Улаанбаатар 1c

НҮБ: Сард 10 мянган хүүхэд өлсгөлөнгөөр нас барах эрсдэлтэй

Дэлхий:
NPost.mn
2020-07-30 10:57

Коронавирусийн дэгдэлт, хөл хорионоос болж олон улсад өлсгөлөн нүүрлэх эрсдэл өндөр байгааг НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-ээс анхаарууллаа. Цар тахлаас үүдэлтэй өлсгөлөн, ядууралд сард 10 мянган хүүхэд эндэх магадлалтай гэсэн тооцоо гарснаас тэн хагас нь Сахар орчмын бүс нутагт бүртгэгдэхээр байгаа аж. Мөн 550 мянган хүүхэд сар бүр тэжээлийн хомсдолтой хүүхдийн тоонд шинээр нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ. Бие махбодь болон сэтгэцийн эмгэгтэй хэд хэдэн үеийг төрүүлдэгээрээ тэжээлийн дутагдал нь урт хугацааны хор уршигтай үзэгдэл юм. 

ЮНИСЕФ-ийн мэдэгдэлд дурдсанаар цар тахлын улмаас ажилгүйдлийн түвшин өсөж, эдийн засгийн эргэлт сааран, ядуу буурай орнуудад хүрэх хоол хүнсний тусламж багассанаар энэ оны эцэс гэхэд тэжээлийн дутагдалтай хүүхдийн тоо дэлхийн хэмжээнд 45-аас 54 саяд хүрэх магадлалтай байна. ”Ковид-19” цар тахал дэгдсэнээс хойш долоон сар өнгөрөөд байгаа. Энэ хугацаанд халдварт өвчнөөс илүү ядуурал, хүнсний хомсдол буурай хөгжилтэй орнуудад, тэр дундаа тэдгээр орны бага насны хүүхдүүдэд илүү хүнд тусаж байна гэж дээрх мэдэгдэлд онцолжээ.

Тухайлбал, Буркина Фасо Улсад гэхэд цар тахлаас өмнө долоон хүүхэд тутмын нэг нь тэжээлийн дутагдалтай байсан бол энэ тоо одоо таван хүүхэд тутмын нэг болж өсчээ. Тус улсын 20 сая иргэний 12 сая нь хангалттай хоол идэж чаддаггүй гэсэн баримт ч бий. 
НҮБ-ын дээрх мэдэгдэлтэй зэрэгцэн ДЭМБ-ын Хүнс тэжээлийн албаны дарга Франческо Бранка “Ковид-19”-тэй холбоотой хүнсний хомсдолыг айсуй олон хямралын “Ердөө эхлэл” хэмээгээд олон улсыг хамгийн ядуу буурай, хамгийн эмзэг орнуудад тусламжийн гараа сунгахыг уриалаад байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид