Улаанбаатар 1c

Р.Раш: Би төмөр замын салбарын тооноор орж ирж хойморт суугаагүй

Түмэн олноо төмөр замын Р.Раш гэж дуудагдтлаа энэ салбартаа амь амьдралаа холбосон түүний ертөнцөөр зочиллоо. Тэрбээр эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, Монгол гэх айлыг төмөр замаар өртөөлөх их аянд хүчин зүтгэж, насаа элээсэн нэгэн. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Рашийг “ҮШ”-гийн “Хоймор”-т урьж хөөрөлдлөө. Түүний туулсан замнал, өнөөдөрт хүрсэн өрнүүн их амжилт нь уншигч танд сонирхолтой байх болов уу. 

-Сайн байна уу. Сайхан зусаж байна уу. Тантай уулзах гэж хэдэн өдөр эрэл сурал боллоо. Гэтэл та төмөр замаасаа, өсөж өндийсөн салбараасаа холдоогүй байсан байна шүү дээ. Тиймдээ ч таныг төмөр замын Раш гэх тодотгол дагадаг байх?
-Уг нь намайг Раднаабазарын Раш гэдэг юм шүү дээ. Энэ салбарт олон жил ажиллаж байна даа. Салбараа багагүй хугацаанд удирдлаа. Яагаад ч юм олон түмэн төмөр замын Раш гэдэг болсон. Одоо ч дасаж дээ. Сайхан хамт олноор нэрлүүлж, овоглуулж явна гэдэг сайхан. Би төмөр замын инженер  мэргэжилтэй хүн. Хуучнаар Зөвлөлтийн Ленинград хотод төмөр замын мэргэжилээр сурч дүүргэсэн. Өнгөрсөн онд манай сургуулийн 210 жилийн ой болсон.  

Энэ ойд урилгаар оролцлоо, олон л зүйл л бодогдож байлаа. Намайг сургуулиа төгсөх үед яагаад ч юм аав маань “Миний хүү болж өгвөл олны нүд хариулж байгаад сургуулийнхаа хаалганаас адис авчихаарай” гэж билээ. Түүнийг би ёсоор болгосон. Монгол хүн амны билгээс ашдын билэг гэж ярьдаг. Ёс төр, билэг дэмбэрэл талаасаа ч тэр биз. Аавынхаа тэр захиасыг биелүүлсэн гээд надад муудсан зүйл алга. Төмөр замаасаа ажил амьдралын гараагаа эхэлж, олон жилийг туулж байна даа. Өнөөдөр ч би УБТЗ-ын даргын зөвлөх гэдэг гуншинтай байна.

-Сургуулиа төгсөхөд аавыгаа Ленинград хотод урьсан гэж байсан. Тэр үеийнхээ сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Төмөр замчдын баяр удахгүй болох гэж байна. Малчны гэрт төрж, малын захад өссөн болоод ч тэр үү тавдугаар анги хүртлээ малчин болох юм сан гэж боддог хүүхэд байлаа. Ингэж байтал дунд ангид орсоноос минь хойш аав, ээж, багш нар зөвлөж хэлсэн. Түүнээс хойш сургуулийн мөр хөөсөн нь дээр юм байна гэх бодол толгойд хоногших болсон. Төмөр замчин болох хувь заяатай золгожээ.

Ах Р.Содномдоржийг дагаж аймгаар дамжаад сумандаа наймдугаар анги төгссөн. Тэгээд Улаанбаатар хотын 28-р сургуульд аравдугаар ангиа төгссөн. Ээж маань намайг хойно сургууль төгсөж ирээд, Чойр өртөөнд жижүүр хийж байхад газар, усандаа сүсэглэж, байнга цай сүүнийхээ дээжийг өргөдөг байсан. Намайг сургуулиа төгсөх хавар аав маань Лениградад ирсэн. Тэр үед миний ээж надад тэмээний татлага явуулж байсан. Намайг жингийн цувааны хөтөчөөр ажиллахад ачаа нь тэгшхэн яваг дээ гэсэн эх хүний нандин сэтгэл байсан байлгүй дээ гэж одоог хүртэл би бодож явдаг.

-Та Дундговь аймгийн хүн. Төмөр замын инженер гэдэг мэргэжлийн талаар ямар ч төсөөлөлгүй байсан гэсэн. Энэ мэргэжлийг яагаад сонгох болов оо?
-Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын хүн. Манай сум адуу мал нь багширч, айраг цагаа нь бялхаж цалгисан сайхан газар шүү дээ. Аравдугаар анги төгсөхөд сургуулийн багш н.Мэгзэм, ангийн багш н.Норовсүрэн, сургуулийн захирал нар маань надад зөвлөсөн. Тэд “Төмөр замын мэргэжил сайхан. Чи авах нь зүйтэй” гэж гэсэн. Ямар мэргэжил байдаг талаар хөдөөний хүүхэд надад мэдээлэл байхгүй. Бүдэг бадагхан л “Үүдний жижүүр нь хүртэл “Прада” сонин уншдаг. Дотор нь аягатай цай уухад цалгидаггүй унаа” гэж сонсож байсан. Хувь заяа гэдэг түшсэн энэ байх.

Тэгж л  тэр сургуулийн босгыг алхсан. Төгсөөд “Чойр” өртөөнд жижүүрээр ажилласан. Сайхан хамт олон намайг хүлээж авсан шүү. Сургууль бол ажил амьдралд хандах шинжлэх ухааны үндэс, ерөнхий баримжааг хэлж өгдөг. Харин сургууль төгсөөд ажил дээр гарахад тэс өөр. Жинхэнэ төмөр замын бор амьдрал намайг угтсан. Манайхан “Хал нь гаднаа хайр нь дотроо хүмүүс” байв. Багаас нь эхлээд төмөр замын ажил амьдралыг сурч явсан хүний нэг би. Би тооноор орж хойморт суугаагүй гэдгээ хэнд ч хэлнэ. Ажлыг багаас нт хийсээр өндөрлөгт хүрч, сүүлдээ тэр буянаар төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д орон нутгаа төлөөлж хоёр удаа сонгогдож байлаа. 

-Та сургуулиа төгсөөд “Чойр” өртөөнд жижүүрээр ажиллаж байсан гэлээ. Орон нутагт хэдэн жил ажиллаж хот руу орж ирсэн бэ. Социализмын үед дээд боловсрол эзэмшсэн бол мэргэжилтнээс эхэлдэг байсан бол төмөр замынхан шууд жижүүрээс эхэлдэг байжээ дээ?
-Ажил нь тийм юм даа. Би “Чойр” өртөөнд нэг жил гаруй жиүжүүрээр ажилласан. Толгойтод өртөөний жижүүр хийж байгаад сүүлдээ төв диспетчер хийгээд эргэж Толгойтод дарга болсон. Одоо харахад тэр үеийн нам төрийн бодлого байжээ гэж боддог. Ажил дээрээ сууж байхад тэр үеийн дарга Б.Дэжид гэж хүн орж ирсэн. Тэр хавар ЗХУ-ын Нийгмийн ухааны акедамид суралцсан. Түүнийг төгсөж ирээд тухайн үеийн намын төв хороонд Төмөр зам, нисэхийг хариуцаж таван жил ажилласан. Мундгуудын дэргэд байж их зүйл сурсан.

Сайхан хамт олон түшиг болж надтай хамт намын төв хороонд Төгсөө ,Баатархүү гэж нөхөд суудаг байлаа. Одоо өндөр настай болсон хүмүүс бий. Дараа нь төмөр замдаа ирээд унаган хамт олонтойгоо ижил дасал болж ажилласаар сүүлд Төмөр замын газрынхаа дарга болсон. Миний орлогчоор орос, монгол олон хүмүүс ажилласан. Зарим нь миний эцэг шиг насны зөрүүтэй. Гэхдээ Хан уул шиг нөмөр нөөлөгтэй сайхан хүмүүс байлаа. Өнөөдөр тэдний талаар үгээр хэлж, үсгээр илэрхийлэхэд амаргүй байна. Ёстой л мэргэжилдээ эзэн болсон хүмүүс байж дээ. 

-Төмөр замын даргаар та хоёр удаа ажилласан бил үү?
-Үгүй ээ. Би нэгдүгээр орлогч даргаар олон жил ажиллаад, дараа нь дарга болж, удалгүй Улсын Их хуралд сонгогдсон. 

-Төмөр замчин хүний бахархал юу вэ. Бусад мэргэжлээс онцлогтой юм шиг ээ?
-Төмөр замд орж ажиллах хүмүүсийн хүсэл эрмэлзэл их байдаг. Яаж энэ хамт олны эгнээнд багтах уу гэдэг чухал. Энэ салбарт орсон л бол гарахад хүнд юм шиг. Нэг ёсондоо, татах шидтэй ч юм шиг санагддаг. Нэг орсон хүн хөөгдөж л гардаггүй юм бол хүслээрээ больдог нь ховор. Хүн эзэмшсэн мэргэжил, өвөртөлсөн диплом зүүсэн ромбоороо бахархаж, хэр баргийн зүйлд чамлагдаад байдагүй амьтан шүү дээ.

-Төмөр замын даргаар ажиллаж байхдаа та ямар өөрчлөлтүүдийг хийж байв. Социализмын үеэс ардчилалд шилжсэн цаг үед ажиллаж байсан хүний хувьд онцлог ялгаа бишгүй байгаа болов уу?
-Төмөр зам бол Монгол, Оросын хамтарсан байгууллага. ОХУ-ын төмөр замын яамны Зөвлөлтийн төмөр замын яамныхан намайг хүлээж авч байсан. Тэд надад эцэг шиг нөмөр болж байлаа. Төмөр замчдын өөрсдийн “Дуулвал дуу нэг дугтарвал хүч нэг байдаг” араншин сайхан шүү дээ.  1990-ээд оны эхээр хүндхэн он жилүүдийг бид давсан. Японы дэмжлэг Замын-Үүдээс эхлээд өдий төдий зүйлийг үнэтэй бөгөөд үнэгүй өгсөн. Япон хүмүүсийн дэм их байсан. Долоо хэмжиж, нэг огтолдог асар холын бодолтой хүмүүс. Хятад нөхдийн туслалцаа дэмжлэг ч их. Ялангуяа зүүн урагшаа явж байгаа ачаанд ямар нэг саад тотгор үзүүлж байгаагүй.

Хятад нөхдүүдтэй монголын төмөр замчид гар гараа барилцаж хүндхэн он жилүүдийг давсан юм. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг шиг бид хийхгүй бол хэн хийх юм гэдэг шинэчлэл техникийг бид хамтдаа бүтээж явсан. Гал тэрэгний дугуй элэгдэж хуучрах нь амархан. Түүнийг багасгах багаж, вагон зохион бүтээж байсан, манай хамт олон. Үүнийг зохион бүтээсэн хүнийг 500 мянган төгрөгөөр урамшуулж шагнаж байлаа. Тэр үед манай мэргэжлийн инженерүүд  маань алга ташиж хүлээж авч байв. Хүн гэдэг урмаар тэжээгддэг амьтан.

Ажлын бие даасан байдал, өөрсдийн бий болгож бүтээсэн мөнгийг өөрт нь үлдээж, ойр зуурын ажлыг хэн нэгний гар харахгүйгээр онгорхойгоо нөхөж явах л ямар нэг байгууллага хамт олонд сайхан байдаг. Тэр нөхцөлийг том буянтай байгууллагаар дэмжиж байсан. Алдаа, оноогүй зүйл гэж үгүй. Гар гараасаа барилцсан, бие биедээ итгэсэн, ган замчдын удирдлагадаа итгэсэн итгэл дээр тогтож, дугуй хэвийн байдлаар өнхөрч байсан гэж боддог. 

-Харилцан итгэлцэл ганц төмөр зам ч гэлтгүй хүний амьдралын бүх цаг үед дагадаг араншин юм биш үү?
-Харилцан хүндлэх, хүнийг хүн ёсоор дээдлэх маш чухал. Чадахгүй ч гэсэн ажилтнуудынхаа амьдрал ахуйг нь асууж болвол гэр орноор ороод гарч байвал ажил урагшаа аяндаа бүтдэг юм шүү дээ. 

-Инженерүүд, засварчидаа маш их урмаар урамшуулдаг хөшүүрэг байсан учраас танай салбарынхан гаднынхны гарыг харалгүй төмөр замаа маш сайн засдаг гэх яриа байдаг шүү дээ?
-Миний арга барил гэж юу байх вэ дээ. Ер нь “Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэж үг байдаг. Би ажилтнуудаа урмаар л тэтгэдэг байсан. Гэхдээ алдаа гарахад арга хэмжээ авч л таарна. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байх хэрэгтэй. Чанга, сул дуугарах үе зөндөө байна. Шөнө, өдөргүй ажиллаж ажил дээрээ хонох үе ч зөндөө шүү дээ. Ажилдаа уйгагүй зүтгээд байхад хүн үлгэр жишээ ч болгодог юм уу гэж боддог.  

-Удирдах гэдэг чинь их ухаан юм биш үү?
-Урлаг, ухаан. ОХУ-аас бид маш их зүйл сурсан. Төмөр замын зүтгүүрийн холбооны дарга Улсын гавьяат тээвэрчин н.Гэсэржав гэж хүн байсан. Өмнө нь Зүүнхараад галч байсан хүн л дээ. Явсаар байгаад зүтгүүрийн үлгэр жишээч дарга болсон. Энэ мэтчлэн дурдвал олон хүнийг нэрлэх байна. Биднйи  ажил сайхан шүү.

-Та одоо УБТЗ ХНН –ийн даргын зөвлөхөөр ажиллаж байна. Төмөр замын удирдлагууд сүүлийн үед хэл ам таталдаг болсон. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Одоогийн төмөр замын удирдлагуудыг дажгүй сайн ажиллаж байна гэж боддог. Н.Жигжиднямаа дарга өмнө нь Багануурын үйлдвэрийн төмөр замд ажиллаж байсан хүн. Сүүлд бизнес хийж байгаад буцаад төмөр замд орж ирсэн сайн мэргэжилтэн. Оросоор  унаган хэл шигээ ярьдаг.

-Төмөр замын бодлогыг зөв авч явж байна гэж боддог уу? 
-Оросуудтай харьцаа гайгүй боломжийн л яваад байдаг шүү дээ. Өмнөговийн төмөр замын бүтээн байгууллалтын ажилд хошуучлан оролцож байгаа. ЗХЖШ-ын цэргүүд манайх хоёр л тэр төмөр замыг барьж байна.  Төмөр замын бүтээн байгуулалтын ажил сайн яваад олон нийт ам сайтай байна лээ. Тэр төмөр зам 2022 оны долдугаар сард ашиглалтад орно гэж байсан. Миний үед томоохон төмөр зам баригдаж байсангүй. Социализмын үед Эрдэнэтийн төмөр зам Салхитаас Эрдэнэт хүртэл 168 километр тав, зургаан жил баригдсан. Багануурын төмөр зам дөрөв таван жил баригдсан. Багахангайгаас 100 километр яваад Багануур эдгээрийг Зөвлөлтийн цэргийн ангиуд барьсан. Одоо баригдаж байгаа төмөр зам Зүүнбаянгаас Тавантолгой хүртэл 430 орчим километр байгаа. 

-Манай улс нийт хэдэн километр төмөр замтай вэ. Сүүлийн жилүүдэд төмөр замын өргөн, нарийн цариг гэж их маргах болжээ. Мэргэжлийн хүний хувьд энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Би Их хуралд байхдаа Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Бүтээн байгуулалтын шинэ ажил ерөнхий бодлогын дагуу явж байгаа. Эндээс явсан өргөн цариг Эрээнээр гарч байна. Нарийн цариг бол шилжүүлэн ачих гэдэг зовлон байхгүй. Шууд нэг царигаас нөгөө рүү гэх зовлон бага. Манай улс 1800 гаруй километр төмөр замтай. Бүгд өргөн царигийн төмөр зам шүү дээ. Орос орон ямар газар нутагтай, ямархуу билээ гэдгийг бид мэднэ. Цагаан хааны үеэс оросод баригдаж ирсэн стандартаар хийгдсэн төмөр зам. Тэгэхээр шилжүүлэн ачилт зайлшгүй хийгдэнэ. 

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн 20 гаруй километр төмөр замтай та танилцсан уу?
-Сааль хураахаар саваа хураа гэж үг бий шүү дээ. Юу ч гэсэн савтай хоцорсон. Цаашаа үргэлжлээд зүүн бүсийн коридар маягтай гарч ирэх байх. 

-Та хоёр удаа УИХ-д сонгогдсон. Тэр үедээ тийм чухал ажлыг хийж байсан гэдэг зүйл байдаг байх. Төмөр замын салбараас гадна та хэрхэн ажиллав?
-Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтана гэж юм байлгүй л яах вэ. Гэхдээ их хуралд олон жил байх онц биш санагдсан. Тийм ч учраас би гурав дахь удаагийн сонгуульд орохгүй гэж нэрээ татаж авсан юм.  

-Хууль тогтоох байгууллагад найман жил болоход та юу хийсэн бэ?
-Ашигт малтмалын хууль, стратегийн орд газрын жагсаалт зэрэг нэлээд хууль, тогтоолын төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Манай намын бүлэг намайг томилдог байсан. Түүнээс халширсан уу яасан, явмаар санагдаад л гарсан байх. 

-Их хурлаас гараад ямар байсан?
-Татаж чангаах зүйл байхгүй. Хийе гэснээ хийнэ. Хийж чадах бяр тэнхээ маруухан. Их хуралд хэлэх юм аа хэлж байсан. Зарим нь илүү ч юм байсан байх. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын ажилтнууд их хуралд ажлаа танилцуулахад манайхнаас хувийн өмчийг шахлаа гээд. Тэгэхээр нь би орж ирсэн нөхдөө өмөөрөнгүй чиний хувийн өмч гэж юу байна гэж өмөөрч л явлаа. 

-Та чинь бичиг цаасны бага сага зүйл оролддог байх аа?
-Би Намын төв хороонд ажиллаж байхдаа дарга нарын хэлэх үгийг бичдэг байсан. Тйим учраас одоо ч хоосонгүй. 

-Чөлөөт цагаараа та юу хийдэг вэ?
-Одоо төмөр замын ажилд чадахаараа хэлж, зөвлөж байна. Гэхдээ “Тэгвэл яасан юм” гэж хүнийг хажуугаас нь чичлэх хэцүү. Гарцаагүй хэлэх шаардлагатай зүйлийг би хэлдэг. Залуу үе болоод ч тэр үү нүүрэн дээр нь хэлж байгаа болохоор сүрхий хүлээж авдаг. Цахим хаягаараа бага сага зүйл бичнэ. Хөдөөгийн амьдрал, төмөр замтай холбоотой асуудал зэрэг бичих зүйл бас мундахгүй байх юм.

-Таны хүүхдүүдээс төмөр замын салбарт ажиллаж байгаа хүн бий юу?
-Би хоёр хүүхэдтэй. Хоёулаа өөр салбарт ажилладаг. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ТӨМӨР ЗАМЧИН
    Мундаг сайн үлгэр жишээч дарга даа. Таньд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
    2020 оны 08 сарын 10 | Хариулах
  • ТӨМӨР ЗАМЧИН
    Чи битгий хуц
    2020 оны 08 сарын 10
  • Tumur zamiin darga hiigeed hagartalaa bayajsan sda shdee...luivarchin
    2020 оны 07 сарын 27 | Хариулах
    • ТӨМӨР ЗАМЧИН
      Чи битгий хуц
      2020 оны 07 сарын 27
Нийтлэлчид