Улаанбаатар 1c

NPOST-ОНЦЛОХ ХҮН: Улсын аварга П.Бүрэнтөгсийн тухай ТАВАН АСУУЛТ?

Улсын аварга П.Бүрэнтөгс 1988 онд Увс аймгийн Давст сумын харьяат аварга малчин Пүрэвийн гэр бүлд төржээ. 2004 онд Давст сумаас аймгийн төвийн арван жилийн II дунд сургуульд суралцан, зургадугаар ангид орсноос хойш Увс аймгийн Улаангом сумын “Эрдэм оргил” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Ш.Бат-Очирын удирдлагад үндэсний бөхөөр тууштай хичээллэж эхэлжээ. Ингээд Улсын аварга П.Бүрэнтөгсийн тухай таван асуултыг түүвэрлэн хүргэж байна 

Таны хувьд 2012 оны улсын их баяр наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн байдаг. Үүнээс хойш найман жилийн дараа улсын их баяр наадамдаа дахин түрүүлсэн тэр мөчид ямар сэтгэгдэл төрж байв?

-Найман жилийн хугацаа гэдэг багагүй урт хугацаа. Энэ хугацаанд би бас хоёргүй сэтгэлээр зөвхөн энэ амжилтын төлөө зүтгэсний минь ач гавьяа гэж бодож байгаа.

-“Даншиг наадам-Хүрээ цам”-ын гурвын даваанд улсын арслан Р.Пүрэвдагватай таарч барилдаад хоёулаа туг тойрч байгаа харагдсан. Тухайн барилдаанд юу болсон юм бэ?

-Хоёр бөх бол талбайд давахын төлөө өөрт байгаа бүх хүчээ шавхаж шударгаар өрсөлддөг. Хөлийн цэц засуулууд л ийм барилдаанууд дээр хариуцлагаа ухамсарлаж сайн ажиллах хэрэгтэй. Хүний хөлс хөдөлмөрийг үнэгүйдүүлэлгүй шударгаар шүүх нь тэдний үүрэг гэж би ойлгодог. Бэлтгэл сургуулилт сайн байсан учраас хөлийн цэц засуулууд хариуцлагатай ажилласан бол цаашдаа би яаж ч барилдаж болно шүү дээ. Ийм л учраас холбооны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаад байдаг. Бөхийн барилдааны шүүлтэд камерийн тусламж ашиглах зайлшгүй шаардлага гараад байна. Би л гэхэд нэг биш удаа ийм шударга бус шийдвэрийн золиос болж байна.

-Баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ нутгийн бөхтэйгөө үзүүр түрүү булаалдах тэр мөч ямар байсан бэ?

-Бид хоёр энгийн амьдрал дээр бол найз нөхөд, дэвжээн дээр бол өрсөлдөгчид. Бидэнд шударга барилдах ганцхан зарчим бий. Тиймээс найзтайгаа сайхан барилдаад л түрүүлсэн дээ.

-Энэ жилийн наадамд түрүүлнэ гэсэн итгэл хэр зэрэг байв?

-Ер нь бол байсан шүү. Бэлтгэл сургуулилт ч гэсэн их таарсан байсан.

-Шинээр төрөн гарч ирж буй залуу бөхчүүдийн чадвар хэр зэрэг байна гэж та харж байна вэ?

-Бөхийн нэг үе гарч ирж байгаа юм болов уу гэж би харж байгаа. Бүх спорт дандаа үеэр явдаг. Тийм болохоор манай доод үеийн залуус хүч түрэн гарч ирж байна. Энэ жилийн наадамд ч гэсэн залуучууд сайхан өнгөлж, эхнээсээ цол авч байсан. Дүү нар их сайхан барилдаж байгаа. Цаашид ч гэсэн энэ эрчээрээ явах байх гэж найдаж байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид