Улаанбаатар 1c

Онлайнаар шатар тоглож, Азийн дэд аварга болсон Д.Сэржмядаг: Санаандгүй алдчихаад “Чамд стратеги дутаад байна” гэж өөртөө хэлдэг

Багш хэмээх эрхэм алдраар намтраа гоёж, шулганах бяцхан шавь нарынхаа ой ухаанд эрдмийн үр суулгасан энэ эгэл хүмүүнийг Д.Сэржмядаг гэдэг. Боловсролын салбарт тасралтгүй 40 жил ажилласан түүний нөр их хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонгоор шагнажээ. Тэрбээр энэ сарын 14-21-нд Ази тивийн аварга шалгаруулах шатрын онлайн тэмцээний ахмад насны ангилалд дэд байр эзэлсэн юм.  Монголд анх удаа ерөнхий эрдмийн хичээлийг шатрын сургалттай хослуулах хичээлийн хөтөлбөр боловсруулсан, шатрын спортын мастер Д.Сэржмядагийг “ҮШ”-гийн зочноор урилаа. 

-Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд дэд аварга болсон танд баяр хүргэе. Тантай амжилт ижилссэн Ж.Лхагва гуай “Бага зэрэг техникийн саатлаас болж, сүүлийн өргөө алдсан” гэж манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байв.Таныг ч мөн Азийн аварга болох байсан гэж шатрын хорхойтнууд хэлж байсан?
-Сүүлийн өрөг хүндхэн байлаа. Нэлээд ширүүн өрсөлдөж, тэнцсэн хүн маань Азийн аварга болсон. Би чадах бүхнээрээ хичээж тоглосон болохоор ялагдалгүй тэнцсэн. Хэрвээ тэнцээгүй хожчихсон бол эмэгтэй, Азийн аварга болох байв.  

-Олон улсын тэмцээнд хожоод эхлэхээр чансаа өндөр тоглогчидтой таардаг гэж байсан. Ямар системээр ийм хуваарилалт хийдэг вэ? 
-Тухайн улс орон, зохион байгуулагчдаас шалтгаалаад харилцан адилгүй. Энэ удаад Швейцар системээр тоглосон. Гараанаасаа хожоод байвал тэр чинээгээрээ чансаа өндөр  тоглогчтой таарна. Өөрөөр хэлбэл, хожих тусмаа “Чанга” тамирчидтай тоглоно. Миний хувьд эхний өргөө хожиж, хоёр дахь өрөгтөө хожигдсон. Мөн гурав дахь өрөгтөө хожил авсан болохоор сайн өрсөлдөгчидтэй их таарлаа.  Уг нь, гурав билүү дөрөв дэх өрөг дээр би Азийн аварга болсон тамирчинтай таарч хожсон юм. Тэр эмэгтэйн хувьд анхнаасаа тааруу, доогуур тоглосоор надаас хагас оноогоор илүү гарч ирээд Азийн аварга болчихлоо. Гэхдээ миний хувьд дэд байрт шалгарсан амжилтаа чамлахгүй байгаа.

-Шатрын спортод хэн таныг хөтөлсөн бэ? 
-Би Ховд аймгийн Дуут сумын хүн. Аав, ээж хоёр маань хоёулаа шатар сайн тоглодог байсан. Мөн намайг бага байхад манайхаар олон хүн ирж, шатар тоглоно.  Хоёр буурлынхаа болон нутгийн олныхоо тоглож байхыг хараад  өрөг өрөх, нүүдэл нүүхийг сурсан. Шатрын нүүдэл мэддэг болсноос хойш аавтайгаа орой болгон тоглох болсон. Одоо л сургалт, клуб ажиллаж байгаагаас биш тэр үед гэрээрээ сурна шүү дээ. Ээж, аав хоёр маань ч миний адил эцэг, эхээсээ сурсан байх. Ер нь манай монголчууд эрт дээр үеэс шатар тоглож, оюун ухаанаа хөгжүүлж ирсэн.

-Таны оролцож байсан анхны тэмцээн хэдийд байв? 
-Нас сүүдэр 70 гарсан ч ой санамж маань залуу хүн шиг шүү. Сургуулийн сурагч жаахан охин сандарч, мэгдээд тэмцээнд орж байснаа саналгүй яах вэ дээ. Их л догдолж байсан юмдаг. Хааяа нэг бодож, дурсахад сайхан байх юм. Анх Ховд аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд орж байлаа. Насны ангилал гэж байхгүй болохоор том хүмүүстэй таарч тоглосон. Хамгийн анхны тэмцээндээ аварга болж чадаагүй ч аварга болсон хүнийг нь хожсон. Тэр хүн намайг хачин их магтаж билээ. “Яасан мундаг хүүхэд вэ, өдөр болгон тоглож, сайн хичээллээрэй” гээд л өхөөрдөж, сайхан сургууль хэлсэн. Хүүхэд л болсон хойной аваргыг хожчихлоо, би их мундаг гэж тэр үед бодож байсан даа. 

-Таныг шатарчин гэхээсээ илүү багш хэмээн авгайлах юм билээ. Тэгэхээр та багш мэргэжилтэй хүн байх нь ээ? 
-Ховд аймгийнхаа нэгдүгээр арван жилийн сургуульд долдугаар анги төгссөн. Дараа нь Ховдын Багшийн их сургуульд бага ангийн багш мэргэжлээр сурч, төгссөн. Одоо бодоход нутгаасаа холдмооргүй байсан юм уу даа (инээв). Төгсөөд шууд мэргэжлээрээ ажиллаагүй. Эмэгтэй  хүн болохоор нөхөрт гарч, үр хүүхэд төрүүлэх гээд сайхан заяа бий шүү дээ.Хань бид хоёр хүүхдүүдтэйгээ Улаанбаатар хотод суурьших болсноор би 1987 онд УБИС-д элсэж, мөн багш мэргэжлээр төгссөн. Хүүхэд байхаасаа мөрөөдсөн мөрөөдөл минь биелсэн нь тэр. Тэртээгээс өдийг хүртэл 40 гаруй жил боловсролын байгууллагад ажиллажээ. Бага насны хүүхдүүдтэй ойр ажиллах их сайхан байдаг. 

-Шатрын сургалт явуулж, клуб хичээллүүлэх санаа хаанаас үүдсэн бэ? 
-Эрч хүчээр дүүрэн залуу насандаа би их хөдөлгөөнтэй, санаачилгатай байсан шиг санагддаг. Сурагчиддаа чадах ядахаараа орос дуу зааж өгнө, хамт бөмбөг тоглоно. Хүүхдийг хичээлээс гадуур хөгжүүлж болох бүх арга хэлбэрийг хайж, туршиж байж дээ. Өөрөө шатар тоглодог юм чинь хүүхдүүддээ зааж өгье гэж шийдсэн. Цаанаа бол шатрын спортыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх зорилготой байгаа юм. Хүүхдүүд маань их сонирхсон болохоор шатрын клуб ажиллуулж, сүүлдээ шатрын сургалттай анги нээсэн. 

-Тухайн үеийн сургалтын системд шатрын спортын хөтөлбөр багтаагүй байсан. Тэгэхээр таныг анхдагч нь гэж болох нь ээ. Тухайн үед эцэг, эхчүүд, сургуулийн удирдлага энэ санаачилгыг хэрхэн хүлээж авч байв? 
-Хүмүүс өөр, өөрсдийнхөөрөө ойлгодог байсан. Манай сургуулийн захирал, сургалтын менежерүүд таатай хүлээж авсан. Анги, танхимаас эхлээд шатрын сургалт явуулж, клуб хичээллүүлэх боломжоор “Ирээдүй” цогцолбор сургуулийн удирдлагууд хангаж өгсөн. Үүнээс харахад, багш, сурган хүмүүжүүлэгчид шатар хүүхдэд хэрэгтэйг тухайн үедээ сайн ойлгож байсан гэж болно. Өөрийнхөө ангид анх нээсэн болохоор зөвхөн тоглох сонирхолтой хүүхдүүдтэй ажилласан. Хуучин цагт юм ховор байсан учир тэр бүр шатар олдохгүй. Сургуулийн эцэг эхийн зөвлөл миний санал, санаачилгыг дэмжиж, анги бүрийг шатаржуулахаар төлөвлөсөн.

Хийе гэсэн хүнд саад тотгор гэж байдаггүй юм билээ.   ОХУ-ын Улаан-Үүдээс сайхан, цагаан модон шатар авч байлаа. Шатар тоглодог хүүхэд багшийн зааж байгааг хүлээж авах чадвар өндөр болно. Мөн хүмүүжил, төлөвшлийн хувьд бусдаасаа онцгой байдаг. Үүнээс гадна сурлага сайжирна. Энэ олон жил шатрын сургалттай анги удирдаж явсан туршлагаас харахад шатар сурсан хүүхэд гадаад хэлийг маш хялбар сурдаг. Хүүхдэдээ гадаад хэл сургахаасаа өмнө шатар зааж өг гэж эцэг эхчүүдэд хэлмээр байна.  

-Өдгөө шатрын сургалт явуулдаг олон клуб бий. Харин тэдний анхдагч болсон “Ирээдүй” клуб үүдээ нээж байсан тухайгаа дурсана уу? 
-Клуб маань 1999 онд, арав гаруй шавьтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн. Гурван үеийн шатарчдын төлөөлөл оролцож, тухайн үедээ томд тооцогдох нээлт хийж, шатрын тэмцээн зохоин байгуулж байлаа. Хамгийн ахмад нь гэхэд н.Намжил, н.Хулганаа, Цэрэндорж гуай оролцож, одоогийн Гавьяат тамирчин, Олон улсын их мастер Б.Хатанбаатар түрүүлсэн. Клубын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, сургалтаа сайжруулах зорилгоор Олон улсын их мастер дөрвөн шатарчныг урьж хүүхдүүдэд зааж, нөхөрсөг тоглолт хийж байсан.

Тэгээд үйл ажиллагаа жигдрээд ирэхээр хот, хөдөөгийн багш нар болон гаднынхан сонирхож, туршлага солилцох гэж ирдэг боллоо. Жилийн дараа буюу 2000 онд Бүгд Найрамдах Киргиз Улсын Иссык-Куль мужид болсон олон улсын тэмцээнд шавь нараа оролцуулсан. Үүнээс хойш Энэтхэг, ОХУ, Араб, Бразил, Турк зэрэг олон орны уралдаан тэмцээнд манай клубын төлөөлөл амжилттай оролцсон. 

-Танай клубээс гаралтай “Ирээдүйн одод” тэмцээний тухай хүмүүс их ярьдаг. Энэ ямар учиртай тэмцээн бэ? 
-Хүүхэд багачуудын оролцох дуртай, бүтэн жилийн турш бэлтгэл хийж хүлээдэг байсан тэмцээн. Анх 2001 онд Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит тэмцээн зохион байгуулснаас хойш 14 жил тасралтгүй зохион байгуулсан. Тиймээс хүмүүс сайн мэдэж байгаа байх. Эхний жилүүдэд Ж.Гүррагчаа баатар, М.Ганзориг нар оролцдог байсан бол жил ирэх бүр зочид, төлөөлөгч нэмэгдсэнээр ОХУ-ын баатар, сансрын нисгэгчид их ирсэн.

Хүүхдүүдэд маань шагнал гардуулна, зарим тохиолдолд өөрсдөө ч тэмцээнд оролцоно. Шагнал аваад, гадаад хүнтэй гар барина гэдэг тухайн үед хүүхэд төдийгүй эцэг эхчүүдэд ч сайхан байсан. Энэ тэмцээнд оролцож байсан тухайн үеийн 5-6 настнууд одоо том болсон байна. Шатраар уйгагүй хичээллэсний үр дүнд бүгдээрээ л спортын мастер, олон улсын хэмжээний мастер, их мастер болсон. 

-Мэдээж хичээл заах, шатар сургах хоёрыг харьцуулшгүй. Энэ хоёрын ялгааг та юу гэж хардаг вэ? 
-Үсэг мэдэхгүй, огт уншиж чаддаггүй хүүхдийг уншуулж, бичүүлж сургана гэдэг амар биш. Энэ утгаараа суурь мэдлэг олгох нь илүү хэцүү. Шатар бол сонирхлоос эхэлж, тоглох явцдаа сурдаг гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, ерөнхий эрдэм гэдэг чинь “Чи заавал уншиж, бичиж сурах ёстой гэж тулгасан системтэй. 

-Боловсролын байгууллагад 40 гаруй жил ажилласан багш хүний шавийг тоолоод барахгүй байх. Шатрын спортод хөтөлж, амжилтад хүргэсэн шавь нарынхаа талаар яриагаа үргэлжлүүлье? 
-Багш хүн болохоор олон шавьтай байлгүй яах вэ. Зөвхөн шатрынх гэж яривал улс, олон улсад амжилт гаргаж яваа хүүхдүүд ч байна. Заасан бүх хүүхэд маань шатарчин болоогүй ээ. Зарим нь амьдралын эрхээр шатраа хаясан. Шатраа орхисон хэдий ч “Бага ангийн суурь мэдлэгээрээ явсаар байгаад их, дээд сургуулиа төгсчихлөө” гэх нь холгүй л юм ярьдаг. Хожим дурсахад суурь мэдлэгийг нь сайн тавьж өгснөөрөө бахархдаг даа.

Тэр олон шавь нараа нэг бүрчлэн нэрлэх хэцүү. Амжилттай яваагаас нь дурдвал шатрын спортын ОУХМ Б.Баярмаа, спортын мастер Ү.Батцэцэг, Дэлхийн шатрын холбооны мастер Ц.Мөнхчулуун нарыг нэрлэнэ. Нэрийг нь дурсаагүй шавь нар маань гомдчих вий дээ (инээв). Сүүлийн үед төрүүлсэн шавь гэвэл  ОУХМ Бат-Эрдэнэ гэж сайхан хүү бий. Тэдний ангиас төрсөн цөөнгүй спортын мастер, дэд мастер бий. 

-Та дэлхийн хэчнээн оронд шатар тоглов. Эргэж очмоор санагдсан сайхан газар орон байв уу? 
-Шатрын спортын сайхан, шатар тоглодог болсон хувь заяаныхаа тохиолоор Африк, Австрали тивээс бусад орноор аяласан. Анх очиж байгаа гэдэг утгаараа ч юм уу, ер нь хүний очсон газар, үзсэн харсан бүхэн шинэ, сайхан санагддаг юм билээ. Мэдээж улс орон бүр өөрийн түүх дурсгал, өв соёл, үндэсний урлаг зэргээрээ харилцан адилгүй. Очиж байсан орнуудаас хамгийн сайхан байгальтай, дурсах дурсамжтай газар гэвэл, Бразилын Контас хот байсан. 

-Шатарчин бүр өөрийн гэсэн нүүдлийн хэв маяг, арга барилтай байдаг. Харин таны хувьд? 
-Миний хувьд тактик голлодог. Тактикийн арга барилтай болохоор заримдаа алдаа гаргана. Санаандгүй алдаа гаргачихаад “Чамд стратегийн мэдлэг дутаад байна шүү” гэж өөртэйгөө ярилцдаг. Алдаандаа дүгнэлт хийж, яавал илүү тоглох вэ гэдгээ эргэцүүлдэг гэх үү дээ. Одоо бол стратегийн арга барилд суралцахын тулд хаана ч байсан шатрын ном барьж явна. Зав л гарвал чадахгүйгээ сурах гэж, мэдэхгүйгээ мэдэх гэж уншина даа.

-Та онлайнаар шатар тоглож Азийн дэд аварга боллоо. Цахимаар тоглох, биетээр тоглох хоёрын ялгаа их биз? 
-Тэнгэр, газар шиг хол зөрүүтэй. Өрсөлдөгчтэйгээ нэг ширээнд хамт сууж, биетээр тоглох нь илүү сайхан байдаг. Ямар сайндаа манай Ж.Лхагва мастер “Яг биеэрээ суугаад, хараад суувал бүгдийг нь хожино” гэж байсан. Яг л тийм байхгүй юу. Цахимаар бол санамсаргүй нэг алдаа гаргахад л тоглолт тэгээд дуусаж байгаа юм. Биеэрээ тоглож байгаа хүн өөрийн гараар нүүж байгаа болохоор алдаа гаргах нь ховор шүү дээ. 

-Оролцож байсан наадам, сэтгэлд хоногшсон өрөг нүүдлээ манай уншигчдад хуваалцаач? 
-Олон улсын чанартай уралдаан тэмцээнд их орсон. Сүүлийн жилүүдэд үе тэнгийнхээ гурван мастертай нийлж багийн, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр ч удаа оролцлоо. Мөн сүүлийн хоёр жил ганцаарчилсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорьсон. Энэ бүхнээс харахад өөрийнхөө чансаа, оноог арай доогуур юм уу даа гэж чамлаж байлаа. Ер нь миний хувьд онолын мэдлэг дутуу байна, сайтар хичээллэхгүй бол арай дутуу яваад байна гэсэн бодолтой үлдсэн. Хөгширсөн хэдий ч чадах чинээгээрээ хичээх ёстой юм байна гэдгийг ойлгосон.

Нэг сонирхолтой түүх ярихад манай баг Слави Улсад ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орсон юм. Тэмцээн эхлэхээс өмнө тухайн газар, оронтойгоо танилцаад явж байтал би бүдэрч унаад, гараа гэмтээчихлээ.  Махны гэмтэл гэдэг бүтэн жил болж эдгэдэг юм байна. Тэгээд нэг гар маань урагшаа явахаа байчихсан болохоор тэр гараараа цагаа дарж, нөгөө гараараа шатраа нүүж, бичсэн юм. Уг нь тэр жил оролцсон тэмцээн болгондоо маш сайн тоглож байсан үе. Тэмцээн эхлээд Гүржийн их мастертай тоглож байтал нэг хүн шүүгч нарт хандаж “Нэг гараараа тоглох ёстой. Гэвч энэ эмэгтэй хоёр гараа оролцуулж байна” хэмээн гомдол гаргажээ. Яг өрөг дээр бол би хожоод байдаг, нөгөө хүүхэн чинь хэл ам хийгээд “Өргийг нь нойллуулна” гээд болдоггүй.

Шүүгч нар мэдэж байсан болохоор “Энэ хүний гар гэмтэлтэй учраас хоёр гараараа тоглохыг нь зөвшөөрсөн” гээд гомдлыг нь хүлээж авсангүй. Би ч тэр өрөгтөө бардам хожил авсан даа. Дараа нь Дэлхийн шатрын холбооны Их мастер, Дэлхийн аварга Нона Терентьевна Гаприндашвилитэй таарсан юм. Тэгсэн аварга маань урдаас харж инээгээд “Чи надтай хоёр гараараа тоглож болно. Хэрэгтэй бол хөлөөрөө ч тоглосон болно шүү” гээд инээд, хөөр болж билээ. Өөрийнх нь нутгийн их мастер хүн тэрүүгээр нэг сүр болгож, хэл ам хийсэн болохоор түүнийгээ ёжилж байгаа нь тэр байх. Дэлхийн аварга бол үнэхээр уужуу, шооч хүн байсан. Хөгтэй ч юм болж байж дээ (инээв). 

-Цаг зав гаргаж бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
-Баярлалаа. Танай сонины хамт олон, уншигчдад ажлын амжилт хүсье. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Баяр хургье! Таниараа бахархдаг шуу. Амжилт, Эруул энхийг хусье!
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
  • Sanjidragchaa Chinbat
    Saihan bagsh mini, Tertee 20 jiliin umnu A useg zaalgaj baij. Tanidaa eruul enhiig husie
    2020 оны 07 сарын 28 | Хариулах
  • олон сайхан шавь төрүүлээрэй эрүүл энхийг хүсьеэ
    2020 оны 07 сарын 28 | Хариулах
Нийтлэлчид