Улаанбаатар 1c

Олон улсын шүүх Казахстаны Засгийн газрыг буруугүй гэж үзжээ

Канадад төвтэй “Gold Pool” компани үндэслэлгүйгээр зөвшөөрөл цуцалж эдийн засгийн ноцтой хохирол учруулсан гэх үндэслэлээр Казахстаны Засгийн газрыг олон улсын шүүхэд өгч, нэг тэрбум ам.доллар нэхэмжилсэн ч хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Олон улсын шүүх энэ хэргийг хоёр хоногийн хугацаанд хэлэлцэж ийнхүү хэрэгсэхгүй болгосон байна.

Казахстан улсын нутаг дэвсгэрт 1996 онд Канад улсад төвтэй "Gold Pool JV Ltd." компани тус улсын “Kazakhaltyn” компантай хамтарч алтны уурхайн үйл ажиллагаа эхэлж байсан юм. Гэвч хоёр жилийн дараа Засгийн газраас уг гэрээг хүчингүй болгож цуцалсан байдаг.

Хэрэг явдлаа хойш бараг 20 жилийн дараа 2016 онд “Gold Pool” компани Казахстаны Засгийн газрыг олон улсад тогтоосон хэм хэмжээ, Олон улсын худалдааны хууль дүрмийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр арбитрын шүүхэд хандсан юм.

Канадын “Gold Pool” компани алдагдал хүлээсний нөхөн төлбөр болгож 917 сая ам.долларын нөхөн төлбөр авна гэж тооцоолж байсан ч Казахстаны тал гэрээг хууль ёсны дагуу цуцалсан гэх шийдвэр гаргасан аж.

Казахстаны талаас гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй, холбогдох хууль дүрэм зөрчсөн нь тодорхой болсон гэдгээ 5000 гаруй хуудас материал бүрдүүлэн баталсан байна.

Өнгөрсөн жил Казахстан улсын Засгийн газар Канадын өөр нэгэн компанийг байгаль орчинд ноцтой хохирол учруулсан хэргээр шүүхэд хандаж, 40 сая ам.доллар гаргуулж авсан удаатай.

Эх сурвалж: Zindaa.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид