Улаанбаатар 1c

Д.Жагдаг: ойн хоргүйжүүлэлтэд 950 сая төгрөг төсөвлөсөн

Ойн хортон шавьж устгах, нийслэлийн ногоон бүс орчмын хоргүйжүүлэлтийн талаар Байгаль орчин, аялал жуучлалын яамны Ойн бодлого зохицуулалтын мэргэжилтэн Д.Жагдагаас тодрууллаа. 

-Энэ жил нийслэлийн хэмжээнд ойн хортон шавьж устгах ажлыг хэчнээн га талбайд хийхээр төлөвлөсөн бэ? 
-Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралтай холбоотой хөнөөлт шавьж олшрох үзэгдэл ихсэж байгаа. Иймд ойн хөнөөлт шавьжтай тэмцэх зориулалттай арга хэмжээ нийслэлд жил бүр зохион байгуулдаг. Уг ажлыг хийхдээ эхлээд улсын төсвийн хөрөнгөөр жилд 2-3 сая га газарт судалгаа явуулдаг. Тэгээд түүнээс 50-150 мянга гаруй га газарт шавьж устгах ажил хийдэг. Энэ жилийн тухайд хоргүйжүүлэлтийн ажил хийгдээгүй байгаа. Харин бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Бэлтгэл ажлын нийт төсөв энэ жилийн хувьд 950 сая төгрөг. 

-Хоргүйжүүлэлт хийх газраа хэрхэн сонгодог вэ. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж устгах ажил хийгдэхгүй байх тохиолдол бий юү? 
-Нийслэлийн ногоон бүс орчимд Байгаль орчин, аялал жуучлалын яамны зүгээс мэргэжлийн баг гаргаж тухайн баг нь хариуцсан бүс нутагтаа тандалт, судалгаа, шинжилгээ хийдэг. Уг шинжилгээгээр тус газрын шавьжны төрөл зүйл, тархалтын тоо хэр зэрэг хөнөөл учруулж байгаа эсэхийг тогтоодог. Үүний дараа тандалт судалгааны үндсэн дээр тэмцэх төсөв төлөвлөгөөгөө гаргадаг. Хортон шавьж устгах ажил маань жилийн дөрвөн улиралд судалгаа хэрэгжүүлэлтээр явагддаг болохоор өнжихгүй. Манай улсын хувьд хортон шавьжтай өмнөх жилүүдэд химийн аргаар тэмцэж байсан. Харин  энэ жилийн тухайд биологийн аргаар тэмцэнэ.

-Иргэдийн хувьд намрын эхэн сард ууланд гарч самар, жимс түүдэг. Хэрвээ тус бүсэд хоргүйжүүлэлт хийвэл тухайн газарт хэд хоногийн дараа нэвтрэх боломжтой байдаг юм бэ?
-Хоргүйжүүлэлт хийхийн өмнө хорио цээрийн арга хэмжээ авдаг. Арга хэмжээ авах хугацаа нь орон нутгийн Засаг даргын захирамжаар тухайн орон нутагт хоргүйжүүлэлт хийсний дараа 30-45 хоногийн хооронд ойд ямар нэгэн үйл ажиллагаа болон самар, жимс түүх, мал бэлчээхгүй гэсэн захирамж гаргадаг. Харин үүний дараа ногоон бүсэд нэвтэрч болно. 

-Хоргүйжүүлэлт  хийсний дараах сөрөг болон эерэг үр дагавар нь юу вэ?
-Мэдээж хэрэг хоргүйжүүлэлт хийснээр ногоон бүсэд байгаа ой мод түүний эргэн тойронд байгаа айл өрхийг хамгаална. Хэрэв устгалын ажлыг хийхгүй удвал мод үхжиж, дахин нөхөн сэргэх боломжгүй болно. Ингэснээр ойгүй болж цэвдэг хуурайшиж, ойн төлөв байдал алдагдан гадаргын усны төлөв байдал алдагдана гэсэн үг. Мөн хортон шавьж ихэссэнээр айл өрхийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа юм. Гэхдээ хортон шавьж нь хүний биед ноцтой аюул учруулдаггүй.

-Хортон шавьж устаж үгүй болно гэж байдаг уу?
-Хортон шавьж бүр мөсөн устана гэж байхгүй. Нэг төрөл зүйлийн шавьжийг устгаж байхад дараагийн шинэ төрөл зүйлийн хортон тавьж гарч  ирж байдаг. Энэ жилийн тухайд өрөөсгөл хүр эрвээхийний голомтыг устгахад шинээр яковсоны төөлүүрч эрвээхий гарч ирсэн.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид