Улаанбаатар 1c

Монголчууд ЖДҮХС-г цөлмөгчдөд ялагдлаа

Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийн толгойг илж, хууль бус үйлдлийг нь өөгшүүлдэг шүүхтэй болжээ

Инээдтэй мөртлөө эмгэнэлтэй нэгэн шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр гаргалаа. Эрх баригчдын өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Монголд шударга ёс тогтооно” хэмээх үг, үйлдлийнх нь хамгийн дээд хэм хэмжүүр байсан, ЖДҮХС-гаас албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эгэл жирийн ард иргэд, бизнес эрхлэгчдийн зээлийн боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүд, сайд дарга нартай хатуу хариуцлага тооцно гэх итгэл дүүрэн яриа, амлалтууд зүгээр л жүжиг байсан нь ил боллоо.

Монголын шүүх түүнд хууль ёсны дагуу ялыг нь ногдуулчихсан бол Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын албаа бусдын буруугаас болж өгч байгаа мэт аяглалыг, хяналтын процессын дундаас хамт шалгагдаж байсан нэр бүхий хүмүүсээсээ өөрийгөө тусгаарлуулан, бүгдийн өмнөөс ял хүлээж байгаа мэт өрөвдмөөр дүр эсгэж асныг нь Монголын ард түмэн түүний хүсэл ёсоор бодон, уучлан, өршөөж байлаа.

Тодруулбал, ЖДҮХС-гаас иргэд, аж ахуйн нэгжид олгох ёстой зээлийг УИХ-ын гишүүд, сайд, дарга нар болон тэдний хамаарал бүхий компани, ах дүүст их хэмжээгээр олгох ажлын гол зохион байгуулагч гэгдэж ирсэн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан танил тал, сайд, УИХ-ын гишүүд, тэдний хамаарал бүхий хүмүүст их хэмжээний хөнгөлөлттэй зээл олгоход их, бага хэмжээгээр нөлөөлсөн Б.Батзоригийн толгойг Монголын хууль хяналт, шүүхийнхэн илээд, хэтрүүлбэл “Миний хүүгийн зөв өө. Торгосон болж харагдахгүй бол болохгүй байна” гээд явуулах гэж байна.

Бүр цаашилбал, амьдралаа болгох, бизнесээ хөл дээр нь босгох гээд бор зүрхээрээ зүтгэж яваа ард иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийнхээ төрөөс авч болох боломжуудыг энэ мэтээр хулгайлж, луйвардаж, булааж болно гэсэнтэй ялгаагүй шийдвэрийг Монголын шүүх гаргалаа. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны нэгэнтээ “ЖДҮХС-гаас зээл авсан, түүнд оролцсон УИХ-ын гишүүдэд хатуу хариуцлага тооцно” хэмээж байсан үг ийн үнэгүй, хий хоосон хийрхэл болж таарав уу, эсвэл таны удирдалцаж буй улсын шүүх, прокурорын байгууллагынхан буруу, булхай, луйварт ийм зөөлөн ханддаг болсон юм уу. 

2018 оны сүүлчээс Монгол Улс даяар өрнөсөн ЖДҮ-чидтэй тэмцэх их ажил, АТГ, прокурор тэргүүтэй хууль, хяналтынхны мөрдлөг, байцаалт, хэрэг бүрдүүлэлт гээд тэр их ачаалал, хөрөнгө, цаг хугацаа зүгээр л торгуулийн арга хэмжээ авахын төлөөх нөр их хөдөлмөр байсан болж таарч байна уу. 

Бүр УЕП-оос ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хөнгөлөлттэй зээл авсан УИХ-ын нэр бүхий гишүүдийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх санал гаргаж байсан нь дэмий хардлага болж таарав уу. “ЖДҮХС-г УИХ-ын гишүүд цөлмөдөг байжээ” гэх мэдээлэл цацагдахтай зэрэгцэн Зам тээвэр хөгжлийн сайд, Барилга хот, байгуулалтын дэд сайд нар үүрэгт ажлаасаа өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Барилгын хөгжлийн төвийн захирал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нэр бүхий дарга нар, УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал тэргүүтэй цөөнгүй албан тушаалтан хугацаанаасаа өмнө ажлаа өгч байсан нь шоу байсан хэрэг үү. 

Ингээд зогсохгүй хэдхэн хоногийн өмнө гурван жилийн ял сонссон УИХ-ын гишүүн асан Н.Солтаны “...өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их хурлын гишүүн бөгөөд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн 2018 оны тавугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” ХХК-нд 950.000.000 (есөн зуун тавин сая) төгрөгийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ” гэсэн нь Б.Батзоригийнхоос асар их ялгаатай гэмт хэрэг болж таарсан уу. 

Тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхий прокурор асан Б.Энх-Амгалангийн Төрийн ордноос “...Яахаараа хэрэгжихгүй төсөл, материал бүрдүүлэлт дутуу байхад зээл олгочихож байгаа юм бэ. Нөгөө тэгш байдал гэдэг зүйл хаана байна вэ. Эрүүгийн хуулинд албан тушаалаа урвуулан ашиглахыг гэмт хэрэг гэж үзэж байгаа. Тэгэхээр эдгээр хүн яах аргагүй албан тушаалаа урвуулан ашигласан болон бусдыг албан тушаалаа урвуулан ашиглахад хамтран оролцсон учраас гэмт хэрэг гэж үзээд оруулж ирж байгаа. Энэ бол яах ч аргагүй гэмт хэрэг. 

...УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Хасговь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох тушаал гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна...” гэх мэтээр ярьсан нь дэмий хоосон яриа байсан болж байна уу. 

Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний өнгөрсөн хугацаанд ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хөнгөлөлттэй зээл авсан гэх албан тушаалтнуудад эхнээс нь хариуцлага тооцож байна хэмээн итгэж байсан нь ийн талаар өнгөрлөө. 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгө бол төсвийн мөнгө. Энэ мөнгийг иргэд татвараараа бүрдүүлдэг. Тэгвэл энэ иргэдийн төлсөн татвар буюу төсвийг хуваарилдаг эрхэм түшээд улс орны хөгжлийн  төлөө зарцуулах ёстой мөнгийг хамаарал бүхий этгээдүүдийнхээ халаасыг зузаатгахад зориулсан нь шүүхээс гаргасан өчигдрийн шийдвэрээр бараг зөв болчих шиг боллоо. Хэрвээ шүүхийн байгууллагаас УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгосныг нь үнэн мөнөөр нь тогтоон, зохих ялыг нь ногдуулсан бол монголчуудын шүүх, хууль, хяналтын байгууллагад итгэх итгэл ингэж алдрахгүй байлаа. Монголын засаг төр хулгайч, хууль бусаар баяжигчид, авлигач, хээл хахуульчидтайгаа тэмцэж байгаа юм байна гэж бүрэн дүүрэн итгэх байлаа. 

Монголын шүүх түүнд хууль ёсны дагуу ялыг нь ногдуулчихсан бол Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын албаа бусдын буруугаас болж өгч байгаа мэт аяглалыг, хяналтын процессын дундаас хамт шалгагдаж байсан нэр бүхий хүмүүсээсээ өөрийгөө тусгаарлуулан, бүгдийн өмнөөс ял хүлээж байгаа мэт өрөвдмөөр дүр эсгэж асныг нь Монголын ард түмэн түүний хүсэл ёсоор бодон, уучлан, өршөөж байлаа. Гэвч тэр энэ удаад ч улс төрийн бохир аргаа хэрэглэн, Монголын шүүхэд бурууг нь нялзаагаад үлдэж байгаа бололтой. Энд хэн нэгнийг заавал ял эдлүүлж, шоронд суулгах гээд байгаа хэрэг огт биш. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригтоо ч бус түүнтэй ижил хэрэг “хийсэн” хэнбугай нь ч байсан Монгол Улсад нүүрлээд байгаа булхай луйврыг нэг удаад ч болов жинхэнэ ёсоор нь тас цохин, зохих хариуцлагыг нь үүрүүлэх шударга шүүхийг хүсэж байгаад л гол учир бий. 

Зөвхөн ЖДҮХС гэлтгүй албан тушаалаа урвуулан ашигласан гэх зүйл заалтаар цөөнгүй улстөрч, нэр бүхий бизнесмэн, дарга, удирдлагууд шоронгийн хаалга татсан. Хамгийн сүүлийн буюу ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийнхтой төстэй гэж хэлж болохоор хэрэг нь шийдэгдсэн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа гаргасан шийдвэртэй нь холбоотой ногдуулсан ял. Түүнийг тус салбарын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог буцалтгүй тусламжийн төсвөөс 29 төсөлд албан тушаалаа ашиглан давуу байдал олгож, санхүүжилтийг шийдвэрлэсэн гэх хэрэгт буруутган нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасаж, 5.5 жил хорих ял оноосон.

Бүр тодруулбал, хоёр яамны ойролцоо ижил чиг үүрэгтэй сангийн хөнгөлөлттэй зээлд сайдаар нь ажиллаж байхдаа ямар нэгэн байдлаар нөлөөлж, санхүүжилтийг шийдэх хуудаст гарын үсэг зурсан явдал. Ялгаатай тал нь, сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүд, сайд, дэд сайд, газрын дарга тэргүүтэй албан тушаалтнуудын ил, далд нөлөөллөөр их хэмжээний зээл гаргасан. Нөгөөх нь аж ахуйн нэгж, байгууллагуудад давуу эрх олгосон нь шүүхээс тогтоогдсон. Энэ мэтээр авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж буй олон хүн бий. Гэвч шүүхийн шийдвэр ялгамжтай, заримыг нь бүр “цайных нь мөнгө”-өөр торгоод өнгөрөх төдий ял шийтгэл ногдуулж байгаа нь харамсалтай. 

ЖДҮХС-гийн гэгдэх хэрэг гурван он дамнан Монголын улс төр, шүүх, хууль, хяналтынхны үнэн, мөнийн бамбай болж, бараг “ЖДҮ-чидтэй тэмцэнэ” гэж дуугарсан бүхэн шударга, үнэний төлөө тэмцэгч мэт үнэмшигдэж ирсэн учраас ард түмэн төдийгүй олон улсад Б.Батзоригт хамаарах, цаашлаад Монгол төрийн ард түмэн, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ хандаж буй хандлагыг илэрхийлэх шүүх хурлын шийдвэр инээдтэй хийгээд эмгэнэлтэй сонсогдох нь аргагүй биз ээ.   

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид