Улаанбаатар 1c

Тэр эргэн ирлээ

Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээг Монголын хүчирхэг хөвгүүд хотолзуулан, үзэгчдийг өндөлзүүлж, үндэс угсаатнаа омогшуулан, гайхшруулах болоод 30 орчим жил өнгөрчээ. Өдгөө сумо бөхийн түүхэнд монгол хөвгүүдийн эвдээгүй рекорд, эзэмшээгүй амжилт цөөхөн.  Тэгвэл өчигдөр болж өндөрлөсөн нагоя башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлснээр бас нэгэн гайхамшигт түүхийн эзэн болж, элэг нэгтнүүдээ огшууллаа. Тэрбээр дээд зиндааны хамгийн сүүлийн чансаа буюу маэгаширагийн 17-гоос  босон барилдаж, 14 даван түрүүлсэн юм. Гантулгын Ган-Эрдэнэ гэх даруухан залуу унаж боссон ч гандан буурахгүй аавын хүү, ур ухаан сүлэлдсэн ясны тамирчин гэдгээ ийнхүү батлав.
Тэрбээр 2011 онд мэргэжлийн сумо бөхөд хөл тавьж, 16 башёгийн дараа буюу 2014 оны есдүгээр сард дээд зиндаанд хүрсэн. Дээд зиндаанд гарсан цагаасаа л тэр олны анхаарлын төвд байлаа. Тодруулбал, ердөө гурван башёгийн дараа маэгаширагийн нэгд бичигдэн, озэки цолтой бөхтэй анх удаа таарч барилдахдаа төвөггүйхэн хаяж орхисон юм. Г.Ган-Эрдэнэ амжилтаа тасралтгүй ахиулсаар 2015 оны нацү башёд түрүүлэн, озэки цолны болзол хангасан төдийгүй эзэн хааны цомыг хүртсэн зургаа дахь монгол сумочоор тодорч байлаа. Ийнхүү дараагийн ёкүзаногийн таамагт зүй ёсоор багтаж явсан ч бэртлийн улмаас харалмсалтайгаар цолоо хураалган, мэргэжлийн сумо бөхийн доороосоо хоёр дахь буюу жонидан зиндаа хүртэл эрэмбэ буурсан.  
Тэрбээр 2018 оны зургадугаар сард хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсэн юм. Үүнээс нэг жилийн дараа буюу өнгөрсөн оны гуравдугаар сарын башёд жонидан зиндаанд зодоглон, карьераа дахин шинээр эхлүүлсэн. Энэ үед тэрбээр 27 настай байв. Магад мэргэжлийн спортод хэтэрхий оройтсон байж мэдэх нас. Гэвч ганцхан жилийн дотор жонидан зиндааны 48-аас дээд зиндаанд дэвшин барилдах эрхээ олж авсан. Ийнхүү давшихдаа тэр үргэлж манлайлагч байсан. Учир нь, макүүшитад нэг ч уналгүй түрүүлж, энэ оны нэгдүгээр сард жюүрёо зиндаанд барилдан түрүүлсэн юм.  
Мэргэжлийн сумо бөхийн ноён оргилд хүрэхийн алдад, харамсалтайгаар огцом уруудсан ч тэр бууж өгсөнгүй. Мэс заслын дараа тэргэнцэр дээж сууж байсан бол өнөөдөр их спортынхоо дэвжээнд, ялалтын цом өргөн зогсоно. Ингэснээр таван жилийн дараа хоёр дахь түрүүгээ хүртэж байгаа юм. Спортод хайртай түмний баярын нулимсыг мэлтэлзүүлсэн ялалт байлаа. Өнгөрсөн хугацаанд хэдэнтээ шантарсныг нь хэн ч таашгүй. Ямартаа ч тэрбээр өөрийнхөө хэн бэ гэдгийг харууллаа. Эргэн ирэхдээ тэсрэлт хийж, алдар нэрээ дэлхийд тунхаглав.  Тамирчин хүний тэсвэр тэвчээрийн гайхамшгийг мэдрүүлсэнд баярлалаа. Хүмүүжил, төлөвшил, хичээл зүтгэлээрээ өөрийгөө дархалсан түүний цаашдын зам дардан, амжилт өрнүүн байг ээ.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бахархал. Амжилт хүсье
    2020 оны 08 сарын 03 | Хариулах
Нийтлэлчид