Улаанбаатар 1c

Д.Батсүмбэрэл: Олон Улсын тэмцээнд ялалт байгуулна гэдэг эх орноо хамгаалж байгаа хэрэг юм

Спорт:
NPost.mn
2020-07-29 13:27

Монголын холимог тулааны “MGL-1 Fighting Championship” холбооны 77кг-ын жингийн гурван удаагийн аварга, АНУ-ын Калифорни мужийн “Dragon house” холбооны 77кг-ын жингийн аварга, Хилийн цэргийн 0303 дугаар тусгай салбар, “Zorky’s MMA” багийн тамирчин, хошууч Д.Батсүмбэрэлтэй ярилцлаа.

-Холимог тулаанаар хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Би Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрж, өссөн. Миний  аав үндэсний бөхөөр аймгийн начин, чөлөөт бөхийн спортын дэд мастер цолтой С.Дагвадорж гэж хүн бий. Миний хувьд эхэлж чөлөөт бөхөөр, дараа нь үндэсний бөхөөр хичээллэсэн. 2007 онд, сонсогч байхдаа сумын заан цол хүртэж, 2013 оноос хойш холимог тулааны спортоор идэвхтэй хичээллэж байна. 

-Анхны тулаанаа хийж байсан дурсамжаасаа хуваалцвал?
-Би 2014 онд “Ширэн бээлий” клубаас  зохиосон “MGL 1” холбооны сорилго тулаанд оролцсон. Тухайн үед Монгол Улсад 77 кг-ын жингийн тулаан байгаагүй. Тэгээд тус жингийн анхны аваргын төлөө тулалдаж ялсан. Ингээд  2014, 2015, 2017 онд нийт гурван удаа  аварга болж “MGL 1” холбооны анхны аваргын бүсийн эзэн болсон. 

-Холимог тулааны спортыг төрөөс хэр дэмждэг вэ?
-Нэг үеэ бодвол хүмүүс ойлгодог, дэмждэг болсон байна. Мэдээж олимпын спортын төрөл шиг дэмждэггүй. Холимог тулааны спортоор гадаад, дотоодод мэргэжлийн рингэнд тулалдаж байгаа тамирчид ихэвчлэн тэмцээний зардал, санхүүгээ өөрсдөө босгодог. Аж ахуйн нэгж, холбоод л дэмжиж тэмцээний зардал ивээн тэтгэх тохиолдол байдаг. 

-Оролцохоор төлөвлөсөн тэмцээнүүд тань коронавирусээс болж хойшилсон уу?
-Өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсад Ерөнхий сайдын ивээл доор зохиогдох байсан “MFC-3” олон улсын  мэргэжлийн холимог тулаанд оролцох байсан ч коронавирусийн улмаас хойшлогдсон. Дөрөв, тавдугаар сард АНУ руу тэмцээнд оролцох байсан ч мөн  тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Гэвч бэлтгэлээ тогтмол хийж байна. 

-Одоогоор нийт хэдэн удаа тулалдсан бэ?
-Холимог тулаанд “MMA рекорд” гэж бий. Энэ нь амжилтын үзүүлэлт гэсэн үг бөгөөд тамирчны карьерт маш чухал нөлөөтэй. Олон Улсын хэмжээний долоон тулаанд тулалдсан юм байна. Нэг ч ялагдалгүй 7:0 гэсэн үзүүлэлттэй явж байна. Хамгийн сүүлд 2019 оны есдүгээр сарын 17-нд АНУ-ын “Bellator” холбоонд  тус улсын тамирчин Жеймс Терриг хугацаанаас өмнө техникийн илт давуу байдлаар ялсан. “Bellator” холбоо дэлхийд чансаагаар хоёрдугаарт эрэмбэлэгддэг. 

-Цаашлаад хамгийн нэр хүндтэй холбоо буюу “UFC”-д тулалдана гэж ойлгож болох уу?
-Яг тийм. Би “UFC” холбоонд орж, жингийнхээ аварга болох зорилготой. Үүнийг дагаад, Монгол Улсын нэр хүнд, дэлхийд монгол хүнийг үнэлэх үнэлэмж ч тодорхой хэмжээгээр өснө гэж боддог. Учир нь, Конор Макгрегороор Ирланд ,  Хабиб Нурмагомедовоор Дагестан Улсын нэр хүнд асар өндөрт хүргэж чадсан байдаг. 

-Одоо ямар  холбоонд харьяалагдаж байна вэ? 
-2019 оны гуравдугаар сарын тулаанаар энэ холбооны аварга болсон.  “Zorky’s MMA” багийн нэр дээр тоглож байсан ч дээрх тэмцээнд  ялснаар  “Zorky’ S MMA”, “Dragon house” холбоо, Хилийн цэргийн 0303 дугаар тусгай салбарын тамирчин гэж явж байна.  “Dragon house” холбооны ерөнхийлөгч нь АНУ дахь менежерийн үүрэг гүйцэтгэдэг гэж ойлгож болно.

-Монголд тамирчин байх их хэцүү гэж ярьдаг. Орон сууцаа худалдаад тамирчдынхаа зардлыг төлж, тэмцээнд явуулж байсан дасгалжуулагчийн түүх хүртэл бий. Санхүүгийн бэрхшээл гарна биз?
-Олон улсад нэг тамирчны ард бүтэн баг ажилладаг. Гэвч бид боломжгүй гэж яриад, гараа хумхиад суухаасаа илүү өөрсдөө хөдөлмөрлөж, дотоод нөөц бололцоогоо ашиглаж, аль ямар боломж бололцоо байна тэр бүрийг ашиглах хэрэгтэй. Монгол Улс олимпын төрлийг дэмжих бодлогоор төсөв гаргаж, бэлтгэлийн бааз, цалин гэх бүхий л бололцоогоор хангаж өгдөг. Мэргэжлийн тулаанд хүч сорьж байгаа тамирчдад тийм бололцоо байдаггүй.

Тэмцээний тов гарахад замын зардал, байрлах байр, хоол, дэвжээний мөнгө, урсгал зардал санхүүгийн бэрхшээл алхам тутам тулгарна. Тэр бүрт нөөц боломжоо эрэлхийлнэ дээ. Баянхонгор аймгийн “Жигүүр Богд” группийн захирал Ж.Ганхүлэг ах маань цаашид дэмжиж, хамтран ажиллахаар тохиролцсон. Тулааны спортод хайртай, тамирчдаа дэмждэг сайхан сэтгэлт хүн олон бий.  Мөн баярлаж явдгаа илэрхийлье.

-“Zorky’s MMA” клубийн үүсгэн байгуулагч, багш У.Зоригтын тухай ярьж болох уу ?
-“Zorky’s MMA” клубт Н.Отгонбаатар,З.Шинэчагтага, ангууч буюу Б.Баттөр гэх мэт хөдөлмөрч, дайчин  залуус байдаг. Багш маань АНУ-д олон жил ажиллаж, амьдарсан тулааны спортын аналист хүн. Хэлний мэдлэг маш сайн,  2010 оноос хойш “SPS” сувгаар UFC холимог тулааны тэмцээнийг нэвтрүүлэн тайлбарлаж, Монгол Улсад тус спорт хөгжих үндсийг тавьсан. 2017 онд өөрөөсөө мөнгө гаргаж, АНУ руу явуулж байсан. 2017 оноос хойш АНУ-д болсон бүх тэмцээнд менежер, багш, дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж, санхүүтэй холбоотой бүх асуудлыг шийдэж, одоо гаргаад байгаа бүх амжилтын суурийг тавьж өгсөнд би маш их талархаж явдаг. 

-Багш бүрийн бэлтгэл, сургуулилалт хийлгэх онцлог, ур чадвар өөр гэдэг. Багшийнхаа ур чадварын тухайд та юу  хэлэх вэ?
-Багш бэлтгэлийн бүх үед хамт байдаг. Холимог тулааны мэдрэмж, тактикуудыг хэлж, зөвлөдөг. Багшийн эрдэм шавиас гэдэг шиг дэвжээнд гарахад хамгийн сайн багш, амьдрал дээр анд нөхөр байж чаддагт би маш их талархаж явдаг. Багшийн хувьд маш хөдөлмөрч, аливааг олон талаас нь харж, дүгнэж чаддаг хүн. Зорилгынхоо төлөө тууштай, үнэнч байж чаддаг тэр эрхэм чанараас суралцахыг хичээдэг. Уяач хүн мориныхоо уяа сойлгыг яаж тааруулж, морио мэдэрдэг билээ яг түүнтэй адил. 

-Нийт долоон удаагийн тулаан хийжээ. Хамгийн хүнд нь ямар тулаан байв?
-Аваргын бүсээ хамгаалах “MGL-1” холбооны 2015 оны тулаанд Цагдаагийн тусгай ажиллагааны газрын тамирчин Ц.Нарантогтохтой хийсэн тулаан нэлээд хүнд байсан. Мөн “Dragon house” холбооны аваргын төлөөх тулаанд Мексик Улсын тамирчинтай хийсэн тулаан ч мөн адил. Учир нь мэргэжлийн бокс суурьтай, туршлагатай, чадварлаг өрсөлдөгч байв. 

-Чанартай бэлтгэлийг яаж хангадаг вэ?
-Аав спортын хүн учраас би багаасаа л спорттой ойр өсөхөд нөлөөлсөн. Амьдралынхаа ямар ч үед спортоос холдоогүй. Тамирчин хүн амжилтад хүрэхэд нэгдүгээрт, ар гэрийн асуудал, хоёрдугаарт бэлтгэл сургуулилалтаа сайн хангах, гуравдугаарт, бэлтгэлийн үеийн хооллолт, уураг, витамин дөрөвдүгээрт, чанартай амралт, тавдугаарт, сэтгэл зүйн бэлтгэл маш чухал. Дээрх таван зүйлийг маш сайн зангидаж, нэгэн цул байлгаж чадвал ямар ч спортын төрөлд амжилт үзүүлж болно гэж би өөрийн туршлага дээрээс дүгнэсэн. Нэг зүйл нь дутагдвал асуудалтай. Амралт гэхээр зүгээр хэвтэх биш. Байгальд гарах, алхах,  аялах, найзуудтайгаа уулзах гэх мэт нөхөн сэргээж, өөрийгөө амраах нь маш чухал. 

-Сэтгэл зүйн бэлтгэл их чухал гэлээ. Таны хувьд гэр бүлийн зүгээс сайн дэмждэг учраас энэ амжилтад хүрлээ гэж бодож байна?
-Манайх ам бүл тавуулаа. Эхнэрийг минь Т.Оюунцэцэг гэдэг. Биологийн багш мэргэжилтэй. Цэргийн байгууллагад ажилладаг, дээр нь тамирчны ар гэр байна гэдэг их хэцүү. Миний хувьд гэртээ байх тун ховор. Албан үүргээр хөдөө явах, тэмцээний бэлтгэлийн үе  гэх мэт олон шалтгаан бий л дээ. Тэр бүр дээр ар тал, үр хүүхэд бүхнийг зохицуулж, тэмцээний бэлтгэлийн үед маш их халамжилж, шим тэжээлтэй хоол бэлтгэж, хамгийн сайн дэмждэг хүн бол эхнэр минь юм. Тулааны спорт өндөр эрсдэлтэй учир ар гэр санаа зовох нь их байдаг ч тэднийхээ итгэлийг алдахгүйг хичээдэг. Мөн Хил хамгаалах ерөнхий газар, тэр дундаа 0303 дугаар тусгай салбарын хамт олон, намайг дэмждэг Монголынхоо ард түмний итгэлийг алдахгүйг ямагт хичээдэг.  

-Тангараг өргөсөн цэргийн хүн, тэр дундаа хилчин хүний хувьд эх орон гэх ойлголт бусдыг бодвол илүү үнэ цэнтэй байх?
-Анх 2005 онд Хилийн цэргийн дээд сургуульд элсэж, дадлага хийхээр эх орны торгон хилийг зорьсон. Хилийн манаанд явж, хил дээр нар мандахыг харж байлаа. Хилийн баганад анх ёсолсон тэр мөчид хамрын самсай шархирч, эх орноо үнэн сэтгэлээсээ хайрлах, бахархах мэдрэмж төрсөн. Ингээд энэ улсын төлөө бүх насаараа зүтгэхээр эргэлт, буцалтгүй шийдсэн. Энэ хилийн шугамаас цааш харь улс, үүнээс нааш хайртай бүхэн минь бий. Үүнийг үлдээх гэж хэчнээн хүн халуун амь, бүлээн цусаа урсгасан бол гэж бодоход л бидэнд хайрлаж, хамгаалахгүй байх эрх байхгүй. 

-Тулаанд ялалт байгуулан Монгол Улсынхаа далбааг мандуулах  үеийн мэдрэмж чухам ямар байдаг вэ?
-Цэргийн хүн “Монгол Улсын төлөө зүтгэе” гэсэн тангарагтаа ямагт үнэнч байх ёстой. Миний хувьд олон улсын тэмцээнд оролцож, ялалт байгуулах нь эх орноо хамгаалж буй хэрэг гэж боддог. Шантрах, бууж өгөх, тангаргаасаа няцах, хожигдох эрх надад байхгүй гэж өөрийгөө хурцалдаг. Миний хувьд алтан соёмбот далбаагаа мандуулах, хилийн цэргийн ногоон малгайгаа өмсөөд ёслоход мэдрэмж дээд цэгтээ хүрэхээс гадна монгол хүн болж төрснөөрөө бахархаж, маш их омогшдог.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Баатарвангийн дайчин хүү баавартай даа амжилт ах
    2020 оны 08 сарын 02 | Хариулах
  • Амжилт.итгэж байна.дайчин хилчин
    2020 оны 08 сарын 01 | Хариулах
  • Samdan Samka
    Mundag bna nzda ulam ih amjilt hvsie
    2020 оны 08 сарын 01 | Хариулах
  • Ulzii Kh Mongol
    Дүүгээрээ бахархдаг шүү. Амжилт хүсье!
    2020 оны 08 сарын 01 | Хариулах
  • уншигч
    мундаг залуу байна, ухаалаг гоё ярилцлага болж ээ. Амжилт
    2020 оны 08 сарын 01 | Хариулах
  • Goyo yariltslaga bn
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
Нийтлэлчид