Улаанбаатар 1c

М.Бадарч: Давсан ч, унасан ч санасан мэхээ хийсэн л бол сэтгэл “өег” байдаг

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд долоо давж, заан цол хүртсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх Билэгт” дэвжээ, “Нутгийн буян” группийн бөх М.Бадарчтай ярилцлаа. Шинэхэн заан маань биднийг ярилцлага авахаар очиход “Golden gym”фитнессд хүчний бэлтгэлээ хийж байсан юм.

-Танай дэвжээ энэ жил шинэхэн улсын цолтнуудтай сайхан наадлаа. Та өөрөө ч бас урамтай сайхан барилдаж заан цол хүртлээ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Манай “Бөх Билэгт” дэвжээний галыг дархан аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг нар ахалж гарлаа. Дэвжээний бөхчүүд болох Б.Зоригтбаатар , О.Мөнх-Эрдэнэ нар маань улсын цол хүртлээ. Зааны даваанд нутгийн арслан Р.Пүрэвдагва ах намайг амлаж барилдсан. Барилдаж эхэлснээсээ хойш ахаасаа их зүйл сурсан. Хоёулаа л өндөр цолонд зүтгэж яваа. Аль сайн барилдсан нь дээшээг явъя гэж бодож амласан байх л даа. Харгүй сайхан барилдаж, давж заан цолны босго давлаа. Мэдээж энэ бүхэнд дэвжээний багш, дасгалжуулагч нарын минь үнэтэй зөвлөгөө, намайг өдий хүртэл тусалж, дэмжиж ирсэн гэр бүл, “Нутгийн буян” групп, “Алдар” спорт хорооныхны дэм тус их байлаа.

-Наадмаас хойш нутагтаа очсон уу. Ахан дүүс, нутгийн олон нь сайхан хүлээж авсан байх. Та нутгаасаа хэдэн жилийн дараа төрсөн улсын цолтон бэ?

-Наадмаас хойш нутагтаа хэд хоночихоод ирлээ. Улсын наадам гэдэг бол соёлын дархлаа, үндэсний сайхан баяр шүү дээ. Наадмыг зорьж байгаа үндэсний спортын тамирчин бүр л цолгүй нь цолтой, цолтой нь цолоо ахиулъя гэж л бэлтгэлээ базааж очиж байгаа. Ахан дүүс, нутаг усныхан ч битүүхэндээ намайг харж л суусан байх. Манай аймаг бол аварга, арслан олонтой бөхийн өлгий нутаг. Тиймдээ ч биднээс өндөр амжилт хүлээдэг юм шиг байгаа юм. Түрүүлж арслан болоогүй ч цолоо ахиуллаа. Цаг үеийн нөхцөл байдлаас болоод найр, наадам хийгээгүй байна. Аймгаас төрсөн цолтнуудаа хүлээж авах сураг сонсогдсон. Тов нь гарахаар хэлэх биз ээ. Миний хувьд Архангайн аймгийн Цэнхэр сумаасаа Ш.Гомбосүрэн заанаас хойш 85 жилийн дараа энэхүү өндөр цолонд хүрлээ. Маш том үүрэг хариуцлага ирлээ гэж бодож байна.

-Та харцага цол хүртсэнээс гурван жилийн дараа заан цол хүртлээ?

-Улсын харцага цол сайхан шүү дээ. Хүмүүс харайдаг цол ч гэж ярьдаг даа. Даваа, оноолт, ам авалт гээд бүгд л өөр болоод ирсэн. Улсын наадам хоёрын даваанаас хойш чанга. Би ер нь ямар ч үед урагшаа явж барилдана гэж л боддог. 2017 онд харцагын даваанд начин Ч.Батчулуун харцага О.Хангай, начин Б.Серик бид гурваас намайг амласан. Өмнө нь хоёр гурван удаа давж, унаж л байсан. Тухайн үед нэг талтай таллаад барилдъя гэж бодсон. Таллаж суулиад давсан даа.

-Цол нэмэхэд хамгийн түрүүнд юу бодогддог вэ?

-Бүтэн жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг үзэж байгаа болохоор сайхан. Ерөнхийлөгчийн цолны зарилгыг сонсоод, үнэмлэх, энгэрийн тэмдгээ гардах тэр агшинг юутай ч зүйрлэшгүй.  Ер нь цол үүрэг хариуцлага дагаж ирдэг. Олон түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээдэг. Араас гарч ирж байгаа залуус, дүү нартаа зөв үлгэр дуурайлал болох ёстой. Олон түмэн харж байгаа учраас бөхийн нэр хүнд, цолоо хүндэлж зөв л явах ёстой гэсэн үүрэг нуруун дээр ирсэн.

-Таны бага нас яаж өнгөрсөн бэ. Таныг аав ээжээсээ олуулаа гэж сонссон?

-Би долоон хүүхэдтэй айлын зургаа дахь хүү болж төрсөн. Миний аав ээж малчин хүмүүс. Манайх Өвөрхангай, Архангай, Баянхонгор гурван аймгийн залгаа Тонгоргын  голоор нутагладаг. Бага байхад хичээл сургуулиас бусад үед аав ээждээ тусална. Ер нь малын захад л өссөн дөө. Хөдөөний ажил үүрийн бүрийгээс үдшийн бүрэнхийг хүртэл үргэлжилдэг цаг наргүй ажил. Энэ нь намайг хөдөлмөрч, аливаа зүйлд тууштай байхад нөлөөлсөн болов уу. Олон хүүтэй айл болохоор хоорондоо барилдана, адуу мал сургана гээд хөдөөний ажил тэр чигээрээ биеийн тамирболдог. Миний гурван ах Сумын заан цолтой. Бага байхад ах нарыгаа наадамд явж барилдахыг нь харж л өссөн. Ингэж л барилдаанд дуртай болсон.

-Тэгээд та хэзээнээс барилдаж эхлэв. Гэрийнхэн нь бүгд дэмжиж байв уу?

-Өсвөрт байхад Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд хүүхдийн барилдаанд түрүүлж байсан. Тэгээд л барилдаж чадмаар юм байна гэсэн итгэл төрсөн. Намайг хот орж бэлтгэл хийхийг зөвлөсөн хүн бол Улсын заан Д.Хишигдорж. Би өөрөө барилдах дуртай ч ээж анхандаа явуулдаггүй байсан. Дараа нь зааныг ирэхэд зөвлөлдөж байгаад хот руу явахаар болсон. Тэгээд л улсын цолтон болох мөрөөдлөө тээж, Л.Болдбаатар багш дээрээ ирж байлаа. Одоо тэр цагаас хойш есөн жил болжээ . Анх барилдъя гэхэд дэмжээгүй ээж минь одоо хүүгийнхээ үнэнч дэмжигч болсон.

-Аав, ээжийнхээ талд бөхийн удамтай гэл үү?

-Аавын талд аймаг, сумандаа сайн барилдаж явсан сумын цолтнууд байдаг.  Ээжийн талд Их монгол Шаравжамц аваргынхан байсан юм билээ. Ойроос гэвэл ээжийн  төрсөн дүү сумын заан С.Лхамсүрэн, С.Батцэнгэл нар суманд хоёр, гурван удаа түрүүлсэн заанууд бий.

-Сумын заан болж байсан уу?  

-Болоогүй. 2009 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын наадмаар өөрийн төрсөн ах М.Нямдоржоор тав давж сумын начин болсон. Залуу бөх байж байгаад цолтой болно гэдэг бол зорилгодоо хүрэхийн төлөө алхам алхмаар урагшилж байна л гэсэн үг. Дараа нь 2012 онд Архангай аймгийн арслан Б. Мөнх-Эрдэнээр мордох мэхээр найм давж, аймгийн наадамд зодоглосон анхны жилээ арслан цол хүртэж байлаа. Тэгээд 2013 онд улсын наадамд зодоглож эхэлсэн.

-Анх ямар улсын цолтой бөхийг давж байв?

-2012 оны хавар аймгийн арслан болохоос өмнө бөхийн өргөөнд болсон нэг барилдаанд юм байна. Тухайн үед сумын цолтнууд бөхийн өргөөний барилдаанд шалгуураар л ордог байсан. Нэг давлаа, хоёрын даваанд  Б.Соронзонболд заан намайг амлалаа. Тухайн үед заан эд сайн барилдаж байсан үе нь л дээ. Зааныг таллахад нь хавираад давж байлаа. Улсын цолтой бөхийг давчихлаа гээд тэнгэрт тултал баярлаад гүйж байсан нь саяхан юм шиг л санагдаж байна.

-Өөртөө хамгийн их дүгнэлт хийж байсан наадам?

-Манай багш “Чи улсад барилдах болоогүй” гэж хэлж л байсан. Улсад барилдаж үзмээр санагдсан хэрэг. 2014 оны улсын наадмын тавын даваанд Х.Мөнхбаатар арслантай барилдаад би хялайгаад унаж байсан. “Дээшээ барилдъя, улсын цол авъя гэвэл бэлтгэлээ л сайн хийж, ачаалал авч сурах ёстой юм байна” гэж нэлээн их юм бодож гэртээ харьж билээ.

-Энэ жил онцгой нөхцөлтэй наадам боллоо. Бэлтгэл сургуулалт тасалдав уу. Яаж хийж байв?

-Үзэгчгүй, өвөрмөц наадам боллоо. Хиймэл зүлэггүй, шууд байгаль дээр барилдсан болохоор онцлог байлаа. Нэг сараас хойш барилдаан болсонгүй. Заал, фитнесүүд ч хаагдаад, бөхчүүд гэртээ л бэлтгэлээ хийх шиг боллоо. Ер нь хүний хувийн бэлтгэл, сахилга батыг л шалгалаа шүү дээ. Би наадам болох байх гэж бодоод, бэлтгэлээ гэртээ л базааж байлаа.

-Таны бэлтгэлийн үр шим гарчээ гэж ойлгож болох уу?

-Би ер нь бэлтгэл таслах дургүй. Наадмын маргаашаас л бэлтгэлдээ орно гэсэн зорилготой. Одоо дэвжээний бэлтгэл эхлээгүй байгаа ч хувьдаа хүчний бэлтгэл  хийгээд явж байна. Барилдааны бэлтгэлээ дан ганц үндэсний бөхөөр хийгээд байвал үр дүн гарахгүй. Бөхчүүд давхар чөлөөт, жудогоор хийдэг. Энэ нь мэхний олон хувилбар, уян хатан байхад тустай байдаг. Жудо, чөлөөтийн бэлтгэлээ Спортын төв ордонд үндэсний шигшээгийхэнтэй хийж байна. Өөрийгөө  хуурахгүй бэлтгэлээ хийвэл болно л гэж боддог.

-Түрүү жилийн наадмаар тавын даваанд өвдөг шороодоод их л сэтгэл дундуур харагдсан?

-Би өөрөө байнгын бэлтгэл сургуулалттай учраас амласан бөхөө давна гэдэгтэй итгэлтэй байдаг. Тиймээс аймгийн арслан А.Даваанямыг давчих боломжтой гэж амлаж авсан. Өөрийн болгоомжгүйгээсээ хариу мэхэнд нь унасан. Уул нь давсан ч, унасан ч санасан мэхээ хийсэн бол сэтгэлд өег байдаг л даа. Тэр үед мэхэнд нь унасан болохоор хэсэгтээ л шоконд орсон. Энэ бүхэн туршлага л болох юм даа.

-Наймын давааны барилдааныг Н.Батсуурь аваргатай хийсэн. Хүч шавхсан амаргүй барилдаан болсон л доо?

-Бөхийн удамтай, халхын том аваргатай өөртөө байгаа бүхий л хүч боломжоо ашиглаад барилдсан. Тухайн өдрийн аз, ёндоо байна. Хүнийг заалны барилдаан, бэлтгэлд ийм мэх хийж байсан гэж тооцоолж болдоггүй. Ерөөсөө л тухайн үед нөгөө бөхийнхөө мэхийг мэдрээд, аль толгойд орж ирсэн мэхээ л хийнэ. Надад барилдах олон жил байна. Барилдаан бүрээсээ туршлага хуримтлуулж л явна. Аварга маань надад тахимаа өгөхдөө баяр хүргэж, үнссэн. Надад урам болсон шүү. Спортбол тэр чигээрээ хүндлэл байдаг юм.

-2018 онд Харцага цолтны хүндэтгэлийн барилдаанд өвдөгний бэртэлтэй барилдаад түрүүлж байсан гэл үү?

-Барилдааны өмнө өвдөг дуугарч байсан л даа. Өвдгөвч авах гээд явсан ч миний хайсан нь байсангүй. Тэгээд л дүүрсэн хэрэг гээд тэр чигтээ гараад барилдчихсан. Хүмүүс ч “Улам гэмтээчихнэ хэрэггүй юм биш үү” гэж хэлж л байсан. Нэг их хүчлэхгүй тулаад барилдвал болох л юм шиг санагдаад, барилдсан. Спортын хүнд энэ зэргийн зүйл зөндөө тохиолддог. Энгийн хүмүүсээс ялгарах онцлог нь тэвчээр шүү дээ. 

-Бөхөөр явахад ивээн тэтгэгч чухал байх л даа. “Нутгийн буян” группийн нэр дээрээс хэзээнээс эхэлж барилдах болов?                              

-Ар гэрийн амьдралд санаа зовохгүйгээр бэлтгэлээ хийнэ гэдэг нь амжилт гаргахын үндэс. 2012 онд наадмаас өмнө бөхийн өргөөнд улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан болсон. Тэр барилдааныг “Нутгийн буян” группийн захирал Л.Бат-Орших ах үзсэн юм билээ. Өөрөө бөхөд дуртай, элэгтэй хүн л дээ. Би тухайн үед сумын начин цолтой, заалны барилдаануудад хоёр давчихдаг байсан. Н. Бүрэнбаатар начин Орших ахад энэ хүүхэд ирээдүйтэй, сайн барилдана гэж хэлсэн гэдэг. 2013 оноос албан ёсоор компанийнх нь нэр дээр барилдаж эхэлсэн. Одоог болтол гэр бүлээрээ сайхан л дэмжиж байна. Наймын даваанд Н.Батсуурь аваргатай хариуцлагагүй барилдаа гэж хэлсэн. Тэгэхээр миний сайн дэмжигч, шүүмжлэгч байгаа биздээ.

-Та сайхан дуулдаг юм билээ. Зарим тоглолтуудад ч орж харагдсан. Ер нь ямар дуу дуулах дуртай вэ?

-Манай бөхчүүд ихэнх нь сайхан дуулна аа. Анх бөхийн холбооны 25 жилийн ойн тоглолтод МУГЖС.Эрдэнэцэцэг эгчтэй хамтарч дуулж байлаа. Дараа нь аймгийн бөхчүүдийн “Арын хангайн түрлэг” тоглолтод дуулсан.  Хандивын тоглолтод мөн  дуулж байв. Нутаг ус, аав, ээжийн тухай дуу дуулах дуртай.

Б.Нямдорж

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид