Улаанбаатар 1c

Ээжийгээ скочоор хүлж, амийг нь хөнөөгөөд, хувцасны шүүгээнд хийчихээд, өөрөө зургаан давхраас үсэрч амиа хорлосон бололтой

Баянзүрх дүүргийн XXVI хороонд байршилтай “Саруул” хотхоны 115 дугаар байрны зургадугаар давхарт уржигдар 21:40 цагийн орчимд гал гарч, хоёр хүний амь эрсэдсэн. Тодруулбал, тус байрны .. тоотод оршин суугч 23 настай эрэгтэй ээжийнхээ амийг хөнөөгөөд, өөрөө зургаан давхраас унаж амиа алдсан байж болзошгүй хэрэг гарсан. 

Бид өчигдөр 12:00 цагийн орчимд хэргийн газарт очиход 23 настай залуугийн унаж, амиа алдсан газрыг элсээр булжээ. Харин зургадугаар давхрын .. тоотын хаалганд хамгаалалтын тууз нааж, “Орохыг хориглоно” гэсэн цаас тогтоосон байлаа. Мөн хаалгыг нь хөшиж онгойлсон бололтой бариулыг нь эвдэж, унжуулсан байв. Үүнээс гадна тус давхрын хонгил тэр чигтээ үнс нурам, хөө тортог болж, цахилгаан нь тасарсан байлаа.

Гал унтарсны дараа гэрт цогцос байсныг мэджээ

Бид хэргийн талаар хөрш айлаас нь тодруулахад “Манайх энэ байранд амьдраад хоёр жил болж байна. Эхнэр бид хоёрын ажил орой тардаг болохоор тэр бүр хөрштэйгөө таараад байдаггүй. Сүүлд манайх хаалгаа сунгах гээд орж уулзахад “160 метр орчим өндөртэй, 60 орчим килограмм жинтэй нэг эмэгтэй гэрийн эзэгтэй гэж байсан. Харин түүнээс бага зэрэг өндөр нөхөр нь бололтой ах “Манай хаалганд тулахгүй бол хаалгаа сунгаж болно. Асуудалгүй, татгалзах зүйлгүй” гэж хэлсэн. Тэрнээс хойш бараг л таараагүй дээ. Ер нь манайхыг нүүж ирснээс хойш хэрүүл, шуугиан хийх нь лав сонсогдож байгаагүй. Дуу чимээ бараг гардаггүй байсан. Гэрт байх үед тэднийхээс инээж байгаа чимээ л их гардаг байсан. Ямар сайндаа бид “Эднийх их эвтэй айл байна шүү” гэж ярьдаг байлаа. Аав, ээжийг нь л харж байснаас хүүхдийг нь бол огт хараагүй. Хэрэг гарах үеэр бид ажилтай байж таарсан л даа. Манай байранд гал гарч байгаа талаар фэйсбүүкээс мэдээд яаран ирэхэд гал унтарсан, аврагчид машиндаа сууж байсан. Манай орцыг битүүмжилсэн байсан учраас биднийг дотогшоо оруулаагүй. Хүлээж байгаад 23:00 цагийн үед гэр рүү орж нохойгоо аваад гарсан. Тэр үеэр хэрэг гарсан айлын хаалганаас хоёр цагдаа гарч ирээд “Хувцасны шүүгээн дотор нь хүлээтэй цогцос байна. Нэмэлт хүч дууд” гэж үүдэнд байсан хүмүүстээ хэлж байсан. Бидэнд үүнээс өөр нарийн мэдээлэл алга” гэлээ. 

“Юм дэлбэрч байгаа мэт маш хүчтэй унасан”

Харин зургаан давхраас хүн үсэрч байхыг 115 дугаар байрны эсрэг талын байрны оршин суугчаас цонхоор харсан эсэх талаар тодруулахад “Дөнгөж харуй бүрий тасарч байхад энэ үйл явдал болсон. Би хүүхдийнхээ хамт гэртээ байж байхад гэнэтхэн тас хийгээд явчихсан. Ямар нэгэн зүйл өндрөөс шидсэн юм байлгүй гэж бодоод эхэндээ тоогоогүй. Цонхоор харахад ч сүйдтэй юм харагдаагүй. Төд удалгүй утаа үнэртээд байхаар нь эсрэг талын байр руугаа харсан чинь урд талын цонхоор нь утаа гарч, хойд талынх нь цонхоор гал авалцаж байсан. Би үсрэхийнхээ өмнө гал тавьсан байж магадгүй гэж бодож байгаа. Хүн унаснаас хойш галын машин ирсэн. Гэхдээ зогсоолд машин дүүрэн байсан болохоор галын машин орж, чадахгүй цаг их алдсан” гэв. 

Хэрэгтэн хар тамхи хэрэглэдэг байсан гэв үү “Хаалгыг нь тогшиход онгойлгоогүй”

Харин хэрэг гарсан айлын дээд талын буюу долдугаар давхарт амьдардаг охин ярихдаа “Ямар ч чимээ аниргүй айл. Хэрэг гардаг өдөр ч гэсэн хэрэлдэж, зодолдож байгаа чимээ гараагүй. Эгч бид хоёр утаа үнэртээд байхаар нь цонхоороо хартал доод айлын цонхоор утаа гарч байсан. Тэгээд сандраад хэрэг гарсан айлын хаалгыг тогшиж хэлэх гэтэл хаалгаа онгойлгоогүй. Хаалганых нь дурангийн нүхээр хүн байхгүй юм болов уу гээд хартал харанхуй байсан. Магадгүй хаалганыхаа дуранг хаачихсан байсан байх. Тэгээд зургаан давхраас буугаад гараад иртэл гадаа хүн уначихсан байсан. Нэг ах онцгой, цагдаа руу залгаж, мэдээлэл өгч байсан” гэсэн юм. 

Харин тус байрны Сууц өмчлөгчийн холбооны ажилтнаас хэргийн талаар тодруулахад “Ажлын цаг дуусчихсан байсан болохоор бид сайн мэдэхгүй. Камерт бичигдсэн бүх дүрсийг холбогдох байгууллагынхан аваад явсан. Бид шаардлагатай бүх зүйлийг хэлсэн байгаа. Манай байранд түр оршин суугч буюу түрээслэдэг айл олон бий. Тухайн айл түрээслэгч байсан эсэхийг сайн мэдэхгүй” хэмээв. Харин эх сурвалжийн мэдээлснээр “Өнөөдөр (өчигдөр) камерт бичигдсэн дүрсийг харахад ээж нь наймдугаар сарын 2-ны өглөө камерт бичигдсэн байсан. Тэрнээс хойш камерт байгаагүй. Тэгэхээр 2-ноос хойш гэрээсээ гараагүй байх магадлалтай.

Амиа алдсан эмэгтэйгийн нөхөр нь орон нутагт ажилладаг болохоор ирэн очин байдаг. Харин унаж нас барсан хүүхэд нь аав, ээжтэйгээ амьдардаггүй байсан байх. Харагдаж байгаагүй” гэлээ. Мөн тэрбээр “Ээжийнхээ хүзүү рүү хутгалчихаад, толгой, хүзүүг нь битүү скочоор хүлсэн байсан гэж сонссон. Магадгүй эмэгтэйг камерт бичигдсэнээс нь хойш урт хугацаанд гэртээ яргалж, алсан байж болзошгүй. Тэгээд өөрөө гал тавиад үсэрсэн байх. Үсэрснээс хойш гал хүчтэй асаж эхэлсэн” гэсэн юм. 

46 настай эмэгтэй гадны нөлөөтэй нас барсан гэв

Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагад энэ сарын 3-ны 21:48 цагт “Баянзүрх дүүргийн XXVI хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд  гал гарч, цонхоор хүн унаж нас барлаа” гэсэн анхны дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Хэргийн газарт 46 настай эмэгтэй гадны нөлөөтэй нас барсан бол 23 настай эрэгтэй өндрөөс унаж нас барсан нь тогтоогдсон. Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж байна. Хэргийн газрын анхан шатны үзлэгээр илэрсэн нөхцөл байдал, хэрэг шалгагдах явцад хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан хэлэх боломжгүй. Хэргийг шалгаж дууссаны дараа хэрэв шаардлагатай гэж үзвэл прокурорын зөвшөөрснөөр олон нийтэд мэдээлэл хийнэ” гэсэн байна. 

Бид тус байрыг хариуцсан хэсгийн ахлагч А.Алтанцэцэгтэй уулзаж, өрхийн бүртгэлийн дэвтрийг шүүж үзэхэд тухайн айл нь тус байранд ямар ч бүртгэл хийлгэж байгаагүй аж. Энэ талаар хэсгийн ахлагч “Хуучин, шинэ өрхийн бүртгэлээсээ бүгдийг нь хайлаа. Ямар ч бүртгэл олдсонгүй. Тэгэхээр тус айл нь түрээслэгч байж магадгүй. “Саруул хотхонд байр түрээсэлж амьдардаг айл олон бий” гэлээ. 

“Хэрэгтэн хэн байсан бэ”

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр уг онц ноцтой хэргийг үйлдсэн гэмт хэрэгтэн ээж, аавтайгаа хамт амьдардаггүй байсан гэнэ. Тэрбээр, зөвхөн аавыгаа хөдөө ажлаар явахад нь гэртээ ирдэг байжээ. Харин хохирогч эмэгтэй өглөө ажилдаа явж, оройн бор хоногт ирдэг байсан аж. Гэвч энэ сарын 2-ноос хойш ажилдаа яваагүй гэдгийг хөршүүд нь болон тухайн байрны оршин суугчид хэлж байлаа. Мөн хэрэгтэн нь сэтгэцэд нөлөөлөх бодисны хамааралтай байсан байх магадлалтай байна. Учир нь тус байрны хяналтын камераас харахад цахилгаан шатанд орж, гарахдаа тогтмол гуйвж, дайвсан шинжтэй байсан гэнэ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид