Улаанбаатар 1c

Б.Халиун: Бидний чалленж цахим орчинд хэн ч хийж болох монгол бүжгийн давлагаа

 “Dance chance” буюу  “Бүжгийн боломж” төслийг санаачлан удирдан ажиллаж байгаа зулуу уран бүтээлч, “Moon dance” хамтлагийн бүжигчин,  “Royal dance” клубийн багш, бүжгийн спортын ОУХМ Батаагийн Халиун багшийг “Залуус” булангийн зочноор урьж ярилцлаа. Тэрбээр цахим орчинд халимаг, хотон, буриад бүжгийн чалленжийг давлагаалуулж чадсан авьяаслаг бүжигчин билээ.

-Та хоёрын гурав дахь чалленж гарлаа.  Эхний чалленжээ Халимагийн шака бака дууны аянд бүжиглэсэн. Хоёр дахь нь Хотон ардын журай гэлдэн, гурав дахь нь Буриадын хатариш байлаа.  Чалленжийг хийх санаа хэзээ төрөв өө?

-Цахим орчинд ямар ч утга, агуулгагүй, иргэдийг буруу зүйлд уриалсан сөрөг дуудлага бүхий чалленж давлагаалаад л байсан. Толгойдоо хөөтэй уут углах, шавар, шалбаагтай холилдох, нүүрээ гурилдах зэрэг хүүхэд, залуусын хүмүүжилд ямар ч хэрэггүй, нийгэмд буруу үлгэр дуурайлал болох чалленж явж эхэлсэн. Энэ буруу хандлагыг өөрчлөх зорилгоор бид бүжгийн чалленжийг эхлүүлсэн юм. Манайх  “Dance chance”   бүжиг боломж контент нэвтрүүлэг хийсэн. Эхний таван дугаараа цацсан. Тэр үед “Dance chance” контентоороо чалленж хийх зүйтэй юм байна гэж ярилцсан юм. Гэхдээ бид латин бүжгээр биш, монгол бүжгээр чалленж эхлүүлэх нь  хүмүүст эерэг зөв давлагаа болох болов уу гэсэн шийдэлд хүрсэн. Ямар ая нь дээр хийх вэ гэдгээ бодсон.

Тэгсэн улсын баяр наадмын нээлтэд дуучин Т.Ариунаа,  Г.Ариунбаатар нар Халимаг бүжгийн шарка, барка дууг дуулсан. Энэ дууг сонсголонтой, ритм хэмнэлтэй, омогшил, бахархал төрүүлэх сайхан дуу байв. Энэ дууг сонссон  хүмүүс  өөрийн эрхгүй дагаж бүжиглэмээр тийм сайхан аялгуутай байсан. Эхлээд  бид бүжгээ дэглээд “Royal dance” клубийнхээ шавь нараараа бүжиглүүлэхээр  төлөвлөж байсан юм. Бид хоёр 10 хоног хөдөө аяллаар явахдаа шарка барка дууны аянд чалленж хийгээд  сошиалд тавьсан. Хоёр хоног сүлжээгүй газар яваад ирсэн чинь аль хэдийнээ, бидний төсөөлж байснаас илүүтэйгээр хүмүүст хүрсэн байв. Хүмүүс шарка барка чалленжид нэгдээд  найман настай балчраас 80 настай  хөгшид хүртэл өөрсдийн бичлэгийг хийгээд бидэн рүү явуулсан байлаа.  Мөн гаднын иргэд болон  Герман, Америк, Францад байгаа монголчууд маань хүртэл нэгдсэн байсанд нь их баярласан.

-Та хоёрыг явж байгаа машинаас үсэрч буугаад бүжиглэж юм. Энэ нь хөдөлгөөний аюулгүй байдал, амь насанд эрсдэл учруулж мэдэх аюултай юм гэж шүүмжлэх хүмүүс байсан. Машиныг бүрэн зогссоны дараа та хоёр буугаад бүжиглэж болоогүй юм уу?

-Уг нь бид машинаа бүрэн зогссоны дараа бууж бүжиглэсэн юм. Аяллаар явж байна гэдэг утга агуулгыг сонирхолтой байдлаар харуулахын тулд машинаас бичлэг хийсэн. Бидний бүжгийн хөдөлгөөнийг дагаж зураг авахдаа машин үл ялиг хөдөлж байгаа нь тийм буруу сэтгэгдэл төрүүлсэн байна лээ. Тэрнээс биш бид явж байгаа машинаас үсэрч буугаагүй юм. Ер нь бидний чалленжид нэгдэж байгаа хүмүүс машинаа бүрэн зогсоож, аюулгүй байдлаа хангасны дараа бүжиглээрэй.

Энэ жил дэлхий нийтийг хамарсан хорио цээрээс шалтгаалж, монголчууд эх орноороо аялж байна. Чалленжийн гол санаа нь аялал, зугаалгаар явахдаа  бүжиглэж, “Хоггүй аялцгаая” гэсэн уриатай.  Хөдөө хээр талд хотын гудамж шиг машин түгжрэлд орохгүй.  Хөдөө явж байхдаа бидний чалленжид нэгдэх нь зөв. Хотын түгжрэлтэй замд зарим нэг хүмүүс машинаасаа бууж бүжиглэн манай чалленжид нэгдсэн нь маш буруу. Хөдөө аялал зугаалгаар явахдаа, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, хөгжилтэй, зугаатай, соёлтойгоор хөгжилдөж манай чалленжид нэгдээрэй гэж уриалж байгаа юм.  

-Дөрөв, тав дахь чалленжийг ямар дууны аян дээр ямар бүжгээр хийх  вэ?

-Одоогоор бүрэн шийдээгүй байгаа. Олон янзын санаа бий. Хамтарч ажиллах, санал, санаа, зөвлөгөө өгч байгаа хүмүүс ч бий.

-Мэргэжлийн бүжигчин гэсэн.  СУИС-ийг хэдэн онд төгссөн бэ?

-2012 онд СУИС-д орж, 2017 онд бүжигчин мэргэжлээр төгссөн. СУИС-д сонгодог, орчин үе, монгол, цэнгээнт, олон үндэстний гээд бүжгийн бүх төрлийг судалж, суралцсан. Тийм болохоор ардын бүжиг бүжиглэдэг.  Яг цэвэр ардын бүжгийн анги бол биш, бүх бүжгийн төрлийг хамарсан бүжиглэх урлагийн ангийг бүжигчин мэргэжлээр төгссөн.

-Оюутан байхдаа  сонгодог бүжгээр бүжиглэж байв уу?

-Бүжигчдийн үндсэн суурь нь сонгодог бүжиг байдаг. СУИС-д ороод, төгсөх хүртлээ сонгодог бүжгийн дасгал, хөдөлгөөнийг хийсэн.

-Танай нөхөр мэргэжлийн бүжигчин биш биз дээ. Бүжгийн спортын тамирчин уу?

-Би 2013  онд “Moon dance” хамтлагт ороод нөхөртэй гээ танилцсан. Нөхөр маань эрх зүйч мэргэжилтэй. Мэргэжлийн бүжигчин биш. Нөхрийн эгч нь “Moon Dance” хамтлагийн О.Саранхүү багш. Ээж нь хүртэл мэргэжлийн бүжигчин хүн. Тийм болохоор өөрийн эрхгүй бүжгийн урлаг руу татагдаж орсон юм билээ. Багаасаа л бүжгийн орчинд өсөж хүмүүжин, бараг л мэргэжлийн бүжигчин болтлоо өдийг хүртэл бүжиглэж яваа.

-Та хоёр “Moon Dance”-т ороод хамтарч бүжиглэдэг хосууд байсан уу?

-Анх ороод хамтарч бүжиглэдэг хос бүжигчид байгаагүй. Харин 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орохдоо хос болон хамтарч бүжиглэсэн.

-“ Moon Dance” хамтлагт хэдэн жил бүжиглэж байгаа вэ. ДАШТ-д танай хамтлагт  өндөр амжилт үзүүлдэг. Медальт байрт шалгарч байв уу?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд латин америк тав, стандарт таван бүжгээр өрсөлддөг. Манай хамтлаг 2014 оны дэлхийн аваргын латин бүжгийн төрөлд анх удаа орж есдүгээр байрт шалгарсан. Дараа жил нь 2015 онд  долдугаар байрт орсон. Ер нь дэлхийн аваргын финалд зургаан хамтлаг шалгарч үлдэн өрсөлддөг юм. 2016 оны дэлхийн аваргын  финалд Герман, ОХУ-ын хоёр, Австри, Монголын нэг нэг хамтлаг шалгарч өрсөлдсөн. Манай хамтлаг тавдугаар байр эзэлсэн.  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг улсаас хоёр хамтлаг ордог. Манай улсын “Moon dance”, “Star dance” хамтлагууд дэлхийн аваргад өрсөлддөг.

-Танай хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол өндөр амжилт үзүүлжээ. Герман Улсын багт бүжиглэдэг манай улсын бүжигчин,  дэлхийн аваргаас медаль хүртээд байгаа.  Өөрт тань гаднын улсаас өөрийн хамтлагт бүжиглүүлэх санал тавьж байв уу?

-Германы хамтлагт бүжиглэдэг дэлхийн аваргын медальтай охиныг Н.Онондарь гэдэг. Манай улсын “Стар” хамтлагт бүжиглэдэг байсан. Германд сурч байх хугацаандаа “Grun gold” клубийн сургалтад хамрагдсан юм билээ. Тус хамтлагийн багш өөрийн хамтлагтаа  бүжиглэх саналыг тавьсан гэсэн. Тэгээд Герман Улсын хамтлагийн гишүүн болсон хичээнгүй хөдөлмөрч охин.  Харин надад одоогоор гадаадын хамтлагаас ямар нэгэн санал тавиагүй. Ер нь удахгүй дэлхийн шилдэг хамтлагуудад манай бүжигчид бүжиглэх байхаа.

-Одоо хүртэл “Moon dance” хамтлагтаа бүжиглэж байгаа юу. Бүжиглэхийн хажуугаар багшладаг юм уу?

-“Moon dance”” хамтлагтаа бүжиглэхийн хажуугаар “Royal dance” клубд багшилж байгаа.  Бид “Royal dance” клубээ гурван жилийн өмнө  байгуулсан. Түүнээс хойш  хичээл, сургалтаа тасралтгүй явуулж ирсэн. Хоёр жилийн өмнө манай бяцхан  шавь нар маань “Авьяаслаг монголчууд”  шоунд амжилттай оролцсон. Жилийн өмнө манай насанд хүрэгчдийн хамтлаг байгуулагдсан. Одоо маш амжилттай явж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож гуравдугаар байрт шалгарсан амжилт үзүүлээд байгаа.

-Цэнгээнт бүжгээр дунд сургуульд байхаасаа бүжиглэсэн үү?

-Би монгол болон цэнгээнт бүжгийн дугуйланд явж байгаагүй.  Хан-Уул дүүргийн X дунд сургуулийг төгсөөд СУИС-д ороод л цэнгээн бүжгээр бүжиглэж эхэлсэн. Дунд сургуульд байхдаа нийгмийн идэвх сайтай, бусад хүүхдийн адил сургуулийнхаа урлагийн үзлэгээр сонирхлын дагуу  бүжиглэдэг л байв.  Бүжгийн урлагийн суурь мэдлэгийг СУИС-д ороод сурсан. 2014 онд хоёрдугаар курсэд байхдаа ““Moon dance”” хамтлагт орсон. Намайг есдүгээр ангид байхад манай сургуулийн Англи хэлний Б.Оюундэлгэр багш урлагийн “Хобби” бүлгэм байгуулсан юм. Тэр багш урлагт их дуртай, сэтгэл, зүтгэлтэй, хүүхдийн авьяас, чадварыг хөгжүүлэх гэж мэрийж, зүтгэдэг байсан. Биднийг “Дэвжээ” тэмцээнд хүртэл дасгалжуулан бэлтгэж оролцуулж байлаа.

-Б.Оюундэлгэр багшийн нөлөөгөөр бүжгийн мэргэжлийг сонгосон юм уу?

-Би эгчийнхээ сэтгэл, зүтгэлийн хүчинд бүжгийн ертөнцөд хөл тавьж орсон. Эгч маань  “Намайг бүжгийн мэргэжлээр суралцвал зүгээр юм байна” гэж харсан гэсэн. Тэгээд эгч мэргэжлийн бүжгийн багш хөлслөн ур чадварын шалгалтад намайг бэлтгэсэн.  СУИС-д бүртгүүлэн, дагуулж очиж шалгалт өгөх үед хамт байсан. СУИС-д гараас хөтлөн оруулж өгсөн эгчдээ их баярладаг. Бүжгийн мэргэжил сонгоход Б.Оюундэлгэр багшийн нөлөө байгаагүй.  Харин намайг бүжгийн урлагт дур сонирхолтой болгож өгсөн Б.Оюундэлгэр багшдаа баярлаж явдаг. Багш одоо Франц Улсад ажиллаж амьдарч байгаа. 

-Монголчуудын ахуй амьдралын өдөр тутмын хэмнэл бүжгийн хөдөлгөөн байдаг. Баруун монголчууд  хуур татахад хөгшин залуугүй бие биелгээгээ хийгээд  эхэлдэг. Баруун Монголын биелгээнд орчин үеийн хөгжмийн найруулга хийвэл илүү олны сонирхлыг татах болов уу?

-Манай “Royal dance” клуб баруун монголын зургаан ястаны бие биелгээний контент хийнэ. Энэ контентоор бид өв соёлоо дэлхийн дахинд сурталчлах зорилго тавьж байгаа.

-Солонгосын метронд монгол залуу бүжиглэж байв. Мөн халимагууд Хүннү хамтлагийн “Юу вэ, юу вэ” дууны аянд бүжиглэсэн.  Тэднийг хүмүүс сонирхон талархаж хүлээн авсан ч дуурайж бүжиглэх нь олон байгаагүй. Харин та хоёрын чалленжийг олон хүн үргэлжлүүлэн давлагаалж дамжуулсан. Мэргэжлийн бүжгийн хүнд хэцүү, техникгүй, энгийн хөдөлгөөн, цоглог,  эрчимтэй  хөг ая, аялгуу нь олны сэтгэлийг татаад байна уу?

-Энэ чалленж бүжгийн тэмцээн биш. Үүнд ямар нэгэн цензур, шүүлт огт хэрэггүй. Гоё сайхан хийх нь тийм ч чухал биш. Харин хүн бүхэн монгол бүжгээ хийж, дархлаагаа сэргээж, эрүүл, хөдөлгөөнтэй, аз жаргалтай, өөдрөг, хүсэл тэмүүлэлтэй амьдрах нь чухал.  Монголчууд  уламжлалт бие биелгээгээ хийх ёстой. Бид бүжиг, хөдөлгөөн хийж давлагаалан дархлаагаа сэргээж,  стресс ядаргаанаасаа салж яагаад болохгүй гэж. Заавал мэргэжлийн баригдмал, хайрцаглагдсан хэцүү техник, элементийг хийх албагүй. Энгийн бүжгийн хөдөлгөөнийг бүх нийтээрээ хийж болно гэдгийг энэ чалленжээр харуулсан. Мэргэжлийн урлаг, мэргэжлийн бүжиг тусдаа.  Монгол бүжгийг зөвхөн  мэргэжлийн бүжигчид хийдэг юм биш. Хүн бүхэн хийж болох бүжиг.  Буруу хийчих вий, чадахгүй яанаа гэж санаа зовох зүйлгүйгээр бүжиж наад.  Монгол хүн бүхэн бүжиглэдэг байсан хуучин цаг үеийнх шиг бүх нийтээрээ бүжиглэж яагаад болохгүй байх билээ.  Энэ бидний чалленж цахим орчинд хэн ч хийж болох монгол  бүжгийн давлагаа.

-Та бүхэн энэ чалленжаа улам хөгжүүлж, илүү сонирхол татам орчин цагийн хөгжмийн найруулагтайгаар монгол бүжгээ дэлхийн бүжгийн шинэ урсгал, чиглэл болгон дэлгэрүүлж яагаад болохгүй гэж?

-Бололгүй яахав. Дэлхийд монгол бүжиг гэж юу байдгийг таниулж болно. Бид ч ийм контент хийх бодолтой байгаа. Монгол бүжиг дэлхийн бусад орны бүжгээс ялгарах өөрийн гэсэн онцлог ялгаатай. Бүжгийн хэмнэл, хөдөлгөөний онцлог донж, хэв шинжээрээ эрс ялгардаг.

-Төв халх, зүүн монголын тал нутгийн бүжиг удаан хөдөлгөөнтэй, намбалаг эрхэмсэг байдлыг илэрхийлсэн хөдөлгөөнтэй. Харин баруун монголчууд өндөр уул, түргэн урсгалт гол шигээ огцом хурдан хөдөлгөөн, цээж, гар, мөрний цохилт, хаялаг бүхий цоглог эрчим, хэмнэлтэй байх нь бий. Тийм болохоор дараагийн чалленжаа цаатан, тува, уйгар, казах түмний эрч хүчтэй бүжгээр хийвэл илүү олонд хүрэх болов уу? 

-Ямар ч бүжгийг сонирхолтой байдлаар хийж болно. Хамгийн гол нь энгийн хялбар хөдөлгөөнтэй, хэн ч хийж болохоор байх нь чухал. Цаатангуудын хэнгэрэгтэй бүжиг, казахын домборын аялгуутай эрчим хэмнэлтэй цоглог бүжгийг хийж болох байх. Гэхдээ бид хэтэрхий олон чалленж хийж, чанаргүй тооны хойноос явахыг төдийлөн хүсэхгүй байна. Анхны хийсэн чалленжээс давахгүй, хүмүүсийг залхааж, шүүмжлэлд өртөхөөс болгоомжилж байгаа. Хамгийн сонирхолтой байдлаар яаж хийх санаагаа бодож төлөвлөн, ярилцаж яваа.

-Танай “Royal dance”  клуб монгол бүжгийн сургалт явуулдаг юм уу?

-Манай клуб монгол ардын бүжгийн сургалт явуулдаггүй. Харин сая шарка барка чалленж гарсны дараагаас хүмүүс утастаж “Монгол бүжгийн сургалт байна уу. Ардын бүжгийн сургалт явуулаач” гэсэн саналт тавьсан. Есдүгээр сард бид бүх насны ангиллыг хамарсан ардын бүжгийн сургалт эхлүүлэх гэж байгаа.

Би 2017 онд СУИС-ийг төгсөөд Үндэсний урлагийн их театрт бүжигчнээр ажиллаж байсан. Тэр үед гаднын орнууд руу тоглолтоор явдаг байлаа. Гаднын хүмүүс монгол бүжгийг үзээд маш гайхалтай эрч хүчтэй, сайхан бүжиг байна гэж магтдаг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид