Улаанбаатар 1c

Г.Дамдинням: Төрийн сүлдэнд тангараг өргөхдөө иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө хичээж ажиллана гэж бодсон

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.

-УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвшиж, ялалт байгуулан гишүүнээр сонгогдлоо. Иргэдээс та ямар захиа даалгавартай ирсэн бэ?
-Нэгдүгээрт, ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах, хоёрдугаарт, Дарханы замын ажлыг дуусгах, гуравдугаарт, Дарханы төмөрлөгийн үйлдвэрлэлийг хувьчилсан ажлын гэрээг дүгнэж, цаашид ажлуулбал “Ажиллуулж, улсад  буцаах ёстой бол буцаагаарай” гэсэн даалгавартай ирлээ. Би Монгол Улсын хойч үе болсон залуус, үр хүүхэд минь өөртөө итгэлтэй, ирээдүйтэй улс оронд амьдраасай гэсэн хүсэлтэй залуу үеийн төлөөлөл. Энэ хүсэл, зорилгоо дарханчуудад танилцуулсан. Үүнийг иргэд маань дэмжиж, итгэл хүлээлгэснээр дөрвөн жил төр төлөөлөхөөр болсон. Би ажилчин ангийн хүүхэд. Аав жолооч, ээж маань тогооч хүн. Дархан хотын Толгойтын гэр хороололд бага нас минь өнгөрсөн, Зургаан хүүхдийн аав хүн.

-Та уул уурхайн чиглэлээр гадаадад боловсрол эзэмшсэн байх аа?
-Би МУБИС-ийг 2004 онд нийгэм судлаач, эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хэсэг хугацаанд төрийн алба хашиж байгаад 2013 онд Канад Улсын Бритиш Колумбын их сургуульд уул уурхайн менежментийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан.

-Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас шууд хамааралтай. Та гаднын улсад энэ чиглэлээр суралцаж, боловсрол эзэмшсэн хүний хувьд энэ чиглэлээр хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй байна. Ер нь манай уул уурхайн салбарын хөгжил манайд ямар шатандаа явж байна вэ?
-Уул уурхайн засаглал гэж ойлголт байдаг. Сүүлийн долоон жил энэ чиглэлээр суралцаж, судалгаа хийлээ. Мөн уул уурхайн салбарт бизнес эрхэлж байв. Миний хамгийн түрүүнд хийх ажил УИХ-д Уул уурхайг дэмжих лобби бүлэг  байгуулах. Энэ ажилдаа саяхнаас орж, гишүүдээс гарын үсэг цуглуулаад дууслаа. Уул уурхайн салбарын зөв засаглалыг дэмжих зорилготой. Аливаа салбарт төр, иргэн, аж ахуйн нэгжийн оролцоо чухал. Энэ гурван оролцогч талын тэнцвэртэй байдал алдагдаж эхэлбэл тэр салбар уналтад орно. Үүний хамгийн тод жишээ уул уурхайн салбар байна.

Заримдаа төр хэт илүүрхээд компаниуд нь ажиллах боломжгүй болдог. Ингээд иргэдийн амьжиргааны түвшин буурч, авлига, хээл хахуулийн асуудал үүсдэг. Нөгөө талдаа аж ахуйн нэгжүүд давуу эрхтэй бол татвар хураамж нь буурч, төсвийн орлого, нийгмийн халамж багасдаг. Харин иргэд давуу эрхтэй бол уул уурхайн төсөл хөтөлбөрүүд хөдлөх боломжгүй болчихдог. Үүний тэнцвэртэй байдлыг хангаж, алсын хараатай уул уурхайн салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Бидэнд бэлэн загвар бий. Олборлох салбартай. Олборлох салбар уул уурхайн нэг хэсэг. Манайд уул уурхайгаас ард түмэнд ирж байгаа ашиг байна уу гэх асуулт байдаг. Уул уурхайн салбарын үр өгөөжийг хүртэх нь хоёр зүйлээс шалтгаална. Нэгдүгээрт, баялгаа зөв олборлож, мөнгө олох.

Энэ хэсгийн хамгийн чухал ажил нь байгаль орчин, уул уурхайн төслийн хаалтын асуудал, тэнд ажиллаж байгаа ажилчдын эрүүл, аюулгүй орчинд хөдөлмөрлөх орчин нөхцөлөөр хангах, уул уурхайн салбарыг дагаж  хөгждөг үйлчилгээний салбарыг анхаарах юм. Хоёрдугаарт, олж ирсэн мөнгөө зөв зарцуулах. Зөв зарцуулах асуудал нь уул уурхайн салбарын асуудал биш. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэхийн тулд мэргэжлийн хүний хувиар салбар яамтай хамтран ажиллана.

-Уул уурхайн салбараас олсон мөнгөө зарцуулах нь энэ салбарын асуудал биш гэлээ. Олсон ашгаа зөв зарцуулахдаа алдаа гаргаад байгаа гэсэн үг үү?
-Орж ирсэн орлогыг зөв хуваарилахдаа уул уурхайгаас үл хамаарах эдийн засгийг бий болгох, эдийн засгийг төрөлжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, халамжийн бодлого, боловсрол, эрүүл мэндийн салбарыг дэмжихэд зарцуулах тухай юм.

-Та уул уурхайгаас олсон ашгаа зөв хуваарилж, эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй гэлээ. Манайд хамгийн түрүүнд аль салбараа дэмжвэл, богино хугацаанд үр өгөөжөө өгөх вэ?
-Хөдөө аж ахуйн салбар. МАН мөрийн хөтөлбөртөө Атрын IV  аяныг эхлүүлнэ гэж тусгасан. Төмс, хүнсний ногооны хэрэглээг дотооддоо бүрэн хангана гэж заасан. Дархан-Уул аймгийн Орхон суманд хөдөө аж ахуйн салбар хөгжих боломж байна. Тэнд ногоочид, зөгийн аж ахуйн эрхлэгчид олон бий. Монгол Улсын төмс хүнсний ногооны 25 орчим хувийг энэ сум дангаараа хангадаг. Тэдэнд бага зэргийн дэмжлэг хэрэгтэй. Газар, талбай, туршлагатай тариаланчид байна. Санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна ченжийн гараар дамждаггүй болчихвол бид дотооддоо ургасан эрүүл, чанартай, хямд хүнсний ногоо хэрэглэх боломжтой.

Цаашдаа Дархан хотын ойролцоо барих Агро техникийн парк буюу эрчимжүүлсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг хөгжүүлэх хэрэгтэй. Коронавирусийн халдвар бидэнд  өөрсдөө хоол хүнс, хувцсаа үйлдвэрлэж, боловсролтой байхгүй бол аюултай гэдгийг ойлгуулж байна. Тэгэхээр бид үүнийгээ дотооддоо үйлдвэрлэж суурах хэрэгтэй.

-Сонгогчдтой уулзаж байхад монголчуудын амьдрал ямар байгааг нүдээр харсан байх. Иргэдэд тулгамдаж, байгаа асуудал нь юу байна вэ?
-Иргэд маш товчхон хоёр асуудлын дэвшүүлж байна. Нэгдүгээрт, ажил, орлоготой баймаар байна. Хоёрдугаарт, олсон орлого нь амьдралд нь хүрдэг байхыг хүсэж байгаа. Иргэдтэй уулзалт хийгээд гэр хорооллоор явж байхад эмэгтэйчүүдийн гар нь эвэршиж, хуурайшсан, хүнд нөхцөлд ажиллаж байгаа харагдсан. Тиймээс энэ хүмүүсийн амьдралыг сайжруулахын төлөө бүх чадлаараа хичээж ажиллана гэж УИХ-ын гишүүн болж, төрийн сүлдэнд тангараг өргөхдөө бодож байлаа.

-Нийгэмд эдийн засгийн амаргүй цаг үед та бүхэн гишүүд болсон. Та хэрхэн ажиллах вэ?
-Эдийн засгийн хүнд үе таарсан нь үнэн. Гэхдээ манайд хэд хэдэн давуу тал бий. Манай эдийн засаг жижигхэн, байгалийн нөөц баялаг ихтэй, үүнийг маань худалдан авдаг улс бий. Дэлхийн эдийн засгийн хамгийн том зах зээлийн эзэмшдэг БНХАУ руу бүтээгдэхүүнээ экспортолно гэдэг маш том давуу тал. Манай гол нэрийн бүтээгдэхүүн тасалдахгүй гарч байгаа нь сайн хэрэг. Коронавирусийн хүнд нөхцөл байдлын дараа дэлхийд үйлдвэрлэл хэрэгтэй болно.

Түүхий эдийн нөөц хэрэгтэй. Тэгэхээр бидэнд боломж байгаа. Энэ хүртэл бүсээ чангалж, үргүй зардлыг танах хэрэгтэй. Дэлхийн олон улсууд иргэдээ орлоготой ажлын байрыг нь хадгалж үлдэхэд анхаарч байна. Тэгэхээр төсөвт тодотгол хийхдээ энэ чиглэл рүү анхаарах ёстой. Цар тахлын аюултай нөхцөл байдлыг идэх хоолтой, орлоготой даваад гарчихвал бидэнд боломж байгаа.

-Та хэчнээн Байнгын хороонд харьяалагдаж байгаа вэ?
-Би уул уурхайн салбарын мэргэжилтэн, хүнс хөдөө аж ахуйн, газар тариалангийн бүс нутгаас сонгогдсон гишүүний хувьд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд орсон. Түүнчлэн боловсролын салбарт ажиллаж байсан. Монгол Улсын ирээдүйн хөгжилд боловсролын салбар чухал нөлөөтэй. Тиймээс Боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагдаж байгаа.

-Боловсролын салбарт ажиллаж байсан хүний хувьд энэ салбарын хөгжлийг хэрхэн харж байна. Боловсролын салбарт шинэчлэл хийх хэрэгтэй юү?
-Энэ салбарт шинэчлэл хийх цаг болсон. Нэгдүгээрт, бүх түвшний сургалтыг нэг стандарттай болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, олон улсын түвшний өрсөлдөх чадвартай, мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэх нэг стандарттай болгох тухай юм. Ийм оролдлого өмнө нь хийж байсан. Кембрижийн боловсролын стандарт гэж ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд нэвтрүүлж байв. Энэ жишгээр явсан сургуулиуд ч бий. Жишээ нь, “Шинэ эхлэл”, “Монгол Тэмүүлэл” гэх мэт. Энэ сургуулийг төгссөн төгсөгчдийн олонх нь гаднын нэр хүндтэй сургуулиудад суралцаж байна.

Харамсалтай нь, улс төрийн нөлөөгөөр зогссон. Үүнийг буцааж сэргээх хэрэгтэй. Дэлхийн өндөр хөгжилтэй оронд мөрдөгдөж байгаа боловсролын системийг Монгол оронд нутагшуулах. Ингэхдээ Монгол Улсын өөрийнх нь үндэсний түүх соёл уламжлалтай хослуулах. Кембрижийн боловсролын стандарт 70 хувь нь олон улсын, 30 хувь нь дотоодын агуулгаар явдаг. Үүнийг үргэлжлүүлэх ёстой. Мөн их, дээд сургуулийн системд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ингэхдээ судалгааны их дээд сургуулийг олноор бий болгох шаардлага байна. Мэдлэгтэй боловсон хүчин бэлтгээд үүнийгээ амьдралд хэрэглэж чаддаг байх нь чухал.

Би өөрөө олон улсад эхний 25 багтдаг Канадын Бритиш Клумбын их сургуулийг төгссөн. Уул уурхайн чиглэлээр дэлхийд нэгдүгээрт жагсдаг. Ингэж дэлхийн топ сургууль болоход түлхэц болсон зүйл нь судалгааны бүх институттэй хамтарч, практикт сургадаг. Судлаач нь хичээл зааж, оюутнууд нь судалгаанд биечлэн оролцдог. Ингээд хамтын бизнес хийж, оюутнууд нь олсон орлогоо өөрийн амьдрал ахуйдаа зарцуулдаг. Ийм системийг манайх нэвтрүүлэх хэрэгтэй.

-Энэ удаагийн парламентад залуу гишүүд цөөнгүй бий. Та ч мөн тэдний нэг. Чухам яагаад улс төрд хүч үзэхээр болов?
-Ардчилсан хувьсгал 1990 онд буюу намайг найман настай байхад өрнөсөн. Энэ үеийн залуусаас би “Энэ улс орны хөгжил танд таалагдаж байна уу” гэж асуумаар байсан. Болж байна гэж хариулах хүн ховор болов уу. Ихэнх нь өр, зээлийн дарамтанд орчихсон. 1200 хүний суудалтай Дарханы Залуучууд театрын зааланд уулзалт хийгээд “Зээлгүй хүн гараа өргөнө үү” гэхэд хоёрхон хүн байна. Үлдсэн нь зээлтэй. Улс орны эдийн засгийн хөрөнгө арилжааны банкны гарт орчихсон, үүнийг хэдхэн хүн эзэмшиж байна. Би бизнес хийгээд өөрийнхөө амьдралыг аваад явчихаж болно.

Гэхдээ боловсролтой, мэдлэг чадвартай хэсэг нь нүдээ аниад чихээ бөглөөд явчихвал поп улстөрчид нь толгой дээр гарч ирээд улс орныг сүйрүүлнэ. Санаатай болон санамсаргүйгээр эх орноо зарж дуусгана. Тэгэхээр үүнд оролцож өөрчлөх цаг болсон байна. Өөрчлөлт хийж чадахгүй бол чиний боловсрол, эх орноо хайрлах хайр чинь хэнд хэрэгтэй юм бэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Х.Ганхуяг энэ 2 төрөөс дээрэм хийх зорилгоор УИХд орж ирсэн удахгүй харна бяднуус
    2020 оны 07 сарын 27 | Хариулах
Нийтлэлчид