.Оюунболдын аварга цолыг хүчингүй болгож, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэрийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид саналаа хүргүүлсэн. Харин Э.Оюунболд, үүнийг үгүйсгэж “Миний шээсэнд хэн нэгэн хориотой бодис хольсон байна” гэж шүүхэд гомдол гаргасан. Мөн тэрбээр АТГ-т хандаж, сэргээшийн шинжилгээ солигдсон гэх гомдлыг гарган, өнгөрсөн жилийн улсын наадамд шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авах, Ажлын хэсэгт багтсан зарим албан тушаалтныг шалгуулж эхэлсэн. 

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан  бүтэн жил сунжирч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэ оны зургадугаар сарын 17-ны өдөр болсон. Хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудын мэтгэлцэх зарчмыг хангаж, шүүх хуралдааныг хянан хэлэлцэж, Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3, 106.3. 14-т заасныг тус тус баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон билээ. Э.Оюунболд сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүх үзсэн юм.

Улмаар шүүхээс  “Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 08 дугаар тогтоол гаргаж, Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн. Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.3-т тус тус заасантай нийцсэн маргаан бүхий актын холбогдох хэсэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзсэн.

Харин Э.Оюунболд шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргасан. Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 21-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөв. Шүүх хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг баримтлан Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг давж заалдах гомдлыг хангахгүй гэж шийдвэрлэсэн байна.

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгийн “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг хэвээр үлдээж 2021 оны долдугаар сарын 12-ны өдрийг дуустал түүний барилдах эрхийг хассаныг 2020 оны долдугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Тийм болохоор ирэх оны ардын хувьсгалын 100 жилийн ойн барилдаанд Э.Оюунболд барилдах эрхтэй болж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс ямар үндэслэлээр Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр биш, нэг жилээр хасах өөрчлөлт оруулсан нь тодорхой бус байгаа. Түүнтэй ижил допинг илэрсэн Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг хоёр жилээр хассаныг нэг жил болгон өөрчлөх үү гэдэг нь эргэлзээтэй. Допинг хэрэглэсэн Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн улсын цол, чимгээ баталгаажуулан авч чадалгүй бүтэн жилийн хугацаанд хохирсон сэтгэл зүйн хохирлыг хэрхэн барагдуулах нь тодорхой бус. Мөн допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад 2019 оны арваннэгдүгээр сарын 25-нд  атар газар эзэмшсэний 60 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаанд түрүүлж, зөрчил гаргасан. 

Допинг, хэрэглэсэн, хэрэглээгүй гэдэг маргааныг дэгдээж, ард түмэн болон МҮБХ-г хоёр талцуулсан.  Үндэсний баяр наадмын зохион байгуулах хороо, Допингийн эсрэг төвийн ажилд саад учруулсан хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа. Энэ бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр эцсийн цэгийг тавьж чадах уу гэдэг эргэлзээтэй.  

Шүүхийн шийдвэрийг үндэслэн Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргавал, Улсын баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнгөрсөн наадмаар допинг хэрэглэж барилдсан нь шинжилгээгээр илэрсэн Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарт унасан бөхчүүдэд цол, чимгийг нь олгох юм. Ийнхүү  өнгөрсөн жилийн наадмаар допингтой хоёр бөхөд унасан бөхчүүд цол нэмэхээр болбол Э.Оюунболдод өвдөг шороодон үзүүрлэсэн Н.Батсуурь даян аварга болох нь тодорхой. Мөн Д.Анар улсын заан, Б.Цэдэнсодном улсын харцага, Н.Мустафа начин цол хүртэнэ.

Харин хамгийн харамсалтай нь наймын даваанд Э.Оюунболдтой тунан өвдөг шороодсон улсын арслан Ц.Содномдорж л цолоо ахиулж чадахгүй чимэгтэй үлдэж байна. Тэрбээр  допинг хэрэглэсэн Э.Оюунболдтой  таараагүй бол улсын арслан цолтон болж, улсын наадамдаа түрүүлэх боломжтой байсныг үгүйсгэх аргагүй.  
2019 оны баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Э.Оюунболдод тавын даваанд өвдөг шороодсон,  энэ жилийн наадмаар улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат Н.Мустафа чимэгтэй начин болно.

Зургаагийн даваанд Э.Оюунболдод өвдөг шороодсон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, тухайн жилдээ шинэхэн улсын начин болсон Б.Цэдэнсодном, улсын харцага цол авна. Долоогийн даваанд Э.Оюунболдод өвдөг шороодсон Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, 2019 онд улсын харцага болсон Д.Анар, улсын заан цол хүртэнэ. Наймын даваанд Э.Оюунболдод өвдөг шороодсон Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж, үлэмж бадрах чимэг авна. Харин есийн даваанд Э.Оюунболдтой үзүүр, түрүү булаалалдан өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь, Монгол Улсын даян аварга цол хүртэх ёстой.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Доогий
    ...хоолонд хор хольсон юм уу шээсэнд допинг нэмсэн нөхөр нь арай хэтрүүлчихжээ. Допингийн шинжилгээ авна гэдгийг мэдсээр байж ДОДИНГ 4 , 5 -аар нь давхарлаад л уугаад байдаг "тэнэг" хүн энэ дэлхийд ховор доо.
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • Хурдан шийдэх ёстой. Хүмүүсийн бэлэглэсэн зүйлсийг буцааж өгнө үү.
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
  • Orgil
    Het byartai bolltson bsansu. Barag buh ursuldugchu tolgoi deere gartal urguud hayad bsan. Ene ni het byartai bolson ni dopingtoi holbootoi..
    2020 оны 07 сарын 25
  • Бөх сонирхогч
    Ямар тэнэг хүн допингийн шинжилгээ авдгийг нь мэдсээр байтлаа допинг хэрэглэхэв дээ. Урд нь авдаггүй байсан шинжилгээг энэ жил гэнэт, мэдээгүй байхад нь авсан бол одоо үнэхээр хэрэглэчихэж гэхсэн. Энэ их хүчтэй, нас залуу хүүхдийг манайхан шахаад байх юм даа. Надад бол тэгж л харагдаад байна.
    2020 оны 07 сарын 25 | Хариулах
    • Orgil
      Het byartai bolltson bsansu. Barag buh ursuldugchu tolgoi deere gartal urguud hayad bsan. Ene ni het byartai bolson ni dopingtoi holbootoi..
      2020 оны 07 сарын 25
  • ИДЭР
    ДОПИНГ ЮУ ГЭЖ ХЭРЭГЛЭХЭВ.ЁСТОЙ ЮМ ХОЛЬСОН НЬ ҮНЭН БХ.ДАРАА ЖИЛИЙН НААДМААР ХАРИУГАА ЗААВАЛ АВААРАЙ.
    2020 оны 07 сарын 24 | Хариулах
Нийтлэлчид