Улаанбаатар 1c

С.Жамбалцэрэн: Монголын комикийн салбарт “Хандгай” цуврал том амжилт гаргасан

Комик салбарт бүтээлч соёл бий болгохыг хүсдэг

“Nomadic Comic” буюу “Нүүдлийн зурган өгүүлэмж” компанийн ажилтан, “Хандгай” продакшны ахлах С.Жамбалцэрэнтэй ярилцлаа. Хүүхэд, залуус түүнийг цахим ертөнцөд нийтлэн гаргадаг “Хандгай” хэмээх зурган өгүүлэмжийн цуврал бүтээлээр нь илүүтэй мэдэх билээ.

-Зурган өгүүлэмжийн зураач болох бодол эртнээс байсан уу. Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
-Би есдүгээр ангиа төгсдөг жилээ улаан шугамны доор жагссан. Ерөнхий боловсролын тавдугаар сургуулиас 104 дүгээр сургууль руу шилжиж, тэндээ 12 дугаар ангиа ёстой л дөнгөн данган төгссөн. Тааруухан сурлагатай сурагч байсан гэсэн үг л дээ. Ахлах ангид байхдаа Н.Эрдэнэбаяр багштайгаа анх уулзаж, сургууль дээрээ урьж ярилцаж байв. Тэр үед сургууль дээрээ зохион байгуулсан зургийн тэмцээнд зориулж зурсан зургаа үзүүлж байсан минь саяхан мэт санагдаж байна. Ингэж уулзсан мөчөөс хойш би зурагт хорхойсох болсон.

Өөрийнхөө контент чиглэлийг хөгжүүлэхээр шийдэж, яг тохирно гэж бодоод “Зохиомж” дээд сургуульд найруулагч мэргэжлээр элссэн. Нэг жилийн дотор миний олон зүйл өөрчлөгдөж байгааг анзаарсан. Голч дүнгээрээ нэгдүгээр курсийн оюутнуудынхаа дээгүүрт бичигддэг болсон. 16 настайгаасаа “Нүүдлийн зурган өгүүлэмж” компанид дадлага хийж хоёр жил ажилласан хугацаанд би компанидаа хамгийн хэрэггүй нэгэн байсаар байсан. Тэр үед ээж маань миний сургалтын төлбөрийг төлөхийн тулд гадаадад ажилахаар явж, 17 нас хүрэхэд аав минь бурхан болсон.

Энэ бүх стресс, дарамт надад өөрийнхөө сонирхлыг мэргэжлээ болгоё гэсэн сэтгэл зүйг сайтар хангахад тэсрэлт болсон учир хэнээр ч шаардуулахгүйгээр тархи, гар хоёр маань зэрэг ажиллаж эхэлсэн. Гурав дахь жилээсээ компанидаа үндсэн ажилтнаар ажиллах болсон. Менежментийн хуралд суух, номоо хэвлэлтээс зөөх гээд төрөл бүрийн ажилд оролцож явсаар энэ жилээс продакшн багийнхаа ахлахаар ажиллаж байна. 

-Дээд боловсролгүй бол ажил хөдөлмөр эрхлэхэд хэцүү. Таньд их сургуульд үргэлжлүүлэн сурах бодол байдаг уу? 
-Надад ажлынхаа хажуугаар интернэтээс суралцахыг хүсдэг зүйл олон бий. Гэхдээ их сургуульд сурах нь хэрэггүй гэж байгаа юм биш л дээ. Их сургуульд сурах хэрэгтэй. Бид юуны төлөө их сургуульд тийм их хэмжээний мөнгө төлдөг билээ дээ. Хэрвээ сургуулиас авах мэдлэг, боловсролыг өөрөө бие даан суралцаад эзэмшиж чадна гэвэл өөрөө сурч болно. Харин чадахгүй гэвэл их сургуульд сураад цогц мэдлэгээ авах боломжтой. Энэ бол сонголтын л асуудал. Би их сургуульд сурч байхдаа Философийн хичээлийн улирлын шалгалтдаа муу авсан ч тухайн хичээл дээр “А” гарч байсан юм.

Тийм өндөр онооны шалгалтдаа муу авсан хэрнээ яагаад “А” гарсан юм бол гэж гайхаж магадгүй. Би улирлын туршид маш сайн хичээсэн ч шалгалтынхаа өмнөх өдөр үзсэн хичээлүүдээ эргүүлж тойруулж хараагүй учраас шалгалтаа муу өгсөн. Бусад шиг өмнөх өдөр нь л ухаан орсон юм шиг бэлдэж байгаад шалгалт өгөхийг биш, тэр улирлын туршид багштайгаа хамт суралцахдаа юу олж мэдсэн бэ гэдгээ л шалгуулахыг хүссэн юм. Миний сурсан зүйл тийм л хэмжээнд байсан. Багш намайг сэдвүүдээ үг, үсэггүй цээжлээгүй ч хичээлээ ерөнхийд нь ойлгосон гэдгийг мэдэж байсан учраас л онц тавьсан. Оюутнууд шалгалтын өмнөх орой учиргүй бэлдэж, цээжилчихээд дараа нь мартчихдаг. Ингэх юм бол сурах шаардлага байгаа ч юм уу, үгүй ч юм уу.

Манай сургуулийн бага ангийн багшийн мэргэжил сонгосон оюутнууд хичээлдээ хамгийн муу, эсвэл оноо нь дутаад энэ мэргэжлийг сонгосон гэдэг нь илт хүмүүс байдаг байсан. Тэр хүмүүс ирээдүйд миний хүүхдэд хичээл заана гэхэд надад эвгүй санагддаг. Тиймээс эхнээсээ л онооны системд өөрчлөлт оруулж, хамгийн өндөр боловсролтой, мундаг хүмүүс багшаар сурдаг, ажилладаг болчихвол энэ систем тэр чигээрээ өөрчлөгдөнө гэж боддог.

-Өөрийгөө нээж, мэргэжил сонголтоо оновчтой хийх нь юунаас эхлэлтэй гэж боддог вэ?
-Мэргэжлийг сонирхлоос эхлэлтэй гэж боддог. Харин хүний сонирхол их хувьсамтгай санагддаг. Нэг зүйл дээр үргэлж тогтоод байдаггүй. Тиймээс сонирхлоо барьж авах хэрэгтэй. Түүнийгээ тултал нь хөгжүүл. Цаг хугацаа биднийг хүлээхгүй шүү дээ. Өөрийнхөө сонирхлыг тодорхойлохын тулд хувь хүн өөрийгөө мэддэг байх хэрэгтэй. Өөрийгөө мэдэх нь гэгээрэхийн түвшний өндөр зүйл биш шүү. Юунд дуртай, юу хийж чаддаг, аливаа зүйлийг хийхэд миний ямар зан чанар хамгийн ихээр нөлөөлдөг вэ гэдгээ л сайтар ухаж ойлгох хэрэгтэй. Гэхдээ сонирхлоо мэргэжил болголоо гээд бүх зүйл тэгширлээ гэж ойлгож болохгүй.

Тэрхүү мэргэжил тань нийгэмд ямар үүрэг гүйцэтгэж байгаа, ирээдүйд ямар төлөвт шилжих вэ гэдгийг судлах үүрэг танд ногдоно. Олон талаас нь судлах хэрэгтэй. Бидний мэддэгээр гэр бүлийн гишүүдээс ирж буй зөвлөмж, шахалт, үүрэг гэмээр зүйлүүд, найзуудын санал бодол ч мэргэжил сонголтод нөлөөлдөг. Гэхдээ тэд чиний өмнөөс суралцахгүй, ажиллахгүй. Нөгөө талаар хүлээцтэй сонсдог байх нь бас л сайн чанар. Хаана ч энэ чанарыг үнэлнэ. Тиймээс хүмүүсийн санал бодлыг сонсоод эцэст нь өөрөө шийдвэрээ гаргаж, хариуцлагаа үүрч чадах, сонголтдоо эзэн болдог чанарт залуус бид суралцах хэрэгтэй. 

-Өөрийн тань мэргэжил сонголтод ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ?
-Багаасаа л бусад хүүхдийн адил зурагтны өмнө суугаад хүүхэлдэйн кино шимтэж үздэг байлаа. Дараа нь зураглал сайтай компьютерийн тоглоомыг их сонирхох болсон. Ингэж явсаар есдүгээр ангидаа “Avengers”–тай анх танилцсан. Лавшруулаад судалтал тус бүтээл “Marvel” хэмээх цуврал зохиолоос сэдэвлэж бүтээгдсэн гэдгийг мэдэж билээ. Цувралын талаар анхны төсөөлөлтэй болсон учраас би ч бас дотроо их зүйл боддог боллоо.  Өөрийнхөө хэмжээнд анхны цуврал зохиолоо гаргах тодорхой амбицтай болж эхэлсэн гэсэн үг л дээ.

Үүний хажуугаар бас бүжиг, илбэ, график дизайн гээд олон сонирхлыг давхцуулдаг байсан. Мэргэжил сонголт хийх хариуцлагатай үед би энэ бүхнээс аль нэгийг нь авч үлдэх, эсвэл бүгдийг нь хаях шаардлагатай болсон. Бүжгээр, илбээр ч биш харин зохиол бичээд, ханан дээр зураг зураад түүнийгээ цуврал бүтээл болгосноор өөрийгөө бусдад илүүтэй ойлгуулж, өөрийнхөө дотоод ертөнцийг илэрхийлэх нь зөв гэж бодсон учраас би хоёр дахь сонголтыг эргэлзээгүй хийсэн.

-Хандгай цувралын гол дүр хэрхэн бүтсэн бэ?
-Гол дүр буюу Хандгайг гаргаж ирэхдээ өөрийнхөө дотоод мөн чанарыг, хувь хүнийхээ онцлогийг харуулахыг зорьсон. Өөрөөр хэлбэл, С.Жамбалцэрэн гэдэг хүнийг Хандгайгаар төлөөлүүлсэн гэж болно. Харин дүрийн гадаад төрхийг нь “The Shaun the sheep” болон өөр олон ангит хүүхэлдэйн киноны гол дүрүүдээс санаа авч бүтээсэн. Хандгай цувралын гол дүрийн сул дорой, доожоогүй мэт байдал нь өөрт нь тун нийцтэй зохиж болохыг судалгааны явцдаа олж мэдэж байв. Энэ үед би 17 настай байсан учраас өсвөр насны хүүхдийн мэдрэмжээр хандгай дүрийг гаргаж ирсэн гэх үү дээ. Хандгайн дүрийн бүхий л эмоци, зан авир, харилцаа, хандлага, зорилго, мөрөөдлөөс С.Жамбалцэрэн гэдэг хувь хүнийг, бяцхан ертөнцийг нь хараасай гэж хүсдэг.

-“Хандгай” комикийн цувралууд хэдий хугацаанд, хэрхэн бүтдэг вэ?
-“Хандгай” цуврал эхэндээ миний үндсэн ажил биш байсан. Дадлагаа тараад илүү цагаар сууж хийдэг байсан анхны бүтээл минь юм. Энэ цуврал шууд хөлөө олчихоогүй. Дадлагаа хангалттай сайн хийх ёстой. Гэвч эхлүүлсэн зүйлдээ илүү их цаг гаргаж, хөгжүүлэх хэрэгтэй гээд л асуудлууд ундарч байлаа. Бүтэн жилийн турш нэгэн хэвийн уйтгартай, хандалт муутай явсан ч цувралаа зогсоолгүй хийсний үр дүнд нийгмийн хүрээнд маш жижигхэн амжилт гаргасан.  Монгол Улсад комик гэдэг зүйл Японы манга шиг өргөн хүрээтэй ойлголт биш учраас жижигхэн хөгжиж буй салбарын жижигхэн амжилт болж гарч ирсэн. Тийм боловч Монголын комикийн салбарт “Хандгай” цуврал маш том амжилт гаргасан. Тэр амжилт нь “Comic strip” гэдэг төрлийг Монголд анх удаа хүчтэй түрэн оруулж ирсэн явдал. Энэ бүхний эцэст би багшаараа бахархуулж чадсан. Компанидаа хэрэггүй хүн байхаа больсон.

Хүмүүс сонин, содон, өмнө нь хэний ч олж, сэдээгүй зүйлийг эрж хайдаг. Гэтэл энэ дэлхий дээр давтагдаагүй зүйл гэж бараг үгүй. Миний бодлоор, хуучин зүйлсээс суралцаад явбал илүү үр дүнтэй. Үндсэндээ хуулбарлах байдлаар суралцах хэрэгтэй. Жишээлбэл, Хандгай цуврал 100 хувь миний контент биш. Би анх “I hate fairyland” гэдэг комикыг уншаад, яг ийм зүйл хийх юм сан гэж хүссэний үндсэн дээр “Хандгай” цуврал бүтсэн. Ингэхдээ бүгдийг нь шууд хуулчихаагүй. Би гол утга санааг нь ойлгосон. Тэгээд өнгө, текст тавилт, “humor” буюу хошигнол, загвар, харагдах байдал гээд хийцийг нь ч бас нарийн судалсан. Тэр бүхнийг өөрийн арга барилд хөрвүүлсэн гэх үү дээ. Хэрвээ надад цувралын ганцхан анги хийх шаардлага гарвал хамгийн ихдээ хоёроос гурван өдрийг л зарцуулна. Эхний өдөр зохиолоо бодно, дараагийн өдөр нь зурж дуусгадаг.

Хандгайн дөрөвдүгээр цуврал дээр долоон хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Ер нь хугацааг нарийн тодорхойлох боломжгүй. Гэхдээ цаг хугацаанд баригдлаа гээд чанарын шалгуураа алдахгүй байхыг хичээдэг. Өмнөх цувралуудын хувьд, би толгойд орсон санаагаа баяжуулан цувралаа хэрхэн үргэлжүүлэх вэ гэдэг дээр анхаарч ирсэн байна. Харин одоо илүү зорилтот хэсэг рүү хандая гэсэн бодолтой байгаа. Нэг үзэгдлийг хөндөөд түүн дээрээ ажиллаад явъя гэж их бодсон. Контентоо цаашид өөр хэлбэрээр хүргэе гэсэн санаа байгаа. Өнөөдрийг хүртэл комик хэлбэрийг түлхүү ашиглаж ирсэн. Кино, анимейшн чиглэлээр бодсон зүйл бас байгаа. 

-Зурах, дүр бүтээх сонирхолтой залуус олон байдаг юм билээ. Зурах аргазүйн талаас нь зөвлөгөө өгвөл юу хэлэх вэ?
-Хүн юунд хамгийн их цагаа зарцуулна, түүн дээрээ тулгуурлаж хөгжинө. Тиймээс бүтэлгүй оролдлого бүр таныг хөгжүүлж байна гэсэн үг. Яг үүн шиг зураад л байвал арга барилаа олж эхэлнэ. Бид анхандаа зургийг нүд салгалгүй харж байгаад яг дууриалгаж зурдаг. Харин миний хувьд техник талаас нь зөвлөхөд, зургаа доош нь харуулж байгаад харж зурвал бас муугүй. Яагаад гэвэл зөв харуулж тавьсан зурагтай ажиллахад хүний зүүн тархи автоматаар ажиллаж эхэлдэг. Энэ үед та нүдэн баримжаагаар барагцаалж тухайн амьтны гадаад дүр төрхийг цаасан дээр буулгана. Харин доошоо харуулсан зураг хуулбарлахад баруун тархи идэвхтэй ажиллаж, обьектоо толгойдоо төсөөлж зурдаг онцлогтой. Зураг зурахад төсөөлөн бодох чадвар хамгийн гол нөлөө үзүүлнэ.

-Та 2019 оны XMF(Хуур мюзик фестиваль)-ийн ерөнхий зургийг гаргасан. Энэ тухай яриач?
-Шийдвэрлэг, томоохон алхмуудын минь нэг байж чадсан юм. “ХМF” хөгжмийн наадмын багийнхантай хамтарч ажиллаж үзэх юм сан гэдэг бодол үргэлж төрдөг байлаа. Продюсертаа энэ бодлоо хэлтэл намайг ХMF-ийг үндэслэгчдийн нэг “BRB” компанийн захирал Ж.Энхжаргалантай холбож өгсөн. Наадамд оролцох уран бүтээлчдийн дүрийг “Хандгай” цувралд оруулах санаагаа хэлсэн. Түүнийгээ ч хийсэн. Энэ ажлыг хийх явцдаа “Хандгай” цувралыг “ХMF”-ийн нүүр царай болгоё гэдэг дээр санал нэгдэж билээ. Ажиллах явцдаа маш олон зүйл сурсан.

Явц дунд гэнэтийн гэмээр тооцоолоогүй зүйлс ч ажил болоод ороод ирдэг байв. Жишээлбэл, анх зөвхөн “XMF”-д зориулсан цуврал бүтээх байсан бол ерөнхий зураг, нүүр царай зэргийг нь хийх бас анимейшн хэрэгтэй боллоо. Ингээд л анх удаа анишмейшн бүтээх том ажлын ард ажлынхаа залуутай хамтдаа гарч чадсан. Маш олон зүйл дээр алдсан. Гэхдээ алдаа бүр алсдаа намайг олон боломжийн уулзвар дээр аваачна гэж найддаг.

-Продакшнаа ахалж байгаа гэсэн. Тиймээс манлайллын талаар ярилцах нь зөв байх? 
-Би энэ талаар олон зүйл ярьж чадахгүй. Учир нь би манлайлагч ямар байх вэ гэдэг дээр суралцаж байгаа. Одоогоор миний ойлгосон нэг зүйл гэвэл багийнхныгаа сайн ойлгох нь хамгийн чухал. Багийн гишүүдтэйгээ ахлах биш, найзын үүднээс харилцах хэрэгтэй юм шиг. Хувь хүний онцлогийг нь авч үзэх ёстой юм билээ. Ингэснээр хоорондоо санаа бодлоо харилцан чөлөөтэй илэрхийлж, илүү сайн зохиол гарна. Гэхдээ тэнцвэрийг үргэлж барьж, багаа зөв удирдан чиглүүлэх нь чухал. Зорьсондоо тэмүүлж байхад чи бусдаар үргэлж дутна. Харин бусад нь чамаар хэзээ ч дутахгүй.

Би 19 настайдаа багийн ажиллагаа хамгийн чухал гэдгийг ойлгож, “Хандгай” цувралыг Монголын “Mickey Mouse” болгохын тулд багийхнаасаа тусламж хүссэн. Анхандаа ““Хандгай” зөвхөн миний бүтээл, би зохиолийн бичиж, би зургаа гаргана” гэж боддог байсан бол сул тавьж, олны санаа бодлыг нэмснээр жил, сар ирэх тусам хандалт нь ихсэж, тэр хэрээрээ бид нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг хөндөн, гаргаж ирэх болсон. Одоо  тавдугаар улирлын ангиуд маань гарсан байгаа. Үүнд татварын тухай ойлголт, үүсэл, түүх зэргийг тусгасан.

-Хэтийн зорилгоосоо хуваалцахгүй юу? 
-Энгийнээр хэлбэл, контентоо улам хөгжүүлэх, мөн энэ салбарт бүтээлч соёл бий болгох хүсэлтэй. Энэ бүхнийг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох ёстой. Би дөнгөж л эхлүүлээд байна. Манай компанид 16-60 настны хүмүүс ажилдаг. Хамгийн өндөр настай нь манай зөвлөх Бадамсамбуу ах. Гэвч бид яриа өрнүүлээд, зохиол, ажлаа суухаар бүгд л залуу хүмүүс байдаг. Миний хувьд хөгшин хүн гэж хүсэл, мөрөөдлөө алдсан хүнийг хэлнэ. Тэгэхээр зорилготой байх, тэмүүлсэн зүйлтэй байх хамгийн сайхан. 

-Чөлөөт цагаа юунд зарцуулдаг вэ?
-Ажлын өдрүүдэд хамгийн эртдээ 20:00-21:00 цагийн үед гэртээ харьдаг. Бүр оройтох үе ч бишгүй. Бямба гарагт барагтаа гэрээс цухуйдаггүй. Кино үзэх дуртай. Оюуны ачааллаа хөнгөлж байгаа нь тэр л дээ. Ингэхдээ киноноос авч болох санаа юу байна гээд л ажил руугаа бас орчих гээд байдаг тал бий. Ням гарагт заавал ажил дээрээ ирээд сурчихсан. Ажилдаа алхаж очоод шинэ долоо хоногийнхоо төлөвлөгөөг гаргаж, хийх ажлуудынхаа бэлтгэлийг хангадаг юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид