Улаанбаатар 1c

Хавцлын ирмэг дээрх улс

Дэлхий:
NPost.mn
2020-08-12 14:47

Нэгэн цагт дорнын Парис гэгдэж байсан үзэсгэлэнт Бейрут хотыг сүйтгэн, 200 гаруй хүний аминд хүрч, 5000 гаруй хүнийг эмнэлгийн тусламж авахад хүргэсэн аймшигт дэлбэрэлт Ливан хэмээх улсыг өвдөг бохирууллаа. Хэдэн өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал цуглаан үр дүнгээ өгч, ослын хариуцлагыг үүрэх нэрээр Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод ч ливанчуудын уур хилэн мөддөө дарагдахгүй нь баттай байна.

Энэ сарын 4-ний өдөр Бейрутын боомтод болсон дэлбэрэлт тус улсын хувьд хүндхэн цаг үед тохиосон сорилт болов. Коронавирусийн дэгдэлт, урьд хожид байгаагүй эдийн засгийн хямрал энэ улсыг хэдийнээ халил хадны ирмэгт аваачаад байсан билээ. Гэтэл түүнээс ч өмнө хэдэн мянган хүн дундчуулын эгнээнээс ядуусын түвшин рүү шилжээд байв. Энэ бүхэн хэдийнээс эхлэлтэй вэ? Сири, Израильтай хил залгаа, байршлын хувьд Азид хамаарах ч хэл соёл, үүх түүхээрээ өрнө, дорно, Арабын ертөнцийн аль алинынх нь салшгүй хэсэг болох Ливан улс Ойрхи Дорнодын Швейцарь гэгдсэн банк, санхүүгийн тогтолцоотой, эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжлөөрөө дэлхийд гайхагддаг, бүс нутгийнхаа хамгийн хөгжингүй орны нэг байсан нь саяхан. Хэдийгээр газар нутгийн байршил, онцлогоосоо болж түүхэндээ нийт 16 улсад эзлэгдэж, 1975-1989 онд иргэний дайны хөлд сүйдсэн ч Ливаны төр засаг ердөө хэдхэн жилийн өмнө л бүрэн гүйцэд ажиллагаатай, итгэж болох “байгууллага” байлаа.  

Харин байдал бишдэж ирсэн нь өнгөрсөн оны сүүлээр дэгдсэн иргэдийн бослого, тэмцлээр ил болжээ. Эрх баригчдынхаа Whatsapp-ийн дуудлагад онцгой татвар ногдуулах шийдвэрийг эсэргүүцэн иргэд хэдэн мянгаараа жагссан нь эдийн засгийн хямралаас гадна эрх баригчдын авлигын хэрэгтэй холбоотой байв. Тэрхүү тэмцэл, хөдөлгөөний дүнд тухайн үеийн Засгийн газар мөн л огцорч байжээ. Гэтэл ард иргэдийн тэмцлийг коронавирусийн дэгдэлт (одоогоор тус улсад 7000 орчим хүн халдвар авч, 80 хүн нас бараад байна), хатуу хөл хорио зогсоож орхиж. Харин санхүү, эдийн засгийн хямрал нь улам гаарч, мянга мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд нэгдсээр байлаа. Иймээс ч өнгөрсөн долоо хоногийн дэлбэрэлтийн дараахан ганц Бейрут хотынхноор тогтохгүй, ливанчууд бараг тэр чигээрээ тэмцэж босохоор өндийсөн нь гэнэтийн зүйл биш юм. 

Хэдийгээр иргэдийн эсэргүүцэл, тэмцэл ердөө түрүү оны сүүлээр газар авсан ч эдийн засгийн хямрал нь ужиг өвчин шиг болоод уджээ. Ливан Улс өнгөрөгч аравдугаар сард иргэдийнх нь нийт өрийг ДНБ-ийх нь эргэлттэй харьцуулахад дэлхийн хамгийн их өртэй гурав дахь орон болоод байлаа. Харин ажилгүйдлийн түвшин нь мөн л түрүү оны сүүлийн хагасын байдлаар 25 хувьд хүрч, иргэдийнх нь гуравны нэг нь амьжиргааны түвшнөөс доогуур аж төрдөг гэсэн судалгаа гарчээ. Ливан паундын ханш сүүлийн 10-хан сарын дотор бараг 80 хувиар унасан нь ч гайхаж балмагдмаар үзүүлэлт. Өнгөрсөн аравдугаар сараас эхлэлтэй гадаад валютын хомсдол нь сүүлийн 20-иод жил тохиогоогүй санхүүгийн хямралд хөтөлсөн нь энэ. Ливанчууд энэ бүхэнд эрх баригч элитүүдийг, улс орныхоо асуудал бэрхшээлийг шийдэхээс илүүтэй зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж ирсэн албаны хүмүүсийг буруутгасаар байна. 

2019 оны гай барцад үүгээр дууссангүй. Нутгийн баруун хэсгийн уулархаг бүсэд үлэмж хэмжээний талбайг хамарсан ой хээрийн түймэр гарч, албаны хүмүүс байгалийн гамшигт бэлэн биш байгаагаа ард иргэддээ харуулаадахав. Гэтэл юм бүхэнд барьц алдсан эрх баригчид гамшгийн дараах сэргээн босголт, эдийн засгийн хямралыг гэтлэн давах арга зам нэрээр тамхи, түлш, басхүү дээр дурдсан Whatsapp-ийн дуудлага зэрэгт онцгой татвар ногдуулах “ухаангүй” шийдвэр гаргаж, ард иргэдээ бүр ч хилэгнүүлэх нь тэр. Тухайн үеийн Ерөнхий сайд Саад Харири болон түүний эвслийн Засгийн газар огцроод ч ливанчууд тайвширсангүй. Шинээр томилогдсон буюу дөнгөж өчигдөрхөн огцорсон Ерөнхий сайд Хассан Диаб эдийн засгийн хямралыг даван туулна, гадаадын өрийг тэглэнэ хэмээн ам шүд алдсан ч үүрэгт ажилтайгаа бүрэн гүйцэд танилцаж амжаагүй байхдаа “Ковид-19”-ийн дайрлагад өртжээ.

Гуравдугаар сарын сүүлээр тогтоосон цар тахлын хорио цээр нэг талаар эрх баригчдаа эсэргүүцэгчдийг гудамж талбайгаас холдуулсан ч эдийн засгийн нөхцөл байдлыг бүр ч хүндрүүлж, нийгмийн халамжийн тогтолцоог нь туйлдуулж орхиж. Арга мухардсан Х.Диабын Засгийн газар хямралыг давах төлөвлөгөө боловсруулж, Олон улсын валютын сангаас 10 тэрбум ам.долларын тусламж авахаар тохиролцох үед буюу өнгөрсөн тавдугаар сард өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бараг хоёр дахин өсөөд байлаа. Иймээс ч олон улсын ажиглагчид Ливанд хүнсний хомсдол үүсэж магадгүй хэмээн анхааруулсныг тус улсын эрх баригчид ч өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байв. Гэтэл ингэж туйлдаад байсан улсын зүрхэн хэсэгт, нийслэлийнх нь боомтод бараг 3000 тонн аммонийн нитрат дэлбэрсэн нь ёстой л “Чөтгөрийн хорлол” гэлтэй. 

Ливаныг ийнхүү мөхөл сөнөлийн ирмэгт авчирсан гол буруутан нь улс төрийн бүлэглэлүүд гэж ажиглагч, судлаачид үзэж байна. Тус улсад шашны нийт 18 анги давхаргыг хүлээн зөвшөөрдөгөөс 12 нь христийн, дөрөв нь исламын, нэг нь друз, нэг нь жүүдүүдийн “аймаг” юм. Харин төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Парламентын дарга гурав нь хамгийн том бүлэглэл болох Маронитийн христийн сүмийн, исламын шийт болон суннит урсгалаас тус тус улиран томилогдох тухай хууль бүр 1943 оноос хэрэгжиж байгаа аж. Парламентын 128 суудал нь ч ялгаагүй исламын болон христийн шашинтнуудын дунд эн тэнцүү хуваагдаж иржээ. Чухамдаа шашин шүтлэгийн энэхүү олон талт байдал нь Ливаныг гадаад, дотоодын хэт үзэлтнүүдийн хялбар бай болгож, тухайн бүлэглэлийн хэн нэгнийг төрийн эрхэнд гармагц засаг төрийг “самрах” эрхийг нь хуулийн дагуу ч, хууль бусаар ч баталгаажуулж, хамгаалж ирсэн нь өнөөдрийн хямралд хөтөлсөн гэж ажиглагчид үзэж байна. Шашин хоорондын зөрчил, үндэстэн ястны зөрчлөөс сэргийлж, эрх мэдлийг эн тэнцүү хуваарилах гэсэн бодлого нь л тэгэхээр ливанчуудыг зөрчилдүүлж, хагаралдуулж байгаа хэрэг юм. Энэхүү урхагтай бодлогоо шинэчлэхээс нааш Ливан Улс хавцлын оройд дэнжигнэсээр л байх болов уу. 

Эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид