Улаанбаатар 1c

Хүч, тэнцвэрийн гайхамшигт домог

Түүнийг Ядамсүрэнгийн Амаржаргал гэдэг. Тэр бол XX, XXI зууны Монголын хүч тэнхээт авьяас билэгтнүүдийн тод төлөөлөл, хүүхэд, залуусын од, домог, бахархал нь билээ. Монгол төдийгүй дэлхий дахиныг хүндийн өргөлтийн гайхамшигт үзүүлбэрээр уулга алдуулж, уухайлуулан баясгаж явсан Монгол Улсын гавьяат жүжигчин, спортын мастер, АНУ-ын Монте Карлогийн Циркчдийн дэлхийн аварга шалгаруулах наадмын “Алтан морь”, 2000 онд БНХАУ-д зохион байгуулсан олон улсын тэмцээний мөнгөн цом, Франц, Итали, БНАСАУ тэргүүтэй гаднын орнуудад зохиогдсон олон улсын цөөнгүй тэмцээний тэргүүн байр, Пауэрлифтингийн мастер III ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн хошой аварга Я.Амаржаргалыг “Үндэсний шуудан”-гийн хойморт урилаа. 
Бидний яриа “Циркийн сургууль төгсөөгүй намайг тэр олон хүний дундаас олж таньж, итгэл хүлээлгэсэн багшийнхаа итгэлийг алдахгүй гэж, гаргасан амжилтынх нь буухиаг нүүр бардам үргэлжлүүлэх гэж, хүүгээ циркэд дагалдан жүжигчнээр ороход чимээгүйхэн дэмжиж суусан ээжийгээ баярлуулах гэж энэ гайхалтай урлагт залуу нас, оюун санаа, мөрөөдөл хүслээ зориулсан хүн, ах нь. Амьдралын минь хамгийн гэгээн, хамгийн жаргалтай он жилүүд циркэд, циркийн алтан манежан дээр өнгөрсөн. иСонин нь миний одоогийн ихэнх зүүд циркийн эгэл хэрнээ урлаг, сэтгэл буцалсан тэр өрөө, тасалгаанууд, манеж, тэнд үерхэж нөхөрлөсөн найзууд, алтан үеийн мундагчууд, үзүүлбэрүүд, алга ташилт, тоглолт эхэлчихээд байхад номероо хийж чадахгүй байгаа мэт дүр зураг, үйл явдлаар үргэлжилдэг. Хуучин цирк бол миний хувьд ариун сүм, юутай ч зүйрлэшгүй тайз минь” хэмээснээр эхэлсэн юм. Түүнд хандан “Та 1980, 1990-ээд онд төрсөн хүүхэд, залуусын бахархал, домгуудын нэг яах аргагүй мөн. Учир нь, бидний үед телевизийн ганцхан сувагтай, түүгээр гарсан бүхэн үнэн, гайхамшигтай санагддаг байлаа. Тэр үед та хүнд, хүнд штанг өргөөд л, эсвэл цутгамал том оо гэгч шарик нуруу, хүзүүгээрээ гүйлгэж, тогтоож байгаагаар, бүр тав, зургаан хүн дээрээ зогсоочихоод өнөөх том, хүнд төмрүүдээ давхар өргөж зурагтаар гардаг байлаа. Зурагтаар хэдхэн минут гардаг таны болон циркчдийн энэ үзүүлбэрийг хөдөөгийн жаалууд үзчихээд “Ийм юм байдаг аа” гэж гайхахаас гадна хүнд юм өргөж туршиж үздэг байсан. Циркийн тэр дундаа “Хүч тамирын гайхамшиг” буюу хүндийн өргөлтөөр Монголын дээд амжилтыг өнөөг хүртэл эзэгнэх тамирчин, жүжигчин болоход тань юу нөлөөлсөн юм бэ” гэхэд “Багш маань. Ард түмний хайртай хүү, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга, Гавьяат жүжигчин Дарийн Дамдин гэдэг хүн чинь миний багш юм шүү дээ. Хүмүүсийн “Бөх хүн бүдүүн баараг байдаг” гэж ярьдагтай би санал нийлдэггүй. Миний багш үндэсний бөхийн дархан аварга атлаа маш торгон, нарийн мэдрэмжтэй, аливаад их уужуу, ухааны дээд хүн байсан. Аав минь 1963 онд намын илгээлтээр Баянхошууны Тоосгоны заводод томилогдож, бид Архангайгаас нүүж ирж байлаа. Их удалгүй аав одоогийн дөрөвдүгээр дэлгүүрийн ойролцоо ажилладаг болж, ээж хуучин циркэд оёдолчноор ажиллаж, би ч тавдугаар дунд сургуульд сурдаг боллоо. Өөрөөр хэлбэл, аав, ээжийн ажилтай манай сургууль ойрхон учраас би тэр хоёрынхоо ажлаар байнга шахуу очно оо л гэсэн үг. Ээжийн ажил дээр очих надад ер бусын сайхан санагддаг байлаа. Циркийн коридорт мундагчуудын жаазтай зураг өлгөөтэй. Түүнийг хараад цааш явах тусам энд тэндгүй бэлтгэл, сургуулилалт хийж байгаа хүмүүсийн хачин гайхамшигтай дүр зураг, дуу авиа, инээд хөөр сонсогдоно. Бүр цаашилбал, элдэв янзын амьтдыг сургаж байгаа нэг тийм үлгэрийн гэмээр ертөнц угтдаг сан. Тэр үед циркчид төдийгүй бүх салбарынхныг улсаас шалгаруулж аваад бэлтгэдэг байлаа. Наймдугаар ангид байхад сургууль дээр циркийн жүжигчин болох хүүхдүүдийг шалгаруулж, шалгарсныг нь ЗХУ руу сургуульд сургана гэж байна. Гүйж очоод шалгуултал тэнцчихлээ. Гэтэл ахиад нэг орос хүн шалгана гээд шалгуултал яагаад ч юм тэнцээгүй. Өөрөөр хэлбэл, циркийн жүжигчин болох боломжгүй болчихлоо. Ингээд Барилгын коллежид орж, суралцаж төгсөөд, цэрэгт явлаа. Гурван жил цэрэгт байхдаа хоёрт нь “Алдар” спорт хорооны тамирчин байсан. Цэргээс халагдаж ирсний дараахан Дамдин багш гудамжинд таараад “Хүүхээд, чи их сайхан залуу болсон байна. Циркээр нэг хүрээд ирээрэй” гэсэн. Цирк гэсэн үг сонсонгуут л өнөөх дүр төрх нүдэнд үзэгдэж, дуу чимээ нь чихэнд сонсогдох шиг болж, маргааш нь яваад очлоо. Багш маань намайг нааш цааш алхуулж үзсэнээ “Чамайг дагалдан жүжигчнээр авъя. Чи харин сайн хичээгээрэй” гэсэн. Тэр чинь 1977 оны наймдугаар сарын эхэн юм шүү дээ” гэв. 

-Яагаад заавал хүндийн өргөлтийн төрлийг сонгосон юм бэ?
-Тухайн үед би үеийнхнээсээ нэлээд биерхүү байсан. “Хүндийн өргөлт гэдэг тэнцвэр, ухаан, самбаа шаарддаг хүнд төрөл. Гэхдээ чи чадна” гэж багш маань хэлсэн. Би ч “Багш хэлж байгаа юм чинь би чадна” л гэж бодсон. Гэхдээ том биетэй л бол хэн дуртай нь хүндийг өргөөд байдаг ч юм биш. Энэ бол асар их бэлтгэл, сургуулилалт, мэдрэмж, тэвчээрийн үр дүн. Тамирчдын хүндийн өргөлтөөр амжилт гаргахын тулд гаргасан хөдөлмөр, тэвчээр, хөлсийг юутай ч зүйрлэх боломжгүй.  
-Таны эзэмшдэг дээд амжилт хэдэн килограмм бэ. Таны амжилтыг эвдсэн тамирчин, жүжигчин манайд бий юү?
-850 килограмм. Монголын тамирчдаас одоогоор миний амжилтыг эвдсэн хүн алга. Би харин багшийнхаа уран чадварыг гүйцээгүй. Яаж ч хичээсэн багш бол багш гэдгийн баталгаа энэ. 
-850 килограмм гэдгийг та манай уншигчдад задалж хэлж өгөөч. Төчнөөн килограмм нь төмөр, тэд нь хүн гэх мэтээр?
-Нийт 250 килограмм жинтэй штанг өргөж, дээр нь зургаан циркчин зогсоодог юм. Тэдний жин нийлээд 850 килограмм болдог гэсэн үг. Энэ үзүүлбэрээрээ дэлхийн шилдэг арван хүчтэний нэг болж байсан. АНУ, Герман, Мексикт энэ үзүүлбэрээ өдөрт дөрвөн удаагийн тоглолтод нийт найман удаа үзүүлдэг байлаа.  
-Тийм хүнд зүйлийг өргөхөд биеийн хүч чухал уу, эв чухал уу?
-Дан ганц биеийн хүчээр юу ч хийхгүй. Энэ бол багийн ажиллагаа. Үзүүлбэр бүр өөрийн гэсэн зохиолоор, найруулагчийн заавар дээр дэс дараалал, асар их сургуулилалт, эв, хамтын ажиллагаагаар олонд хүрдэг юм шүү дээ. Хүндийн өргөлтийн хувьд тухайн жүжигчний тэнцвэрээ олох чадвар чухал. Багш “Чи өргөж байгаа, үзүүлбэр үзүүлж байгаа хамтрагчдынхаа итгэлийг маш сайн олох хэрэгтэй. Олохын тулд маш их сургуулилалж, тэднийг ямар ч алдаа гаргасан засаад авдаг, түшээд авдаг бат суурь нь байх ёстой. Ингэж байж тэд чамд итгэж, айдасгүйгээр үзүүлбэрээ хийнэ. Циркийн үзүүлбэр бол хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, чи хамтрагчдынхаа амь нас, эрүүл мэндийг атгаж байна аа гэсэн үг. Чи нэг л буруу хөдөлбөл, анхаарлаа жаахан л сарниулбал бусдынхаа амь нас, эрүүл мэндийг аюулд оруулна. Ийм хариуцлагатай алба хашиж байгаагаа секунд тутамд санаж, хичээх хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Тэгэхээр биеийн хүчний ч юм биш байгаа биз. 
-Танай удамд бөх ч юм уу, эсвэл хүч чадал ихтэй хүн байсан уу?
-Надаас өөр хүндийн өргөлтөөр явсан хүн байхгүй дээ. Миний аав тийм ч том биетэй хүн байгаагүй. Би эхээс дөрвүүлээ, нэг эгч, хоёр эрэгтэй дүүтэй. Өөр бусад ах, дүү хамаатнаас хүндийн өргөлтөөр хичээллэдэг хүн байна гэж дуулаагүй л явна. Хойшдоо төрөх байх аа. 
-Таны ээж циркэд оёдолчин байсан гэсэн. Таныг циркэд дагалдан жүжигчнээр ажилд орлоо гэхэд гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Ээж тэрүүхэндээ баярлаж байгаа нь мэдэгдэж байсан. Миний аав их залуудаа, намайг ажилд ордог жил буюу 1977 онд бурхан болсон. 
-Та зөвхөн Монголын ч бус дэлхийн хэмжээний тамирчин, хүчтэн шүү дээ. Таныг Америк тэргүүтэй олон газраас өөрийн улсын нэр дээр хүндийг өргөх санал тавьдаг байсан гэж сонссон. Амжилтад хүрсэн замналаасаа хуваалцаач?
-Би дагалдан жүжигчнээр ажилд ороод жил гаруйн дараа буюу 1978 оны арваннэгдүгээр сарын 5-нд циркийн алтан манежинд багштайгаа анх гарсан. Тэр бол хэзээ ч мартагдашгүй бас дахин давтагдахгүй цаг мөч. Түүний дараа жил шидэх банзны номерыг бие даан гаргаж байж. Жүжигчдийг ажлаа тараад явсны дараа шөнө болтол үзүүлбэрээ давтдаг байлаа. Бусдыгаа гүйцэж очихын тулд, багшийнхаа итгэлийг алдахгүйн төлөө хичээж байгаа нь тэр. 1979 онд ЗХУ руу 45 хоногийн аялан тоглолтод явсан. Өөрөөр хэлбэл, циркийн буянд анх удаа гадаад явж үзлээ. Ингэж байтал багш маань тэтгэвэрт гарч, 1981 онд надад “Хүч тамирын гайхамшиг” үзүүлбэрээ хариуцуулж үлдээсэн. Энэ их хүндтэй үүргийг хүлээж аваад би багшийнхаа нэр хүндийг унагачихгүй юм сан, багшийгаа баярлуулах юм сан гэж дотроо их шатсан. Илүү их хичээж, илүү хөдөлмөрлөж байж багшийнхаа итгэлийг даах юм байна гэж ч ухамсарлаж байлаа. 
Ингэж явсаар 1990 онд Монте Карло буюу дэлхийн А зэрэглэлийн циркчдийн наадмаас Монголоос анх удаа тусгай байр буюу “Алтан морь” шагналын эзэн болсон. Үүний дараа надад дэлхийн алдарт “Ринглинг Брос” циркэд тоглох санал тавьж, бид бүрэлдэхүүнээрээ 1991, 1992 онд АНУ-д ажиллаж, амьдарсан. Тэндээсээ ХБНГУ, Мексикийн циркэд тус бүр жил гаруй хугацаанд ажиллаад эх орондоо ирсэн. Би хүндийн өргөлтөөрөө дэлхийн хэмжээний таван том шагналтай, түүний хоёр нь А зэрэглэлийнх. 2000 онд БНХАУ-д зохиогдсон дэлхийн циркчдийн тэмцээний Мөнгөн цомыг Монголын циркчдээс анх удаа хүртэж байлаа. Энэ шагналын дараа, 2001 онд надад Монгол Улсын Засгийн газраас Гавьяат жүжигчин цол хүртээсэн. Түүнээс өмнө 1997 онд Алтан гадас одон, 1990 онд Соёлын тэргүүний ажилтан хүртэж байлаа. Гавьяат авахыг багш минь харж чадаагүй. Өмнөх жил нь бурхан болсон байсан. “Багш минь үзсэн сэн бол” гэж их бодогддог юм билээ. 
-Шагнал хүртчихээд эх орондоо ирэхийн сайхан, гоё мэдрэмжийг та хэрхэн илэрхийлэх вэ?
-Эх орон руугаа буцахаар онгоцондоо суух, нисэх хугацаа, буух үеийн мэдрэмж сайхан шүү дээ. Яг тэр хугацаанд тэмцээнд орж байсан, түрүүлсэн, гавьяа шагнал авч байснаасаа илүү хүчтэй догдолж, сэтгэл хөвсөлзөн яардаг. Бас л сайхан шүү дээ. 
-Та циркийн урлаг бол багийн ажиллагаа гэсэн. Таны алтан партнёр хэн байсан бэ?
-Миний анхны партнёр Г.Доржнамжил, Н.Болдбаатар гэж жүжигчид байсан. Харин алтан хамтрагчид гэвэл У.Энхбаяр, Н.Нямсүрэн гэж жинхэнэ харцаараа, үйл хөдлөлөөрөө биесээ мэдэрдэг гялалзсан, авьяаслаг залуусыгаа нэрлэнэ. Бид алтан тайзны ч, амьдралын ч найзууд. Одоо ч бид бие  биеийнхээ жаргал, зовлонг тэнцүү үүрээд, ханиндаа явцгаадаг. 1977 оноос нөхөрлөсөн, энэ бүх амжилтын, тэр бүх номерын гол түшиг тулгуур болсон доо, хоёр найз минь. 
Түүнээс “Амжилт гаргаад, нэр хүндтэй болоод ирэхээр хүн ер нь яадаг юм байна. Зарим хүний зан ааш эвдэрдэг бол, олонх нь улам бүр даруу болдог тал ажиглагддаг. Таны хувьд” гэж асуухад “Гудамжинд явж байхад хүмүүс гарын үсгийг чинь авъя гэнэ, зарим нь амжилт хүснэ. Зарим нь хамт зургаа авахуулъя гэнэ, зарим нь бүр өрөөсөн гар дээрээ өөрийг нь өргөж байгаад зураг авахуулж өгөөч гэж гуйна. Юм өргүүлж хүртэл үзье гэнэ. Өргөж үзүүлдэг л байлаа. Цагтаа ахаас нь гадна, дотнын телевиз, сонины сурвалжлагч, сэтгүүлчид ярилцлага авъя гэж их шалдаг л байлаа. Нэлээдийг ч өгсөн байх. Энд тэндгүй л ахынх нь зурагтай тоглолтын зарлалын зурагт хуудас наасан байдаг байлаа. Хүмүүсийн хайр, хүндлэлийг хүлээнэ гэдэг улам хариуцлагатай байхын сануулга л гэж бодож, хичээж явдаг. Намайг хүмүүс таньдаг болох тусам үзүүлбэрээ илүү сайн хийх хэрэгтэй шүү дээ. Би тоглолтын үеэр нэг ч удаа овоолгоо нурааж байгаагүй шүү. Энэ бол жүжигчин, тамирчин хүний хувьд том амжилт, бахархал. Өөрөөр хэлбэл, би өргөж байгаа тамирчдаа нэг ч удаа алдаж, унагаж байгаагүй гэсэн үг” гэв. Ийн ярьж дууссаныхаа дараа тэрбээр “Хэрвээ циркийг хувьчлаагүй бол, хувьчилсан ч бидний үеийнхнийг тэндээс эелдэгээр “хөөгөөгүй” бол Монголын циркийн урлаг өнөөдөр улам гайхамшигтай, хүчтэй болчихсон байх байлаа. Энэ л миний хамгийн их харамсаж, гонсойдог зүйл. Циркэд хувьчлал хийснээс хойш энэ урлаг Монголын соёл урлагийн салбараас бараг орхигдсон. Энэ салбарт надаас хойш Гавьяат жүжигчин бараг төрсөнгүй. Уг нь манай залуучууд энд тэндхийн уралдаан, тэмцээнд оролцоод л, түрүүлээд л байгаа дуулддаг. Би нэг шагнал, урамшуулал болохоор манайхнаас хүн байна уу гэж зориуд үзэж, чих тавьдаг. Дуурь, драм, утга зохиол, кино гээд бусад салбараас баяр бүрээр шахуу гавьяат цолтон төрж байхад циркийнхэн л байдаггүй. Уг нь манай циркийнхний ур чадвар, мэдрэмж, техник дэлхийд эхний тавд ордог юм шүү дээ. Төр, засгаас циркийн урлагтаа бодлогоор санаа тавьж, шаардлагатай зүйлсэд нь хөрөнгө, хүч гаргах цаг нь болсон. Нэгэн цагт улсынхаа нэрийг гаргаж, энэ урлагийн төлөө бүх зүрх сэтгэл, эд эсээрээ тэмцэж, тэсэж, хичээж явсан хүний хувьд энэ салбар орхигдож, гээгдчихээд байгаад гүнээсээ харамсаж явдаг. Үүний ард хэчнээн олон авьяас, хэчнээн их хөдөлмөр зүтгэл үхэж, гундаж байгааг мэддэг ч болоосой” гэсэн юм. Ийн яриад ширээн дээр дэлгэсэн гэрэл зургуудаа ширтэн санаашрангуй суусан түүнээс “Та хэн нэгэн дарга, сайдад энэ талаараа хэлж үзсэн юм уу. Циркийн урлагаа аврахын тулд та ер нь юу хийв ээ” гэтэл “Ингэж асуух байх гэж бодож байсан юм аа. Би ч бас өөрөөсөө ингэж асуудаг л хүн. Үе үеийн сайд, дарга нартай уулзаж, энэ асуудлыг хэлж л явлаа. Бүгд л “Санаа тавилгүй яах вэ” гэдэг ч ажил хэрэг болсон юм алга. Сая харин бие даасан Соёлын яамтай болгочихлоо. Сайдаар нь томилогдсон хүн циркийн урлагийг хэр ойлгож, дэмжихийг мэдэхгүй ч хэдэн ахмад циркчинтэйгээ хамт очъё гэж бодож байгаа. Циркчид нь бэлтгэл сургуулилалтаа хийхдээ төлбөр төлдөг болсон циркийн урлагт нүүрлээд байгаа энэ цөвүүн цагийг дуусгаж өгөөч гэж хэлнэ” гээд сандлаасаа босоод явчихав. 
Түүнийг буцаж суудалдаа суух хүртэл “Үүний ард хэчнээн олон авьяас, хэчнээн их хөдөлмөр зүтгэл үхэж, гундаж байгааг мэддэг ч болоосой” хэмээх үг нь дахин дахин сонсогдох шиг болов. 
Хэсэг чимээгүй суусан түүнээс “Та хэчнээн шавьтай вэ” гэхэд “Цирк хувьчлагдаад, бид ч очих газаргүй болсон тул сургуулилалт хийх ч газаргүй байхад хүний хүүхдүүдийг дэмий зовоож, уяад яах вэ гээд хэдэн сайхан хүүхдийг явуулсан даа. Тэдний дундаас би А.Чүвсэнсэнгэ гэж ганцхан хүнд л өөрийн мэддэг, чаддагаасаа хэлж, зааж зөвлөсөн. Түүнийг би ганц шавийгаа гэж боддог. Ганц шавь минь саяхан “Багш аа би тэтгэвэртээ гарах гээд хөөцөлдөж явна өө” гээд ярьж байсан. Хүндийн өргөлтөөр залуучууд дундаа бас онцгойрно шүү, энэ хүү” гэлээ. Тэгснээ “Тэр үеийн мундагчууд дунд ажиллана гэдэг чинь тэр чигээрээ сургууль, дэг болж байгаа юм. Тэндээс Ардын жүжигин Ж.Данзан гуай нэг юм хэлэхэд залуучууд бүгд нам гүм болж, эндээс Гавьяат жүжигчин Б.Содном гуай хоолойгоо эвгүйхэн засахад манежин дээрх 20-30 хүн чив чимээгүй болох жишээний. Тэгж ахмад үеэ хүндэлдэг, хайрладаг, үгийг нь дуулдаг ёс жудагтай байж дээ. Биднийг хөдөө орон нутагт очиход ард түмэн их сайхан хүлээж авна. Зуны дулаан цагт бол гадаа хивс дэвсэж байгаад л тоглочихдог байлаа. Өвөл клубэд зуух, пийшинг нь улайстал галлаж байгаад үзүүлбэрээ үзүүлдэг байж. Ард түмэн ч хүсэн хүлээж үзнэ. Инээдмийн баярын буюу дөрөвдүгээр сарын 1-ний тоглолтын тасалбар жүжигчид, ажилтнууддаа олддоггүй, тэгж их борлогддог байсан гээд боддоо. Гэтэл одоо юун цирк, юун тоглолт л болсон” гэв. Тэрбээр яриагаа үргэлжлүүлэн “Би цирк хувьчлагдсанаас хойш зүгээр суугаагүй ээ. Багшийн маань байнгын бэлтгэл, тэр үед зааж байсан бүхэн амьдрал туршид минь намайг дэг журамтай байлгасан. Тийм ч учраас би одоо ч долоо хоногт гурван удаа зааланд бэлтгэл хийдэг. Пауэрлифтингийн спортоор хичээллэж, 2018 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мастер III ангиллаас хүрэл медаль хүртсэн. Миний хамгийн хайртай медалиудын нэг энэ гэж болно. Мөн ахмадын Азийн аварга шалгаруулах пауэрлифтингийн тэмцээний хэвтээ шахалтын төрөлд 2018, 2019 онд хошой аварга болсон. Энэ жил коронавирусээс болж тэмцээн, уралдаан болсонгүй” гэлээ.
“Урлагийн хүний гэргий байна гэдэг багагүй тэвчээр шаарддаг гэдэг. Таны гадаад, дотоодын тэр олон томилолт, тоглолтын ард таны хань бат ар тал болж ирсэн нь тодорхой. Ханийнхаа тухай яриач” гэхэд “Миний өдий дайны яваад, тэр олон амжилт, түүний цаадах хичээл, сургуулилалтын ард миний ханийн надад өгсөн урам, хүч тэнхээ, халамж байгаа юм шүү дээ. Өөр хүн байсан бол циркийнхээ манежинд байнга шахуу уяатай байдаг намайг орхиод явчих байсан ч байж мэднэ. Гэтэл намайг өнөөдрийг хүртэл эрхлүүлж, дуртай зүйлээ сэтгэл тайван хийх бүх нөхцөлийг хангаж өгчихөөд инээд алдаад, хоол цайгаа хийгээд сууж байдагт нь би ханьдаа баярладаг. Хамаг халуун залуу нас, гоё сайхан бүхнээ надад л зориулсан хүн дээ. Энэ тухай нь би өөрт нь хэлдэггүй л дээ. Ханийг минь Х.Батжаргал гэдэг, эмэгтэй үсчний мэргэжилтэй. Цагтаа олон тэмцээн, уралдаанаас шагналуудыг нь түүж явсан, чадварлаг үсчин. Хань минь надад сайхан хүү төрүүлж өгсөн. Хүү минь одоо Австралид гэр бүлийнхээ хамт ажиллаж, амьдарч байна. Бид нэг ачтай. Хүүгээ “Олон хүүхэдтэй болоорой” гэж захисан хоёр хөгшин л амьдарч байна даа” гэв. 
Зургийн цомог дахь түүний ид гялалзаж явсан үеийн хэд хэдэн зургийг үзэнгээ “Та аав, ээжийгээ хэр их баярлуулсан гэж боддог вэ. Монголдоо төдийгүй дэлхийд гайхагдсан хүч тэнхээтэй хүүгээ хараад их бахархдаг байсан байх даа” гэсэнд “Би аав, ээжийгээ баярлуулж юу шалих вэ дээ. Тэд минь л өөрсдөө баярладаг байсан байх. Аавыгаа бид олигтой ч баярлуулж амжаагүй юм. Ах нь долдугаар ангийн сурагч байхаасаа эхлэн аавынхаа ажилд ачигчаар ажиллаж, цалингаа авчирч өгдөг байлаа. Цалин гэж 240 төгрөг өгнө, тэр үеийнхээр их мөнгө шүү дээ. Тэгж хичээлийн хэрэглэл, хувцас хунартаа нэмэрлэхэд баярласан байж мэднэ. Миний амжилтууд, ажлын гоё сайхныг аав минь харж амжаагүй. Шагнал авах бүртээ, аавын минь нэрээр намайг дуудах бүрт “Аав минь байсан ч болоосой. Энэ мөчийг харсан ч болоосой” гэж боддог. Бас аавдаа гадаадын архи амсуулж чадаагүй дээ гэж бодож, дотроо шархирдаг. Яагаад ч юм тэгж бодож, үймэрдэг. Тэгж бодох тусмаа ээждээ элдэв янзын амттан, хувцас авна. Ээж тэр бүрийг чемодандаа хадгалж байгаад хүмүүст, найзууддаа “Миний хүү авчирч өгсөн юм” гээд л гайхуулна, хувааж иднэ. Ээж минь 93 насалсан. Ээж намайг гавьяат авахад их баярласан, “Ээж нь тэтгэврийн мөнгөө цуглуулж байгаад гавьяатын найрыг нь хийж өгнө өө” гэж билээ. Ээжийнхээ сүүлчийн жилүүдэд би дэргэд нь байж асарсан л даа. Ээжийгээ тэвэрч аваачаад л усанд оруулчихна, тэвэрч гараад л салхилуулчихна. Ээжийгээ тэврэх, ээждээ үнсүүлэх ямар сайхан гэж санана. Гэсэн ч би ээжийгээ баярлуулж чадаагүй ч юм бил үү.  Нас яваад ч тэр үү аав, ээж хоёрыгоо их боддог болсон байна. Ер нь хүнд, хүний амьдралд ээж, ааваас өөр бурхан байдаггүй юм байна шүү” гэв. 

Түүнээс ярилцлагынхаа төгсгөлд “Хэрвээ танд циркийн манежнаа дахин гарч, “Хүч тамирын гайхамшиг” үзүүлбэрээ үзүүлэх боломж олговол та яах вэ” гэсэнд “Би хүсвэл хаана ч очоод үзүүлбэрээ үзүүлчихнэ. Хөгширсөн гэж өөрийгөө голж, хойш суухгүй шүү. Гэхдээ үнэхээр У.Энхбаяр, Н.Нямсүрэн нартайгаа хамтдаа тоглолтод гарвал Дамдин багшийнхаа намайг хөтлөөд хуучин циркийн хаалгаар орж байсан үе, бэлтгэл, сургуулилалтаа хамтдаа хийж байсан сайхан цаг, мөчүүдээ дурсан бодсоор, багшийнхаа төлөө гэж өргөсөөр, түлхсээр тэр тоглолтыг дуусгах байх аа. Багш намайг зөвхөн циркийн хаалгаар бус, хүний гэгээн мөн чанар, сайн сайхан амьдралын хаалгаар хөтөлсөн юм шүү ” гэсэн билээ. 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид