Улаанбаатар 1c

Г.Намсрайжав: Наадамд явахад аав минь “зургаа даваарай” гэж захидаг байсан

Монгол наадмын зүлэг ногоон дэвжээнээ ид хаваа гайхуулан барилдаж яваа   удам дамжсан бөхийн гэр бүл цөөнгүй бий. Тэдний нэг бол Монгол Улсын начин Ж.Гэлэгийн хүү, улсын начин Г.Даваасамбуу, улсын харцага Г.Намсрайжав нар юм. Энэ удаагийн дугаартаа улсын харцага Г.Намсрайжавыг онцолж  спортын замналынх нь талаар ярилцлаа. Түүний хүү улсын аварга Н.Батсуурь Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд найм давж, төрийнхөө наадамд гурав дахь удаагаа үзүүрлээд байгаа билээ. 

-Та жил болгоны наадмаар Төв цэнгэлдэхэд ирж, Монгол Улсын аварга Н.Батсуурь хүүгийнхээ дээлийн захыг мушгин суудаг. Энэ жилийн  наадмын сэтгэгдэл ямар байна вэ?
-Энэ жилийн наадам дэлхийн даяар тархсан цар тахлын улмаас үзэгчгүй, онцгой нөхцөлд зохиогдлоо. Агаар салхитай, задгай талбайд барилдсан нь бөхчүүдэд боломжийн байх шиг байна лээ. Би жил болгон л хүүгийнхээ барилдааныг харж, дээлийнх нь захыг мушгин суудаг. Энэ жил ч очдогоороо очсон. Төрийнхөө их баяр наадам, бөхчүүдийнхээ барилдааныг харсан.

-Увс аймаг бол бөхийн өлгий нутаг. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд наадмын үзүүр, түрүүнд тогтмол барилдаж байна. Энэ наадмаар хүүгээ залуу арслантай түрүү булаалдахад ямар сэтгэгдэл төрөв?
-Адилхан аавын хүүхдүүд түрүүлэхийн төлөө зүтгэж яваа. П.Бүрэнтөгс арслан хэзээний л аварга болчихмоор байсан. Шүүгч нарын буруу шийдвэрээр хэдэн жил сэтгэл дундуур явсан байх. Би дотроо аварга болж чадалгүй үлдчих вий дээ гэж санаа зовж л байсан. Энэ жил харин ашгүй түрүүллээ. Бас шинэ начин ч төрлөө. 1982 оны наадмаар дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан М.Мөнгөн нар үзүүр түрүү булаалдаж, миний ах Г.Даваасамбуу начин цол хүртэж байсан. Манай аймгаас үзүүр түрүүнд үлдсэн, шинэ начин төрсөн тохиолдол 38 жилийн дараа давтагдлаа. 

-Таны ах улсын начин Г.Даваасамбуу эрдмийн зэрэгтэй цөөхөн бөхчүүдийн нэг байсан гэсэн. Эрдмийн ажлын хажуугаар бөхөөр хичээллэх цаг зав хэр байсан бол?
-Улсын цолтой, эрдмийн зэрэгтэй бөхийн дөрөв дэх нь миний ах. 1968 онд чөлөөт бөхийн залуучуудын улсын аваргын анхны тэмцээний 81 кг-ын жингийн аварга болж, самбо бөхийн олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртсэн. Олон улсын хэмжээний мастер цолтой тамирчин   байсан. Эрдмийн ажилдаа илүү анхаараад бөхдөө цаг зав төдийлөн гаргаж чадаагүй л дээ. 

-Хүүгээ төрийнхөө баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүлж, есөн хөлт цагаан тугаа тойрон дэвэхэд нь их баярласан байх. Тэр агшин бол хэзээд дурсагдах сайхан мөч биз?
-Н.Батсуурийг аварга болдог жил ангийнхаа зугаалган дээр байх даа “Энэ жил миний хүү түрүүлнэ” гээд хэлчихсэн. Нээрээ л түрүүлчихлээ шүү. Нөгөөдүүл маргааш нь яаж мэдсэн юм гэж залгацгаасан. Тэгэхээр нь би “Бэлтгэл сайтай байсан болохоор тэгж бодсон” гэж хэлсэн. Үнэхээр л бэлтгэлээс гадна тухайн өдрийн аз ёндоо гэж байдаг л даа.

-Таны бөхийн замнал яаж эхлэв?
-Би есдүгээр ангид байх даа хотод Г.Даваасамбуу ахындаа ирж, Спортын төв ордонд Гавьяат дасгалжуулагч, улсын начин Д.Баатаржав багшийн самбо, жүдогийн секцэнд явдаг болсон. Ингэж л миний бөхийн гараа эхэлсэн. Тэнд хоёр жил яваад аравдугаар ангиа төгсөөд, хотоос зайтай пуужингийн ангид алба хаасан. Цэрэгт байх даа гурван жил бэлтгэл хийж чадаагүй. Спортоор явах хүнд гурван жил гэдэг чинь хайран цаг хугацаа. Цэрэгт дэмий явж дээ гэж одоо болтол харамсдаг.

-Яагаад бэлтгэл хийж чадаагүй гэж. Ямар шалтгаан байсан юм бол?
-Ах дүү армиудын тэмцээнээр гадуур бэлтгэл хийж байхад Өвгөнхүү багш анги руу буцаасан. “Алдар” спорт хороонд орох гээд чадаагүй. Намайг цэрэгт яваад ирэхэд самбо, жүдогийн секцэнд хамт явдаг байсан Г.Жамсран, Ц.Дамдин нар дэлхийн аварга болцгоосон байсан. Тэгэхээр тийм их хугацаа алдсан байгаа биз дээ. Цэргээс ирээд бэлтгэлээ хийгээд ч тэднийг гүйцээгүй. Улсын тэмцээнд орон нутгаас ордог байсан болохоор мөнгө, хүрэл медаль л авдаг байсан. Самбо жүдогоороо спортын мастер цолны болзол биелүүлсэн. Олон улсын тэмцээнд орж байсангүй.

-Таны аав улсын начин Ж.Гэлэг 1950 онд 29 настайдаа начин цол хүртсэн. Та мөн л 30 насандаа аавынхаа амжилтыг давтсан гэдэг. Энэ бол тэр болгон тохиох  үйл явдал биш. Аав нь их баярласан байх?
-Манай аав Ардын хувьсгалын 29 жилийн ойгоор тавын даваанд дархан аварга Ш.Батсуурь аваргыг давж “Өсөх идэр” чимэгтэй начин болж байсан. Харин зургаагийн даваанд “Дэрэн Бор” хэмээх улсын арслан С.Самданжигмэдтэй барилдаж байхдаа нүдээ гэмтээгээд эмчийн актаар хасагдаж, дахиж улсын наадамд барилдаагүй. Намайг наадамд явахад “Миний хүү зургаа даваарай” гэж захидаг байсан. Найзууд нь “Яагаад зургаа гэж, долоогийн тоо мэддэггүй юм уу” гэж инээлдэж байсан. Өөрийнхөө аваагүй давааг миний хүү даваасай гэж бодож л хэлсэн байх. Надад байнга л “Анхааралтай барилд, алдаа гаргаж болохгүй. Өрсөлдөгчөө зөв үнэл” гэж захидаг байсан. 

-Та уран хурц барилдаан, бяр чадлаараа гайхуулан, үзэгчдийг шуугиулж явсан Ө.Тулгаа зааныг тав давж начин болж байсан юм билээ?
-Дөрвийн даваанд аймгийн арслан Л.Энхбаярыг, тавын даваанд улсын начин Ө.Тулгааг, зургаагийн даваанд улсын арслан Б.Ганбаатарыг тус тус давж, долоогийн даваанд улсын заан Б.Бат-Эрдэнэтэй тунаж унасан. Тэр үедээ өсөх идэр чимэгтэй начин болж байлаа. Дараа нь Нууц товчооны 750 жилээр тав давж начин цолоо баталсан. Тухайн үед зургаа давбал өсөх идэр чимэгтэй начин цол өгдөг байсан. Тэгээд 2004 онд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт   өөрчлөлт ороод Ерөнхийлөгчийн зарлигаар зургаа давсан бөхчүүдэд харцага цол олгосон. Тэр үеэс хойш харцага цолоор цоллуулж эхэллээ.

-Та ямар аваргуудтай барилдаж байв. Тэдгээрээс хэнийг нь үлгэрлэн дуурайдаг байсан бэ?
-Эд барилдаж байх үедээ бүх аваргуудтай л гар зөрүүлж үзсэн. Одооны аваргуудаас С.Мөнхбат аваргатай л барилдаж үзээгүй юм байна. Хаях үедээ хаяж, давах үедээ давж явсан. 1990 оны намын онц их хурлаар Б.Бат-Эрдэнэ аваргыг заан байх үед нь давж, түрүүлж байсан. Хүүхэд байхад С.Цэрэн аварга намайг хоёр удаа гурвын даваанд амлаж авч байсан. Цэрэн аваргын охин бид хоёр нэг анги. Тэгсэн нэг өдөр манай ангийн хүүхэд “Аравдугаар ангийн хүүхдийг амладаг аварга” гэж шоолоод инээлдэж байсан. Амлаж авахыг алийг тэр гэхэв. Өөр юм нэг их бодоогүй байх л даа. Манай Баянаа аварга бол бөхийн ноён оргил. Би үг, үйлдэл, бүх зүйлээс нь үлгэр дуурайлал авдаг байсан. Одоо ч ард түмнийхээ бахархал хэвээр сайхан явна.

-Та“Шонхор” дээд сургуульд багшилдаг байсан гэсэн. Ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хэрхэн хийдэг байв?
-Цэргээс ирээд Улсын багшийн дээд сургуульд эчнээгээр сурч, биеийн тамирын багш болсон. “Шонхор” дээд сургуулиас гадна Увсын Улаангом хотын нэгдүгээр найман жил, Барилгын цэргийн “Барилгачин” клуб, Нийслэлийн 96, 47 дугаар дунд сургуульд тус тус багшилж байсан. Ажлынхаа зай завсраар л бэлтгэл хийж тэмцээнд орно. Одоо миний шавь нараас энэ жил харцага болдог Ц.Одбаяр, улсын начин Б.Батжаргал, Дорнодын арслан П.Мөнхбат тэргүүтэй улс, аймагт сайн барилдаж яваа залуус бий.

-Та хэдэн нас хүртлээ барилдсан бэ. Наадмын өдөр догдлох юм уу?
-Би өөрөө хоёр давчихдаг байхдаа буюу 55 нас хүртлээ улсын наадамд барилдсан. Хоёрын даваанд унадаг болсноосоо хойш барилдахаа больсон. Гаднаа харагдахгүй байгаа ч дотроо залуу нас, ид барилдаж байсан үеэ санагалзалгүй л яахав. Гэхдээ би тайван болохоор харьцангуй гайгүй шүү. Нэг удаа арслан Б.Ганбат намайг “Та яаж үзээд байна. Таныг харахаар санаа зовоод байх юм” гэж хэлж байсан. Аливаа юм цаг хугацаатай. Залуу насандаа барилдсан одоо залгамж халаагаа бэлдэх үе. “Увс нуур” дэвжээнийхээ галын бэлтгэл дээр очиж барилдаануудыг нь харна. Бөхчүүддээ заавар зөвлөгөө өгнө.  

-Таны бодлоор одоо бөхчүүд бэлтгэл сургуулилалт дээр ямар алдаа гаргаад  байх шиг харагдах юм?
-Сүүлийн үеийн хүүхдүүд үндэсний бөхийнхөө хажуугаар их спортоор хичээллэхгүй юм. Тамирчин хүнд уян хатан байдлыг суулгадаг. Зайны мэдрэмж, цаг хугацаатай уралдаж барилдах чадвар суулгадаг давуу талтай. Тав, зургаан минутын богино, тэсрэлттэй барилдааны дэргэд 40-50 минутын барилдаан өөр шүү дээ.    
-Улсын баяр наадам гэдэг танай гэр бүлийн хувьд догдлон хүлээдэг, чимээ чагнан суудаг сайхан баярын нэг байх. Бөхийн удамт гэр бүлээс дараагийн залгамж халаа бэлтгэгдэж байна уу?
-Манай ач, зээ нар дөнгөж долоо, найман нас хүрч байна. Том болохоороо л мэдэгдэх байх.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид