Улаанбаатар 1c

Сүүлчийн дарангуйлагч суух уу, нүүх үү

Сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаалд хүний амь эрсэджээ

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг таамаглаж болохоор байв. Сүүлийн 26 жилийн хугацаанд өөр дүн гарч байгаагүй, төрийн эрхийг  А.Лукашенкогоос өөр хүн барьж байгаагүй тус улсад энэ удаа тэрбээр олонхын санал авах магадлал өндөр байлаа. Нөгөө талаас сонгуулийн дүнг эсэргүүцсэн хөдөлгөөн, жагсаал газар авах нь мөн л таамаглаж болохоор зүйл байсан.

Минск болон засаг захиргааны бусад нэгжид явуулсан санал хураалтын дүнгээр өнөөгийн Ерөнхийлөгч А.Лукашенко илт давуу ялалт байгуулсныг ард иргэд, сөрөг хүчнийхэн хүлээн зөвшөөрсөнгүй. Улс оронд нь халдварт өвчин тархаж, эдийн засгийн үзүүлэлтүүд уруудсан хэцүү цаг үед дорвитой арга хэмжээ аваагүй А.Лукашенког дахин сонгосон нь мэдээж итгэмгүй зүйл. Сөрөг хүчнийхэн, сонгогчид санал хураалтын дүнг эсэргүүцэхийг урьдчилан таамаглаж байсан Ерөнхийлөгч иргэний дайн, эмх замбараагүй байдал үүсэхгүй гэж амлаж байлаа. 

Сонгуулийн санал хураалтын үеэр өмнө нь ажиглагдаж байсан нөхцөл байдал давтагдлаа. Беларусийн хүний эрхийг хамгаалах “Весна” төвийн мэдээлж буйгаар хараат бус ажиглагч, сэтгүүлч, идэвхтэн тэргүүтэй 10 гаруй хүнийг баривчилсан, Минскт цэргийн техникийг татан төвлөрүүлсэн,  хот руу орох шалган нэвтрүүлэх цэгт цагдаа, хүчнийхнийг нэмж байршуулсан гэсэн мэдээллүүд гарлаа. Түүнээс гадна энэ удаагийн сонгуулийн үеэр томоохон хотуудад интернэтийн сүлжээ тасалдсан гэх мэдээлэл ч бий. Санал хураалтын дүнгээр 81.3 хувиар Александр Лукашенко ялалт байгуулж, түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч гэгдэж байсан Светлана Тихановская найман хувийн санал авчээ. Светлана Тихановскаягийн штаб Минск дэх санал хураалтын гурван хэсэгт будлиан гарсан тул А.Лукашенко ялалт байгуулсан гэж мэдэгдэж байна. Өмнөх сонгуулиудад ч будлиан, эсэргүүцлийн мэдэгдэл, сэтгүүлч, ажиглагчдыг баривчлах зэрэг явдал гарсаар ирсэн. 

Санал хураалтын урьдчилсан дүн гарсны дараа орон нутгийн цагаар 22:00 цагт иргэд сонгуулийн дүнг эсэргүүцэн гудамжинд гарч жагссан байна. Сөрөг хүчнийхэн, жагсагчдыг цагдаа, тусгай хүчнийхэн баривчилж, резинэн сум, усан буу ашигласан агаад нэг хүн амиа алдан, хэд хэдэн хүнд бэртжээ. 

Төр барьсан бүхий л хугацаанд А.Лукашенкогийн хувьд энэ удаагийн сонгууль хамгийн хүнд, магадгүй эцсийн тулаан болж байгааг ажиглагчид онцолж байна. Өрсөлдөгчөө шоронд хийдэг, сэтгүүлчдийн эрх чөлөөнд халддаг, сонгуулийн дүнг будлиантуулдаг зэрэг шүүмжлэлд байнга өртдөг “Европын сүүлчийн дарангуйлагч” саяхныг хүртэл “сураггүй” байсан Светлана Тихановская тэргүүтэй шинэ, эрч хүчтэй сөрөг хүчинтэй хүч үзлээ. Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр С.Тихановскаяг дэмжигчдийн тоо эрс өсөж, олон нийтийн санал асуулга ч А.Лукашенкогийн нэр хүнд унаж буйг харуулав. Минскийн цагдаа, тусгай хүчнийхэн хүчээ зузаатгаж, гол замуудын хөдөлгөөнийг хорин, Ерөнхийлөгчийн харуул хамгаалалтыг чангатгасан нь ч үүнтэй холбоотой. Хэдийгээр А.Лукашенко өрсөлдөгчөө төдий л онцолж үзээгүй ч сөрөг хүчин, ард иргэдийн байр суурь энэ удаад өөр байгааг анзаарсан нь лавтай. Тиймээс сонгуулийн дараа ч олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, өдөөн хатгасан, турхирсан үйлдлийг таслан зогсооно гэж мэдэгдэж байв. 

Олон жилийн турш улс орныхоо тогтвортой байдлыг хангаж, 1990-ээд оноос эхэлсэн ажилгүйдлийг багасгах, геополитикийн түвшинд Беларусийн эрх ашгийг хамгаалсаар ирсэн гэдгээрээ олны дунд нэр хүндтэй байсан А.Лукашенкогийн рейтинг  сүүлийн жилүүдэд унасаар байлаа. Өрсөлдөгч, сөрөг хүчнийхнийг сонгуулийн кампани эхлэхээс ч өмнө шоронд хорьсон нь энэ удаад Өрнөдийнхнийг төдийгүй ард иргэдийн ч дургүйцлийг төрүүлэв. Жагсагчдыг хүч хэрэглэн тараасан нь, А.Лукашенко үгүй бол оросууд Беларусийг эзэлнэ хэмээн сүрдүүлж буй нь ч, товчхондоо уламжлалт бүх аргаа хэрэглэсэн ч сөрөг хүчнийхэн, сонгогчид энэ удаад айсангүй, гудамжинд гарч жагсав. 

Жагсаал, үймээн цаашид даамжирвал Украины Майданы түүхийг давтаж магадгүй гэж ажиглагчид онцолж байна. Эсэргүүцлийн хөдөлгөөн цаашид үргэлжилбэл Барууны орнууд Беларусийн эсрэг шинэ хориг тавьж магадгүй. Ингэвэл сүүлийн жилүүдэд Москватай харилцаа нь хүйтэрч, Вашингтонд тал засах болсон А.Лукашенкогийн хувьд энэ нь хүнд цохилт болох нь гарцаагүй. 

Ямартаа ч эдийн засгийн тогтвортой байдал, Орос, Өрнөдтэй аль алинтай нь сайн харилцаатай байхад суурилсан А.Лукашенкогийн дэглэмийн төсгөлийн эхлэл нь энэ болж магадгүй нь. Цар тахал, эдийн засгийн хүндрэлээс гадна гадаад бодлогын хувьд ч олон талаар шүүмжлэлд өртөөд буй тэрбээр Европт ч, Орост ч, ард түмэндээ ч шахагдаж эхэлж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид