Улаанбаатар 1c

Ж.Нямсүрэн: Биеийн түгжигдмэл, унтаа хэсгүүд сэрэхээр амьсгалын урсгал чөлөөтэй болдог

Орчин үеийн  хотжилтын хөгжил дэвшлийн сөрөг тал нь суугаа ажлаас шалтгаалсан хөдөлгөөний дутагдал, илчлэг өндөртэй хоол, унд болжээ.  Бид хөдөлгөөний дутагдлаа нөхөж, биедээ хуримтлагдсан илүүдэл хороо гадагшлуулж, өөртөө үнэнч тууштай хандаж, бие сэтгэлээ цэвэрлэж чаддаггүй. Иогийг өдөр бүр хийснээр хүний бие махбод тухайн өдрийнхөө эрч хүчээр сэлбэгдэж, дархлаа нэмэгдэж, ажлын бүтээмж сайжран, амьдрах урам зоригоор дүүрдэг байна.  Булчин шөрмөст тохирсон ачаалал, сунгалт, мушгиралтаа авч, биеэс хор гадагшилж цэвэрлэгддэг аж. Иог хийснээр хөдөлгөөний дутагдал, зүрх судасны өвчлөл, таргалалтад өртөхгүй байх боломжтой аж. Иогийн гайхамшигт урлагийн талаар Олон улсад багшлах эрхтэй, иогийн багш бэлтгэх “Намастэ” иогийн  үүсгэн байгуулагч Ж. Нямсүрэн багштай ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Иогоор хичээллээд удаж байгаа юу?
-Намайг Ж.Нямсүрэн гэдэг. Би “Намастэ” иогийн олон улсын сургуулийг төрсөн дүү Ж.Даваасүрэн багшийн хамт байгуулсан. Бид одоогоос 16 жилийн  өмнө АНУ-д оюутан байхдаа,  иогийн  сургалтад явдаг байсан. Оюутны хичээл хүнд учраас бид ядаргаагаа багасгаж, арилгах, сурлагаа сайжруулах зорилгоор иогоор хичээллэсэн. Даваа багш Америк явахаас өмнө иогоор хичээллэж байгаагүй. Харин би Монголд байхдаа Шри шригийн Ц.Саран багшаар иог, бясалгал заалгаж байсан. Түүний дараа АНУ-д оюутан болж очоод үргэлжлүүлэн иогоор хичээллэсэн.

-Иогийн олон төрөл байдаг. Танайх ямар төрлийн иог вэ?
-Иогийг ямар арга барилаар яаж зааж байгаа нь чухал. Барууны арга барилаар зааж байна уу, уламжлалт арга уу гэдгээрээ ялгаатай. Монголын иогийн  сургалтын 90 хувь нь Энэтхэгийн уламжлалт аргаар явж байна. Бид хувь тохиолоор Америкт, барууны арга барилаар иог сурсан. Хүмүүст заахдаа орчин үеийн хүний биед тохирсон, шинжлэх ухаанд үндэслэсэн барууны аргаар иог заадаг.

Гэхдээ барууны аргаар заагаад уламжлалт энэтхэг аргыг орхигдуулдаг гэсэн үг биш. Даваа багш маань Өмнөд Энэтхэгт уламжлалт аштанга виняаса иогоор суралцсан. Бид гүнзгий түвшний сургалтад Энэтхэгийн уламжлалт иогийг барууны аргатай хослуулан заадаг. Барууныхан иог руу гүнзгий орохгүйгээр бие, сэтгэлээ тайвшруулах, амар, амгалангаа олох, стресс, ядаргаагаа тайлах зорилгоор иог хийж, өдөр тутмын амьдралын хэв маяг болгосон байдаг.

-Иог, бясалгал хоорондоо юугаар ялгаатай вэ?
-Иог, бясалгал нь нэг зүйл  юм. Иог хийж байгаа хүн бясалгал хийхгүй байж болохгүй. Бясалгал хийдэг хүн иогийн дасгал хийх ёстой. Бие, сэтгэл, амьсгалын нэгдэлийг иог гэх ойлголт бий. Анхаарал төвлөрөхгүй, стресстээд байгаа  хүн, бясалгал хийгээд  сууна гэдэг хэцүү. Орчин үед техник дэвшил хурдтай хөгжиж байна.  Цаг үеийн хөгжлийн хурдыг дагаад яаруу давчуу амьдралын хэмнэлтэй хүн  олширсон.  Ихэнх иогчид  биеийнхээ гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц, булчин, гар, хөл, шөрмөсийг хөгжүүлэх дасгалуудыг хийж, бясалгаж байна. Ер нь шууд бясалгалын арга хэрэглэх нь  ч байдаг. Бясалгал нь оюун санааны дасгал болдог. Гэхдээ буруу, зөв хийж байна уу, сайн төвлөрч чадаж байна уу, үгүй юу. Сэтгэл догдлоод шунал төрж, уур чинь хүрээд байна  уу. Юунаас болоод сэтгэл тань савлаад  байгаа вэ гэдгийг нарийн сайн ялгаж сурах хэрэгтэй.

-Монголд танай иогийн хэдэн салбар байгаа вэ?
-Манайх байгуулагдаад зургаа дахь жилдээ яваа. Одоогоор гурван салбар байна. Энэ гурван салбар 300-400  виняаса иогийн багшийг бэлтгэн гаргасан. Даваа багш  Америкаас сургуулиа төгсөж Монголдоо ирээд иогийнхоо замаар тасралтгүй замнаж яваа. Харин би АНУ-аас ирээд багагүй хугацаанд гаднын төсөл дээр оффисын ажил хийсэн. Түүний дараагаас завсар чөлөө гарсан үед иогоор хичээллэж байгаад багшийн ажилд шилжсэн. Манай үндсэн багш нар америкчууд байгаа. Тэд дэлхийн хэмжээний алдартай энэтхэг багшийн  шавь нар. Иогийг багшаас шавьд уламжлан сургадаг гэх ойлголт бий.

Тэгэхээр бид иогийг их ойрхноос сурснаа их аз завшаан гэж боддог. Үүнээс гадна “Намастэ” маань Монголын иогийн багш нарт зориулсан  сургалт явуулж, багшлах эрх олгодог олон улсын RYS 200, RYS 300 зэрэглэлийн анхны сургууль юм. Эдгээр сургалтдаа бясалгал болон иогийг  заавал цогцоор нь заадаг. Төгсөж байгаа багшдаа  иог хийх, иог заах нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

-Танай иогийг  нүдээр хараагүй болохоор надад төсөөлөгдөх зүйл алга. Бясалгал хийгээд суудаг юм уу, тамирчид шиг гүйж, харайж, дасгал, хөдөлгөөн хийдэг үү?
-Бидний мэдэх  “Ганжуур”, “Данжуур” гэдэг их хөлгөн судар байдаг шүү дээ. Түүнтэй адилхан иогийн “Патанжали” судар гэж бий. Тэр сударт иогийг хийх бүх аргыг, алхам алхмаар нь зааж өгсөн. Сударт зааснаар “Сэтгэл зүй, биед ямар зүйл тохиолдох вэ. Тэдгээрийг хэрхэн даван туулах вэ” гэдгийг  дөрвөн бүлэгт тодорхой бичсэн байдаг. Бид тэр судрын дагуу яваа. Судар дээр юу гэж бичсэн байдаг вэ гэхээр иогийг найман алхмаар хийж цогц болно гэжээ. Иог хүнийг амар амгалан болгох арга юм. Таны сэтгэлийн мөн чанар угаасаа амар амгалан. Тэр дотоод амар амгалан байдлаа иогоор дамжуулан таньж мэдэх л зорилготой. Гүйж, харайдаг юм уу гэвэл тийм. Булчинг тухайлсан газруудад нь ажиллуулна. Булчингаа ажиллаж байгаа, үгүйг өөрийн анхаарлаар хянаж, удирдан авч явахын тулд төвлөрнө.

Энэ үед биеийн түгжигдмэл хаалттай, унтаа хэсгүүд сэрэхээр амьсгалын урсгал чөлөөтэй болдог. Уушгиар энергийн сувгаар амьсгал, амин эрчим чөлөөтэй гүйнэ. Тэр урсгал дунд хүн биеэ хөдөлгөж, амьсгалаа удирдаж, төвлөрөх үед хүсэл шунал, уур, мунхагаа харах боломж бүрддэг. Мөн бясалгал хийгээд, хөдөлгөөнгүй суух чадвар тухайн хүнд бий болдог. Бясалгал хийхээс өмнө далд ухамсар, сэтгэлийн гүнд байгаа зүйлийг төдийлөн  олж хараад, мэдрэх нь  ярвигтай.
Иогийг өдөр бүхэн, амьдралын хэв маяг болгож өөрийнхөө сэтгэлийг  зөв засаж, аз жаргалтай байгаагаа байнга өөртөө сануулах ёстой. Сэтгэл хангалуун байхын тулд тогтмол “шүдээ угаадаг шиг”  иог хийх хэрэгтэй. Гэхдээ иогийн хажуугаар  хүн өөрийн эзэмшсэн мэргэжлийн ажил, төрлөө хийгээд амьдарч явах нь зүйн хэрэг. Тогтмол иог хийдэг хүн өөрийн ажил, мэргэжилд жирийн хүнээс илүү амжилт гаргах, нөөц боломж нь нээгдэнэ.

-Өдөрт тогтмол хэдэн цагийг иогт зориулах ёстой вэ?
 -Дасгалаар дамжуулан өөрийн сэтгэлээ ажих чадвараа хөгжүүлэх нь чухал. Тэр ямар гоё өнгөтэй юм бэ. Энэ яасан сайхан үнэр, амттай юм бэ гэдэг гадагшаа чиглээд байгаа анхаарлыг  дотогшоо сэтгэл рүүгээ  чиглүүлэх нь чухал. Тийм болохоор дасгалын үргэлжлэх хугацаа гэхээсээ илүү сэргэг, соргог дасгалаа баригдмал хүлээсгүй хийх нь чухал. Байнга өөрийн төвдөө орших тэр дадлыг суулгах хэрэгтэй.

Гэрийн нөхцөлд өөртөө, иогт цаг гаргаж зориулах нь том төлөвшил. Иогийн дасгалаа 30-45 минут хийгээд дараа нь амьсгалын дасгалыг таван минут хийгээд 30 минут бясалгал хийвэл  зүгээр. Зөв сууж сурах нь чухал. Нүдээ аниад, өөрийн биеийн, эд эрхтэндээ  ажиглалт  хийх хэрэгтэй. Гэхдээ судар номыг судлахгүйгээр иогийг хийх нь жолооч биш хүн машин  барьж буйтай ижил. Бүдүүн тоймоор иогийг хийх нь бичиг үсэг мэдэхгүй байж ном унших гэж оролдохтой адил.

-Багшгүйгээр иог хийх нь иртэй хутгаар өөрийг зүсэхтэй ижил гэх юм билээ?
-Энэ хоёр талтай үг. Зарим хүн бие даан иог хийж  өөртэйгээ  сайн ажилласан байдаг. Өөрийгөө таньж, өөрийгөө олж чадсан хүн иогоор хичээллэх боломжийг нээсэн гэсэн үг.  Ямар ч сайн сургалтад явсан хүн эцсийн бүлэгт өөртэйгээ ажиллаж сурна. Багшгүйгээр өөртөө дадал суулгаж байгаа хүмүүсийг  мундаг гэж боддог. Гэхдээ нөгөө талаар энэ нь цаг алддаг.  Дөчин жил багшгүйгээр иог, бясалгал  хийсэн хүнтэй таарч байсан. Багшаар заалгаж, системтэй яваагүйгээс цаг алдсан зүйл нэлээд байсан. Ер нь бие даан иог сонирхогчид нэг сарын багшийн курст сураад, хурдтай хөгжиж, огцом өсөх нь бий. Тиймээс багшаар заалгах нь зүйтэй. Системтэй сурсан хүн бие дааж иог хийх боломжтой. 

-Монголд хатха, нисдэг, агаарын, нүүрний гээд олон төрлийн иог байна. Эдгээрээс танай иог юугаараа ялгарах вэ?
-Орчин үед зураг зурах хүртэл иог болчихсон. Манайх бусад иогуудаас заах аргаараа  ялгарна. Хүний анхаарал, сэтгэлийг дотогш нь хандуулах  төвлөрүүлэх, тайвшруулах,  амьсгалын дасгалаараа ялгагдах зүйлгүй ижил.  Бид иогийн амьсгалын дасгал, төвлөрөл гээд найман зүйлийг нэг цагийн хичээлд дээр багтааж хийлгэдэг аргаараа онцлогтой. Бид агаарын иог шиг зөвхөн нэг төрлийг сонгож авдаггүй.

Манайх нэг цагт гурван төрлийн иогийг хольж  хийлгэдэг. Үүнд эмчилгээний иог, хөдөлгөөнт бясалгал, төвлөрлийн  аштанга, виняасагаар орно. Мөн ёс зүйтэй байх, өөр рүүгээ дотогшоо анирлах дадлуудыг суулгадаг.  Энэ аргыг  америк гаралтай, дэлхийд алдартай багш нар 1980 оны сүүлээр боловсруулсан. Энэ аргыг боловсруулсан багш маань өнгөрсөн зун тэнгэр болсон. АНУ-ын “Нью- Йорк таймс“ сонинд багшийн талаар том нийтлэл гарсан байсан. Түүнд “Орчин үеийн хүний амьдралын хэв маягт иогийн ач тусыг хэрхэн зөв хүргэх. Хүнд аль болох эвтэйхэн, хурдан, ухаалаг аргаар хэрэглэх вэ гэдэг дээр технологийн дэвшилттэй адилтгам өөрчлөлтийг хийж чадсан хүн гэж онцолсон” байсан. 

Иогийг уламжлалт ганц аргаар сурах, хийх ёсгүй. Цаг үе өөр болж байна. Хүний иддэг хоол, бие махбодийн насжилт өөр болж хувирсан. Техник технологийн дэвшил  өдрөөс өдөрт хөгжиж байгаа өнөө үед, цаг үеэ мэдэрч түүнд нийцүүлэн  дотоод сэтгэхүй, мэдрэмжээ хурдтайгаар хөгжүүлэх нь чухал. Хаана ухаалаг, зөв тохирсон, аюулгүй арга байгааг бодитоор судалж мэдэх хэрэгтэй.

-Иог, хийн дасгалаас юугаараа ялгагдах вэ?
-Ер нь иог, хийн дасгал хоёр төстэй. Хийн дасгал эртний Хятадаас гаралтай. Хий гэж яриад байгаа хятадуудын чи энергийн урсгал юм. Энэтхэгийн иогт үүнийг  парана гэж ярьдаг. Ялгаагүй энергийг урсгах, гүйлгэх арга барил. Гэхдээ энергийг гүйлгэх арга олон янз. Хүн болгоны хийдэг арга өөр. Жишээ нь, зарим  иогт  хүнийг мацаг бариулдаг. Энэ арга нь шууд тухайн хүний төвлөрөл сахилга баттай байлгах аргаар иогийг эхлүүлж байгаа юм.

Хийн дасгалд харин, хөнгөн амьсгалаа урсгаж дасгалаа хийдэг. Харин иог гэхээр таныг бие организмтай тань танилцуулахаас эхэлнэ. “Одоо та хөлийнхөө дөрвөн өнцгөөр гишгэ. Өвдөгний нүдээ өргө. Гуяныхаа булчинг гадагш, дотогш эргүүл, чангал” гэх зэргээр унтаа байдалд хөдөлгөөнгүй байгаа бүх булчинг сэрээдэг. Бид унтаа гэхээр шөнө орондоо ороод нүдээ аниад найман цаг унтахыг боддог. Гэтэл бидний далд ухамсарын 95 хувь нь сэрэхгүй байгаа юм. Хэрэв бид далд мэдрэхүй, эд эрхтний унтаа байдлаа  сэрээж чадвал, бүхнийг ухаарч, өөрийгөө таньж мэдэж, олж, ойлгох болно.

Бидний бие унтаа байдалтай байна. Хүн 2500 сая жилийн өмнө бич байсан гэж үзвэл, тэр бичний гар, мөр 360 хэм эргэдэг байж. Гэтэл одоо тийм хөдөлгөөн хийх шаардлагагүй болохоор мөрний булчин, шөрмөс  идэвхгүй  зогсонги байдалд орчихсон. Бид гал тогоондоо дээшээ гараа өргөж, сав суулгаа авдаггүй. Сандал дээр гарч зогсоод авчих жишээтэй. Тийм болохоор хөдөлгөөн хязгаарлагдмал болжээ. Энэ мэтээр хийх ёстой хөдөлгөөнийг  хийхгүй болохоор биеийн булчин, шөрмөс унтаа байдалд шилждэг.

Булчин унтахаар сэрэл, мэдрэмж, эд эрхтэн унтдаг. Энэ бүхнээс болоод бидний бие эрхтэн унтаа, идэвхгүй  байдалд орчихоод байна. Үүнийг сэрээхийн тулд сэтгэлийн боловсрол шаардана.  Хүний ёс зүй, сэтгэлийн боловсрол гэдэг хаяж болохгүй зүйл. Бид эх орондоо, гэртээ амьдарч байгаа хэдий ч яг үнэндээ тархи, толгойдоо амьдарч байгаа. Ямар сэтгэгдэл, ямар мэдрэмж төрж байна. Толгойд тань юу бодогдож байна вэ, ямар зорилго тавив гээд тархиныхаа бодол дотор л амьдарч байна

-Иог хийснээс хойш таны биед, амьдралд тань  ямар өөрчлөлт гарсан вэ?
-Анх би иогийн дасгал хийхдээ ачаалал ихтэй ажилладаг байсан.  Гаднын оронд өрсөлдөөн ихтэй, хүнд орчинд оюутан байсан. Их ганцаардаж, айж, сандарсан байдалтай байв. Тэгсэн хэрнээ дотроосоо өөрийгөө шахаж, том зорилтууд тавьдаг байлаа. Заавал би үүндээ хүрэх ёстой гэж зүтгэсэн. Харин  иог хийснээс хойш амар амгалан, юмны цаад учир утгыг ойлгож мэдэрсэн. Түүнээс өмнө амгалан болон, амгалан бус байгаагаа мэддэггүй байлаа. Мэдрэхүй сэрж эхэлсэн. Хүн аз жаргалтай байгаагаа өөрөө таньж мэдрэх ёстой юм.

Ер нь хүн ихэвчлэн аз жаргалтай байдаг. Харин ямар нэг таагүй зүйлээс болж сэтгэл савлачихаар аз жаргалгүй мэт санагддаг. Ийм үед би сэтгэлээ савлуулахгүйгээр  тайван байж сурсан. Сэтгэлийн их хүчтэй болсон. Аливаа зүйлд тогтуун, хүлээцтэй, зөөлөн, энэрэнгүйгээр ханддаг. Өөрийн хийж байгаа  зүйлдээ 100 хувь сэтгэл ханамжтай байж сурсан. Хүний зовлон, жаргалыг сэтгэлээсээ ойлгож чаддаг. Бид аливаа зүйлд өнгө будаг оруулж, хуурамч баг өмсөөд, хийсвэр байдлаар ханддаг шүү дээ. Тэгвэл би юмыг бодитоор харж сурч байгаа. Элдэв драмгүйгээр, хэт уурлаж бухимдаж, хөөрч баярлахгүй, хэт жаргаж ташуурахгүй, дунджийг олж тэнцүүлж амьдрахыг хичээдэг болсон. Одоо юу сурч байгаа вэ гэхээр хичээж, хүчлэхгүйгээр сэтгэлээ ажиглахад суралцаж байна.

-Иог хийснээр өөрийн сэтгэлийг амар амгалан байлгаж, бусдыг амар амгалан байлгаж сурах уу. Иог, философи болон шашны нэг төрөл, урсгал мөн үү?
-Иог шашин биш.  Зөв амьдрах урлаг. Харин  иогийн философи гэж бий. Аз жаргалтай байх. Өөрийгөө болон бусдыг амар амгалан байлга гэдэг ерөнхий ойлголт. Даваа багш болон манай иогийн багш нар ерөнхийдөө даруу хүмүүс. Хэт мэдэмхий, том онол сургаал ярихаас болгоомжилдог. Том зүйл ярьж, амлалт өгөхийг төдийлөн хүсдэггүй. Бидний аав, ээж даруу төлөв байхыг багаас минь захиж сургасан. Даруу байна гэдэг үгийг ойлгодоггүй  байж.  Бусдыг амар амгалан байлгана гэж хэлэх нь айхтар том утга агуулгатай юм байна. Өөртөө нь, бие, сэтгэлтэй нь яаж нэгтгэх вэ гэдэг дээр анхаардаг. Ингэхийн тулд хичээлээ заахдаа чин сэтгэлээсээ чаддаг, мэддэг бүхнээ заах үүргийг хүлээдэг.

-“Намастэ” гэдэг үгийг ихэнх хүн хоолны газрын нэрээр нь андахгүй.  Энэ ямар учир, утгатай үг вэ?
-Намастэ гэдэг маш учир, утга агуулгатай үг. Саяхан бид Олон улсын иогийн өдрийг  тэмдэглэсэн. НҮБ-аас иогийн өдрийг тэмдэглэх шийдвэрийг зургаан жилийн өмнө гаргасан.  Манай улсад анх тэмдэглэх болсон өдрөөс нь бид хувь нэмрээ оруулан яваа. Энэ жилийн иогийн өдрийг  бид зохион байгуулан явуулсандаа сэтгэл хангалуун байгаа. Тус өдөрлөгт Энэтхэгийн элчин сайд уригдаж оролцсон.

Тэр хүн нээлтэн дээр намастэ гэдэг үгийн учир утгыг тайлбарлаж өгсөн. Намастэ гэдэг “Таны дотор байгаа сүнс болон олон төрлийг авч төрсөн тэр хүнд миний дотор байгаа хүн хүндэтгэл үзүүлэн мэхийн ёсолж байна. Яагаад гэхээр би таныг яг өөр шигээ үзнэ. Өөр шигээ хүндэлнэ. Та бид  угтаа нэг юм. Бид  өмнө нь хүний олон төрөл дээр уулзаж таарч байсан. Энэ төрөл дээрээ дахин учирсандаа талархаж, хүндэтгэн, мэхийн ёсолж байна” гэсэн утгатай гэдгийг хэлж байна лээ. Энэтхэгчүүд намастэ гэдгийг сайн байна уу, баярлалаа гэдэгтэй ижил утгаар ойлгодог.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • хаана хичээллэдэг вэ. сургалтанд хамрагдах гэсэн юм
    2020 оны 08 сарын 02 | Хариулах
  • сандмаа с
    маш их мэдээлэл авлаа, баярлалаа
    2020 оны 08 сарын 01 | Хариулах
Нийтлэлчид