Улаанбаатар 1c

Орлого тэлэх “Ухаант бэр”-ийн нүүдэл бол газрын ховор элемент

Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ажлаа аваад яг нэг сар болох гэж байна. Улс орны эдийн засгийн орчин нөхцөл элгээрээ хэвтчихсэн хамгийн хэцүү цагт У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайдууд ажлаа авсан. Г.Ёндон сайдын тухайд Монгол Улсын төсвийн 60 орчим хувийг нуруундаа үүрдэг экспортын гол салбарыг удирдана. Хэдийгээр ажлаа аваад ганцхан сар болж байгаа сайдаас ийм, тийм хариуцлага нэхнэ гэхээсээ өмнө эрдэс баялгийн салбарыг бушуухан өндийлгөхгүй бол 2024 оныг хүлээхгүй, ойрын дөрвөн сарын нөхцөл хүндэрч, эдийн засаг сэргэхэд тун бэрх боллоо. Уул уурхай бүү хэл салбарт сөрөг нөлөө үзүүлж буй шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэй хямрал эрчээ авах нь ээ. Хэрэв Г.Ёндон сайд “Ухаант бэр”-ийн нүүдэл хийж чадвал нүүрс, эрдэс баялгийн салбарт бид гол тоглогч хэвээр байх болно. Хэрэв алсыг харж, гурван нүүдлийн цаадахыг харж чадахгүй, өнөөдрийг болтол уулзсан уулзалтаа ажил хэрэг болгож чадахгүй, цаасан дээр нь үлдээвэл энэ салбарт гэрэл ёлтойж харагдахгүй нь. Монгол Улсын хувьд 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс Монгол Улс, БНХАУ хоорондын хилийн боомтуудыг хаасан. Харин хоёрдугаар сарын 26-ны өдрийн УОК-ын шийдвэрээр уул уурхайн бүтээгдэхүүнийг онцгой нөхцөл байдалд нэвтрүүлэх тухай үүрэг даалгавар өгсөн байдаг. Тодруулбал, Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ЭСЯ-ны яриа хэлэлцээр, хамтын ажиллагааны үр дүнд наймдугаар сарын 1-нээс “Ногоон гарц”-ын журам үйлчилж эхэлсэн юм. 

“Ногоон гарц”-ын зорилго нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх, жолооч нарын орох, гарах хөдөлгөөнийг зохицуулах ёстой. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт “Ногоон гарц”-ын ачаар нэмэгдвэл өнгөрсөн гурван улирал дараалж буураад байгаа эрдэс баялаг, уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрс, газрын тос, алт, зэс, жоншны  экспорт нэмэгдэх, тасалдаад байгаа орлого өсөх боломжтой болох юм. 
Бид дотооддоо нэгэнт нөөцтэй, түүнийгээ олборлож чадаж байгаагаас хойш одоо бүтээгдэхүүнээ үнэд хүргэх, экспортын гарц, хаалгыг нэмэгдүүлэхэд анхааръя. Өөрөөр хэлбэл, ганц урд хөршдөө найдаад суух бус алт, зэс, жонш, газрын ховор элементүүдээ үнэд хүргэх боломж хайя. 
Өнгөрсөн хагас жилийн уул уурхайгаас орж ирсэн ашиг, алдагдлын дүнг харвал бид алдагдалтай, орлого тасалдсан, буурсан үзүүлэлттэй явсаар энэ наймдугаар сартай золголоо. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр 2.224.6 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 208.5 тэрбум төгрөг буюу 8.6 хувиар буурсан байна.
Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 483 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 246.6 тэрбум төгрөг буюу 33.8 хувиар буурсан дүн гарчээ.  Бид уул уурхайгаас 454.3 тэрбум төгрөг, газрын тосны салбараас 21.3 тэрбум төгрөг, тусгай зөвшөөрлийн төлбөрөөс зургаан тэрбум, бусад орлогоосоо 1.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Яг энэ харьцаанаас үзвэл, эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 21.7 хувийг бүрдүүлсэн гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ. Өнгөрсөн хагас жилийн дүнг сөхвөл эрдэс баялаг, уул уурхайгаасаа ашиг олоогүй бөгөөд орлого буурсан үзүүлэлттэй байгаа нь төсвийн нэлээд хэсгийг бүрдүүлдэг гол салбартаа анхаарлаа хандуулах хэрэгтэй болсныг сануулж байх шиг. 
Бид эдийн засгийн нөхцөлөөрөө тэргүүлж, хаашаа л бол хаашаа мөнгөө “булж” байх үед буюу одоогоос яг 10 жилийн өмнө өнөөдрийн гасланг тооцоолж байсангүй. Өөрөөр хэлбэл, ойрын хорин жил уул уурхай биднийг тэжээнэ, биднийг нүүрс Азийн бар улс болгоно гэж том ярьж байлаа. Гэтэл өдгөө Азийн бар байтугай орлогын биелэлтээ ч хангаж чадахааргүй байдалд байна. Одоо гагцхүү Г.Ёндон сайдын хүчийг үзэх л дутуу болов. Мэргэжлийн хүнд хамгийн чухал яамаа хариуцууллаа хэмээн олон нийт ам сайтай байгаа Г.Ёндон сайдын тухайд салбартаа нэртэй маркшейдерийн нэг.  Тиймээс энэ салбарт хаана, ямар ажил санаачлан хэрэгжүүлбэл нүдээ олох вэ, орлого, зарлагаа хэрхэн тэнцвэржүүлж, уначихаад байгаа экспортын бүтээгдэхүүний төрлийг хэрхэн олшруулах вэ, ямар ажил эхлүүлбэл шинэ тутам байх вэ гэдгээ өмнөх сайдуудаас илүү мэдэх нь гарцаагүй. Тиймээс далайд дусал нэмрийн адил хэд хэдэн санаа дайчихвал уул уурхайн салбарт ус бус тус болох болов уу хэмээн санана. 
Гэрт нь суулгасан эрдэмтдийнхээ туршлага, ур чадвар, мэдлэгийг ашиглах эрдэмтдийн багтай болоорой гэдгийг бас онцолъё. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж үг бийг саная. Тодорхой үүрэггүй олон зөвлөхтэй байснаас толгойг нь ашиглах эрдэмтдийн баг таны дэргэд ажиллавал төсөв бүрдүүлж, орлого нэмэгдүүлж, бүтээгдэхүүн үнэжүүлэх үнэтэй санал хэлнэ хэмээн найдна. Хоёрдугаарт, Монгол Улс зэс, жоншны судалгааг гайгүй сайн хийсэн ч газрын ховор элементийн судалгааг орхигдуулсан тал бий. Энэ нь ч таны өмнөх олон сайдын үед харагддаг. Тодорхой хэлбэл, Менделеевийн үелэх системийн “Газрын ховор” хэмээн нэрлэсэн 17 элемент байгаль дээр нэг дор байрладаггүй, хэд хэдээрээ бөөгнөрч байж орд үүсгэдэг гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэх билээ. Тухайн орд нь нэг сая тонноос дээш нөөцтэй бол томоохон ордод хамаардаг. Тэгвэл ийм томоохон ордын хайгуул, судалгааг хиймээр байна. Учир нь, япончууд газрын ховор элементийн түүхий эдгүй болж байгаа гэсэн “гоё” мэдээлэл олж уншсанаа энд дурдъя. Тиймээс энэ төрлийн судалгааг нэлээд мөнгө, хүч хаяж сонирхдог болсон гэх юм. 
Орчин цагт газрын ховор элемент оролцдоггүй зүйл гэж үгүй болсон нь хонгилын үзүүрт гэрэл асааж, энэ төрлийн ашигт малтмалаасаа, эрдэс бодисоосоо орлого олох эхний боломж мөн. Гоо сайхны бүтээгдэхүүн, газар тариалан, фермер, сансрын станц, “Приус” машины батарей гээд тоочвол газрын ховор элементээсээ алт, нүүрсийг хол орхих хэмжээний мөнгө олж болохоор байгаа юм. Жил ирэх бүр үнэ цэн нь өсөж буй газрын ховор элементээ уул уурхайн бүтээгдэхүүний талбарт заръя. Тиймээс энэ төрлийн судалгааг түлхүү хийх шаардлагатайг нийтлэлээрээ дайж байна. Энэ бол шинэ санаа, шинэ өгүүлэмж биш. Газрын ховор элементийн нийлбэр ислийг монгол эрдэмтэд боловсруулчихсан, энэ төрлийн судалгаа, шинжилгээг хийчихсэн гэх юм билээ. 
“Монгол газрын ховор элемент” компанийн захирал Ц.Ганболд гэдэг хүний хэвлэлд өгсөн ярилцлагад “Газрын ховор элементээ экспортлоод жилдээ 2.1 тэрбум ам.доллар олох боломжтой”-г онцолсон байсан. Энэ бол дэмий, хоосон яриа яавч биш. Бид эрдэмтдээ ашиглаж, тэдний дуу хоолойг бодлого, шийдвэртэйгээ уялдуулж чадвал энэ мэт ашиг хүртэх гурван нүүдлийн цаадахыг ч харж чадна. Даанч үе үеийн уул уурхайн сайдууд салбарынхаа мэргэдийг бус хөрш орнуудынхаа өглөгт ханасаар яваад өнөөдрийн цаг зуурын бэрхшээлд өвдөг сөхөрчихөөд байгаа билээ. 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид