Улаанбаатар 1c

Бейрутад дэлбэрэлт болж, 100 гаруй хүн амиа алдлаа

Дэлхий:
NPost.mn
2020-08-06 10:09

Ливаны нийслэл Бейрут хотын боомтод өнгөрсөн мягмар гарагт хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 100 гаруй хүн амиа алдаж, 4000 орчим хүн гэмтэж бэртсэн тухай BBC  уламжлав. Хотын хэд хэдэн хороололд барилга байшин нурж, их хэмжээний хохирол учирсан тухай эрх баригчид онцолж байна. Боомтын агуулахад 2750 тонн аммиакийн селитр хэмээх бодисыг стандартын шаардлага хангаагүй нөхцөлд хадгалж байснаас дэлбэрэлт болсон гэж хууль сахиулагчид таамаглаж байгаа юм. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн зураг, бичлэг болон орон нутгийн хэвлэлд мэдээлснээс харвал асар хүчтэй дэлбэрэлтийн улмаас ослын газраас олон км-ийн зайтай байсан барилга нурж сүйдсэний улмаас олон хүн нурангид дарагдсан агаад хохирогсдын тоо цаашид өсөж ч магадгүй байна. Дэлбэрэлтийн чимээ Бейрутаас 240 км зайд орших Кипр аралд ч сонсогдож байжээ. 

Тус улсын Ерөнхийлөгч Мишель Аун Засгийн газрын яаралтай хуралдаан зарлаж, гурван өдрийн эмгэнэл зарласан бөгөөд гэмтэж, бэртсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх чиглэл өгч, ослын хохирлыг барагдуулахад 100 тэрбум лир буюу 66 сая ам.доллартай тэнцэх төсөв баталжээ. Түүнээс гадна Бейрутыг ослын газар хэмээн зарлаж, иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд армийн алба хаагчдыг дайчлахаар боллоо. 
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд ашиглаж байсан цэргийн усан онгоц дэлбэрэлтийн улмаас гэмтэж, цэргийн хэд хэдэн алба хаагч бэртсэн байна. Ливаны LBC International телевизийн мэдээлж буйгаар ослын газарт мэргэжилтнүүд ажиллаж, дэлбэрэлтийн шалтгааныг тодруулж байгаа бөгөөд халдлага, хорлон сүйтгэх ажиллагаанаас эхлээд байж болох бүх хувилбарыг нягт шалгахаар төлөвлөж байна. Зургаан жилийн өмнө боомт руу химийн бодис тээвэрлэж ирсэн хөлөг онгоц ямар улсын эзэмшлийнх болохыг ч тогтоох аж. 
“Ковид-19” халдварын тархалт тус улсад нэмэгдэхийн хэрээр эмнэлгүүдийн ачаалал ихсээд байсан энэ үед  ослын улмаас гэмтэж, бэртсэн олон мянган иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж буй нь эмч, мэргэжилтнүүдийн ачааллыг улам нэмж буйгаас гадна   эдийн засгийн хувьд ч хүнд нөхцөл үүсгэж  байгаа аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид