Улаанбаатар 1c

Вакцины төлөөх өрсөлдөөн: Хэзээ, хэнд эхний тун ногдох вэ

ДЭМБ, НҮБ тэргүүтэй олон улсын байгууллага коронавирусийн вакциныг тэгш хуваарилах асуудлыг чухалчилж байгаа ч өндөр хөгжилтэй орнууд олон сая тунгаар урьдчилан захиалж байна. Одоогоор коронавирусээс хамгаалах үр дүнтэй, аюулгүй вакциныг албан ёсоор гаргаагүй, зарим төсөл гуравдугаар шатны буюу клиник туршилт дээрээ явж буй ч АНУ, Их Британи, Япон тэргүүтэй орнууд нийтдээ 1.3 тэрбум тунг урьдчилан захиалсан тухай “Bloomberg” мэдээлжээ. Бэлэн болоогүй, туршилтын шатанд яваа вакциныг ийнхүү үнэ хаян захиалж буй нь орлогын зөрүү, эдийн засгийн үзүүлэлтээс үүдсэн тэгш бус байдлыг улам тодоор харуулж буйг судлаачид онцолно. 

Амиа хичээх ёстой юу 

2009 онд ДЭМБ-ын Вакцины судалгааг ахалж асан Мари-Поль Кини аливаа вакцин, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эм, бэлдмэлийг бүгдэд хүртээмжтэй, тэгш хуваарилах нөхцөл бүрдүүлэхийн чухлыг онцолж байв. Мөн онд гахайн томуу буюу H1N1 вирусээс урьдчилан сэргийлэх вакциныг хэд хэдэн оронд гарган авсны дунд Австрали ч багтаж байлаа. Вакциныг гаргаж авсан компанид эрх баригчид эхний ээлжинд дотоодынхоо хэрэгцээг хангаад, дараа нь гаднын орнууд руу нийлүүлэхийг үүрэг болгож байв. Цар тахлын энэ үед ч коронавирусийн вакцин гарган авсан тохиолдолд мөн л ийм явдал давтагдах нь дамжиггүй. Хөгжил буурай, эдийн засгийн чадавх муу улс орнууд вакцины араас дугаарласан урт дарааллын хаахна байх вэ, вакциныг хэн, хэрхэн хуваарилах вэ,хамгийн түрүүнд хэнд эхний тунг өгөх вэ зэрэг олон асуудлыг ДЭМБ судалж байна. 

Тус байгууллагын гишүүн орнуудаас гаргаж буйс санаачилгаас харвал, вакцины эхний ээлжийн тунг халдвар авах өндөр эрсдэлтэй бүлэг буюу эмч, эмнэлгийн ажилтнууд, өндөр настнууд хүртэх ёстой гэнэ. Гэлээ ч вакцин гарсан тохиолдолд “хар амиа бодох” зарчим л үйлчилж, улс орнууд эхний ээлжинд өөрсдийн ард иргэддээ  өгөх, дараа нь гаднын орон руу нийлүүлнэ гэж судлаачид онцолж буй. Жонс Хопкинсын их сургуулийн халдварт өвчин, цар тахал судлаач, мэргэжилтэн Амеш Адальягийн таамаглаж буйгаар хамгийн түрүүнд вакцин гарган авсан улс энэхүү бүтээгдэхүүнд экспортын хориг тавих магадлал өндөр аж. Хэдийгээр НҮБ, ДЭМБ зэрэг байгууллага, улс орнуудын удирдагчид цар тахлын үед хар амиа хичээх зарчмаар явж болохгүйг сануулж, вакциныг тэгш хуваарилахыг уриалж буй ч нөхцөл байдал хэрхэхийг мэдэхгүй байна. 

Вакцинологийн салбарынхан одоогоор коровирусийн эсрэг есөн төрлийн вакцин гарган авахаар ажиллаж буй. ДЭМБ спонсор компаниуд, хөрөнгө оруулагч, буяны байгууллагуудтай хамтран вакцины тэгш хуваарилалтад чамгүй анхаарал хандуулж, хөрөнгө ч хаяж байна. Тэд урьдчилан сэргийлэх бэлдмэлийн судалгаа, туршилт, хүртээмжид анхаарал хандуулж ажилласнаар ирэх онд эрсдлийн бүлгийг хүмүүст эхний тунг хүргэхээр зорьж буй. 

Удаан хүлээж магадгүй 

Вакцин гаргаж авах, турших, үйлдвэрлэх зэрэг үйл ажиллагаанд улс орнууд хүчээ нэгтгэх нь зүйтэй гэсэн санаачилгыг Европын орнуудын гаргаж буй ч одоогоор цөөнгүй компани, улс орон бие даан судалгаа, туршилт хийж буй. Тухайлбал, ОХУ-ын вирусолог, биотехнологийн “Вектор” төв шинэ коронавирусийн вакцин гаргаж авахаар ажиллаж байна. ДЭМБ-аас вакцин гарган авахаар ажиллаж буй улс орнууд, төвүүд, компанийн жагсаалтыг гаргаж, мэдээлэл солилцох, туршлагаасаа хуваалцах үйл ажиллагаа явуулж байгаа юм. Гэлээ ч одоогоор найдвартай, хүний эрүүл мэндэд аюулгүй, үр дүнтэй вакцины эрэл үргэлжилсээр.

Судлаачдын онцолж буйгаар цар тахлыг зогсоохын тулд бүх нийтийн вакцинжуулалт хийх шаардлагатай агаад хүн бүрт ногдох тун үйлдвэрлэхэд чамгүй урт хугацаа, их хөрөнгө, хүч орно. “Economist” сэтгүүлийн гаргасан тооцоогоор өдгөө дэлхий дахинд жил бүр таван тэрбум тун вакцин үйлдвэрлэж буйн 1.5 тэрбум нь улирлын чанартай ханиад томуунаас урьдчилан сэргийлэх бэлдмэл байдаг аж. Вакцин үйлдвэрлэлийн хүчин чадлыг энэ тоогоор баримжаалбал 7.8 тэрбум хүнд ногдох тунг үйлдвэрлэхэд хамгийн багадаа 1.5 жилийн хугацаа шаардлагатай болох нь. Асуудлын гол нь коронавирусийн дархлаа тогтоохын тулд нэг тун вакцин хангалтгүй байж магадгүй. Хэрэв вакциныг давтан хийх шаардлагатай бол 12-15 тэрбум тун хэрэгтэй. 

ДЭМБ CEPI буюу Эпидемиологийн бэлэн байдал, шинэчлэлийн эвсэлтэй хамтран коронавирусийн халдвар тусах өндөр эрсдэлтэй бүлгийнхэнд зориулан хоёр тэрбум тун вакцин  худалдан авахаар төлөвлөөд байна. Уг төлөвлөгөөний дагуу 2021 онд эмч, эмнэлгийн ажилтнууд, 65-аас дээш насныхан, чихрийн шижинтэй иргэдэд “Covid-19”-ийн вакцин хийх аж. Гэхдээ энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 18.1 тэрбум ам.доллар шаардлагатай. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид