Улаанбаатар 1c

М.Оюунбаатар: Монголчуудын ондооших, уламжлалт сэтгэлгээний өв соёлыг дэлхийн хөгжил, даяаршилтай адилтгаж болохгүй

ETV телевизийн сэтгүүлч, хурдан морь тайлбарлагч М.Оюунбаатартай ярилцлаа.

-Өөрийг тань харахад хот, суурин газрын хүүхэд шиг. Гэтэл хурдан морийг удам, угшил гарал, уяачийн намтар түүхтэй нь мэдэх юм. Та аль нутгийнх вэ?
-Би хөдөөний хүүхэд. Аав, ээж маань Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, малчин хүмүүс. Манай сум буман сүрэгтэй. Боржигон түмний төлөөлөл болсон сайхан нутаг. Богд хаант Монгол Улсын үед Богдын Алтан босго гэж хааны идээ шүүс, ууц, ундаа, цагааг бэлтгэдэг байсан юм билээ. Би сумандаа дөрөвдүгээр анги төгсөөд, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар дунд сургуулийн аравдугаар ангийг дүүргэсэн.

Аав, өвөө хоёр маань уяач. Өвөө маань 1972 онд улс хувьсгалын 51 жилийн ойгоор улсын наадамд их насны морь айргийн гуравт давхиулсан. Би 1994 онд өвөөгийнхөө уясан морийг унаж, сумын наадамдаа аман хүзүүдэж байлаа. 

Харин 1995 онд их насны морь унаж, сумын наадамдаа түрүүлсэн. Энэ бүхэн надад  багаасаа адуунд дур сонирхолтой болох үндэс суурь болсон. Мөн манай нутгийн буянтай буурлуудын нөлөө ч байсан. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын улсын алдарт уяач Цэрэндагвын Цэрэнбал гэдэг хүн  “Баянцагаан сумыг бүтэн тойрохоос аргагүй сайхан нутаг. Олон сайн уяач бий. Газар нь хатуу, олон уул даваатай. Морьдын шандас, шалгуурыг шалгадаг гайхалтай нутаг. Уяачийн эрдэм, уяаны эргүүлэг, уралдаанч хүүхдийн эмээлийн бүрэн бүтэн байдал, морины хусуур, хэрэглэл, адууны боржигон соёлыг түүчээлж байгаа сум” гэж манай нутгийг магтсан байдаг.

-Хурдан морь тайлбарлах эрдмийг хэзээнээс сурч, эзэмшив. Спортын  сэтгүүлч мэргэжил, эзэмшиж төгссөн үү?
-Би МУИС-ийн Олон улсын сэтгүүлчийн ангид 2005 онд элсэж, 2009 онд төгссөн. Оюутан байхдаа  адуу малтай холбоотой нэвтрүүлэг хийх бодол тээж явлаа. Телевизийн сэтгүүл зүйн хичээл орж, адуутай холбоотой нэвтрүүлэг хийх даалгавар өгдөг юм байна. Ингээд би нутгийнхаа уугуул, Монгол Улсын зууны манлай уяач, Хөдөлмөрийн баатар, Д.Даваахүү гуайтай ярилцлага хийгээд Э.Эрдэнэтуяа, Л.Норовсүрэн багштай нарт үзүүлсэн чинь боломжийн үнэлгээ авсан. Багш нар ”Чи энэ чиглэлээрээ явбал зүгээр юм байна” гэж урмын үг хайрласан. 

Сургуулиа төгсөөд 2009 оны долдугаар сард ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадмыг анх удаа тайлбарлах хувь тохиосон. Тэр цагаас хойш улсын баяр наадмын хурдан морины уралдааныг ард түмэндээ 12 дахь жилдээ тайлбарлан хүргэж байна.Энэ 12  жилийн хугацаанд том, жижиг 870 гаруй наадамд явжээ. Баян-Өлгий аймгаас бусад 20 аймаг, 172 сум сууринд очсон. Энэ жил хөл хорионоос болоод хөдөө яваагүй.

-Улсын баяр наадамд дунджаар 200-1000 гаруй хурдан хүлэг уралддаг. Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс шигшмэл 100-200 морь сонгон уралдуулж болдоггүй юм болов уу?
-Манай наадам үндэсний хэмжээний баяр. Морин тойруулгад уралддаг уралдаан бол олон улсын спорт, сонгодог морин уралдаан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “Breeders cup”, “World champion”,  дэлхийн цомын тэмцээн буюу Дубай кап, Английн “Royal Ascot”  гээд  дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том уралдаан бий. Үүнээс монгол наадмын морин уралдааны ялгарах онцлог нь нэгэн зэрэг хэдэн зуун  морь  уралдаж болдог онцлогтойд байгаа юм.  Гэхдээ тоондоо байгаа юм биш.

Улсын наадамд уралдах морьд нь уралдана. Аймаг, сумандаа уралдах орон нутагтаа уралддаг. Сонголтоо уяачид нь хийдэг онцлогтой. Монгол Улсын 21 аймаг, 335 сум, суурин, засаг захиргааны нэгжийг хамарсан үнэхээр шигшмэл, шилдэг морьд улсын наадамд уралддаг.  Одоо хамгийн олондоо улсын наадамд 300 морь л уралдаж байна. Хамгийн сүүлд ардын хувьсгалын 90 жилийн ойгоор 510 гаруй их насны морь уралдсан. Монгол Улсын түүхэнд хамгийн олон буюу 1000 гаруй морь уралдсан нь Төв аймгийн тэгш ойн жил, Баянхонгор аймагт болсон ламын гэгээний их даншиг. Монгол наадам гэхдээ босго өндөртэй. Таван зуун морь уралдсан ч таван мянган морь уралдсан ч ялгаагүй айргийн таван морийг барьдаг уламжлалтай. Энэ тогтсон, бичигдээгүй уламжлалт хууль дүрэм хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрэв өөрчлөгдвөл монгол наадам утга агуулга, онцлог, өвөрмөц хэв шинжээ алдана.

Сүүлийн жилүүдэд морьдын уралдааныг дэг журамтай зохион байгуулдаг болсон. 100 метрийн өргөнтэй, гарааны төхөөрөмжид 200 гаруй морь ороход хоёр эгнээ л болгодог. Нэг метр зайд хоёр морь зогсож байгаа. Хэний ч албадан шахалтгүйгээр монгол наадмаа шимтэн үзэгч түмнээ баясган хурдан хүлгээ уралдуулж буй уяачдын уламжлалт тогтсон дэг ёсонд тоон хязгаарлалт тавих ёсгүй.

Харин үндэсний морин уралдааныг дэлхийн жишигт нийцсэн сонгомол морин тойруулгын лигийн уралдааны зохион байгуулалтад оруулна гэвэл уламжлалаа алдана. Үндэсний өвөрмөц, онцлог устана. Сумын наадамд түрүүлсэн битүү морь дараа жилийн улсын наадамд түрүүлж байна. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Бадралын Энхбаатарын хонгор халзан морь аймаг, сумын наадамдаа уралдаж байгаад улсын наадамд анх удаа уралдаад түрүүлж байсан. Монголчуудын бусад үндэстнээс ондоошин ялгарах, уламжлалт сэтгэлгээний өв соёлыг дэлхийн хөгжил, даяаршил гэдэгтэй адилтган зүйрлэж болохгүй. Монгол наадамд  бидний бусдаас ялгарах, ондооших өв соёлын уламжлал, онцлог шингэсэн байдаг. Бид заавал дэлхийн спортын чиг хандлагыг дагаж хөгжих албагүй. Монгол наадам Хүннү гүрний үеэс уламжлагдан олон мянган жилийн явцад хөгжлийн хэв шинжээ бүрэн олж чадсан, шалгарсан үндэсний спорт. Үүнийг өөрчлөх ямар ч шаардлагагүй.

-Монголчууд адууны соёлын эртний түүх, уламжлалтай ард түмэн. Гэтэл энэ соёлыг үгүйсгэгч хүн цөөнгүй. Нүүдлийн соёл, адууны соёл гэж дэлхийд байдаггүй гэж мэдэмхийрэгчид бий.  Тийм хүмүүс эрлийз адууг үржүүлэх сонирхол байна уу?
-Монголчууд адууны эртний соёлтой ард түмэн. Хүннүчүүд  5-7 мянган жилийн өмнө  адууны соёлыг бий болгосон байдаг.  Одоогоос  750 гаруй  жилийн өмнө Хубилай хаан адууны яамыг байгуулсан. Тухайн цаг үед аян  дайн байлдаан, төрийн алба, ачаа, хүнс, тээвэр, өртөө,  улаад адууны гүйцэтгэсэн үүрэг их. Төр улсын дотоод, гадаад харилцаа, зам тээвэр, шуудан  холбооны үүргийг мориор залгуулдаг байж.  Тэр үед цаг хугацаа, орон зайд хамгийн хурдтай хүрч чаддаг нь морин өртөө байв. Хэдэн арван мянган километр хол замыг морин өртөөгөөр богино хугацаанд туулж, төрийн албыг залгуулан, элч довтолгодог байжээ. Тэр адууны яам нь одоогоор бол Зам, тээврийн яам гэсэн үг.

Энэ түүх уламжлал их сонин утга бэлгэдэлтэй. Манай үе үеийн Зам тээврийн яамны сайд, дарга нар улсын наадамд морьдоо айрагдуулж, түрүү авсан байх нь бий. Гаваагийн Батхүү Дэд бүтцийн яамны сайд байхад, улсын наадамд азарга нь түрүүлж байлаа. Цэгмидийн Цэнгэл Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга байхдаа 2002 онд улсын наадмын азарганы түрүүг авч байв. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Зам тээврийн яамны Агаарын тээврийн газрын дарга С.Мөнхнасан азаргаа айрагдуулсан.  

-Бид ахуй соёлоосоо алсарч холдоод байна уу. Дэлхийн даяаршил гээд эрлийз морьдыг заавал наадамдаа уралдуулах гэж зүтгэх болжээ?
-Сүүлийн үед монгол наадмын ахуй соёл жаахан ховордох болсон. 1990-ээд онд Буянт-Ухаад наадам болдог байхад цэнхэр, эрээн асар майхан битүү алаглан сэтгэл гэгэлзүүлэн, нүд баясгадаг байв. Гаднын жуулчид монгол уяачдын хүрээний өнгө алагласан тэр сайхан байдлыг хараад өөрийн эрхгүй дуу алддаг тийм сайхан ахуй харагддаг байлаа. Одоо гэтэл цаг үеийнхээ хөгжлийг дагаад эрээн асар майхан цөөрөөд, бид уламжлалт ахуй соёлоосоо хөндийрөөд байна уу даа гэсэн бодол төрдөг.  

Орчин үеийн соёл иргэншил гээд бүх зүйл дээр дэлхийн жишиг, даяаршил гэж хэт туйлширч байна. Олон улсын сонгодог морин уралдааныг уламжлалт морин уралдаанаас тусад нь хөгжүүлэх зөв. Олон улсын стандартыг хангасан морин тойруулгатай болчихоод, араб, англи үүлдрийн цэвэр цустай морьд уралддаг “Улаанбаатар цом”-ын тэмцээн зохиож болно. Өнөө үеийн бид ардын хувьсгалын 100 жилийн ойг үзэх азтай хүмүүс. Ирэх жил 100 жилийн ойд уяач бүхэн морьдоо уралдуулах бодолтой байгаа байх. Хойгуур, урдуур, хаагуур давхих нь хамаагүй.

100 жилийн ойгоо хүндэтгэж, морио уралдуулах байх. Төрийн наадмаа хүндэтгэн, бэлгэшээж, төрт ёсоо эрхэмлэн, хүндэтгэл үзүүлдэг монгол хүний сэтгэхүй, сэтгэлийн уужуу ухаан энэ юм. Уяачид наадмаас айраг, түрүү авахдаа биш, төрийн наадамдаа морьдоо уралдуулж, морь хурдтай, хүүхэд эсэн мэнд ирлээ хэмээн баярлаж, баясдаг. Монгол наадмын онцлог, олон түмнээрээ  баясан, цэнгэж чаддаг утга учир нь үүнд л оршдог.

-Гал шар, Тэс, Дарьганга гээд Монголын хурдан хүлгийн угшил баруун, зүүн бүс нутагт л байх юм аа?
-Галшар, Тэс, Дарьганга угшлын адуу гэж их ярьдаг болжээ. Ер нь Монгол Улсын бүх аймаг, сум хурдтай. Баруун Монгол эрт дээр цагаас хурдтай. Одоо ч хурдан адуутай хэвээр байгаа. Үүнийг батлан харуулсан хурдан морь олон бий. Мянгатын чонон саарлаас өгсүүлээд олон алдарт хүлэг байдаг. Гэхдээ Монголын хурдан адууны дийлэнх нь зүүн аймгуудад бий. Үүнийг ч хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Эрт цагаас зүүн нутагт адууны соёлыг эрхэмлэн үүлдэр, угшил, хурдыг сайжруулж байж. Харин баруун нутгийнхан бөхийн соёлыг уламжлал хөгжүүлсэн байдаг.

-Мөнгөтэй хүмүүс хурдан удмын араб, англи удамтай азарга худалдан авч, “Шинэ монгол адуу” гэгч нэр томьёог гаргаж ирлээ. Энэ үйлдэл нь үржлийн өвчин дэлгэрүүлсэн. Үүнийг таслан зогсоохгүй бол монгол адууны удмын санг устгаж мэдэх аюултай биз?
 -Сүүлийн үед адууны нийлүүлгийн өвчин газар аваад байгаа. Үүнийг цэгцлэх цаг нь болсон. Энэ өвчин монгол адууны удмын санд аюул учруулж байна. Олон улсын лаборатори хүлээн зөвшөөрсөн эрүүл адууг Монголд оруулж ирэх ёстой. Баян хүмүүс гээд  хөрөнгө чинээтэй хүмүүсээ бид ад үзээд байж болохгүй. Өөрийн хүч, хөдөлмөрөөр хөрөнгөтэй болсон хүмүүс үндэсний морин уралдааныг хөгжүүлж, бай, шагналыг өсгөж, морь унаач хүүхдүүдийн ахуй амьдралыг сайжруулж цалин, урамшуулал олгодог болсон. Үүнийг үгүйсгэж болохгүй.

-Жил, жилийн наадамд эрлийз морь уралдуулна, уралдуулахгүй гэсэн хэл ам болдог. Манай улсад морин тойруулга, морин спортын хөгжил зогссон нь эрлийз, монгол  адууг хольж уралдуулах шалтгаан болоод байна уу?
-Бид эхнээсээ хурдан морины уралдааныг хоёр тусад нь явуулах ёстой байсан. Олон улсын морин уралдаан явуулах морин тойруулгын тасралтгүйгээр хөгжүүлээд явсан бол өнөөдрийн маргаантай асуудал гарахгүй. Англи, Ирланд, Австрали Улсаас цэвэр цусны  англи үүлдрийн адууг оруулж ирээд, монгол адуунаас тусад нь морин тойруулгад уралдуулах нь зөв.  Дэлхий дээр хурдан морь таньж мэддэг, уяа сойлгыг нь тааруулдаг чадвараараа монголчууд гайхалтай авьяастай. Энэ чадвараа монгол уяачид дэлхий дахинд таниулахын тулд олон улсын сонгодог морин уралдааныг Монголд хөгжүүлэх ёстой.

Тэгж байж монгол уяачдын чадварыг дэлхий мэддэг болно. Олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай, морин тойруулгын спортыг аялал жуулчлалын нэг том хаалга болгож чадна. Адууны эртний соёлтой бидэнд давуу тал бий. Бид эхний ээлжинд Японы цом, Хонконгийн “О-2”, Өмнөд Солонгосын “Жежү цом” гээд Азийн уралдаанаас эхэлж болно. Тэр үед бидэнд дэлхий сонгодог морин уралдааны мэргэжилтнүүд санал тавина. Монголын уяачид үнэхээр байгалиас заяасан эрдэм чадалтайг сүүлийн үед Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатар, улсын алдарт уяач, Энэбишийн Ганбат нар дэлхийд таниулж, харуулчихаад байна.

Монгол хүний нүдээр таньж худалдаж аваад, морь уях уламжлалт аргаараа уяа сойлгыг нь тааруулаад  “Breeders cup” уралдаан буюу 35 мянган ам.долларын шагналын сантай дэлхийн номер нэг уралдааны 13 зиндааны нэг болох нэг сая ам.долларын шагналтай уралдааны түрүүг авсан. Өнгөрсөн жил мөн уралдааны классик  таван сая ам.долларын уралдааны ангилалд монгол уяач, морьтойгоо оролцох эрхийг хүртсэн. Харамсалтай нь, бэртэл гэмтлээс болоод чадаагүй. Үүнээс хойш дэлхийн сонгодог морин уралдааны мэргэжилтнүүд монгол уяачдыг мэддэг, хүндэтгэдэг болсон. Тэгэхээр бидэнд олон улсын сонгодог морин уралдааныг үндэсний уламжлалт морин уралдаанаас тусад нь хөгжүүлээд явах боломж бүрэн байгаа нь харагдаж байна.

Манай улсад 2000 оноос хойш импортын адуу орж ирэх болсон. Тэр үеэс гаднын адууг монгол адуутай нийлүүлэн эрлийзжүүлэн, шинэ монгол адуу гэж нэрлээд төрийн наадамд хольж уралдуулдаг болсон. Өнөөдрийг хүртэл үүнийг хязгаарлах тодорхой дүрэм журам байгаа хэдий ч түүнийгээ мөрдөхгүй, энэ бусармаг зүйлийг таслан зогсоож чадахгүй яваа.  Сэрвээний өндрийг барьж уралдуулах ёстой гэдэг ч үүнийг төдийлөн мөрдөн, хэрэгжүүлж чадахгүй байгаа.  Зарим цэвэр монгол адууг хасах зүй бусаар сэрвээ өндөр гэдэг шалтгаанаар хассан үйлдэл хүртэл гарч байсан. Наадамд сэрвээ өндөртэй адуу уралддаг байдал тасрахгүй байна. Ийм эрх, тэгш бус байдал одоо хүртэл яваа.  Бид монгол наадмаа уламжлалаар нь авч үлдэхийг хүсэж байгаа бол эрлийз адууг наадамдаа уралдуулах ёсгүй. Эрлийз адуу нь морин тойруулгадаа уралдах нь зохистой. Хөдөөний монгол ахуйд өсөн амьдарч байгаа малчид монгол наадамдаа монгол морио уяж, сойгоод уралдуулах зөв байх.

-Соёолонгийн тоосонд даруулж, хөлсөнд хүрэх нь хийморь сэргээдэг гэх мухар сүсгээр хүмүүс хөлстэй морь руу хошуурдаг. Ийм уламжлалт ёс байсан юм болов уу?
-Монголчууд соёолон, даага хоёрыг адтай хурдалдаг гэж бэлгэшээдэг. Харин би азарга, их нас хоёрыг хамгийн хурдтай гэж боддог. Соёолонгийн тоосноос боссон бумбалсан тоосонцор агаар мандалд бий болдог. Тэр тоосонд дарагдахыг уг нь хэлдэг юм. Тэрнээс биш уралдаж ирсэн соёолонгийн дэл сүүлийг зулгааж, хөлсөнд нь хүрэх бол биш. Энэ ёс зүйгүй үйлдэл тийм хийморьтой зүйл ч биш. Тийм уламжлал ч байхгүй.

Манжийн дарлалд байх үед дэлгэрсэн шашны мухар сүсгийн нөлөөнд автсаны муу үр дагавар байх.  Уржнан соёолонгийн тоосонд хүрэх гэж нэг хүн хүүхдээ тэвэрч гүйж яваад тархиндаа өшиглүүлэн хүнд гэмтэл авч байсан.  Үзэгчид олон километр зам туулан уралдаж, ядарч ирсэн адууны хөлсөнд хүрэх гэж шавах нь үнэхээр ёсгүй зүйгүй, буруу зүйл. Монгол наадам үзэх гэж ирсэн гаднын хүмүүст маш муухай, эвгүй харагддаг. Харин сүүлийн жилүүдэд наадамчид соёлтой үздэг болсон.  

-Таны бодлоор хурдан морь уяж, сойх уламжлалт арга хоцрогдоод байна уу. Морин тойруулгын морьдыг уях дэвшилтэт арга болох хүч тамир оруулагч тариа, хүчит тэжээл, амин дэмийг уяачид хэрэглэх болсон нь зөв үү?
-Зөв зүйл биш. АНУ-д уяачдын морь уях гол арга нь шинжлэх ухаан. Өнөөдөр морио тэдэн километрт уралдууллаа. Хурд тэдэн километр цаг байна. Зүрхний цохилт тэд байна. Ядралт, хөлс гаралтын хэмжээ ийм байлаа гээд үзэж тэмдэглэл хөтөлдөг. Монгол уяачдын чадвар нь ажиглалт мэдрэмж, уламжлалт морь уях арга, авьяас чадварт байдаг. Ямар ч шинжлэх ухааны арга аргачлал, техник технологи дэвшил ашиглахгүйгээр морио уяж сойдог.  

Мянга, мянган жилийн туршид цагийн шалгуураар шалгарсан бидэнд өвлөгдсөн адууны соёл, уяачийн эрдмийг юутай ч зүйрлэшгүй. Гурван зуун мориноос түрүүлэх морийг олж, таньдаг монгол уяачийн чадвар үнэхээр гайхамшигтай. Морь таньж, мэдэрдэг монгол ухаан гэдэг энэ.

-Хотжилт, хөгжлийн нөлөөгөөр морь унаач хүүхэд ховордож байна. Мөн бага насны хүүхдээр хурдан морь унуулах нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн, эрх чөлөөг зөрчсөн, тэвчишгүй хөдөлмөр гэж ярих боллоо?
 -Дэлхийн өөр хаана ч байдаггүй, монгол хүүхдийн эрүүл чийрэг, тэсвэр, хатуужилтай, өсөн торних гол үндэс нь морь унах байгаа юм.  Монголын гурван сая иргэний 1.5 сая нь Улаанбаатар хотод оршин сууж байна. Хөдөө нутагт мал маллах хүн улам бүр цөөрч байгаа. Хүүхдийн эрх гээд хүүхдээр хурдан морь унуулах буруу гэж эсэргүүцэх хүмүүс монгол ахуй соёлыг, монгол малчдын залгамж халааг устгаж байна л гэсэн үг. Морь унаач хүүхдүүд морь, малд дур сонирхолтой болж хүмүүждэг. Ирээдүйд тэд уяачид болно. Уяачийн эрдэм мэдлэгийг өвлөх, цааш дамжуулах хүмүүс. Малчид байхгүй бол хөдөө, зах хязгаар нутаг эзгүйднэ. Үүнд төрийн нэгдсэн бодлого хэрэгтэй. Улс орны хөгжил, аюулгүй байдалд, эдийн засаг хүртэл одоогоор мал аж ахуйгаас хамааралтай байгаа гэдгийг мартаж болохгүй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид