Улаанбаатар 1c

Н.Разакт 12 жилийн ял оноов

Дэлхий:
NPost.mn
2020-07-29 13:34

Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийг олон сая ам.долларын авлигын хэрэгт анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял оноожээ. Түүнд албан тушаалаа урвуулан ашигласан, итгэмжлэлийн гэрээ зөрчсөн, мөнгө угаасан зэрэг нийт долоон хэргээр ял тулгаж байгаа юм. 2009-2018 онд засгийн эрх барьсан Н.Разакийг ийн шүүж байгаа нь Малайзын төр авлигатай хэр үнэнч шударгаар тэмцэх чадвартайг харуулах томоохон сорилт гэж ажиглагчид үзэж байна. 

Н.Разакийн нэр холбогдоод буй Малайзын хөгжлийн сангийн буюу 1MDB-ийн гэх хэрэг олон орныг хэрсэн, дэлхийн хамгийн том санхүүгийн луйврын нэг гэгдэж буй. Уг хэргийг тойрсон дуулиан шуугианаас болж тус улсыг тусгаар тогтносноос хойш төрийн эрх барьсан нам хоёр жилийн өмнө сонгуульд ялагдсан юм. Малайз, АНУ-ын эдийн засагч, хууль сахиулахынхны үзэж буйгаар Малайзын ард түмэнд очих учиртай байсан хэдэн тэрбум ам.долларыг эрх мэдэлтнүүд дэлхийн санхүүгийн системд оруулж, хуурамч эргэлтэд оруулахдаа өөрсдөө дундаас нь үлэмж хэмжээгээр завшжээ.

Тэр их мөнгөний нэлээд хэсэг нь хувийн тансаг байшин, үл хөдлөх газар, хувийн онгоц, Ван Гог, Моне нарын уран зураг, тэр бүү хэл Холливудын кино болон “зүсээ хувиргасан” байна. Одоогоор зургаан орны санхүүгийн гэмт хэрэг мөрдөгчид 1MDB-ийн луйвартай холбогдох гэмт этгээдүүдэд хавтаст хэрэг бүрдүүлж байгаа аж. Мөн Швейцарийн банк, татварын уян хатан бодлоготой жижиг орнууд болон Зүүн өмнөд Ази хоорондын санхүүгийн нууц зам, маршрутыг тогтоохоор ажиллаж байна. 

Өчигдрийн шүүх хурлаар тухайн үеийн Засгийн газрын тэргүүнд дээрх сангаас нийт 42 сая ринггит буюу 10 сая ам.долларын шилжүүлэг хийснийг тогтоожээ. Н.Разак харин санхүүгийн зөвлөхүүдээ, тэр дундаа гэмт хэрэгт холбогдсоноосоо хойш оргож зугтаад байгаа Жо Лоу хэмээх зөвлөхөө буруутгаж буй аж. Түүний өмгөөлөгчдийн хэлснээр Ерөнхий сайд тухайн үед тэр их мөнгийг Саудын Арабын ихэс дээдсийн гэр бүлийнхний хандив туслалцаа хэмээн андуурсан гэнэ. Н.Разакт тулгасан хэргүүд 15-20 жилийн ялтай бөгөөд тэрбээр давж заалдахаа мэдэгдээд байна. 

Нэгдсэн Малайзын үндэсний байгууллага буюу хуучин эрх баригч намд Н.Разак нэр хүндтэй нэгэн хэвээр байгаа тул шүүхээс гарсан дээрх шийдвэр түүнийг дэмжигчдийнх нь дунд улам ч нэр нөлөөтэй болгож мэдэх юм. Өчигдрийн шүүх хурлаас тусдаа явагдаж буй, өнгөрсөн наймдугаар сард эхэлсэн шүүх хурлаар түүнийг мөн авлигын 21 зүйл ангиар яллаж буй. Мөнхүү шүүхээр түүнийг 2011-2014 онд дээрх сангаас 2.2 тэрбум ринггит буюу 550 сая ам.доллар завшсан гэж буруутгаж байгаа аж. Н.Разакийн эхнэр Росма Мансорыг мөн мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн хэмээн шүүхээр хэрэгт татаад байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид