Улаанбаатар 1c

Зээлийн хүүг бууруулж чадах уу

Монголд зээлийн хүү олон улсынхаас хэд дахин өндөр. Ардчилал гарснаас хойш банк, санхүүгийн салбар мөнгө хүүлэлтийн системээр бизнесээ цэцэглүүлж ирсэн учир иргэд энэ байдалд хэдийн дасчихжээ. Хэрэглээний, бизнесийн зээлийн хүү жилийн 24-36 хувь гэдэг хөгжилтэй орны иргэд сонсоод ухаан балартахаар том тоо. Ийм л хүүгээр бизнесээ өргөжүүлж, ашигтай ажиллаад байгаа учир ард түмний халаас хоосорч, мөлжлөгийн системээс үүдэн Монголд чинээлэг дундаж давхарга бүрдэхгүй байна. 

Бид ардчилал гарснаас хойг чинээлэг дундаж давхарга бүрдүүлнэ гэж улиг болтлоо ярилаа. Төрийн түшээд ч ингэж ярьсаар иргэд итгэж, сонгосоор парламентын найман сонгуулийн ард гараад байна. Хамгийн сүүлд буюу ердөө сар гаруйн өмнө болсон сонгуулиар эрх баригч МАН мөрийн хөтөлбөртөө амьдралын чанарыг дээшлүүлэх, сайжруулах чиглэлд олон зүйл заалт оруулсан. Эдгээрийн нэг нь зээлийн хүүг бууруулах хэмээн МАН-ынхан тайлбарлаж буй. Ярих нэг өөр. Хэрэгжүүлэх бүр ч ондоо. Үе үеийн парламент, Засгийн газар зээлийн хүү бууруулна гэж ярьдаг ч хэрэгжүүлж чаддаггүй. Цонхны цаанаас чихэр долоолгож байгаа энэ үйлдлээ ирэх жилүүдэд МАН ажил хэрэг болгох нь чухал байна.

Манай улсын эдийн засаг гадны зах зээлээс ихээхэн хамааралтай. Үүнээс хамаарч Засгийн газар ч, иргэд ч маш өндөр үнээр зээл авч, төлбөр хийдэг. Эдийн засгийн энэ гаж бүтцээ өөрчлөхгүйгээр макро эдийн засгийн тогтворжилт, зээлийн хүү буурах асуудлыг ярихад хэцүү гэдгийг судлаачид ч хэлдэг. 

Гэхдээ хүнд хэлэхэд ичмээр өрөвдмөөр тоог УИХ-ын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагатай уулзах үеэрээ хэлсэн. Зээлийн хүүг сарын нэг, жилийн 12 хувь болгох боломжтой гэдгийг тэрбээр хэлж байгаа юм. Энэ тухай тэрбээр “Банкуудын нэр хүнд олон нийтийн дунд муу байгаа, нуугаад яах вэ. Манай банк санхүүгийн тогтолцоонд арилжаа, мөнгө хүүлэлтийг дэмжсэн орчин бий болчихжээ. Тиймээс үүнээс татгалзаж, санхүүгийн зуучлалын үндсэн үйл ажиллагаагаа эрхлэх эрх зүйн шинэ орчин, салбарын реформ хийх нь хойшлуулшгүй зорилт боллоо. Ингэж байж бид банкуудынхаа унасан нэр хүндийг сэргээж, итгэлцлийг бэхжүүлнэ. Удахгүй УИХ-ын ээлжит бус чуулган чуулна. Энэ чуулганаар мөнгөний бодлого, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэнэ. Тиймээс зээлийн хүүг бууруулах замаар эдийн засгаа дэмжих, “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэнэ” хэмээсэн юм.

Монголд л харж болох үйлдлийн нэг бол сонгуулийн өмнө зээлийн хүүний талаар ярьдаг, тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэдэг, хүүг нь бууруулдаг явдал. Энэ жишгээр өнгөрсөн он жилүүдэд МАН, АН ажиллаж ирсэн. Инфляц, хадгаламжийн хүү, гадаад эдийн засгаас хамааралтай шокныхоо талаар ярихгүй хэр нь хэрэглээний болон бизнесийн зээлийн хүүг бууруулах талаар улстөрч сэтэртэй болгон ам уралдан ярьдаг. Энэ жишиг өнөөдөр ч үргэлжилж байна. 

Манайд хадгаламжийн жилийн хүү өндөр учраас зээлийнх ч мөн адил байдаг. Олон улсад хадгаламжийн жилийн хүү 3-4 хувьтай байдаг бол манайд 13-14. Өмнөх парламентын үед Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийг 2018-2023 он хүртэлх хугацаатай боловсруулж, Монголбанкнаас УИХ-аар хэлэлцүүлж байсан юм. Энэ баримт бичигт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлснээр 2023 он гэхэд зээлийн хүүг хамгийн багадаа 5-7 хувь бууруулна гэдгийг тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлж байлаа. Тэр үед буюу 2018 онд зээлийн жилийн дундаж хүү 19.3 хувьтай гэх статистик тоон мэдээлэл гарч байв. Үүнээс хойш хоёр жил өнгөрсөн ч зээлийн хүү буураагүй хэвээр л байна. 

Ерөөс УИХ, Засгийн газраас баталдаг бодлого, журам хэрэгждэггүй, ажил хэрэг болдоггүйн бодит ганцхан жишээ энэ. Өнгөрсөн парламентын үед Г.Занданшатарын удирдсан хууль тогтоох байгууллагынхан мөн л зээлийн хүү бууруулах талаар хэлэлцэж, ярьж байсан ч ийн хэрэгжээгүй. Харин сонгуулийн өмнө ахмадуудын тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэж, шоу хийж, эдийн засгийг доройтуулахад хувь нэмрээ онцгойлон оруулж байв. 

Манай улсын эдийн засаг гаднын зах зээлээс ихээхэн хамааралтай. Үүнээс хамаарч Засгийн газар ч, иргэд ч маш өндөр үнээр зээл авч, төлбөр хийдэг. Эдийн засгийн энэ гаж бүтцээ өөрчлөхгүйгээр макро эдийн засгийн тогтворжилт, зээлийн хүү буурах асуудлыг ярихад хэцүү гэдгийг судлаачид ч хэлдэг. Хадгаламжийн хүүгээ бууруулж, гадаад зах зээлээс босгосон өндөр хүүтэй эх үүсвэрээ цэгцлэхгүйгээр зээлийн хүүг бууруулах талаар яриад ч хэрэггүй биз ээ. 

Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Зээлийн хүүг бууруулах нь бидний ч сонирхол мөн. Эрсдэл багасна. Зээлийн хэмжээ, хүртээмж нэмэгдэнэ. Найман хувийн ипотекийн зээлийн эргэн төлөлт маш сайн байхад 16 хувийн хүүтэй арилжааны зээлд л асуудал үүсдэг. Харамсалтай нь, олон хүчин зүйлээс болоод хүү олигтой буурахгүй байна. Тиймээс асуудал юундаа байгааг, алийг нь яаж, хэрхэн шийдвэрлэх нь зохистой болох талаар маш сайн судалгаа, шинжилгээ хийх ёстой. Үүндээ үндэслэж, зөв оновчтой, зоримог үйл ажиллагаа өрнүүлэх нь чухал. Тухайлбал, УИХ-аас банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

УИХ-аар энэ чиглэлийн хуульд өөрчлөлт оруулж, Засгийн газраас богино, дунд, урт хугацааны хөтөлбөр гаргаж хэрэгжүүлж чадвал зээлийн хүү буурах боломжтой байж магад. Харамсалтай нь, манай гишүүд арилжааны банкны эрх ашгийг хамгаалах тохиолдол гардаг учир энэ ажил урагшилдаггүй, ард түмний халаасыг нимгэлж, ядуурлыг улам бүр тэлсээр байгаа юм. Тогтолцоогоо бүтцээр нь өөрчлөхгүйгээр УИХ-ын дарга зээлийн хүү бууруулна, манай намын мөрийн хөтөлбөрт тусгасан хэмээн мянга яриад нэмэргүй. УИХ-аас гаргасан банк санхүү, төсвийн ажлын хэсгээ ч лоббид өртүүлэхгүй ажиллуулж, хяналт тавих хэрэгтэй. Харамсалтай нь, нүдэн балай, чихэн дүлий суусаар л дөрвөн жилээ өнгөрөөдөг шүү дээ. Үр дүнд нь ард түмний амьдрал өдрөөс өдөрт туйлдаж, өөрсдийнх нь ахуй дээрдэж, баян, ядуугийн ялгаа нийгэмд тэнгэр газар шиг зөрүүтэй болсоор байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид