Улаанбаатар 1c

Дагуул хотууд хөгжил, шинэчлэл, эдийн засгийн өсөлт дагуулна

Хүн амын хэт төвлөрлийн улмаас цагтаа “Азийн цагаан дагина” нэртэй явсан нийслэлийн иргэд өвөлдөө утаа, тортогт дарлуулж, зундаа цэвэрлэх байгууламжийн үнэрт утуулан тун ч тухгүй амьдрах болоод удлаа. Үүний цаана ая тухаас илүүтэй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх  зөрчигдөж буй юм. Агаарын бохирдлын улмаас хэдэн мянган хүүхэд ханиад томуу, уушгины хатгалгаагаар өвдөж, эмнэлгийн шалан дээр хэвтэх дүр зураг өвөл бүр давтагдана. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний талаар дурсаад ч нэмэргүй. Ямартаа л бяцхан үрс  сурч, боловсрох эрхээ эдлэхийн тулд сугалаанд оролцон азаа сорино. Залуус хөлсөө дуслуулсан байж хураасан мөнгөөрөө байр худалдаж авлаа ч хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол гэх мэт наад захын шаардлагатай бүхэн дутмаг.

Энэ бол бидний амьдардаг хотын эмгэнэлтэй ч, бодит дүр төрх. Монгол Улсын нутаг дэвсгэрийн өчүүхэн хэсгийг эзэлдэг Улаанбаатар хотод нийт хүн амын 50-н хувь ажиллаж, амьдардаг гэхээр арга ч үгүй биз. Иймд хүн амын төвлөрийг бууруулах, нийслэл хотын ачааллыг хуваалцах шинэ хот байгуулах зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Улаанбаатар хотын дагуул хот байгуулах  тухай хэдэн жилийн өмнөөс ярьж эхэлсэн ч, хэрэгжсэн зүйл цөөн. Харин өнгөрсөн тавдугаар сард Улсын их хурлын чуулганаар “Хот байгуулах тухай” тогтоолын төслийг эцэслэн хэлэлцэж баталснаар Шинэ Зуунмод болон Майдар хот байгуулах үйл ажиллагаа эрчимжсэн юм. Энэ ажлын хүрээнд өчигдөр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй холбогдох байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүд Хөшгийн хөндийд ажиллаж, дагуул хотуудын ерөнхий төлөвлөлт, ажлын явцтай танилцаж, санал солилцлоо.

шинэ хотуудын ширхэг чулууг ч төлөвлөнө

Ийнхүү шинэ хот байгуулах ажил хууль эрхзүйн хувьд албан ёсоор баталгаажсанаар монголчууд даруй хагас зуун жилийн дараа  өөрсдийн гараар нүсэр бүтээн байгуулалт хийх гэж буй юм. Дархан, Эрдэнэтийг бүтээн байгуулах үед манай улс нэг намын тогтолцоотой, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан  учир бүх нөөцийг цуглуулж, хөрөнгө орлуулалт хийдэг байж. Гэтэл өдгөө хот байгуулъя гэхэд цэвэр бохир усны төсөв нь Барилга хот байгуулалтын яаманд, цахилгааны эх үүсвэр  нь Эрчим хүчний яаманд, зам, дэд бүтцийн асуудал нь Зам тээврийн яаманд, газар нутаг нь тухайн сум, орон нутагт харьяалагддаг тул асуудлыг шийдвэрлэхэд хугацаа алддаг байна. Ийм  учраас салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, бүтээн байгуулалтад оролцох албан хаагчид нэгдсэн ойлголтод хүрэх, албан тушаалтан, сайд дарга нараас илүүтэй мэргэжлийн хүмүүсийн  үгийг сонсох зорилгоор ийнхүү газар дээр нь хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн Улаанбаатар хотын алдааг давтахгүйн тулд долоо хэмжиж, нэг огтлох зарчмын баримталж байгаа хэрэг гэлтэй. Монгол Улс түүхэндээ таван  удаа хүн амын өсөлтийг тооцсон хотын ерөнхий төлөвлөгөө гаргасны  дөрвийг нь Москва хотын Гипрагор институтэд боловсруулжээ.  

Гэвч  энэ тооцоолол алдсан юм. Хотын анхны ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацааг 20 жилээр тооцож хүн ам нь 1954-1974 оны хооронд 125 мянга хүрэхээр тооцоолсон боловч 1960 онд буюу зургаахан жилийн дараа Улаанбаатар хотын хүн ам 180 мянгад хүрсэн байна. Энэ мэтээр хот суурин газар бараадан шилжих хөдөлгөөн ихсэж, хүн амын тоо жил ирэх тусам нэмэгдсээр тооцооллоос ямагт давсаар иржээ. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн даацын судалгаагаар 500 мянган хүн оршин суух боломжтой ч өдгөө гурав дахин их хүн аж төрж буй. Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Хот байгуулна гэдэг цаасан дээр зураг төслийг нь гаргаад л болчихдог зүйл биш. Бодит тооцоолол, суурь судалгаа, мэргэжлийн хүмүүсийн санал зөвлөмж,  чухал. Мөн дан ганц тухайн хотыг бус зэргэлдээх хот суурин газруудыг тооцоолон, хамтад нь хөгжүүлэх шаардлагатай" гэдгийг онцолж байсан юм.

Мөн тэрбээр "Монгол Улсад шинэ хот зайлшгүй  барих шаардлага бий болсон. Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал баригдаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Үүнийг дагаад онгоцны буудал, үйлчилгээ, тээвэр логистик хөгжинө. Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр зам хотын аж амьдралыг найман минут зогсоодог. Тэгвэл "Богд хаан" төмөр зам энэ хөндийгөөр дайран өнгөрснөөр энэ асуудалд гаргалгаа болно. Хот байгуулна гэдэг монгол гэр барьж, буулгаж байгаа юм шиг, ганц нэг жилийн дотор бүтэхгүй. 30 мянга гаруй хүнтэй хот байгуулахад доод тал нь 10-30 жилийн хугацаа шаардлагатай. Түүнчлэн Шинэ Зуунмод, Майдар хот, Сэргэлэн сумын хөгжлийг цогцоор авч үзэх ёстой. Цаашдаа энэ хөндийд гурван хот сүндэрлэнэ. Тэгэхээр усны нөөц, инженерийн шугам сүлжээ, цахилгааны их үүсвэр, дулааны шийдэл, цэвэрлэх байгууламжийн тоо,байршил зэрэг суурь судалгааг зайлшгүй хийх хэрэгтэй.

Ингэж ул суурьтай судалгаа хийн, нөөц бололцоог үнэн зөв тогтоож, Хөшигийн хөндийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг цогцоор нь шийднэ. Судалгаа, шинжилгээний дараа зураг төслийг баталж, хөрөнгө оруулалтыг үе шаттай хийнэ. Газар доор маш олон ажил хийж байж, газрын дээр нэг байшин босдог. Газар доорх асуудал шийдэгдсний дараа төмөр зам болон, автозамын сүлжээг шийдэх ёстой. Түүнчлэн ажлын байр аялал, жуулчлал, эдийн засгийн асуудлыг мартаж болохгүй. Энэхүү бүтээн байгуулалт Сэргэлэн сумын нутагт  өрнөх учраас орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах нь чухал. Эхнээсээ баг болж, цогц бодлоготой байж оруулалтын бодлогыг үе шаттай хийж байж энэ хөндийн ажил урагшилна. Барилга хот байгуулалтын яамны холбогдох хүмүүс, аймаг, орон нутгийн удирлагууд төлөвлөлтийг газар дээр нь ярьж, эхнээсээ бодлогоо нэгтгэж байна. 2020 оны төсвийн тодотголд энэ хөндийд баригдах зургийн тодорхой төсвийг тусгаж, зургийн тендэр зарлан,  техникийн гаргалгаа хийнэ” хэмээн ярьсан юм.

Ийнхүү Хөшигийн хөндийд хөгжлийн гэрэл гялалзаж эхлэх нь ээ. Хот тус бүрээс гадна дагуул хаяа хотыг холбосон LRT хөнгөн галт тэрэг болон автозамын сүлжээтэй байхаар  урьдчилан төлөвлөсөн байна. Мөн Зуунмод хотын цэвэр усны хангамжийг сайжруулах зорилгоор өргөтгөх улсын төсвийн хөрөнгөөр хоёр ширхэг 2000 куб метр багтаамжтай 2018-2020 оны хооронд усан санг барьж ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байв. Энэ нь одоогийн Зуунмод хотын барилгажилтыг гурав дахин өргөтгөх боломжтой, 12 давхар барилгыг өөрийн даралтаар цэвэр усаар хангах хүчин чадалтай гэнэ.

Шинэ Зуунмод хот зүүн хойд азийн ачаа тээврийн зангилаа 0цэг байна

Зуунмод хотоос баруун урагш 10 -аад километр явж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигийн хөндийд ирлээ. Энэ газрын нэрийг нь асуух хэрэггүй мэт өнгөрсөн шөнө орсон борооны шинэхэн үнэр анхилан, өнгө зассан зүлэг ногоо цэнхэртэн, талын намхан уулс алсаас дуниартан, үүлс тэнгэртээ намуухан хөвөлзөх ажээ. Машинаас буухуйд  сумын наадмыг санагдуулам хөх өнгийн,  жижиг асар зэхэж, “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих

Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” гэсэн гарчиг бүхий хулдаасан хэвлэл байршуулсан байх бөгөөд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан багийнханд Хот байгуулалт хөгжлийн газрын ерөнхий архитектурын ажлын албаны ахлах мэргэжилтэн Д.Дарханчулуун танилцуулга хийлээ. 

Энэхүү хот Улаанбаатар хотын төв цэгээс 54, нисэх онгоцны буудлаас урагш 32.2 километр зайд 34 мянган хүн оршин суух боломжтойгоор сүндэрлэнэ. Одоогоор Олон улсын нисэх онгоцны буудал, шинэ хурдны зам ашиглалтад ороход бэлэн болоод буй. Хоёрдугаар ээлжид орон сууцны хороолол, чөлөөт бүсийн бүтээн байгуулалт хийх аж. Хотыг шинжлэх ухаан, техник, технологийн  дэвшилд суурилсан, чөлөөт бүс болон зүүн хойд азийн ачаа тээврийн зангилаа цэг байхаар төлөвлөсөн байна. Чөлөөт бүсийг дээрээс нь  харвал,  гэрэгэ хэлбэртэй бөгөөд энэ бүсэд ирсэн гадаадын зочид төлөөлөгчид тухайн газарт албан ёсны  эрхтэй оршин суугчид шиг мэдрэмж төрүүлэх аж.

Энэ бүсэд Монголын түүх соёлын талаар үзвэр, үйлчилгээг түлхүү байршуулж, сурталчлах юм. Гэрэгэ хэлбэрийг сонгосон нь Чингис хааны алтан гэрэгэ өвөртөлсөн хүн тал нутгийн хаана ч чөлөөтэй нэвтрэх эрхтэй эх түүхээс улбаалжээ.  Мөн тус хотод олон улсын уулзалт, бага хурал үзэсгэлэнгийн төвийг байгуулж аялал жуулчлалыг хөгжүүлэх гэнэ. Энэ мэтчилэн тус хотын сонин сайхныг онцолж дуусашгүй. Түүнчлэн нисэх буудлын орчимд байрлах барилгууд таван давхраас өндөргүй байх, суурьшлын бүс, ногоон байгууламжийн бүсийг тогтоох зэргээр стандарт, хэм хэмжээг ягштал баримтлах тухай албаны хүмүүс мэдэгдэж байлаа.

Майдар  хотыг 300-400 мянга оршин суугчтай байхаар төлөвлөжээ

Танилцах багийнхны дараагийн зогсоол Майдар хотыг байгуулахаар төлөвлөсөн нутаг дэвсгэр буюу Майдар бурханы хөшөө сүндэрлэж буй хэсэг байлаа. Энэхүү хот нь манай улсын соёл, ёс заншлыг бүрэн  шингээсэн аялал жуулчлалыг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн цогц  төлөвлөлттэй ногоон хөгжлийн зарчимд тулгуурласан эко хот байхаар  төлөвлөгдсөн.

Энэ талаар “Майдар хот” төслийн удирдагч Л.Баяртуул “Энэхүү төсөл 2012 онд, одоогийн баригдаж буй Майдар бурхны хөшөөг түшиглэн, аялал жуулчлалын хот  байгуулахаар ерөнхий төлөвлөлтийн ажил эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийгэм эдийн засгийн суурь судалгаа хийж, үр дүнд тулгуурлан 300-400 мянган оршин суугч амьдрах боломжтой хот төлөвлөсөн. Мэдээж, шууд ийм олон хүн төвлөрөхгүй. Гэхдээ эхний ээлжинд 100 мянган оршин суугчтай байсан ч хотод хэрэгцээтэй бүх зүйл хангагдсан, бие даасан хотын статустай хөгжих боломжтой” хэмээн танилцуулсан юм.

Тус хот Шинэ Зуунмод  хотоос 22 километр зайд оршино. Газарзүйн байрлалын хувьд агаарын тээвэр болон ирээдүйд баригдах, азийн зэрэглэлтэй,  AH3 хурдны замд  ойр, төмөр замаас долоо,  нийслэлээс 50 километр зайтай тул дэд бүтэц хөгжүүлэх, орчин үеийн хот байгуулахад нэн тохиромжтой аж.  Цаашид өргөжин тэлэхийг нь тооцоолон 27 мянган га газрыг хот байгуулалтад зориулан төлөвлөсөн байна. Үүний 12 мянган га-д барилга байгууламж барих бөгөөд улсын тусгай хэрэгцээнд авчээ.
Майдар хот нь үндэсний өв уламжлалыг хадгалсан аялал жуулчлалын бүс байхаас гадна Шинжлэх ухаан технологийн төв болох зорилт тусгажээ. Тодруулбал, тус хотыг түшиглэн ШУТИС, ХААИС зэрэг их дээд сургуулийг шилжүүлэн суурьшуулах юм. Түүнчлэн БНСУ-ын Сөүлийн их сургуулийн салбар байгуулагдахаар төлөвлөгдсөн байна.

Эдгээр төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын орчны болон агаарын бохирдол буурах, хүн амын хэт төвлөрөл саарах,  иргэдэд ая тухтай орчинд амьдрах боломж бүрдэх юм. Үүний тулд шинэ хотуудыг орон зайн бүтэц, хүн ам зүйн бодлогын хувьд нухацтай төлөвлөхөөр албаныхан ажиллаж байна.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид