Улаанбаатар 1c

Т.Оюунчимэг: Хэнд эрх мэдэл байна, түүнд мэдээлэл байдаг

Хууль зүйн доктор (Ph.D), профессор Т.Оюунчимэгээс төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэргийг шүүхээр шийдвэрлэсэн үндэслэлийн талаар тодрууллаа.

-Төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон дуулиант хэргүүдийг  шүүх шийдвэрлэж байгаа ч гаргасан шийдвэрийг олон түмэн хоёр талтай хүлээн авч байна. Нэг хэсэг нь улстөрчдийг ялтан болгож хэлмэгдүүлж байна гэж үзэж байгаа бол нөгөө нь шүүхээс улстөрчдөд оноож байгаа ял шийтгэл нь дүр үзүүлсэн буюу хөнгөдсөн гэж үзэж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
 -Та нийгмийг талцуулсан шүүхийн шийдвэрүүдийн талаар асууж байх шиг байна. Би хэргийн материал, нотлох баримтуудтай танилцаагүй, эдгээр хэргийн талаар хэвлэлээс авсан мэдээлэлтэй сууна. Гэхдээ хуульчийн байр сууринаас зарим нэгэн дүгнэлт хийж болно л доо. Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн эрин үед амьдарч байгаагийн хувьд иргэдэд аливаа нэг үйл явдал болон шүүн таслах ажиллагааны талаарх мэдээллийг шуурхай хүртэх болсноор өөрсдийн үнэлэлт, дүгнэлт өгч, санал сэтгэгдлээ илэрхийлэх нь ардчилсан нийгмийн  үндсэн шинж болох иргэн хүн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. 

Гэхдээ олон түмний хүсэл зоригийн илэрхийлэл болох санал сэтгэгдлээс үзэхэд дийлэнх нь шударга ёсыг хүсэмжилж буй нь харагддаг. Аливаа хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэх ажиллагаа нь олон хүний хүч хөдөлмөр шингэсэн, олон хоног сарыг хамарсан, олон талын мэдлэг, туршлага, бүтээлч сэтгэлгээ, нягт нямбай ажиллагааны үр дүн байдаг төдийгүй болсон үйл явдал бүрийн сэдэл, шалтгаан, бодит байдал, түүний явц, хор уршиг бүрийг нэгбүрчлэн бүх талаас нь хангалттай нотлох баримтуудаар бүрэн дүүрэн шалган магадлах ажиллагаа нь хууль ёсны байх, гэм буруутай, эсэхийг гагцхүү шүүх тогтоох зарчим дээр үндэслэн явагддаг. Аливаа хэргийг шүүх хянан хэлэлцээд ямар ч шийдвэр гаргасан бүх хүнд, тэр тусмаа шийтгэл хүлээж байгаа хүний сэтгэлд нийцэх нь тун ховор доо. Шүүн таслах ажиллагаанд оролцогч талуудын аль нэг нь, зарим тохиолдолд хоёр тал хоёулаа гомдолтой үлдэх нь ч бий.

Жишээ нь шүүгдэгч “Надад ял шийтгэл ногдуулж хэлмэгдүүллээ, эсвэл хүнд ял шийтгэл оногдууллаа” гэж байхад, хохирогч тал “Шүүгдэгчид хөнгөн шийтгэл оноолоо” гэх жишээтэй. Нийгэмд дуулиан тарьсан, улстөрчид болон төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэргүүдийг хууль хяналтын байгууллага шалгаж, зарим хэргийг шүүхээр шийдэж байна. Олон нийт шүүхээр хянан хэлэлцэж байгаа хэргүүдийн тухайд эргэлзэхгүй байгаа. Харин шүүхээс гаргасан шийдвэрүүд зөв, шударга, эсэхэд л эргэлзэж буй нь ажиглагддаг. Тиймээс л шүүх дүр үзүүлсэн шийдвэр гаргаж хөнгөн ял шийтгэл оноолоо гэх жишээтэй. Монгол Улсын Үндсэн хуульд шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй хэмээн хуульчилсан.

Энэ л зарчмыг шүүгчид барьж ажиллаж байгаа гэдэгт итгэж байна. Гэхдээ зарим нэг шүүгчийн ёс зүйгүй байдлаас болж бүх шүүгчийн хөдөлмөрийг харлуулж болохгүй. Ийм явдал зөвхөн шүүхэд ч бус, төрийн үйл ажиллагаа хэрэгжүүлэгч бүх л салбарт буй нь хүмүүсийн бухимдлыг төрүүлж, шударга хөдөлмөрлөгч нэгнийхээ нэр хүндийг хамт унагаж байгаа нь хэн бүхэнд илэрхий. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог” гэдэг дээ.

-УИХ-ын гишүүн, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогтыг хувьцаа худалдан авч арилжсаны төлөө ял шийтгэлээ, хэлмэгдүүллээ гэж зарим хүн өмөөрч байгаа шүү дээ.
 -Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогч даргаар томилогдон ажиллахдаа албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн зорилгод ашиглан “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Айвэнхоу майнз” компанийн 150 мянган ширхэг хувьцаа худалдан авсан буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж шүүхээс 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон.

С.Баярцогт үүнийгээ тайлбарлахдаа “Хувь хүн өөрийн мөнгөөр олон улсын үнэт цаасны зах зээлээс хувьцаа худалдан авах нь дэлхий нийтэд нээлттэй бизнесийн харилцаа бөгөөд аль нэг улсын албан тушаалтан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийдэг бизнес биш” гэсэн нь үнэн бөгөөд энэ нь Үндсэн хуулиар олгогдсон өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж байгаа хэрэг л дээ. Үүнд түүнийг буруутгах зүйл байхгүй. Гэхдээ С.Баярцогт хувьцаа худалдан авах үедээ УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, Сангийн сайд байсан төдийгүй Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогч дарга буюу өөрийн албан тушаалын чиг,  эрх, үүрэг, байр суурийг умартан өөрийгөө иргэн гэдэг утгаар асуудалд хандан тайлбар хийжээ.

Эдийн засагч, багш, эрхзүйч мэргэжилтэй түүний хувьд иргэн, төрийн өндөр албан тушаалтан байхын ялгааг олж харахгүй байх, ухамсарлахгүй байх боломжгүй санагдана. Монгол Улсын Үндсэн хуульд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална. УИХ-ын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, УИХ-ын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно” хэмээн хуульчилсан. Энэ заалтаас харахад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд байхдаа С.Баярцогт хөрөнгө оруулагчийн хувьцааг худалдан авсан нь үндсэн чиг үүрэг болох улсын ашиг сонирхлыг эрхэмлэх тухай дээрх хуулийн хэм хэмжээг зөрчсөн, хувийн эрх ашгийг улс орны эрх ашгаас дээгүүр тавьсан нь хууль бус, ёс зүйгүй үйлдэл юм.

“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах стратегийн томоохон төслийн орлогч дарга С.Баярцогт хөрөнгө оруулагч хэн болох талаар ямар нэг мэдээлэлгүй байх боломжгүй. Тэр тусмаа гэрээлэгч компанийн хувьцааг худалдан авсан үйлдэл нь Монгол Улсын Сангийн сайдын хувьд гаргаж болохгүй үйлдэл бөгөөд “Хэнд эрх мэдэл байна, тэр хүнд мэдээлэл байдаг” гэдгийн нэгэн жишээ энэ. Шийтгэл шударга ёсонд хэр нийцэж байгаагийн шалгуур нь үйлдсэн хэрэгт оноож буй хариуцлага, гэмт үйлдлийн нийгмийн аюул, иргэд, олон нийтэд учруулсан хор хохирлын шинж чанар, хэр хэмжээ болон гэмт этгээдийн хувийн байдалд тохирсон байх явдлаар хэмжигддэг. Миний хувийн бодлоор бол улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтан, алба хаагчаас эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт үйлдэлд тэднийг нийтийн (улс төрийн болон төрийн) албанд ажиллах эрхийг тодорхой хугацаагаар, эсхүл бүрмөсөн цуцлах, тэдгээрээс өмч хөрөнгөтэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хорихоос илүүтэй хууль бусаар олсон орлого, хөрөнгийг нь хураах нь илүү үр дүнтэй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Baagii
    хөрөнгий нь хураах хэрэгтэй байна
    2020 оны 08 сарын 09 | Хариулах
  • иргэн
    Хууль Шүүхийн байгууллагынхан Улс төрчид, Авилгачид, Хулгайчуудын карманд орсон гэдгийг бүгд л ярьж бичиж , Тэдний явуулж буй Үйл ажиллагаа, Авилгалд өртөж байгаа байдлууд нь батлаж харуулаад байна ш дээ, Энгийн иргэнийхээс , Том Албан тушаалтангуудын Улсад хохируулсан хэрэг харьцангуй их байхад яг ижил Ял оноож байх жишээтэй,
    2020 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Энэ багшаар хичээл заалгаж байлаа даруй 17 жил өнгөрч дээ. Сайн бас хатуу багш даа
    2020 оны 08 сарын 07
  • Ёстой зөв хэлсэн бна. Одоо хүмүүс ойлгох бхаа
    2020 оны 08 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Энэ багшаар хичээл заалгаж байлаа даруй 17 жил өнгөрч дээ. Сайн бас хатуу багш даа
      2020 оны 08 сарын 07
Нийтлэлчид