Улаанбаатар 1c

Баярын нулимстай байрны батламж

“Нийслэлийн орон сууцны корпораци”  ХК, Гэр бүл хүүхэд залуучуудын газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 

Өнөөдөр бид хоёрын амьдралд алтан боломж тохиож байна. Бидний ард байгаа олон хүүхдийн төлөө хичээх болно. Би олон төрлийн мэргэжилтэй. Түүгээрээ  ажил хөдөлмөр эрхэлж, энэ байрны  эзэн болтлоо ажиллана. Одоо өөр хүсээд байх юм алга байна шүү дээ. Маш их баярлалаа. Сандраад хэлэх үг олдохгүй байна. Уучлаарай” хэмээн нүдэндээ нулимстай ярих хүүг Б.Батдорж гэдэг. Гал цог гэрэлтсэн нүдтэй, эрч хүч дүүрэн, сэргэлэн бор хүүгийн сандран байж хэлсэн үг хурлын танхимд цугласан олны сэтгэлийг хөдөлгөөд амжсан юм.

Хүмүүс алга ташин баяр хүргэхэд “Буруу зөрүү үг хэлээгүй байгаа даа” хэмээн бодлоо тэмтчиж зогссон хүү хэдхэн хормын өмнөх  сандралаа мартан яралзтал инээх нь гэгээхэн. Тэрбээр тогооч, барилгачин зэрэг гурван мэргэжилтэй бөгөөд өнгөрсөн онд өөрийн хүслээр цэргийн алба хаагаад иржээ. Ийм нэгэн амьдралын хатуу хүтүүд итгэл найдвараа  гээгээгүй,  хувь тавиланд найдан гар хумхиж суугаагүй, зорилго тэмүүлэл дүүрэн хүү орон сууцны батламж гардан авлаа.

Тодруулбал, өчигдөр Нийслэлийн засаг даргын тамгын газарт “Нийслэлийн орон сууц корпораци” ХК, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэгт зурах үйл ажиллагаа болж өнгөрсөн юм. Тус санамж бичгийн хүрээнд 18 нас хүрч, асрамж, халамжийн төвөөс бие даан, амьдралд хөл тавьж буй залуусыг дэмжин түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг эхлүүлж, “Өнөр бүл” хүүхдийн төвд амьдарч буй Л.Төрболд, “Манай гэр” асрамж, халамжийн төвд амьдарч буй Б.Батдорж нарт түрээсийн орон сууцны батламж гардуулж буй нь энэ.  

Үйл ажиллагааны үеэр “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар “Дөнгөж амьдралд хөл тавьж буй залуучуудаа бид дэмжих ёстой. Зөвхөн түрээсийн орон сууцанд хамруулаад зогсохгүй  цаашид ажлын байраар хангаж, өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох нөхцөл бололцоог нэмэгдүүлэх нь чухал” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Л.Төрболд, Б.Батдорж нар өнөөдөр орон сууцанд хамрагдах батламж гардахаас гадна ажлын байртай болж байгаа нь маш том дэмжлэг. Бид халамжаас хөдөлмөр рүү буюу хөдөлмөр хүнийг бий болгодог гэдэгчлэн ажлын байр бий болгоход анхаарч ажиллана.

Энэ оны зургадугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн 21 байгууллагад 1069 хүүхэд хүмүүжиж байна. Тэдний 25 хувь нь 15-18 насны залуус. Мөн есдүгээр анги төгсөж буй 56 хүүхэд бий. Тэдний 21 нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд, 35 хүүхэд аравдугаар ангидаа дэвшин суралцах юм" гэлээ.  Хоёр байгууллагын хооронд байгуулсан санамж бичиг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд цаашид үргэлжлүүлэх, сайжруулах чиглэлээр ажиллах юм. Түүнчлэн ажил амьдралын гараагаа эхлүүлж  буй  хүүхэд сар бүр байрны түрээс төлөх боломж бололцоо, эдийн засгийн нөхцөл байдлыг эхний ээлжинд халамжийн орон сууцанд хамруулах буюу түрээс авахгүй байхаар зохицуулжээ. Ингэснээр сургуулиа төгсөж, ажилд орсны дараа түрээс төлж, цаашлаад байрыг эзэмших эрхтэй болох гэнэ.

Хурлын заал алга ташилт, гэрэл зургийн аппаратны чимээгээр дүүрч, үймсэн олон нааш цааш хөлхөнө. Тэр дундаас сэтгүүлчдийн асуултад эвлэгхэн хариулан зогсоо хүүг бахархал дүүрэн нүдээр ширтэн зогсоо 50 гаруй насны эмэгтэй бүхнээс онцгой харагдана. Тэр бол  “Манай гэр” асрамжийн газрын захирал буюу Б.Батдорж хүүгийн ээж. Өлгийтэй байхаасаа тавилангаар учирсан тэд ижий, ахай болтлоо дотноссон нь тэр. “Би хүүгээ надад ирсэн гарагийнх нь нэрээр Бямба гэж овоглосон юм” гэж хүүгийнхээ үг бүрийг нухацтай сонсож, баяр бахдалаа барьж ядан байгаа нь илхэн.

Тэрбээр “Батдорж маань их зөөлөн сэтгэлтэй, сайн хүүхэд. Сүхбаатар аймгийн Онгон суманд хилийн цэцэгт алба хааж, улам ч сайхан төлөвшөөд ирсэн. Хүүгийнхээ тангаргын баярт очиж, үеийн нөхдийнхөө дунд гялалзаж явааг харах сайхан байсан. Өнөөдөр мөн л хүүгээрээ бахархаж зогсоно. Энэ үйл явдал дараа, дараагийн олон хүүхдэд  сэтгэлийн дэм болох нь тодорхой.  Манай байгууллага  21 жил үйл ажиллагаа явуулж байна. Насанд хүрч, асрамжийн төвөөс гарсан  хүүхдүүд маань ихэвчлэн байр түрээслэж амьдардаг. Гэвч хэчнээн жил зүтгээд ч өөрийн орон байртай болж чадаагүй хүн олон шүү дээ. Миний хүүгийн хувь заяа дэлгэрч яваг ээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Б.Батдорж Онцгой байдлын албан хаагч болж, хамт олондоо нэр хүндтэй, төрийн цолтон болох мөрөөдөлтэй. Харин  Л.Төрболд Монгол Улсын боловсролын их сургуульд түүх, нийгмийн багшаар суралцах сонирхолтой гэдгээ дурдаж байсан юм. Өнөөдөр тэдний  хувьд баярын нулимс ойрхон, мөрөөдлөө харамгүй дэлгэсэн өдөр байлаа. Түүнчлэн энэхүү мэдээг үзэж, сонсон суугаа асрамжийн газраар овоглодог багш, сурагчдын хувьд түүхэн үйл явдал болсон юм.

Улсын хэмжээнд хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн 21 байгууллагын 31 төвд өсөж, хүмүүжиж  буй 1000 гаруй хүүхдийн 867 нь Улаанбаатар хотод амьдарч байна. Тэд 18 нас хүртлээ өөрийн харьяаллын асрах газарт байж, түүнээс хойш бие даан амьдардаг. Зарим тохиолдолд Нийслэлийн сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт 21 нас хүртлээ байх боломжтой. Гэвч хүүхэд бүрд ийм боломж олдохгүй. Ижилдэн дассан багш, найзуудаа орхин одох мөч нэг л өдөр ирнэ. Тэр үед сургалтын төлбөр, ажлын байр, амьдрах сууц гэх мэт олон асуудал шил шилээ даран хүлээж байдаг аж. Жил тутам 20 орчим залуус эдгээр асуудалтай нүүр тулж, өөр өөрсдийнхөөрөө шийднэ. Алдахдаа алдаж, онохдоо ононо. Зөвлөж ярилцах аав, ээж, тусалж дэмжих ах дүүгүй хүүхэд нийгэмд хөлөө олох амархан биш нь тодорхой.  
Тэгвэл төр засгаас энэхүү нөхцөл байдлыг гярхай олж харан, асрамжийн газраас амьдралд хөл тавьж буй залуусын нийгмийн асуудлыг шийдэхээр дээрх арга хэмжээг эхлүүлж буй нь сайшаалтай. Монголын хууль гурав хоног гэдэг шиг цаасан дээр дурайгаад үлдэх дурсамж битгий болоосой. Эцэг эхийн хайр халамжийг бүрэн мэдэрч амжаагүй өссөн мянга мянган бяцхан зүрхэнд “Том болоод түрээслээд, өмчлөх боломжтой орон сууцны хөтөлбөрт хамрагдана даа” гэх итгэл найдвар үүрээ зассан шүү, эрхмүүд ээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид