Улаанбаатар 1c

Ерөнхий боловсролын сургуулиуд хоёр өдөр цахимаар, гурван өдөр танхимаар хичээллэнэ

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд эхлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг үе шаттай эхлүүлэх саналаа БШУЯ-наас Засгийн газарт хүргүүлсэн билээ. Засгийн газрын шийдвэртэй холбоотой тус яамнаас мэдээлэл хийсэн юм.

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн “Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн амаргүй нөхцөлд байгаа ч бид иргэдийн сурч, боловсрох эрхийг хангах ёстой. Есдүгээр сарын 1-нд бүх сургалтын байгууллагын үйл ажиллагааг явуулж эхлэхдээ танхимын болон танхимын бус хосолсон сургалтыг явуулахаар болсон. Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотой холбогдох байгууллагад чиглэл өглөө. Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургалтын үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нд эхэлнэ. Харин МСҮТ-ийн хичээлийг есдүгээр сарын 15-нд эхлүүлэх бол их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 5-нд хичээллүүлэхээр тогтсон. Гэхдээ энэ зөвхөн танхимын сургалтын хуваарь. Цахим хичээлийг бүх сургалтын байгууллагууд албан ёсоор есдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ.

Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийн дагуу нэг ангид суух хүүхдийн тоог 20 гэж тогтоосон. Энэ нь бүх шатны сургалтын танхимын сургалтад хамааралтай. Цэцэрлэг 20 хүүхдээр бүлэг дүүргэлт хийнэ. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд сум, баг, тосгоны бага сургуулиуд бүлэг дүүргэлтээр энгийн горимоор хичээллэнэ. Аймаг болон дүүргийн ачаалал ихтэй сургууль гурван өдөр танхимын, хоёр өдөр цахим сургалт явуулна. Бүлэг дүүрэгтэй уялдуулж, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийхгүй бол болохгүй. Улсын хэмжээнд хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй. Таван настай хүүхдүүд сургуульд орох учраас бүгдийг нь танхимын хичээлд хамруулах ёстой. 3-4 хүүхдүүдийн тодорхой хувь нь теле хичээлээ үзээд явж болно.

Их, дээд сургуулийн лекцийн хичээлүүд цахимаар заана. Дадлагын ажил, семинар, лабораторийн хичээлийг танхимаар хичээллүүлэхээр болсон. Танхимын сургалт явуулахад тодорхой дүрэм, журам баримтална. Хувийн өмчийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийн асуудалд уян хатан хандах зохицуулалт хийнэ.  Бүх сургалтын байгууллага албан ёсны байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэх ёстой. Энэ нь энгийн үеийн цэвэрлэгээнээс өөр юм. Хүүхэд хоорондын зай барих, хүүхдийн гарыг хоёр цаг тутам угаалгах, ангид хепа шүүлтүүр тавих зэрэг шаардлага тавигдаж байгаа.  Танхимд судлах хичээлийн тоог багасгана. 1-12 дугаар ангид монгол хэл, математикийг танхимд, дунд ангид байгалийн ухааны хичээлийг, ахлах ангид лабораторийн хичээл танхимаар үзэх чиглэл бодлого барьж байна. Ийм байдлаар сургалт нэг сар болон сар гаруйн хугацаанд явах юм. 

БШУ-ны СӨБ-ын газрын дарга Ж.Мягмар “Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх насны 300 гаруй мянган хүүхэд бий. Үүнээс хоёр настай 77 мянган хүүхэд байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй гэх хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, эрүүл мэнд, бие бялдрын шалтгааныг харгалзан үзсэн. 0-3 насны хүүхдүүд амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байдаг. Хоёрдугаарт, нэг бүлэгт байх хүүхдүүдийн тоог харгалзан үзсэн. Улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт цэцэрлэгүүдийг бүлгийн тоонд харьцуулж үзэхэд таван настай хүүхдүүдээ 100 хувь, 3-4 настай хүүхдүүдийн 60 хувийг авах тооцоо судалгаа гарсан. Хүүхдүүдийн бүртгэл урьдын адил цахим хэлбэрээр явагдана. Төрийн өмчийн цэцэрлэгт багтахгүй хүүхдүүдийг хувийн цэцэрлэгт хамруулах боломжуудыг судалж байна” гэв.

БШУЯ-ны Дээд боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батнэмэх “Энэ хичээлийн жилд 150 мянга орчим оюутан их, дээд сургуульд суралцах тооцоололтой байна. Үүнээс бакалаврын хөтөлбөрт 120 мянга орчим оюутан суралцана. Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг сургуулийн удирдах зөвлөл хуралдан шийддэг. Сургалтын төлбөр энэ хичээлийн жилд нэмэгдэхгүй” гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид