Улаанбаатар 1c

Эсэргүү туульч

Ардын уран зохиолч, эсэргүү туульч Т.Галсанг “ҮШ-гийн хоймор”-тоо урьж, ярилцлаа. 

-Та Баянхонгор аймгийн уугуул. Тэгсэн хэрнээ өөлд туульч гэдэг. Төв халхад үлдсэн өөлдүүдийн үр хойч юм аа даа?
-Би олон үеийн туульч удамтай хүн. Ээж минь Чингисийн нутаг Сэцэн ханы зүгийнх, Манжийн үед өртөө улаанд дайчлагдаж баруун тийшээ очсон. Аав минь үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэж, үхэж чадсан аугаа түүхт дайчин Галдан бошготын цэргээс үлдэж хоцорсон өөлдүүдийн үр сад. Галдан бошгот манжуудыг намалдаглаад буцах замдаа Туулын шугуй, Гармаагийн шохой цагаан булаг, Тэрэлж хавиар битүү бүгсэн Хятадын хар цэргүүдэд сан сүрэг, уран дархчуудаа олзлуулсан. Тэндээс дайчин цэргүүд нь нааш яваад Зуун модны тулаанд хар цэрэгт цохигдсон.

Тэр тулаанд олон хүнээ алдаж ялагдал амсаад нутгаа зориход хаврын эцэнхий цаг, цөн түрэх үе таарч. Тулман завиа олзлуулаад гол гатлахад бэрх болсон тул Орхон голын хөвөөнд хэсэг хүнээ үлдээсэн. Манай удмын усч Цагаан тайш гэж амаар нь орсон усыг хамраараа гаргадаг, хамраараа орсон усыг хамраараа гаргадаг, гайхалтай усны эрдэмтэй, туульч хүн байсан юм гэнэ билээ. Усч Цагаан тайш ихэс дээдсээ голоор авч гарч, их гол гаталж чадахгүй, эцэж ядарсан зарим нэгнээ одоогийн Архангайн Өлзийт, Хотонт сумын нутагт бас үлдээсэн. Манжууд бол Галдангийн хүч сарних тусам баярлаж, “Хүн үлдлээ” гэхэд “Ай тэгваа” гээд л газар өгдөг байж.

Цаашлаад Заг, Байдрагийн хөвөөнд дахиад хэсэг хүнээ орхисон. Галдан өөрийгөө аваръя гэсэн бол цэргүүдээ аваад явах байсан. Харин эх орон, тусгаар тогтнолын төлөө зүрх нь цохилж, цус нь буцалж байдаг дайчдаасаа хэдийг нь ч болов амьд үлдээе гэж бодсон учраас тэгж цувуулж орхисон хэрэг байх. Үлдээсэн цэргүүдэд газар өгөхдөө манжууд хоёр болзол тавьсан байдаг. Эхнийх нь, нум сумтай байж болохгүй гэж. Өөлдүүд нум сумтай байвал манжуудын зүрхэнд, эсвэл нүдэнд сумаа зооно гэдгийг мэдсэн хэрэг. Хоёрдугаарт, экил товшууртай байж болохгүй гэсэн байгаа юм. Экил товшуур байх юм бол “Жангар”-аа хайлна, “Жангар”-аа хайлбал чавхаар ч болов манжуудын нүдийг сох харвана гээ биз. Ингээд Шавгийн толгойд (Шатаасан толгой гэдэг нь явсаар Шавгийн толгой болсон. Шаваг байдаггүй газрыг юу гэж Шавгийн толгой гэх вэ. Т.Г) нум сум, экил товшууруудыг овоолоод шатаасан юм гэнэ билээ.

Хангайн нуруунаас эх авч урсаад, халуун говийнхоо элгийг дэвтээдэг Заг, Байдраг голын бэлчир, чавхны ац шиг газарт үлдсэн өөлдүүдийг толгойлж үлдсэн усч Цагаан тайшийн үр хойч нь би юм. Сүүт ижий минь наран ургах зүгийнх, удмын туйлч аав минь Баруун Монголынх. Ийм л үр ариун эцэг, сав ариун эжий хоёр ерөөл учралаар нийлсний буянд нүдэндээ нуухгүй, амандаа салиагүй, салтаандаа чацгагүй, сугандаа хулмасгүй гайгүй хүүхдүүд төрсөн. Нэг ээжийн гурван хүүхэд гавьяат гэхээр ингэж хэлж болно биз. Тэр тусмаа эсэргүү гэдэг хар дансанд орсон хүн өдий зэрэгтэй яваа нь гарцаагүй үнэн ариун хөдөлмөр, шударга шинж чанар нь байсных.

-Таныг багадаа аав, ээжийгээ их зовоож, чилээсэн хүү гэж сонссон?
-Цагаан сарын шинийн 8-нд би төрсөн юм. Ээж минь гурван өдөр, гурван шөнө дуншиж, аав минь гэрийнхээ оосор бүхнийг тайлж, оньс бүхнийг мулталж, мэдэх чадах бүх арга чарга, домоо хийгээд төрдөггүй гэнэ. Ээжийн тамир  ч барагдаж, ингээд эхийнхээ толгойг залгих нь дээ гэцгээж, хол ойрын улсад ч хэл ул хүргэсэн бололтой юм. Нагац маань хагас өртөө газраас морины хар гүйхээгээр давхиж ирж, гадаа буунгуутаа хазаараа мулт татан, халуун амгайгаар нь эхийн савыг дартал муухай том толгойтой юм гарсан нь би.

Аав минь удам залгах хүүтэй болсон гээд баярлаад байдаг. Гэтэл өнөөх нь хөлд ч ордоггүй, хэлд ч ордоггүй гэнэ. Үеийн хүүхдүүд хурга, ишигтэй ноцолдож, шулганаж гүйлдээд байхад би гэртээ сууж л байж. Үе чацуутнууд хурдны морь унах шахуу болоход би явдаг ч үгүй, ярьдаг ч үгүй хэвээр. Явах бүү хэл мөлхөх ч үгүй, суугаагаараа хонгоороо хойшоо ухарч зулын шар тос ухаж идчихээд, урагшилж тулганы захын үнс рүү шээчихээд сууж байдаг, гэрээс гардаггүй учраас бөөрөнхий цагаан амьтан байж.

Ингээд нэг амьд “байцаатай” болсон аав, ээж хоёр минь яваагүй зурхайч, мэргэлүүлээгүй төлөгч үлдээгүй гэдэг. Аав минь хээр гарахаараа уйлаад, гэртээ ирэхээрээ хүүгээ тэвэрч үнсээд гунигаа мартдаг байсан гэнэ билээ. Тэгтэл манай нутагт нэг сүрхий зурхайч ирсэн дуулджээ. Манай нутгийн хүн юм байж, удам судрыг нь ч мэддэг юм санж. Түүнтэй уулзаж, арга чарга асуух гэж аав минь бөөн л юм болсон гэдэг. Ингээд арай гэж үзүүлэхэд хожим их ярьж, хожим их явах хүү байна гэсэн гэдэг юм.

Нэг хавар мал төллөх цагаар аав минь хэдэн хурга, ишиг уутанд хийж үүрчихээд харьж явж. Хаврын морины толгой гудгар, хүү нь хөлд ордоггүй аавын толгой гудгар л яваа биз. Гэр рүүгээ ойртоод иртэл гэнэт шар голтой цагаан гэрэл татах шиг болохоор нь хартал хүү нь гаднаа гүйж явах юм гэнэ. Аав мориндоо огцом ташуур өгч, морь нь огло харайхад ганзагалсан аргалынх нь холбоос тасарч унаад, нохой шуугьж бөөн л дуу шуугиан болж. Нохой шуугих чимээнээр айл хотлынхон гарч ирж, яав ийв гэтэл аав “Миний хүү явж байна” гэж намайг шүүрч аваад мориндоо дүүрч шар бууц манарган хотоо тойрч давхиад л тэр хот айлд нэг дуу тэнгэрт, нэг дуу газарт баяр хөөр болсон гэдэг юм. Аав, ээжийгээ хамгийн их баярлуулсан нь тэр юм даа. Энэ мэтээр аав, ээжийгээ их тамлаж хүн болсон юм гэнэ билээ.

Хаврын тарчиг цаг хэдий ч аав минь хүүгээ хөтөлдөг болсонд баярлаж, мялаалга, найр наадам ч хийсэн гэдэг. Жаргалантын гар Даваа гэдэг хүнээс мухар сөөм соруултай гаанс тугалтай үнээ, унагатай гүүгээр авч өгсөнийг нь би багадаа барьдаг байлаа.

-Хүүгээ хөлд орлоо гээд гаанс бэлдэж өгч байгаа юм уу?
-Тийм. Эмээл, гаанс бэлдэж өгөх нь хүүгээ эр хүн болсонд тооцож, хүндэтгэлээ илэрхийлж буй тэр цагийн ёс юм даа. Тэгж байтал дайн болж, надад бүү хэл аавд тамхи олдохоо больсон тул би адууны шар хомоол татаж үхтлээ ханиалгаад, сүүлдээ туулайн хоргол татвал гайгүй гэдгийг мэддэг болсон доо.

-Та дайны үед сургуульд орсон уу?
-Сургуульд ороод би нэгдүгээр ангид муу, хоёрт дунд, гуравт сайн, дөрөвдүгээр ангиасаа онц сурсан. Одоо бүх хүүхэд нэгдүгээр ангидаа онц, хоёрдугаар ангидаа сайн, гуравдугаар ангид дунд сурдаг болж. Тэгээд бүх хүүхэд нь дунд сурдаг сургуулийг бүрэн дунд, зарим нь дунд, зарим нь муу сурдаг бол бүрэн бус дунд сургууль гэдэг болж ээ дээ. 

Гитлертэй дайтаж байхад бид монгол бичигтэйгээ байсан шүү дээ. Тэгээд латин үсэг авч, тэгээд орос бичгийг өөриймшүүлсэн. Тэр жилүүдэд би сурагч байлаа. Байдрагийн хүрээг их буугаар галлаж шатаагаад, үлдсэн хашаа, байшинг Загийн төв рүү зөөж, сургуулийн байшин барьсан. Манай сургууль нэг дүнзэн байшин, гурван гэртэй, дөрвөн багштай. Нэг нь захирал. Цагийн сэрүүлэг тавиад, чарлахаар нь завсарладаг. Сургуульд орсон эхний үед би тоонд нь тоолуулж, тогоотой хоолноос нь идчихээд, тоосон дунд нь пижигнэж явлаа.

Улирлын дүн дуудахад сурагчдын заримд сиян аягатай элсэн чихэр, заримд нь дэвтэр, заримд нь харандаа өгөв. Надад юу өгөх бол гээд хүлээгээд байлаа, байдаггүй. “Надад юу ч өгсөнгүй, намайг ялгалаа” гээд енгэнэтэл уйлтал багш маань “Онц сурсан хүүхдүүдэд шагнал өгсөн. Чи муу сурсан учраас бэлэг өгөөгүй” гэж билээ. Тэгэхэд нь би “Онц гэж юу юм бэ” гэж асууж байлаа. Бүтэн улирал онц, муугийнхаа учрыг олоогүй явсан хэрэг. Багш “Аргалаар бол шээзгийндээ ганц нэг нойтон баас хийчихээд хоосон ирэхийг муу, шээзгийнийхээ дунд хүртэл хэдэн хомоол хийгээд ирэхийг дунд, шээзгийгээ яг дүүргээд ирвэл сайн, сайхан аргалаар шивээлж овоолоод ирвэл онц гэж байгаа юм. Чи онц сурч чадна шүү дээ. Тэр үед чинь шагнал өгнө” гэж тайлбарлаж өгч билээ.

-Дотуур байранд суусан уу?
-Дотуур байранд суусан. Өдөрт хоёрхон удаа галлана, шөнө их даарна. Манай Заг цэвдэгийн бүсэд, голын хөвөөнд байдаг сум. Дулаан гэртээ хөх бууцан дээр үрхийн хөмтэй, түүн дээрээ нэхий хөнжилд унтдаг хүүхэд банзан дээр хоёр муу нимгэн гудас хаяж, дэвсгэр даавуу дэвсээд хэвтэхээр дээврийн гөлмөн төмөр дээр хэвтэж байгаа аятай санагдана. Хөнжил нь ч нимгэн. Даараад өвдгөө тэврэн атираад бүр тэсэхээ болихоор дулаацах ганц арга бий.

Тэр нь орондоо шээх. Тэгэхээр нэг хэсэгтээ халуу оргиод сайхан болно. Удалгүй бүр илүү даарна. Тэгэхээр нь дахиад жаахан шээчихнэ. Нэг удаа захирал манай гэрээр орж ирээд “Юун шээс шэнхэг үнэртээд байгаа юм бэ” гээд хөнжил гудас хуу татлаа. Хүүхдүүдийнх зүгээр, миний гудас даавуу наалдаад шарлачихсан байлгүй яах вэ. Ингээд сангийн хөрөнгийг зориудаар илжилж ялзалсан эсэргүү гээд дотуур байрнаас хөөгдсөн дөө.

-7-8-тай хүүхдийг үү?
-Би сургуульд жаахан хожуу орсон юм аа. 9-тэй байсан байх. Намайг дотуур байрнаас хөөхөөр нь нэг мөсөн сургуулиас хөөчихөөсэй гэж бодтол хөөсөнгүй. Би чинь шүлэг уншина. Биеийн тамирын овоолго гэж хүүхдүүд нумарч, бие биенийхээ гэдсэн дээр тогтоход хамгийн дээр зогсож, улаан дарцагаар даллаж, шүлэг уншдаг байсан юм. Тийм учраас бас чиг чухал нөхөр байж л дээ. Нэгэнт сургуулиас хөөгөөгүй тул тураг ядрахаар уулаа барааддаг жишгээр хоёр авгыгаа бараадлаа. Миний хоёр авгын нэг нь хар феодал, нөгөө нь шар феодал, би улаантан. Тэр хоёр надаар хань татаж, гэрт нь суух болсонд их дуртай байлаа.

Тэднийх сумын төвийн хойхно талд байдаг хясаан дээр байх. Би тэнд ус авч, хоол хийх үүрэгтэй. Нэг удаа Ю.Цэдэнбал манай сургуульд ирсэн юм. Хичээлийн дундуур ангиудаар явж, хүүхдүүдээс “Сталин гэж юу вэ” гэх мэтийн асуулт асууж, улс төрийн шалгалт авахад нь манай ангийнхан “Хүн” гэж хариулж, “Хүн нь ч хүн. Албан тушаал нь юу вэ” гэхэд нь “Бүх дэлхийн шударга залуучуудын их багш” гэж, “Дутуу байна” гэхэд нь “Бүх дэлхийн шударга хөгшчүүдийн их багш” гэж, “Нийлүүлээд хэл” гэхээр нь “Бүх дэлхийн шударга залуучууд ба хөгшчүүдийн их багш” гэх мэтээр хариулсаар орой болов. Хичээлийн дараа сурагчид Ю.Цэдэнбалд концерт тоглоход би гол хүн болж байгаа юм. Ингэсээр нэлээд оройтож харьтал ундны усгүй болчихож.

Өглөө цайны усгүй тул хичээлээс өмнө усанд явлаа. Загийн гол хацарлан хөлдчихсөн байснаа тэр шөнө ваарлан хөлдчихөж. Хонин толгойн чинээ чулуугаар цохьтол цөмөрдөггүй. Хавар цагийн мөс тохой зузаан атлаа аалз явахад цөмөрдөг, намрын мөс хуруу зузаан атлаа атан тэмээ даадаг гэж үгтэй. Үхрийн толгойн чинээ чулуугаар цохьтол ашгүй цөмрөөдөхлөө. Шанагаар хутгах гэтэл дүүрэн загас жараахай. Хясааны ёроол болохоор загасны ичээ таарчихсан бололтой. Хичээл орох цаг дөхөөд байгаа болохоор хурдхан усаа авах ёстой, гэтэл шанагаар хутгаж болдоггүй. Гэтэл нэг мэргэн санаа төрлөө. Усны хавчигны хоолой ийм нарийн юм чинь загас жараахай орохгүй байх, саваар нь хутгаад авчихъя гээд саваа ус руу хийв. Дүүрээд ирэхийн алдад татаад авах гэтэл би усаа биш, ус намайг татаад, мөс ч цөмрөөд би мөсөн доогуур ороод урсчихсан. 

-Ээ базарваань, тэгээд яаж амьд үлдэв?
-Тэр өдөр ээж минь миний хүнсийг хүргэж ирэхээр бэлдээд байж. Гэтэл шөнө нь ээж “Хүүгээ хар толгойтой загас болоод Бөөнцагаан нуур руу яваад өглөө гэж зүүдлээд унтаж чадахгүй байна, одоо явна” гэсээр үүр цүүрээр гарсан байгаа юм. Арав гаруй дүү залуу авгайн эрхэнд орсон аав минь үүрийн үнэгэн харанхуйгаар морийг нь эмээллэж өгөөд явуулаа биз. Ээж хүнсэнд өгөх хэдэн малаа туугаад өглөөн нарнаар сумын төв рүү орж ирж, намайг ус авч явааг харж. Тэгээд “Миний хүү том эр болж, тэнд ус авч явна” гэж хамт яваа хүндээ хэлээд эргээд хартал би байдаггүй гэнэ.

МУИС-ийн эрдэмтэн Бат-Ирээдүйгийн өвөө малчин Лувсан гуай гэж улсын сайн малчин хүн байсан. Тэр хүн манай аав хоёр их сайн найз. Тэгээд хүүхдүүдийнхээ хүнсийг хамт дөхүүлж явсан юм билээ. Ээж “Миний хүү алга болчихлоо” гээд мориндоо ташуур өгтөл морь нь мөсөн дээр халтирч унаад аарцгаа хагалчихаж. Лувсан гуай гол уруудаж давхих замдаа хэт хутгаараа дөрөөн сураа тас огтолж, гүүрний тэнд хүрээд дөрөөгөөрөө мөсийг нь цөм цөм цохитол би гараад ирж. Гүүрний олон баганын нэгд тээглэж тогтсон юм байгаа биз. Уснаас гаргаад иртэл амьд шинж алга гэнэ. Лувсан гуай “Ээж нь ч багцаалж байгаа байх. Аавд нь яаж хэлнэ дээ” гэж бодсоор тэвэрч гүүрэн дээр гаргатал тэнд хэлгүй Самбуу гэдэг хүн байж.

Гүүрэн дээр хоёр Самбуу ажилладаг, нэг нь гүүрний дарга Самбуу, нөгөө нь гүүрний зураг төслийг хийж, бариулсан хэлгүй Самбуу. Хэлгүй Самбуу олзны япон байсан учраас монгол хүнтэй хэл ам нэвтрэлцдэггүй, тэгээд хэлгүй гэгддэг байж л дээ. Хэлгүй Самбуу намайг харангуутаа гүйж ирээд эрэг рүү түрүүлэг нь харуулж хэвтүүлж нуруу руу нь дарж, ам, хамраар нь баахан ус гаргаж, дээш нь харуулж, ам руу нь үлээж баахан оролдож. Анхны тусламжийн мэдэгдэхүүнтэй тэр хүн таараагүй бол би яах байсныг мэдэхгүй. Тэгээд залгисан усыг нь гадагшлуулж, амьсгалахтай болгоод гэрт аваачиж, хонины халуун тулманд өлгийдөж, бараг үхчихсэн байсан намайг амилуулсан гэдэг юм.

-Та багадаа сургууль, олон нийтийн арга хэмжээнд шүлэг уншдаг байсан гэлээ. Өөрөө зохиогоод уншчихдаг байсан уу?
-Шүлэг зохионо гэж мэдэхгүй. Өөрийгөө шүлэг зохиож байна ч гэж бодохгүй. Ер нь ингэж л ярих ёстой мэт бодно. Багаасаа олон тууль сонсож, цээжилж өссөн болохоор үгийн баялаг ихтэй, эвтэй байсан шиг байгаа юм. 
“Тавтын мөнгөний данхарыг яана
Тавгын еэвэн шиг сүртэйг нь яана
Тайрдас шиг өнхрүүлэхэд зугаатайг яана
Талх авахад хүрдэггүйг нь яана”,
“Тогоруу шиг өндөр хүзүүтэй
Товч шиг хоёр нүдтэй
Ботго минь хөөрхөн дөө
Боорцгоо хувааж идэх үү дээ
Тогоруу шиг өндөр хөлтэй
Торго шиг зөөлөн үстэй
Ботго минь хөөрхөн дөө
Боохой гуай та ботгыг минь битгий идээрэй” гэх мэтийн юм хэлээд айлын эмээ нараас атга боорцог, ааруул хурууд аваад идчихдэг хүүхэд байсан.

Манай багш миний донгосдог дэмий юмнуудыг нийлүүлж, дэвтэрт бичээд, өөрөө зураг зурж чимэглэн номорхуу юм хийгээд, түүнийгээ тэмээний утсаар үдэн хүзүүнээс минь зүүж “Тангад гуайн хүү Галсан ном бичсэн. Та нар баяр хүргэ” гээд анги хэсүүлсэн удаатай. Хулгай хийсэн хүүхдийн хулгайлсан зүйлийг хүзүүнээс нь зүүж, бөөстэй хүүхдийн үсийг нь хяргаж хормойлуулаад анги хэсүүлж, хүүхдүүдээр ичиглүүлж, шоолуулдагийн дэргэд алга ташуулах ч муугүй л дээ.

-Их сургуульд хэрхэн орж байв. Мэргэжлээ аль хэдийн сонгочихсон байв уу, эсвэл...
-Их сургууль гэдэг чинь монгол хүнийг орос хүн болгох үйлдвэр шүү дээ. Тэгэхээр их сургуульд орох гэж байгаа хүнийг дэмжих ёстой гэдэг үе байлаа. Би гутлынхаа өсгийд машины дугуйны хаймар нэлээд зузаалаад хадчихсан, шарваар гэж сарлагийн савга шиг өргөн даавуун өмдтэй, гурав эмжсэн гайгүй ч хар хөх тэрлэгтэй, энгэртээ гурван үзэг эгнүүлээд зүүчихсэн (Их бичгийн хүн байх нь байна шүү хэмээн өөрийгөө ёжлов), халзан толгойтой нөхөр их сургуульд орох шалгалт өглөө. Би аравдугаар ангиа монгол хэлбичгийн хичээлдээ дунд дүнтэй төгссөн. Төгсөлтийн банкетан дээр монгол хэл, уран зохиолынхоо багшид “Эрдэмтэн багш нар, эрхэм Хангай багш та сонсож бай. Би таны тархин дээр цахиур хагалсан монгол хэлбичгийн багш болно, монхор Галсан андгайлж байна” гэж хэлсэн юм.

-Багш нарынхаа өөдөөс ингээд хэлчихэж байгаа юм уу?
-Тэгсэн.

-Яагаад дунд гарчихсан юм бэ?
-Угаасаа таардаггүй байсан юм. Буруу бичих дүрмийг (Тэрбээр зөв бичих дүрмийг ингэж хэлдэг аж. сурв) би буруу бичих дүрэм гэж мэддэг. Жишээ нь, ав+сан+ы гэхэд “авсаны” гэж бүтнээр нь бичих ёстой атал “Үгэнд эгшгээр эхэлсэн дагавар залгавал эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ” гээд “авсны” болгочихож байгаа юм. Ингэхээр авах, өгөх гэдэг утга биш, шарил хадгалдаг хайрцагны нэр болчихож байгаа биз дээ. Ийм юмыг яаж зөвшөөрөх юм бэ. Ингээд багшийгаа энэ мэтийн зүйлээр хүүхдүүдийн дунд мад тавьдаг  байлаа. Эрх биш алба тушаал нь намайг дөнгөхтэйгөө болохоор цэг цэглэлийн алдаагаар дунд гаргасан.

Нэгэнт тэгж андгайлсан хүн чинь Их сургуулийн монгол хэлний ангид л орно, өөр ангид орохгүй гээд зүтгэчихсэн. Тэгэхэд хятад, англи хэлний анги нээгдэж байлаа. Тийшээ орох боломж байлаа. Шалгалтын комиссынхны нэг нь “Шалгалтандаа тэнцсэн учир Их сургуульд авъя. Гэрчилгээний дүнг харахад боломжийн хүүхэд байна. Тооны ангид ор” гэлээ. “Үгүй” гэтэл нөгөөх нь “Анагаахын ангид ор. Хүний их эмч болдог юм шүү дээ”, өөр нэг нь “Хөдөөний хүүхэд байна, малын эмч юм уу зоотехникч бол” гэж байна. “Үгүй, би монгол хэл, уран зохиолын багш болно” гэтэл “Энэ жилийн элсэлт гүйцсэн.

Чи яасан дураараа нөхөр вэ” гэж байна. “Би зохиолч” гээд л аваад хаялаа. Тэр үед зохиолч гэдэг үг эгэл миний амаар бүү хэл их дэлгүүрийн хаалгаар багтмааргүй том юм байлаа. Өнөөгийнх шиг хоёр хүний гурав нь зохиолч байсангүй. Тэнд байсан хүмүүс нир хийтэл инээлдэж, “Чи тэгээд ямар зохиол бичдэг юм бэ дээ” гэж байна. “Янз янзын зохиол бичнэ” гэтэл дахиад л инээлдэж, “Бичсэн зохиолоосоо уншаадах” гэв. Баянхонгор анх цахилгаантай болж, гэрэл чийдэн асах үед бичсэн шүлгээ уншив. “Тангадын Галсангийн зохиол, “Сар, чийдэн хоёр” гэж сургуульд өөрийгөө зарладаг шигээ зарлатал дахиад л инээлдлээ.

“Сар чийдэн хоёр гэрэлтээд
Сар чийдэн хоёр хэрэлдээд
Байгаль дэлхийг гийгүүлдэг гэж
Сар тэнд гялайна
Байшин гэрийг гэрэлтүүлдэг гэж
Чийдэн энд хялайна
Алтан нар байхгүй бол
Сар чи гэрэлгүй
Ажилчин хүн ирэхгүй бол
Чийдэн чи асахгүй” гээд унштал нөгөө инээж байсан хүмүүс алга ташиж байна шүү. Өрөөний хойморт, шалгалтын комиссын тэргүүнд сууж байсан улаан эрдэмтэн цагаан Сүрэнхорлоо “Чи хаанаас ирсэн бэ” гэхээр нь “Баянхонгор аймгийн Заг сумын наймдугаар багаас” гээд хэлээд авлаа. “Эрхэм ээ, бид нэг голынх шүү” гэж байгаа нь тэр. Сүрэнхорлоо гэж манай нутгийн том эрдэмтэн МУИС-д байсан юм. Тэр “Энэ хүүг Гаадамбад тушаая. Чи нэгдлийн малчин шиг харагдаж байна шүү. Наад дээл хувцсаа солиорой, халимаг тавиарай” гэсэн. Ингэж монгол хэлний ангид орсон доо.

-Таныг их олон удаа хэлмэгдсэн, цөлөгдөж, тэмээ хариулж, архины үйлдвэрт ачигчаар ажиллаж байсныг хүмүүс мэднэ. Харин Баянхонгорын хангайн сумдад багшилж явахдаа цөөнгүй хүнийг ном, бичгийн мөрөөр замнуулах суурийг тавьсан нь өдгөө үр жимсээ өгч байгаа талаар харин тэр бүр мэдэхгүй байх?
-1962 онд би Баримтат киноны ерөнхий редактор болчихсон, ээ базарваань, мундаг амьтан байлаа. Ширээн дээрээ утастай, Ю.Цэдэнбалын дэргэдээс хүртэл хүн утасдана. Улс төрийн товчоо тийм хуралтай, гадаадаас ийм зочинтой гэхээр нь “Мэдлээ” гээд л, хэдэн зураглаачаасаа хамгийн сайныг нь явуулж, хэдэн гэрэлтүүлэгчдээ “Даргын өрөөнд богино холбоо үүсгээд гал авалцуулчихав аа” гэж зандраад л, сүрхий амьтан суулаа. 

Нэг өдөр Зохиолчдын хорооны орлогч дарга мойлууз Наваансүрэн дахин дахин утасдаад байхаар нь яваад очтол Сэтгүүлчдийн бүгд хурал болж байна. Төв хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга,  Үзэл суртлын хэлтсийн эрхлэгч гэх мэт мундаг улс цуглачихаж. Тэгсэн тэд “Империализмын аюул дэндлээ, газар сайгүй шургалаад, мөн аюул болж байна. Нам төрд танигдчихсан үл бүтэх юмнууд үзэл суртлын газруудад шургалсан” гээд авч өгдөг юм байна. Миний амперын зүү ч бас “За энэ ч нэг юм хэлээд эхэллээ” гэж заана биз дээ. Тэгэхэд Наваансүрэн “Империализмын үзэл санаа хүүхнүүдийн өмсөж буй гутланд өндөр өсгий болж орж ирж байна, үдэш орой багачууд хөгжим нүдэж байна, Ленин багш “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино” гэсэн.

Кинотеатр бол үзвэр, урлагийн газар биш, үзэл суртлын газар. Тэнд хүртэл зарим нь шургачихсан” гэх мэтээр ярилаа. Уг нь бид их сургуулийн дотуур байранд хамт байсан, дух руу няслах шийтгэлтэйгээр даам тоглож, би дух руу нь олон удаа нясалснаас өөр гэмгүй юм. Мойлууз “Манжийн үед манж хэлтэй хүн, Хятадын үед хятад хэлтэй хүн хэрэг болж байсан. Одоо орос хэлтэй хүн л хэрэгтэй. Энэ толийг цээжилчихсэн байхад дарга болно” гээд орос хэлний толь бариад хэвтдэг хүү байсан. Түүндээ хүрээд дарга болсон юм.

Гэтэл нөгөөх чинь “Тоншуул” сэтгүүл харуулаад, “Манай нам, засгийн удирдагчдыг энэ хүн юу гэж доромжилсныг харцгаа” гээд миний шүлгийг харуулж байна. Харуулсан шүлэг нь түүнийхээр Төв хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга Адъяа, Төв хорооны нарийн бичгийн дарга Жалан-Аажав нарыг доромжилсон юм байх аа. Түүнийг тэгж хэлэхээр миний дэргэд сууж байсан улс сэм сэмхэн холдож, тэр хавьд би ганцаараа суудалдаа үлдлээ.

-Таныг буруутгахаар таны дэргэдээс холдож байгаа юм уу?
-Тийм.

-Тэр дарга нарыг та юу гээд шүүмжилчихсэн юм бэ?
-Шүүмжлэх юу байх вэ. Ямар нэг далд санаагүй дөрвөн мөрт байсан юм. Нэг өдөр “Тоншуул”-ын редакц руу яваад ортол “Ямар азтай хэрэг вэ. Намрын дугаар гарах гээд, намрыг санагдуулах аяс дутагдаад байтал Галсан ороод ирлээ. Хэдэн мөрт бичээд өг” гэсэн. Ингээд Шагдайн Цэнд-Аюушийг архинд гүйлгэж, тэр хоорондоо хэдэн мөрт бичсэн нь тэр. Намрын тухай алийн болгон шувуу буцаад, яндан хяхтнаад, өрх дэрвээд, айлууд сумын төв рүү нүүгээд гэж бичих вэ дээ, гэнэн, хэрсүү хоёр ирж буй улирлыг хэрхэн угтаж буй талаар бичье гэж бодоод

“Боохой! Би энд байна шүү гэж зарлаж буй юм шиг
Болчимгүй готил хад цуурайттал хошгичиж байна
Боодог болохоос бусдыг үзсэн бурхи нь
Болгоомжтойхон мөлхөж хөеө юүгээн зөөж байна” гэсэн санагдана. “Тоншуул”-ынхан ч алга ташихаас наахнуур юм болж, “Ёстой болж байна” л гэцгээсэн. Тэгтэл “Боохой! Би энд байна шүү гэж хад цуурайттал хошгичиж байгаа болчимгүй готил” нь Адъяа, “Болгоомжтойхон мөлхөж хөеө юүгээн зөөж буй боодог болохоос бусдыг үзсэн бурхи” нь Жалан-Аажав гэж дарга нар тайлсан бололтой юм билээ.

Оройхон энд, тэндээс хүмүүс утасдаж, “Арай дэндэж байна, 1937 онд ч ийм юм болоогүй” гэцгээлээ. Энэ байтугайг үзсэн хүн чинь тусгай даалгавраар намайг өдөөж байна гэдгийг нь ойлголгүй яах вэ. Улс төрийн шархтай, цөллөгт яваад ирсэн амьтан шүү дээ, би. Тэгж байтал Кино үйлдвэрийн дарга дуудлаа. “Нөхөр Галсан чи юу хийчихсэн юм бэ” гэж байна. “Хэдэн мөр шүлэг л бичсэн юм” гэтэл “Чамайг хал гэж үүрэг өгөөд байна” гэлээ. Тэгэхээр нь “Хамт олон гэж байгаа биз дээ, хурал хуйгаар нь хэлэлцүүлэхгүй бол сүүлд чамайг дээд газрын ташуур дор байдаг өчүүхэн хүн гэж үзнэ шүү дээ” гэв. Намын гишүүн биш учраас уран бүтээлчдийн зөвлөгөөнөөр авч хэлэлцтэл нөгөөдүүл чинь намайг өмөөрөөд бөөн юм боллоо. Ингээд “Ажлаас хөөхийг сануулж, хатуу сануулан донгодов” гэсэн юм гаргав.

Гэтэл Зохиолчдын хороо дуудаад болохоо байлаа. Бас л хурлаар оруулах юм байх. Б.Явуухулан, С.Эрдэнэ, С.Дашдооров эд байх. Намын үүрийн дарга Б.Явуухулан “Нэгэнт нам, төрд танигдсан муусайн эсэргүүнүүдийг өөгшүүлж, өөд татдаг хүмүүс манайд бий” гэж байна. Н.Удвал багшаас эхлээд миний номыг редакторлаж гаргах гэх мэтээр надад гайгүй ханддаг хүмүүсийг хэлж байгаа бололтой. Тэгээд цааш нь “Гэтэл одоо тэр нь танигдаж байна шүү дээ. Манай их утга зохиолын дал нуруу руу хутгалчихлаа шүү дээ. Манай нам, төр энэ хүнийг зохиолчдын эвлэлд байх эрхгүй, зайлуул гэсэн үүрэг өгч байна. Тиймээс зайлуулах хэрэгтэй” л гэж байна. 

-Бэгзийн Явуухулан гуай юу?
-Тийм. Б.Явуухулан сүүлд архинаас гарч, намын дарга, жинхэнэ улаан фашист болсон шүү дээ. Үнэн юм үнэнээрээ сайхан. Аким “Тэмээ болоогүй хүн” номдоо “Б.Явуухулан ингэж яруу найрагчийн бүү хэл хүний жудаггүй загнасан байна” гэж бичсэн дээ. Тэгтэл “Яруу алдарт эх орноо” хэмээх дууны үгийг бичсэн Д.Тарваа “Адъяа ч хэтэрч байна. Явуу ч хэтэрч байна. Ирж буй улирлын тухай гэнэн, хэрсүү хоёр яаж үхэж байгаа тухай зохиолыг ингэж мушгиж болох уу. 1937 оны хэлмэгдүүлэлтээс ч дор юм болох нь байна шүү” гэж намайг зад өмөөрдөг юм байна. Түүнд нь С.Эрдэнэ, С.Дашдооров нар хүч нэмж, дахиад “Хөөхийг сануулж хатуу донгодов” гэсэн бичигтэй үлдлээ.

Ингэж байтал манай Кино үйлдвэрийн дарга нэг шил юм барьчихсан ирлээ. Би ер нь хэзээнээсээ нэг шил юмны буянтай хүн. Тэгээд “Галсан минь, нэг бол би хоолгүй болох нь, нэг бол чи хоолгүй болох нь. Гармаа дарга утасдаад болдоггүй. Би дөрвөн шар хүүхэдтэй, нэг шар хүүхэнтэй, ингээд хоолгүй болох нь. Чамд хөөхийг сануулж хатуу донгодлоо гэсэн чинь “Маргааш гэхэд халаагүй байвал халж чадах хүн өгнө шүү гэж Адъяа дарга хэллээ” гэж Гармаа утасдлаа” гэв.  Манай шулга Д.Гармаа Төв хорооны Үзэл суртлын хэлтэст байдаг, гол юмыг хийгээд байсан цаад хүн нь юм билээ л дээ. Тэнгэр уужуу, Монгол нутаг уужуу шүү дээ. Тэр зовлонг туулчихсан хүн чинь бүр уужуу болчихдог юм билээ. Тэгээд “За хүссэнээр нь болог. Гэхдээ гурван болзол байна. Урд оны нэг тушаал ураад хаячих.

14 хоногоор түр ажилчин авсан, нэг архичинд арга хэмжээ тооцсон гэх мэтийн хэрэггүй тушаал бишгүй байдаг шүү дээ. Тэр хүний намтарт ч хэрэггүй ийм юмыг ураад, дугаарыг нь ашиглаж урд оны төлөвлөгөө давуулан биелүүлсний шагнал гээд надад 1000 төгрөг биччих. Хоёр дахь нь, энэ оны эхний нэг тушаал ураад, түүний дугаараар надад ээлжийн амралт өгсөн гээд 1000 төгрөг биччих. Гуравт, Төв хорооны шийдвэрээр гэхгүй гэнэт халсан гэчих” гэтэл уухайн тас зөвшөөрч, “Би одоо очоод түүнийг чинь хийчихье” гээд л гүйх шахам гарсан.

Ингээд нутагтаа очиж, багшилсан. Хөдөө над шиг багш олдохгүй шүү дээ. Тооны хичээлээс бусдыг нь заана. Гурванбулагт багш жирэмсэн боллоо гэхэд тийшээ явна. Тэр үед замдаан (чемоданыг ийн монголчилж хэлэх аж)-тай багш гэж нэр томъёо байлаа. Хангайн сумдаар замдаантай, мотоцикльтой багш явж байх үед Байдрагийн төвд утга зохиолын дугуйланд сууж байсан хүүхдүүдээс дөрвөн мундаг зохиолч төрсөн. Нэг нь Намжимын Мөнхбаяр гэж шал өөр шүлэгтэй, яруу найргийн чансаагаар эхний аравт ордог залуу бий. Чинбат гэж сайхан хүү байсан, бурхан болсон. Ганбаатар гэж нөхөр Баянхонгорт бий. Дөрөв дэх нь ид бичиж байгаа, сайхан бүтээлүүдтэй, сайн зохиолч Соёрхын Пүрэвсүрэн. Хавар тавьсан үр намартаа ургацаа өгдөг. Оюун ухаан, авьяас билгийн үр 20-30 жилийн дараа гардаг юм байна.

-Тэгэхэд та нутаг заагдаагүй, өөрөө хөдөө явчихсан юм уу?
-Тэгсэн. Хөөгдөөд ажилгүй болчихсон хүн чинь нутагтаа очъё гэж бодсон. Хотод байхаар араас нохой шиншлээд болохгүй шүү дээ. Ингээд хүмүүс хот руу ирэх гэж үйлээ үзэж байхад би хөдөө явсан. Ер нь миний бүх амьдрал хүнийхтэй нийлэхгүй. Долоон удаа автомашины осолд, хоёр удаа онгоцны осолд орсон. Хоёр удаа буудуулсан. Дөрвөн удаа шарласан. Одоо ингээд амьд сууж байгаа нь луутай хөх тэнгэрт түймрийн утаа бүү хэл тамхины утаа гаргаагүй, лустай хөрст газарт алт ухах бүү хэл аргамжааныхаа гадсыг сугалалгүй орхилгүй залбирч явсны ач.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид