Улаанбаатар 1c

Сэтгэл зүй хэцүү байсан ч хичээл зүтгэл гаргаж сургуулиа сайн төгссөн

Зургадугаар сарын 17ны өдөр БНСУ-аас манай улсын 257 иргэн ирсэн. Тус нислэгт АНУ-д сурагч солилцооны хөтөлбөрөөр суралцсан 16-17 насны 20 хүүхэд ирсэн байна. Нэг жилийн хугацаанд тус улсын мужуудад суралцан, сүүлийн гурван сар цахимаар хичээлээ судалж, сургуулиа амжилттай дүүргэсэн  Т.Мишээлт-Одыг сонгож цахимаар ярилцлаа. 

-АНУ-руу ямар чиглэлээр, хэзээ явсан бэ?
 Бид “Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрөөр өнгөрсөн онд Америкт очсон.  Би Айова мужийн Трэйр хотод Хойд Тама ахлах сургуулийг 2020 оны тавдугаар сарын 22-нд төгссөн. АНУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэг учир бүхий л зардал тус улсаас гарсан. Миний хувьд эхний жил хамрагдах өргөдлөө өгсөн ч тэнцээгүй, шантралгүй хэлний мэдлэгээ сайжруулаад дараагийн удаа тэнцсэн. Эндээс явсан 20 хүүхэд өөр өөр мужид суралцах болсон. 

-Коронавирусийн халдвар Америкт их байгаа шүү дээ. Та нарын хувьд халдвараас яаж хамгаалж байв?
-Тэтгэлэгт хамруулсан байгууллага нь хүүхэд бүрийг урьдчилан судалгаанд хамруулсан айлд байрлуулдаг. Яг л хүүхэд шиг нь байдаг даа. Тогтмол хараа хяналттай учир бид хөл хорионы үед онцын шаардлагагүй тохиолдолд гэрээс гараагүй, эмийн сан орохгүйн тулд өөрөө маскаа оёсон, гэртээ ч бас өдөр тутам чийгтэй цэвэрлэгээ хийж байсан.

-Айлд амьдарч байсан гэж байна. Ямар хүмүүстэй амьдарч байсан бэ?
-Бид их дотно учир аав, ээж гэж дууддаг байсан. Аав инженер, ээж Америкийн консулын газрын орон нутаг дахь зохицуулагч мөн давхар цахимаар англи хэлний хичээл заадаг.  Дээр хэлсэнчлэн урьдчилан судалгаанд хамруулсан, муу зуршилгүй гэр бүлд биднийг байрлуулдаг.

-Цар тахал гарснаар, Америкт Ази төрхтэй хүмүүсийг ялгаварлах хандлага ихэссэн. Чамд тийм бэрхшээл тулгарсан уу? 
-Миний амьдарч байсан мужид коронавирусийн олон тохиолдол бүртгэгдсэн. Хүн ам  харьцангуй цөөтэй, иргэд нь соёлтой учир ялгаварлах хандлага гараагүй. Бэрхшээл гэвэл удаан хугацаанд хөл хорионд байх үед сэтгэл зүйн хувьд их хэцүү байсан. Халдвар авчихвал, нутаг буцаж чадахгүй бол яах билээ гэж маш их айж байсан. Гэвч америк аав, ээж маань сэтгэл санаагаар үргэлж дэмждэг. Тэнд очсон зорилго маань англи хэл сайн сурч, сургуулиа амжилттай төгсөх байсан болохооор хэцүү санагдсан ч хичээж сургуулиа сайн төгссөн. Бид хоорондоо үргэлж холбоотой байж, Сан-Францискод цугларсан. Тэндээс Солонгос Улс руу 12 цаг ниссэн. Сөүлийн онгоцны буудал дээр долоон цаг хүлээсний эцэст Монгол руу нисэх онгоцонд суусан даа. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Д.Баяраа
    Сайхан ярилцлага байна. Товч бөгөөд тодорхой
    2020 оны 07 сарын 31 | Хариулах
Нийтлэлчид