Улаанбаатар 1c

Ээлжит бус чуулганаар юу хэлэлцэх вэ

Дөрвөн жилийн сонгуулийн мөчлөгтэй манай улсад төсөв, санхүүгийн бодлого, ажлын уялдаа холбоо тун тааруу. Засгийн газрын эрх мэдэл хумигдмал учраас УИХ нь байсхийгээд гүйцэтгэх засаглалаа огцруулдаг болсоор 30 жилийг үджээ. Хэдий ийм ч энэ оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын эрх мэдэл нэмэгдсэн гэж буй ч огцруулах асуудалд дорвитой өөрчлөлт ороогүй. Гүйцэтгэх засаглал нь ийн тогтворгүй учраас манай улсад төсөв, санхүүгийн бодлого цогцоороо хэрэгжиж чадахгүй өнөөдөртөө золгосон. УИХ-д хэдэнтээ сонгогдсон, арай илүү эрх мэдэлтэй нь тойрогтоо ахиу мөнгө төсөвлүүлж, эрх ашгийн эрэмбэ алдагдсанаас улсын төсөв зохиох, батлах гэдэг хэсэг бүлэг хүмүүсийн ашиг хонжооны хэрэглүүр болж хувираад буй

Ялангуяа сонгуулийн өмнөх жилийн төсөв хөөсөрсөн бодит биш байх нь түгээмэл. Энэ удаа ч мөн ийм жишгээр явснаас 2020 оны төсвийн алдагдал эхний хагас жилийн байдлаар 2.2 их наяд төгрөгт хүрлээ. Товчхондоо, сүүлийн зургаан оны хагас жилийн үзүүлэлтүүдээс өндөр түвшин буюу хамгийн их алдагдалд тооцогдож байна. Улсын төсвийн үзүүлэлтийг задлан харвал, төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 4.4 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого тусламж 4.1 их наяд төгрөг байна. Нэг ёсондоо манай улсын төсвийн нийт орлогын 94.1 хувийг тэнцвэржүүлсэн орлого, тусламж эзэлж байна. Харин төсвийн нийт зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 6.3 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд төгрөгөөр өсчээ. 

Нөхцөл байдал ийм болсон учир шинэ бүрдсэн парламент ээлжит бусаар хуралдаж, 2020 оны төсвийг тодотгох гэж буй. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ таван чиглэлд ажлын хэсэг байгуулж ажиллана. Тухайлбал, хуулийн дагуу эрх зүйн шинэчлэл хийж, эдийн засгаа төрөлжүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийгмийн бодлогыг халамжийг хавтгайруулахгүй зорилтод бүлэг рүүгээ чиглүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг дэвшүүлсэн. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батална, төсвийн тодотголоо хийнэ, УИХ-аас батлах хууль тогтоомжийн үндсэн чиглэлийг батлан гаргана. Анхдугаар чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдынхоо санал бодлыг сонсоно. Хариуцсан ажлын хэсэг, Байнгын хороод  ард иргэд, холбогдох байгууллагуудын саналыг сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойлно” гэсэн юм. 

Тэгвэл Сангийн яам төсвийн тодотголын төслийг боловсруулж байгаа аж. Ингээд ирэх сарын 10-н гэхэд УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх чигтэй байна. Төсвөө тодотгох нь зөв ч шаардлагагүй хөрөнгө оруулалтыг хасаж, танаж чадах уу гэдэг нь чухал. Өмнөх парламентын үед төсөвт тодотгол хийх нэрээр хэрэгтэй ажлынх нь хөрөнгө төсвийг гацааж, танил талынхаа тендерийн төсвийг бүтнээр нь өгсөн гэх мэт шүүмжлэл, маргаан гарч байв. Энэ удаа хийх тодотгол дэлхий нийтийг түгшээсэн коронавирусийн халдвараас үүдэлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа улам хумигдаж, нийт эдийн засагт томоохон хүндрэл үүсэхээр байгаа учраас асуудалд голчтой хандах шаардлага үүсэж байна. Тэрчлэн хүндрэлийг даван туулах арга зам,  хөтөлбөрөө ч эргэн харах шаардлага гарлаа. 

МҮХАҮТ-аас “Ковид-19” вирусийн бизнест үзүүлэх нөлөөллийн талаар гуравдугаар сард бизнес эрхлэгчдийн дунд явуулсан асуулганд нийт оролцогчдын 57 хувь нь “Бизнест маш их нөлөөлсөн” гэж үзсэн бол тавдугаар сард энэ үзүүлэлт 73 хувь болж 16 хувиар өсчээ. Иймд эдийн засгаа, аж ахуйн нэгжүүдийн хаалгыг бариулахгүйн тулд Засгийн газар, УИХ 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлэн хөрөнгө оруулалтын чухал бус зардлуудыг танах, ЖДҮХС-гаас олгох зээлийн эх үүсвэрийг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага байна. 

Мөн Засгийн газрын тусгай сангуудын хөнгөлөлтэй эх үүсвэрийг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан ажлын байрыг хадгалах, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг дэмжихэд чиглүүлэх, банкны зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх, зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх гээд наад захын арга хэмжээг авч ажиллах ёстой. 

Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар анхдугаар чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Энэ жил байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ой тохиож байна. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Энэ түүхт ойнуудыг угтаж Монголын парламент 100 чухал зорилт дэвшүүлж, нийгмээ эрүүлжүүлэх, төрөө цэгцлэх, хуулийн хувьсгал хийх шинэчлэл өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага-Улсын Их Хурал шинэ, саруул ирээдүйг төлөвшүүлэх, Монгол эх орон, ард түмний язгуур эрх ашигт нийцсэн нэн чухал шийдвэрүүдийг хугацаа алдалгүй батлан хэрэгжүүлэх эрхэм үйлсийн манлайлагч байх ёстой” хэмээсэн юм. Тэр энэ хэлсэн үгэндээ эзэн байж чадвал улсын эдийн засгаа тэтгэх, аж ахуйн нэгжүүдээ, иргэдээ бодсон хууль, тогтоолын төсөл баталж, эдийн засгийн сорилтыг хүндрэлгүй даван туулж, ядуурлыг нэмэгдүүлэхгүй байхад хууль тогтоох байгууллага том зургаараа хувь нэмрээ оруулах ач холбогдолтой болох юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид