Улаанбаатар 1c

О.Далай: Аялал бол юутай ч зүйрлэшгүй тансаглал

Аяллаас амьдралын амтыг мэдэрч, түүгээрээ дамжуулан өөрийгөө нээн хөгжүүлж буй дайчин бүсгүй О.Далайтай  ярилцлаа.

- Та ажил, мэргэжлийнхээ тухай танилцуулахгүй юу?
-Би Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, төрийн  өмчит хувьцаат компанид ажилладаг. Ажлынхаа хажуугаар сонирхолтой зүйл хийж өөрийгөө хөгжүүлэх, түүнээсээ аз жаргалыг мэдрэх дуртай. Сүүлийн жил гаруй хугацаанд өглөө бүр эрт босож, өглөөний цагийг өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулж байна. Мөн аялах хоббитой.

- Хэзээнээс аялж эхэлсэн бэ?
-Оюутан байхдаа жуулчны компанид хөтчийн туслахаар ажиллаж, Өмнөговь, Дундговь, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймгаар аялж байлаа.Тэр үеэс аяллын тухай ойлголттой болсон. Анх ууланд алхдаг байсан бол -2015 оноос цаг зав зориулан аялж, аяллын амттанд орж эхэлсэн.Сүүлийн хоёр жил аяллын сайхныг утгаар нь мэдэрч байна даа . Амралтын өдрүүдэд уртын аялалд гардаг.

-Аялал хийж эхлэхээс өмнөх Далай болон аялагч Далай юугаараа ялгаатай вэ?
-Аялах тусам илүү их зүйлийг сурах боломжтой. Өмнө нь өөрийгөө илэрхийлж чаддаггүй, хязгаарлагдмал сэтгэхүйгээр аливааг зөвхөн нэг талаас нь хардаг, бүрэг байсан. Эхний аяллын дараа энэ зан минь хэвээрээ байсан ч алхам алхмаар өөрчлөгдөн хүмүүстэй нэгдэж, өөрийгөө илэрхийлж, аяллаар дамжуулан шинэ боломжуудыг харж сурсан. Мөн аливаад  үнэнч тууштай  байж сурсан болов уу. Түүнчлэн явсан газар бүрээ хайрлаж бүр илүү шинэ зүйл сурч мэдэж, үзэх ёстой юм байна гэдгийг ойлгодог.

-Одоогийн байдлаар хэдэн улс орноор аялаад байна вэ?
-Хятад, Сингапур, Малайз, Лаос, Мальдив, Тайланд гэх мэт Зүүн өмнөд Азийн зургаан орноор аялсан. Гадаад гэхээсээ илүү эх ороноороо аялахад хамгийн гоё мэдрэмж авч, бахархах сэтгэл төрдөг. Өнгөрсөн жил 23 хоногийн турш баруун таван аймаг болон төвийн зарим аймгаар аялсан. Наймдугаар сард зүүн гурван аймаг болон говийн аймгаар аялах төлөвлөгөөтэй байна..

-Та өөрийгөө  хэр хариуцлагатай аялагч гэж боддог вэ?
-Хариуцлагатай аялал гэдэг бол улс орны нэр хүндийн асуудал. Чиний хийсэн нэг буруу үйлдэл бусдад саад болдог. Гадаад, дотоод алинд ч бай тухайн очсон газрын соёлыг хүндэтгэж, сурч болох зүйлээс суралцаж, хог хаягдлаа хаяхгүйгээр аялах нь хамгийн чухал боддог.

-Аялахаар төлөвлөж байгаа хүмүүст хандаж өөрийн туршлагаасаа хуваалцвал? 
-Хүн өөрөө л хүсэх юм бол аяллыг ямар ч байдлаар хийхэд бүх зүйл нээлттэй болчихсон. Тийм болохоор жижигхэн үүргэвчээ бэлдээд аяллын багт ганцаараа байсан ч нэг өдөр ч хамаагүй  яваад ирэхэд харамсахгүй. Бодол дотроо амьдраад байх биш алхам хийгээрэй л гэж хэлье. Заавал тийшээ л эхлээд аялна гэдэг бодлоор өөрийгөө битгий хайрцагла. Ялангуяа залуус бусдын үг, төсөөллөөр дэлхий ертөнцийг танина гэдэг тун харамсалтай. Тиймээс аль болох боломжтой байгаа дээрээ аялалд гарч өөрийнхөөрөө дэлхий ертөнцийг нээж, таашаал авах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Та “Найзууд”подкаст хийдэг шүү дээ. Подкаст хийх болсон шалтгаан нь юу байв? 
Өөртөө хэрэгжүүлж буй зөв зүйлээ бусадтай хуваалцах,нийгэмд эергээр нөлөөлөхийг хүссэн учраас хоёр найзын хамт 2019 оноос “Найзууд” подкаст хийж эхэлсэн. Найзууд гэдэг нэртэй боловч дотроо “Миний ертөнц”, “Гэрийн номын сан”, “Аяллын хорхойтон” гэсэн гурван булантай. Миний хувьд“Аяллын хорхойтон” буланг хөтөлдөг бөгөөд өөрийн биеэр мэдэрсэн, мэдрэмж, туршлага, практик бодит байдлыг хуваалцдагаараа давуу талтай. Яагаад гэвэл,аяллаар дагнасан подкаст Монголд байхгүй. Ихэнх нь аялагч хүмүүсийг нэг удаагийн дугаарт урьж оролцуулдаг ч энэ нь тогтмол биш. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид