Улаанбаатар 1c

Улс төрийн “сул хүн”

УИХ-ын дарга маань Ерөнхий сайд шиг ёсолдог болчихсон байв. Юунд, хэнд ч ёслоод байгаа юм бүү мэд. Хэдэн үг хэлчихээд индрээс буухдаа ёслоод байгаа нь даргыгаа дууриасан, аялдан дагасан үйлдэл мэт харагдаж байв. Магад Г.Занданшатар үе үеийн УИХ-ын дарга нараас хамгийн сул нь байх биз. УИХ-д хэдэнтээ сонгогдож, Гадаад харилцааны сайдаар нэг удаа ажиллаж, “давхар дээл” өмссөнийг эс тооцвол УИХ-д хэзээний л сул гишүүн явсан тэрбээр 2018 онд УИХ-ын даргаар сонгогдож, М.Энхболдын эсрэг ажилласныхаа шагналыг хүртэж, одоогийн зөөлөн суудалд тухлаад байгаа. 

Ээлжит сонгуулиар нам нь ялсан учир түүнийг улираан ажиллуулахаар болоод байгаа нь энэ. Гэхдээ улираахаасаа илүүтэй улстөрчийнхөө хувьд сул, тэмцэх чадвар багатай, үгээр нь байдаг хүн У.Хүрэлсүхэд хэрэгтэй. Ингэж байж Засгийн газраасаа оруулж буй асуудлуудыг ногоон гэрлээр батлуулах боломж бүрдэнэ. Түүнээс Г.Занданшатарыг тулхтай, түшээдийг зангидаад явна гэж итгэсэндээ дахин спикерээр сонгоогүй нь хэнд ч ойлгомжтой. Угаас тэр лидер биш юм.  

Цаашид ийм, тийм ажил хийнэ хэмээн амлалт хэлж байгаа ч та бол зориглож барьж аваад гардаад хийчих хэмжээний лидер биш гэдэг нь улс төрд туулсан замнал тань бэлхнээ харуулж байна. Та бол дээд албан тушаалтанд ая тал засаж, улс төрд зүтгэснийхээ шагналт хууль тогтоох байгууллагын дарга болчихоод буй хүн. Энэ албан тушаалаа амралт гэж харалгүй хүнээ бодсон, ард түмний язгуур эрх ашгийг дээдэлсэн олон олон шийдвэр гаргахад гишүүдээ зангидах, чиглүүлэх, манлайлж, оройлон оролцох хэрэгтэй байгаа юм.

МАН 2016 онд үнэмлэхүй олонх болсон даруйдаа Засгийн газраа тогтвортой ажиллуулж, дөрвөн жил бодлогын залгамж чанар алдагдахгүй явуулна гэж байсан ч жил гаруйн дараа энэ бодлоосоо ухарч, УИХ, Засгийн газар, нийслэл гээд бүх шатны удирдлагуудаа сольсон юм. Энэ кампанит ажлын хүрээнд Г.Занданшатар хууль тогтоох байгууллагын даргын суудлыг намаа талцуулж, хуваах ажилд идэвхийлэн оролцсон гэдэг утгаараа авсан.

Түүний удирдсан парламентад ЖДҮ, концесс гээд төрийн мөнгийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан давуу эрхээр авсан тохиолдол хэдэнтээ гарсан. Тэр энэ мэт асуудалд ажин түжин сууж, Ёс зүйн дэд хороонд үүрэг, чиглэл өгч байгаагүй. Тиймдээ ч Ёс зүйн дэд хорооны гишүүд нь өөрсдөө үлгэрлэдэггүй байв. Тэд өөрсдөө хурлаа тасладаг, хоцордог, хурлын дэгийг хатуу мөрдөж, хөрөнгө орлогын хувьд ямар нэг асуудал гаргахгүй  гэх мэтээр үлгэрлэж чадаагүй. Зөвхөн 76 гишүүнд бус төрийн албаныханд үлгэр дууриалал болох энэ шаардлага, шалгуурт нийцэх гишүүнийг хууль тогтоох байгууллагаас хайвал өвсөн дотроос зүү эрэхтэй адил байсан. 

Тухайлбал, татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсална, бага хүүтэй зээл авна, тендер, концесс гээд байж болох бүхий л овжин аргаар төсвөөс боловсон хулгай хийцгээнэ. Жил ирэх тусам арга нь нарийсахыг яана. Чингэхдээ ичиж, нэрэлхэж санаа зовсон зүйлгүйгээр “Хуулийн дагуу ажилласан. Миний хамаарал бүхий этгээд мөн ч зээл авсныг нь би мэдээгүй” гэх мэтээр ард түмнийг басамжилна. Ерөөс төрийн түшээгийн сэнтий гэдэг хэтэвчээ зузаатгах, гэмт үйлдлээ хаацайлуулах халдашгүй бүрэн эрхт алба болж хувирчээ. Иймдээ ч мэдлэгтэй, мэдлэггүй, хөгшин, залуугүй улс төр рүү хошуурцгаах болж. Үр дүнд нь Монголын нийгэм доройтож, ядуурал өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Дэлхийн банкны 2018 онд гаргасан судалгаагаар гурван хүн тутмын нэг нь ядуу ангилалд багтаж буй. Улстөрчид нь иргэдийн боломжийг хаадаг, хулгайлдаг учраас манайд ядуурал буурахгүй байгаа юм. 

Бизнес эрхлэгчдэд очих ёстой бага хүүтэй зээлийг эрх мэдэлтнүүд дундаас нь булаадаг учраас банк болон банк бус санхүүгийн байгууллагын өндөр хүүтэй зээл иргэдэд очдог. Тиймээс МАН мөрийн хөтөлбөртөө зээлийн хүүг бууруулж, бизнесийн орчныг сайжруулна гэсэн ч хэзээ ажил хэрэг болох нь тодорхойгүй байгаа. Угаас эдийн засгийн асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгаад л шууд шийдчих, болчих эд биш л дээ. Зээлийн хүү буурах эсэхийг У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар өөрсдийнх нь хэлдгээр хар толгойгоороо хариуцах ёстой. Тиймээс УИХ-ын дарга арилжааны банкны төлөөлөлтэй саяхан уулзахдаа “Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын улмаас манай эдийн засаг амаргүй нөхцөлд байна.

Сонгуулийн үеэр болон сонгуулийн дараа иргэдтэй уулзаж явахад хөндөж буй асуудлуудын эхэнд банкны зээлийн хүүг бууруулах тухай асуудал байсан. Бид ирэх жилүүдэд өр төлнө. Өрөө төлөхийн тулд төлбөрийн баланс сайжрах ёстой. Төлбөрийн баланс сайжрах нөхцөл нь экспортын хэмжээ, үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэх явдал юм. Гэтэл ийм боломж тэр бүр бүрдэхгүй байна. Манай банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 16 хувь байгаа. Гэтэл шинээр үйлдвэрлэл эрхэлж байгаа бизнесийнхэн эхний таван жилдээ таван хувиас дээш ашигтай ажиллах ямар ч боломжгүй байна. Үйлдвэрлэл хумигдаж, эдийн засаг агшиж байна. Тиймээс зээлийн хүүг бууруулах, экспортын болон жижиг дунд үйлдвэрлэлийг хүүгийн татаас, зээлийн шугамаар дэмжих шаардлагатай боллоо. Бидэнд боломж бололцоо бий. Гэтэл түүнийгээ ашиглаж чадахгүй, нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллахгүй байна” хэмээсэн юм. 

Энэ боломж бололцоог түүний удирддаг хууль тогтоох байгууллага хууль, тогтоолоор албажуулж, бүрдүүлэх учиртай. Гэтэл УИХ-д дөрвөн удаа сонгогдож, өөрөө ч банкны салбарт ажиллаж байсан хүний хувьд зээлийн хүү өндөр гэдгийг одоо л сонсож байгаа мэт ярьж, гайхаж буй нь алдаагаа, хариуцлагагүй байсныгаа хэнд нэгэнд чихэх, уснаас хуурай гарах арга гэлтэй.

Мөн тэр ажлаа авсныхаа дараа анхдугаар чуулганыг хааж хэлсэн үгэндээ “УИХ таван чиглэлд ажлын хэсэг байгуулж ажиллахаа мэдэгдсэн. Хуулийн дагуу эрх зүйн шинэчлэл хийж, эдийн засгаа төрөлжүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийгмийн бодлогыг халамжийг хавтгайруулахгүй зорилтод бүлэг рүүгээ чиглүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг дэвшүүлсэн. Ингэснээр төрөө төвхнүүлэх сайн засаглалыг бэхжүүлэх ёс зүйн баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр УИХ-ын гишүүдээс бүрдсэн таван хороог байгуулахаар шийдвэрлээд зохион байгуулалтад орж бэлэн болоод байна” гэсэн. Хэлэхэд, сонсоход гоё дээрх ажлыг түүний удирдсан парламент хийнэ хэмээн төлөвлөсөн нь мянгуужингийн үлгэр мэт болох нь дамжиггүй.

Эдийн засгийг төрөлжүүлнэ, солонгоруулна хэмээн манайх олон жил ярьсан. Ямар ч ахиц дэвшил гараагүйгээр үл барам социализмын үед байсан үйлдвэрүүдээ дампууруулж, дотооддоо үйлдвэрлэж чаддаг байсан бүтээгдэхүүнээ өнөөдөр гаднаас импортоор авч байна. Түүгээр ч зогсохгүй хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай байсан бол одоо уул уурхайгаас хамааралтай болсон. Ингэхдээ өнөө эдийн засгийг төрөлжүүлэхэд гол үүрэгтэй хөдөө аж ахуйн салбараа орхигдуулсан. Ийм байтал эдийн засгийг солонгоруулна гэж ярьж байгаа тань худал амлалт, хоосон хийрхэл мэт сонсогдож байна, Г.Занданшатар дарга аа. 

Хуулийн дагуу эрх зүйн шинэчлэл хийнэ гэсэн тань мөн л уриа лоозон, тунхгийн шинж чанартай сонсогдож байна. Таны удирдсан парламентад ЖДҮХС-гаас зээл авч, зарим нь дээлээ нөмрөхөд хүрсэн гишүүд байсан ч заримынх нь толгойг илээд өнгөрснийг та ч, бид ч уржигдар харлаа. Монголын хууль хяналтын байгууллага эрх мэдлээ урвуулан ашиглаж нэр бүхий албан тушаалтнуудад иргэдэд очих байсан бага хүүтэй зээлийг олгосон ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг 40 сая төгрөгөөр торгоод өнгөрч байна. Эндээс таны удирдсан парламент эрх зүйн шинэчлэл хийж чадахгүй нь тодорхой харагдлаа.

Цаашид ийм, тийм ажил хийнэ хэмээн амлалт хэлж байгаа ч та бол зориглож барьж аваад гардаад хийчих хэмжээний лидер биш гэдэг нь улс төрд туулсан замнал тань бэлхнээ харуулж байна. Таныг дээд албан тушаалтанд ая тал засаж, улс төрд зүтгэснийхээ шагналд хууль тогтоох байгууллагын дарга болчихоод буйг ойр тойрныхон чинь ярьдаг. Энэ албан тушаалаа амралт гэж харалгүй хүнээ бодсон, ард түмний язгуур эрх ашгийг дээдэлсэн шийдвэр гаргахад гишүүдээ зангидах, чиглүүлэх, манлайлж, оройлон оролцох хэрэгтэй байгаа юм. Хэн нэгний үгээр, дохио зангаагаар биш өөрийнхөө толгойгоор ард түмэн гэдэг хамгийн том категиорыг нэгдүгээрт тавьж ажиллабал таны энэ албанд тушаалд байгаагийн гавьяа, мөн чанар орших ёстойг сануулах гэсэн юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид